Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/1002

 

                                             Т.Э-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Т.Э-н өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/951 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-н өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э-д холбогдох эрүүгийн 1906 04748 2006 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, хүүхдүүдийн хамт ............................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Т.Э нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д-р дамжуулан Б.Т-т Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон, байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Ш г” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Ш г” ХХК-д шилжүүлэн өгч хохирогч Б.Т-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Э-г бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.Э-н өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2,1.3 дахь мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэрэгт ач холбогдолтой яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж талуудын мэтгэлцээний үндсэн шийдвэрлэхдээ тухайн байрыг худалдан авах талаар хохирогч Б.Т, Т.Э нарын хооронд хийгдсэн ямарваа нэгэн хэлцэл хийгдээгүй бөгөөд Ц.Д нь хохирогчоос байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа 17.000.000 төгрөгийг Т.Э-н данс руу шилжүүлсэн үйл баримтыг шүүгдэгч Т.Э нь хохирогчийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах арга хэлбэр гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, байрыг худалдах худалдан авах зорилгоор урьдчилгаа 18.000.000 төгрөгийг бэлнээр өгөх тухай хэлцлийг хохирогч Б.Т, гэрч Ц.Д нар хийсэн байдаг. Үүнээс тодорхой хугацааны дараа байрны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шүүгдэгч Т.Э, хохирогч Б.Т нарын хооронд тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Т нь Т.Э-г зүс мэдэхээс өөр байдлаар түүнтэй харилцаж байгаагүй, байр зарах талаар санал санаачлага гаргаагүй болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа тодорхой тусгасан байна.

Шүүгдэгч Т.Э нь гэрч Ц.Д-д 2019 оны 02 сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд 12.000.000 төгрөгийг өдрийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцон өөрийн Хаан банк дахь 5065163985 дугаарын данснаас шилжүүлэн өгсөн бөгөөд энэхүү зээлсэн мөнгөө түүнээс буцаан 30.406.600 төгрөгийг авахаас 23.000.000 төгрөг шилжүүлэн авсан байдаг. Түүний дансны хуулгаар Т.Э, Ц.Д нарын хоорондын авлага, өглөгийн асуудал байгаа нь бичгийн баримтуудаар нотлогдоно.

Түүнчлэн Ц.Д нь санаачлага гарган хохирогч Т-т байр зарах талаар ярьж итгүүлэн идэвхтэй оролцсон бөгөөд, өөрийн Хаан банкинд байрших дансанд 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч 1.000.000 төгрөгийг авч хувьдаа завшин, 17.000.000 төгрөгийг Т.Э руу шилжүүлсэн болох нь тогтоогддог.

Энэ нь Ц.Д хохирогч Т-т байр зарах талаар итгүүлэн түүний мөнгийг шилжүүлэн авснаар түүний идэвхтэй үйлдэл илрэх бөгөөд улмаар тухайн мөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулж тодорхой хувийг өөрөө ашигласан үйл баримт тодорхой байхаас гадна шүүгдэгч Т.Э-д байр худалдан авах болон урьдчилгаа мөнгө шилжүүлэх тухай ярьж, мэдэгдэж байгаагүй нь тогтоогддог.

Уг байрны мөнгө болох 18.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д-с шилжиж орох үед тухайн байр нь Т.Э-н компанийн эзэмшилд шилжээгүй байсан. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “П трейд” ХХК, Т.Э нарын хооронд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийгдэж, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр тухайн орон сууцыг 66.572.000 төгрөгт тооцон “Ш Г” ХХК-д эрх шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогддог юм.

Шүүгдэгч Т.Э нь уг мөнгийг “байрны төлбөр” гэсэн утгыг нь анзаараагүй ба Ц.Д нь “байрны төлбөр” гэж шилжүүлээд, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлэхдээ “дээгий төлбөр” гэх утга бичсэн байсныг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэхдээ мэдсэн байна.

Хэрвээ шүүгдэгч Т.Э-г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэвэл Ц.Д ямар оролцоотой байсан бэ гэдэг нь маш ойлгомжтой тодорхой байна. Мөн Ц.Д-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхаас гадна хохирогч Тулгабаатарын удаа дараагийн мэдүүлгүүдээс зөрүүтэй, эргэлзээ төрүүлж буй нотлох баримтуудыг үндэслэн Т.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 951 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Э-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2021 оны 2 дугаар сард анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар уг хэрэг дээр прокуророос эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Уг магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э-н үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина ...” гэсэн хууль ёсны зарчмыг тодорхойлсон.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хуульчилжээ.

Тухайлбал, шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдлуудыг шийдвэр гаргахдаа анхаарч үзсэн, хохирол, хор уршгийн шинж чанарыг хэрхэн үнэлсэн талаар болон өмгөөлөгчийн гаргасан саналыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцлүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Т.Э-н өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31ий өдрийн 2021/ШЦТ/951 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ  

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР