Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “С” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И******т х****т” ХХК /РД: 5******5/-ийн нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 

   Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад тодруулахдаа: “...И******т х****т” ХХК-ийн ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*********л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д*******г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эн*******н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И******т х****т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*********л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“....Манай "И******т х****т" ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших Онгон Уул нэртэй 4038,99 гектар талбай бүхий ХV-016761 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшин 6 дахь жилдээ геологи, хайгуулын ажил хийсэн билээ.

Тус зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр, тайлан мэдээг хуульд заасан хугацааны дотор төрийн захиргааны эрх, бүхий байгууллагад гаргаж өгсөөр ирсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа  дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргах үүрэгтэй боловч миний бие хүнд өвчний улмаас хуульд заасан хугацаанд өөрийн компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаж амжаагүй тул 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХV-016761 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, мөн өдөр тус зөвшөөрлийн долоо дахь жилийн төлбөрийг тус тус төлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг гаргасан боловч ашигт малтмалын газраас өргөдөл гаргах хугацаа дууссан учир өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариултыг өгсөн.

Иймээс миний бие 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ХV-016761 дугаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилүүдийн сунгалтыг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасан боловч 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/10136 дугаар албан тоотоор "өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй" гэх хариуг ирүүлсэн нь манай компаний ажилтнуудын 6 жилийн хөдөлмөр хөрөнгө мөнгө, ажлын үр дүн үнэгүйдүүлж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчид манай "И******т х****т" ХХК-ийн ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын кадастрын хэлтэст даалгуулж өгнө үү." гэв.

Нэхэмжлэгч “И******т х****т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******г нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ." гэж заасан байдаг.

Хариуцагч нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах удаа дараагийн биечлэн гаргасан болон бичгээр гаргасан хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байсан эсэхийг судлалгүйгээр, хуульд заасан хянан шалгах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөөрлийн хугацааг сунгуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Кадастрын хэлтсийн Нэг цэгийн үйлчилгээний зааланд суух хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн н.Б*********ад удаа дараа өгөх /12 дугаар сарын 04-нөөс хойш/ гэсэн боловч өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариултыг хэлж өргөдлийн материалуудыг хүлээн аваагүй болно. Улмаар Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатартай уулзахад өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн адил тайлбарыг хэлсэн юм.

Нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах
хадгалах үүднээс арга буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн үйлчилгээний хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг, тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр болох 8.784.610 /найман сая долоон зуун наям дөрвөн мянга зургаан зуун арав/ төгрөгийг тус тус төлсөн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй хэрнээ өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн Тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн үйлчилгээний хөлс, ээлжит жилийн төлбөрийг төлөгдсөн байгааг хянан шалгаагүй, өргөдлийн материалыг хүлээн аваад хянан шалгаад зохих хариуг өгөх үүргээ биелүүлээгүй хэрнээ энэ цаг хугацаатай зэрэгцсэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн системд яаран буюу 12 дугаар сарын 14-нд дуусгавар болгон бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир хайгуулын тусгай зөвшөөрийн хугацааг Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэх үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан нарийн зохицуулалт байхгүй. Мөн Ашигт малтмалын газрын үйл ажиллагааны дотоод заавар, журмаар ч зохицуулсан хэм хэмжээ байхгүй бөгөөд хариуцагч нь практик дээр энэ өөрсдийн үзэмжээр гэж хэлж болохоор харилцан адилгүй хугацаанд дуусгавар болгох бүртгэлийг хийж байгаа нь Ашигт малтмалын газар нь төрийн захиргааны мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан хуульд дээдлэх зарчимыг мөрдөж ажилладаггүй, компаниудад тэгш бусаар ханддаг нь харагдаж байна.

Улмаар энэ нь манай компанийн өргөдлийг удаа дараа хүлээж авахгүй байсан тул арга буюу 12 дугаар сарын 15-нд бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэн аж ахуйн нэгжийн өргөдөл, гомдлыг Ашигт малтмалын газрын Захиргааны журмаар урьдчилан хянан шийдвэрлэдэг дотоод орон тооны бус зөвлөл болох Захиргааны журмаар өргөдөл,  гомдлыг урьдчилан  шийдвэрлэх Зөвлөлөөр  оруулж өргөдлийн материалыг захиргааны журмаар урьдчилан хянан шалгаж бодитой хариу өгөлгүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т заасан үүргээ биелүүлэлгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй нь Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоолгүй Кадастрын хэлтсийн урьд хэлж байсан тайлбараар хариу өгсөн нь иргэд аж ахуйн нэгжид тэгш бус ялгамжтай байдлаар үйлчилж байгааг харуулж байна. Татварын ерөнхий хуулийн "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдгийг тайлбарласан хуулийн ганц зохицуулалт тул үүнийг холбогдох хуульд зааснаар төсөөтэй хэрэглэх боломжтой юм.

Угтаа бол Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь дээрх хянан шалгах үүргээ биелүүлсэн бол өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 эсвэл 22.4-т заасны аль нь болохыг тогтоож, дээрх
заасан   шийдвэрийг   гаргах   нь   хариуцагчийн   бүрэн   эрх   тул   мөн   энэ   эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох тухай захиргааны хэрэг маргаантай холбоотойгоор Улсын дээд шүүх хяналтын журмаар хэргийн хянан шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан өргөдөл гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг  сунгахаас татгалзах үндэслэл болохгүй. Учир нь Аж  ахуйн  үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно"  Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт  малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;" гэж заасны дагуу анх олгогдсон огнооноос тооцон тусгай  зөвшөөрлийн хугацаа дуусах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалттаантай байсан бол сунгуулах өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэх эрхэд халдаж, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж шийдвэрлэж байсан практик олон байдаг.

Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас таталзах тухай зохицуулалт байхгүй бөгөөд харин өргөдлийг хүлээн аваад хангах эсхүл өргөдлийг хангахгүй орхих хуулийн зохицуулалттай. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Ашигт малтмалын газрын Захиргааны журмаар өргөдөл, гомдлыг урьдчилан шийдвэрлэх Зөвлөл нь нэхэмжлэгчийн нөхцөл байдал, үндэслэл, үйл баримтыг зөвтгөн дүгнэлт хийснээр хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхцөл байдал нэхэмжлэгчээс үл хамаарсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эн*******н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Онгон уул нэртэй газар 4038.99 гектар талбайд ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрээр олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу "И******т х****т" ХХК нь XV-016761 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.

"И******т х****т" ХХК нь Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасны дагуу хайгуулын ХV-014761 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаж амжаагүй тухай хүсэлт гаргасныг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/10136 хариу албан тоотоор "И******т х****т" ХХК-ийн ХV-016761 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байгааг мэдэгдсэн байна.

Иймд "И******т х****т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “И******т х****т” ХХК-ийн гаргасан “...И******т х****т” ХХК-ийн ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 “И******т х****т” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Онгон уул нэртэй газарт 4038.99 rектор талбайд ашигт малтмалын хайгуулын 15286Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлжээ.

И******т х****т” ХХК-ийн захирал С.Энхмандах 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст Ашигт малтмалын хайгуулын ХV-15286 дугаар тусгай зөвшөөрлийн лицензийг хаяж үрэгдүүлсэн тул дахин шинээр олгохыг хүссэн[1][1] байх бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр хайгуулын XV-15286 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, ХV-016761 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор  заасан байна.[2][2]

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгаж тусгай зөвшөөрлийн хавсралтаар бүртгэсэн байна.

И******т х****т” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15/15 дугаар албан бичгээр Ашигт малтмалын хайгуулын  ХV-016761 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандсан байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/10136 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хугацаандаа өргөдлөө гаргаагүй тул хүчин төгөлдөр байх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссаныг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна. Иймд дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх хариуг хүргүүлжээ.[3][3]

Нэхэмжлэгч “И******т х****т” ХХК-ийн захирал П.Э********г нь ашигт малтмалын хайгуулын XV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу хүнд өвчний улмаас хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг гаргаж амжаагүй гэж маргаж байгаа бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ашигт малтмалын хайгуулын XV-016761 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах хугацаанд гаргаагүй тул тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцсэн байна.  

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ХV-016761 дугаар тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа “...хүнд өвчний улмаас хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй” гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь Ачтан эмнэлэгийн дэд захирал З.Ба******рын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 093/2016 тоот, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 001/27 тоот албан бичгүүд болон эмнэлгийн магадлагаа, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт болон өвчтөний түүх, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/74 дүгээр албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-т “Хүндэтгэн үзэх шалтгаан гэж өвчтэй байсан, эмчилгээ хийлгэсэн... зэрэг нь хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “И******т х****т” ХХК-ийн захирал П.Э********г нь 2015 оны 10 дугаар сарын 02-ноос 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд өвчтэй, эмчилгээ хийлгэж байсан нь баримтаар тогтоогдож байх тул энэ хугацаанд ашигт малтмалын хайгуулын ХV-016761 дугаар тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлийг гаргах боломжгүй байсан ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх дүгнэлээ.

ТүүнчлэнИ******т х****т” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 10ы өдөр ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах 1.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дүгээр сарын 11ий өдөр тайлан батлуулах 7 дахь жилийн төлбөр 8.784.610 төгрөгийг тус тус төлсөн байгаагаас үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж тус тус заасны дагуу төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан атлаа түүнээс тусгай зөвшөөрөл эзэмшсэний хураамжийг хүлээн авсан нь хугацаа сунгахад шаардагдах зарим үүргийг “И******т х****т” ХХК биелүүлсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 53 дугаар зүйлийн 53.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус зааснаар хариуцагч төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссаныг бүртгэлийн системд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй боловч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад түүнийг харгалзан үзээгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг сунгаагүй үндэслэлээ зөвхөн хугацаа хэтрүүлж өргөдөл гаргасантай холбон шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбарласан тул уг хэтрүүлсэн шалтгааныг хүндэтгэн үзэх нөхцөлд байдалд хамааруулан шүүх дүгнэж, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий ХV-016761 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул “И******т х****т” ХХК-ийн “...И******т х****т” ХХК-ийн ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И******т х****т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, И******т х****т” ХХК-ийн ХV-016761 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2.    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ОДМАА

 

 

 


 

 

[1][1] Хавтас хэргийн 48-54 дугаар нүүр.

[2][2] Хавтас хэргийн 157 дугаар нүүр.

[3][3] Хавтас  хэргийн 5 дугаар нүүр.