| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2019/00053/И |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 20
Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 150/2019/00053/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Хариуцагч Ц.Лхагвасүрэн /онлайн/
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү /онлайн/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй Ц.Лхагвасүрэнд холбогдох “12.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
байх тул би үндсэн зээл 12000000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хүү авахаас татгалзаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Лхагвасүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Мөнхтөр тухайн үед багийн Засаг дарга хийж байгаад больчихсон. Ажилгүй байсан. Б.Мөнхтөр Хаан банкны өмнө анх надтай таарсан. Тэгээд хийх ажилгүй байна. Ургац тариалмаар байна гэсэн саналыг надад тавьсан. Тэгэхээр нь би Б.Мөнхтөрд хамгийн найдвартай тариалах нь уринш байдаг. Ургац тариалъя гэж бодож байгаа бол надад талбай байна. Хамтарч уринш хийгээд тариалахад болохгүй зүйл байхгүй. Залуу хүнийг дэмжье гэж хэлсэн. Тэгээд энэ жилийн хувьд уринш хийе. Чи 5.000.000 төгрөгийг гарга. Би үлдэгдэл мөнгийг нь гаргая. Хоёулаа 50, 50 хувийн зардлаа гаргаад энэ жилийн хувьд уринш хийе гэж хэлсэн. Б.Мөнхтөр 4.500.000 төгрөгийг тэр жил гаргасан. Би үлдэгдэл 5.500.000 төгрөгийг гаргаад 100 га талбайд хоёр удаагийн боловсруулалтаар уринш боловсруулалт хийсэн.
...Нэхэмжлэгч тал зээл гэж ярьж байна. Би мөнгө зээлээгүй. Б.Мөнхтөр 50 га тариалж мөнгө олох гэж явсан хүн. 50 га тариалахад зарцуулж байгаа бүх зардлынхаа мөнгийг Б.Мөнхтөр гаргасан. Үүнээс надад мөнгө өгөөгүй. Би аваагүй. Зээлийн асуудал бид нарын хооронд яригдаагүй. Зээл хийгдээгүй. Хийгдэх ч шаардлага байгаагүй. Хэрвээ би Б.Мөнхтөрөөс мөнгө зээлэх байсан бол ямар учраас Б.Мөнхтөрөөс 5 хувийн хүүтэй зээл авах юм бэ?. Хажууд нь хаан банк 1.8 хувийн хүүтэй тариалалтын зээл гэж өгч байсан. Нэхэмжлэгч хамтарч ажиллаагүй гэж байна. Б.Мөнхтөр шуудай үрээ үүрээд талбайн хажууд явж байсан. Энэ нь хамтарсан байдал биш юм уу?. Эхний жоохон ургац буусан. Ургацаа шигшихээр Б.Мөнхтөр хоёр найзтайгаа сахиул Г.Даваажаргалын гэрт шигшүүр хийж байсан. Багаж байхгүй энд тэндээс чулуугаар хадаасаа хадаад шигшүүр хийгээд явж байсан. Би та нарын ярьж байгааг ойлгохгүй байна. Ургац тариалаад шатчихсан. Тэгээд Лхагваа ахаас гаргасан зардлаа зээлсэн гэж гүтгээд хэдэн төгрөг салгаж авъя гэсэн байдалтай байна. Б.Мөнхтөр надтай нүүр тулж харьцвал надаас ичнэ. Тухайн үедээ аврал хайж гүйж ирсэн. Шатсаныхаа дараа өөрөө зугтааж төлөөлөгчөөр дамжуулж надаас мөнгө зээлсэн гэж сууж байгаа нь таалагдахгүй байна. Би Б.Мөнхтөрөөс мөнгө аваагүй. Нэг ч төгрөг аваагүй. Б.Мөнхтөрийн гаргасан 12.000.000 төгрөг нь Б.Мөнхтөрийн өөрийн бий болгох гэж байгаа үйлдвэрлэлийнхээ зардалдаа зарцуулсан мөнгө байна. Лхагваад нэг ч төгрөг өгөөгүй. Надад Б.Мөнхтөрөөс мөнгө авах шаардлага байхгүй гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийдвэрээр:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ талуудыг хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэдэг. Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэдгээ нотолж чадахгүй байна гэж мөн дүгнэдэг. Хэргийн материалд гэрч З.Даваадоржийн мэдүүлэг, 2 удаагийн гүйлгээгээр Б.Мөнхтөр нь өөрийн Хаанбанкны эзэмшлийн данснаас Ц.Лхагвасүрэнгийн Хаанбанкны эзэмшлийн данс руу нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, хариуцагч Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбар болон шүүхийн шатанд гаргаж байсан тайлбар мэдүүлгээр нийт нэхэмжлэгч Б.Мөнхтөрөөс 12.000.000 төгрөг авсан гэдгээ мэдүүлсэн мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дугээр зүйлд зааснаар зээлийн гэрээг амаар тохиролцож хийж болдог зохицуулалт зэргээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг нь хангалттай нотлогдож байхад шүүх буруу үнэлж дүгнэжээ.
Шүүх нь ашиг сонирхлын зөрчилтэй 2 гэрч болох С.Энхбаяр хариуцагчтай найз нөхдийн харилцаатай гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлдэг мөн гэрч Г.Даваажаргал гэх огт Б.Мөнхтөрийн танихгүй мэдэхгүй хүнийг гэрчээр өөрт ашигтай байдлаар асуулгасан. Түүнчлэн хариуцагчийн эхнэр гэх Т.Хишигдэлгэрийг гэрчээр асуухад дээрх 2 гэрчтэй адил мэдүүлэг өгснийг ашиг сонирхолын зөрчилтэй байх магадлалтай гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь ойлгомжгүй байдаг. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч Ц.Лхагвасүрэнгийн: Би 2007 оноос хойш Сайхан Сумд амьдарч газар тариалан эрхэлж байгаа. Надад ХААН. ХХБанкнаас 1.8 хувийн хүүтэй ззэл авах боломж байхад Б.Мөнхтөрөөс 10, 5 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлэх шаардлагагүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй..." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хэт нэг талыг барьж хариуцагчид ашигтай байдлаар дүгнэж бичсэн. Банкны ямар зориулалтаар ямар зээлийг авах, банкны зээлийн шаардлагыг хангаж байгаа эсэх энэ талаар маргаагүй, энэ талын нотлох баримт хэрэгт байхгүй байхад шууд дээрх дүгнэлийг хийсэн нь хэт нэг талд ашигтай байдлаар тайлбарласан.
Эцэст нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээг бичгээр болон аман хэлбэрээр тохиролцож байгуулж болно. Иргэний хуулийн 476.3, 476.3.5-т тус тус зааснаар алдагдлаа хамтран хариуцна гэж байгаа бол хамтран ажиллах гэрээг бичгийн хэлбэрээр анхнаасаа байгуулах байсан. Энэ нь Иргэний хуулийн 42.11-т зааснаар бичгээр байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд гэрч энэ маргаанд гэрчлэх эрхээ алддаг зохицуулалттай байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэдэг нь хуулийн зохицуулалтаар тодорхой тогтоогдож байхад ашиг сонирхлын зөрчилтэй 2 гэрчийн мэдүүлгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсзн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс хариуцагч нь 12,000,000 төгрөгийг зээлж авсан нь нотлогдоогүй харин нэхэмжлэгч хариуцагч нар нь амаар хэлэлцэн тохиролцож хамтран ажилласан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг бүрэн хангасан.
Нэхэмжлэгч Б.Мөнхтөр бид нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй харин хамтран ажиллах талаар амаар харилцан тохиролцсон үйл баримт нь хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлон тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь гэрч нарыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд тэдэнд хууль сануулж гэрчээр асуусан байгаа тул уг мэдүүлэгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй юм. Манай үйлчлүүлэгч Мөнхтөрөөс мөнгө зээлж аваагүй бөгөөд харин Б.Мөнхтөрийн хүсэлтээр “чонын өргөс” нэртэй эмийн ургамалыг тариалж зардлаа хамтран гаргаж ашигаа хуваахаар амаар харилцан тохиролцож талбайдаа уринш хийж боловсруулах, зэрлэг ургамлыг устгах хор цацах, тариалалт хийх зэрэгт харилцан тохиролцсоны дагуу зарцуулах зардлаа тал талаасаа гаргасан. Нэхэмжлэгч нь газраа боловсруулах, хор цацах, ургамлаа тарих, хураах зэрэг бүх л ажилд Б.Мөнхтөр нь хамт оролцож байсан, ургац алдсан шалтгаанаа ч сайн мэдэж байгаа хирнээ адилхан эрсдэл хүлээчихээд гаргасан зардлаа надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь хариуцагч Ц.Лхагвасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Лхагвасүрэнгийн хүсэлтээр 4.500.000 төгрөгийг 2016 оны 07 сард 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2017 оны 06 сард 6.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, 2017 оны 07 дугаар сард 1.500.000 төгрөгийг тус тус нийт 12.000.000 зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэдэг бол хариуцагч Ц.Лхагвасүрэн нь нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь миний эзэмшлийн талбайд ургамал тарьж ашиг олох зорилгоор хамтран ажиллах санал гаргасны дагуу газарт уринш хийх, хорт ургамалын хор цацах зэрэгт мөнгөө зарцуулсан. Бидний хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Зохигчдын хооронд бичгээр ямар нэгэн хэлцэл хийгдээгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд хариуцагчид мөнгө шилжүүлсэн тухай болон хариуцагчид зээлсэн гэх мөнгөө бусдаас авсан тухай баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.
Хариуцагч тухайн мөнгийг авсан эсэх талаар маргадаггүй бөгөөд харин нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчтэй байгуулсан хэлцлийн дагуу хамтын үйл ажиллагаандаа зарцуулсан гэж тайлбарлан бичгийн баримтууд гаргасан ба түүний хүсэлтийн дагуу хэрэгт гэрчүүдийн мэдүүлгүүд авагдсан бөгөөд тухайн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэгийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэг байх бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн шаардлагын талаар шүүх зохих хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх эрхтэй.
Хэргийн үйл баримтаар зохигчдын хооронд өөр төрлийн хэлцэл хийгдсэн байж болох боловч шүүх нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон боловч зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлсон нь хуульд нийцээгүй тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дугээр зүйлд зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг нь хангалттай нотлогдож байхад шүүх буруу дүгнэсэн гэсэн гомдлын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон эсэх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойгүй байх тул зөвхөн нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн
1 дэх заалтыг:
“1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхтөрийн хариуцагч Ц.Лхагвасүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэг 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 207.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН