Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/107

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Х.Ө, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох 1713000000053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Т.Н: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Арыххул овгийн Т-ын Н, 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б аймгийн Ө сумын **** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:.........  

Шүүгдэгч Т.Н-ын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ө сумын **** дугаар багт байрлах өөрийн гэрт ээж нь болох Х.Д-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ө сумын **** дугаар багт байрлах өөрийн гэрт ээж нь болох Х.Д-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч М.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 00:30 цагийн үед хүү Т.Н цайллаганаас гараад гэртээ согтуу ирж унтаж амрахгүй, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул очиж “амар” гэж хэлэхэд намайг түлхэх гэхэд зүүн нүдэнд гар нь хүрсэн юм. Тэгээд би газарт унахад хөлөөрөө миний гарын бугуйнд өшиглөсөн тул хүү Т.Т цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

- Гэрч Т.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ах Т.Н-ын хамт манай нэг хамаатны хүүхдийн хуримд очсон юм. Тэгээд шөнө хуримнаас гарч гэртээ ирсэн бөгөөд Т.Н гартаа архи барьсан ууна гэж байхаар нь ээж боль, битгий уу гэж хажууд нь очиход согтуу хүн ээжийг түлхэж унагааж, дэгүүр нь хөлөөрөө нэг өшиглөснийг харсан. Мөн гарын бугалгыг гишгэж явсан. Иймд өндөр настан ээжийг зодсон гэж дуудлага өгсөн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Гэрч Т.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн асуудал болох үед би гэрт байхгүй байсан. Би гаднаас гэрт ирэхэд цагдаагийн машин ирсэн манай хашааны гадна зогсож байсан. Тэгээд гэрт орж ирэхэд Т.Н ах согтуу цагдаа нар аваад явах гэж байсан. Би юу болсон талаар Т ахаас асуухад Т.Н ах согтуу ээжийн үгэнд оролгүй ээжийг түлхэж унагаачиллаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

- Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч Т.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Арыххул овогт Т-ын Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 5. Шүүгдэгч Т.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг дурдсугай. 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Шүүгдэгч Т.Н-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Б аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт газарт шилжүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д