Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 298

 

 Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

иргэдийн төлөөлөгч Т.Туул,

шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч М.Тэгшмандал,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Г.Ганчимэг,

хохирогч Ц.Б-, Ө.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Ц- нарт холбогдох эрүүгийн 201626031507  дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, урьд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б овогт А-ийн Э,

2.Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 ах, эгч, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ****** тоот хаягт бүртгэлтэй, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1099 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож,  шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б овогт Б-ийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.Э- нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Крокус” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.О-ийг мөрлөлөө гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөж, улмаар пивоны шилээр толгой тус газар нь нэг удаа цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,

шүүгдэгч Б.Ц-тэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Dell center” дэлгүүрийн үзүүлэн дээр байсан “Dell” маркийн зөөврийн компьтерийг хулгайлсны улмаас бусдад 3.000.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ц- нь шүүгдэгч А.Э-тэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Dell center” дэлгүүрийн үзүүлэн дээр байсан “Dell” маркийн зөөврийн компьтерийг хулгайлсны улмаас бусдад 3.000.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч А.Э-гийн: Тухайн хэрэг гардаг өдөр найз охинтойгоо хамт “Крокус” бааранд хамт орсон. Би мэс засалд ороод гарандаа гиппестэй явж байсан. Тэгээд Ө.О- гэдэг хүүхэдтэй мөрлөлцөн хоорондоо маргалдсан. Эхлээд би цохиод тэгээд намайг дараа нь цохиход нь би гиппестэй баруун гарандаа пиво барьсан байсан. Тэгээд тэр гараа өргөхдөө цохиод унасан юм шиг байгаа юм. Тэгээд бид хоёрыг хамгаалагч ирээд салгасан. Тэгэхэд толгой нь хагарчихсан байсан. Тэрнээс биш санаатайгаар пивоны шилээр цохиогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэрийнхэн болон хохирогч нараас уучлалт гуйж байна. Хулгайн үйлдэлдээ бол хамт явахдаа хулгай хийх зорилгоор яваагүй. Гадуур Б.Ц-тэй хамт явж байгаад гадаа хүйтэн байсан болохоор даараад дэлгүүр  рүү дулаацах гээд орсон. Тэгээд тус комьпютер нь бэхэлгээгүй байна авах уу, авъя гэж ярилцаад аваад гарсан. Би тэр үед төрсөн эцэгтэйгээ хамт амьдардаггүй, ээжтэйгээ хамт хойд аавтайгаа амьдардаг байсан. Тэгээд хойд аавтайгаа таарч тохирохгүй, гэртээ байх сонирхолгүй болоод гадуур явдаг байсан...” гэв.

Шүүгдэгч Б.Ц-:  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

.

 

Хохирогч Ө.О-: “...Би тэр өдөр найз Г.Б-, З, Б- нарын хамт “Крокус” бааранд болсон үйл ажиллагаанд очсон. Эхэндээ би очихгүй гэхэд манай найз Г.Б- зүгээр орж үзье гээд миний тасалбарын мөнгийг даагаад очсон. Тэгээд бид нар сууж байгаад Г.Б- бид хоёр бие засах өрөө орчихоод ирэхэд манай хэд байгаагүй. Тэгээд хайж байгаад тухайн үед А.Э- гэх залуутай мөргөлдөөд маргалдаж байгаад салсан юм. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Б-: “...Тэр өдөр намайг дэлгүүр рүү ороход зөрөөд нөтэбүүк аваад гарсан байсан. Одоо 150.000 төгрөг өгвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ө.О-ийн: “...2016 оны  10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим байх найз нар болох Г.Б-, Б-, З нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” баранд орсон юм... Ингээд 00 цагийн найз Г.Б-ын хамт 00-н өрөө ороод буцаад бүжгийн талбай руу очсон. Бид хоёрыг бүжгийн талбай дээр очиход найз З, Б- хоёр байхгүй байсан. Тухайн үед баранд хүн их байсан учраас хажуугаар зөрж өнгөрч байгаа хүмүүстэй зөрөх үедээ нэгнээ шүргэх тохиолдол гарч байсан. Ингээд найз нараа хайгаад явж байхдаа танихгүй залууг санамсаргүй мөрлөсөн. Тэгсэн чинь тэр залуу надад хандаад нэг үг хэлэх шиг болсон. Тухайн үед надад юу гэж хэлсэн гэдгийг нь санахгүй байна. Би ямар ч байсан тэр залууд хандаад ийм өдөр маргалдаад яах юм бэ гэж хэлсэн. Ингээд би тэр залуутай маргалдахгүй гээд яваад найз нараа хайгаад  найз Г.Б-ын хамт гадаа гарсан чинь найз нар байхгүй байсан. Гадаа байхгүй болохоор нь буцаад бар руу ороод бүжгийн талбай дээр зогсож байхад нөгөө маргалдсан залуу хэдэн найз нарын хамт ирээд чи хэний хүүхэд юм бэ гэж асуусан. Тэгээд нөгөө залуу миний эрүү орчим нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед цүнх үүрээд явж байсан учраас цүнхээ найз Г.Б-д өгөөд тэр залууг нэг удаа нүүр орчим нь цохисон. Тэгсэн чинь намайг зөрүүлээд пивоны шилээр толгой орчим цохисон. Энэ үед барны хамгаалагч нь ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед би газар унахдаа ширээний ирмэг мөргөөд газар унасан. Гэхдээ ширээний ирмэг мөргөх үед толгой хагараагүй зүгээр халцарсан. Пивоны шилээр миний толгой руу цохих үед толгой хагарсан байгаа. Ингээд бид хоёрыг дагуулаад 00-н өрөө рүү орсон. Тухайн үед хамгаалагч миний цусыг цэвэрлэж өгөөд байж байхад найзууд мэдээд араас ороод ирсэн. Цусаа цэвэрлүүлээд байж байх хооронд намайг цохисон залуу 00-н өрөөнөөс гараад яваад өгсөн. Тэр үед тухайн залууг барнаас хайгаад олоогүй... Тэгээд ах Д ирээд толгойдоо оёдол тавиулаад гэртээ харьж хоноод маргааш өглөө нь Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн байгаа. Би гэмтлийн эмнэлэгт 9 хоногийн хугацаанд хэвтсэн байгаа... Тухайн үед намайг эхлээд гараараа нэг удаа цохисон. Дараа нь пивоны шилээр толгой орчим нэг удаа толгой хагараад цохисон шил нь бас хагарсан байгаа. Тухайн үед  миний зүүн талын чамархай орчим нэг удаа цохисон байгаа. Унах үедээ толгойгоо халцалсан байгаа. Энэ гэмтлээс болж миний гавлын яс цуурсан, толгойд цус хурсан байгаа. Энэ гэмтлийн бол пивоны шилээр цохиж учруулсан байгаа... Би тэр залуутай маргалдаж муудсан зүйл байхгүй. Баран дотор байхдаа хажуугаар нь зөрөх үедээ мөрлөсөн үүнээс болж надтай маргалдаж байгаад дараа нь уулзаад намайг цохисон байгаа. Бид хоёрын хооронд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. Би тэр залууг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11 дугаар хуудас/, 

 

Хохирогч Ц.Б-: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байхад 20-25 орчим насны 2 залуу орж ирээд комьпютер сонирхож байгаад гарсан. 5-10 минутын дараа үзүүлэн дээр байсан комьпютер алга болчихсон байсан. Камерийн бичлэг шүүхэд 10 минутын өмнө үйлчлүүлээд гарсан 2 залуу аваад гарч байсан... 2016 оны хамгийн сүүлийн загвар dell inspiron 7559 i7  маркийн ***** сериал дугаартай 1 терабайтын хардтай, 6700H CPU 3.890.000 төгрөгийн үнэлгээтэй хар өнгийн зөөврийн компьютер байсан... Энэ төрлийн зөөврийн комьпютерийг манайхаас гадна “Ай ти зоне” албан ёсоор оруулж ирдэг гэхдээ яг дээр дурьдагдсан загвар орж ирээгүй комьпютер ландад хувиараа ганц нэгийг оруулж ирсэн байхийг үгүйсгэхгүй... Уг комьпютер нь Малайз улсаас орж ирсэн зөөврийн комьпютерийн сериал дугаар нь давтагдашгүй бөгөөд албан ёсны сайтаар /dell.com/ нь ороод сериал дугаарыг нь хийхэд аль улсын албан ёсны дэлгүүр тухай мэдээлэл нь гардаг... Манай алдагдсан зөөврийн комьпютерийг олж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136,155 дугаар хуудас/

 

Гэрч Д.Д-ын: “...2016 оны 10 дугаар сарын 28-ний шөнө байх намайг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр дэлгүүрийн орчим өөрийн машинтай явж байхад шөнө 00 цагийн орчим эгч М-ын хүү Ө.О- над руу залгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Крокус” баранд хүнд толгойдоо шилээр цохиулчихлаа гэж хэлэхээр нь шууд яваад очсон. Ингээд намайг очиход нөгөө зодсон хүүхэд нь зугтаад яваад өгчихсөн таньдаг гэх хүмүүсээс нь  нөгөө залууг асуухад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь фасебөөкийн найз нь гэх хүнийг цагдаа авчираад өргөдөл өгчихөөд яваад өгсөн байгаа... Тухайн үед манай дүү Ө.О-ийн шанаа, чих, толгой, зулай хэсэгтээ хагараад цус гарсан байсан. Тухайн үед барны хамгаалагч нь гэх залуу цусыг нь угаалгасан байсан.  Гэхдээ толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь гэмтлийн эмнэлэгт авч яваад оёдол тавиулаад боолт хийлгэсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/, 

 

Гэрч Г.Б-ын:“...2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр найз болох Ө.О-, Б-, З нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” баранд болсон сүнсний баярын арга хэмжээнд оролцсон юм. Тухайн үед бар руу орох таксны мөнгийг би өөрөө гаргасан. Тэгээд баранд ороод найз Ө.О- бид хоёр Б, З нарыг байхгүй үед танихгүй залуу А.Э-г мөрлөсөн юм. Тэгсэн чинь найз Ө.О- тэр хоорондоо юм ярьж байгаад салаад явсан. Тэгээд дараа нь нөгөө банди нь согтсон байдалтай хүрч ирээд Ө.О-тэй ярилцаад байсан. Энэ үед би хажууд нь байгаагүй бөгөөд ямар яриа яригдсан гэдгийг мэдэхгүй байна. Тэр хоёр хоорондоо маргалдаад зууралдаад хүмүүсийн цаашаа яваад өгсөн юм. Би хэн хаана нь цохисон гэдгийг тухайн үед харж чадаагүй. Тэгэхээр салгахаар өөдөөс нь гүйсэн нэг банди явуулахгүй байсан юм. Тухайн үед тэр хоорондоо зууралдаж байх үед шил хагарах чимээ сонсогдсон юм. Ингээд би хажууд нь яваад очиход Ө.О-ийн толгой нь хагарсан байдалтай газар пивоны шил хагарсан байсан. Ингээд Ө.О-ийг ах нь ирээд аваад явсан... Эхлээд Ө.О-ийг баранд явж байхад эхэлж хүрч ирээд мөрлөсөн. Ингээд дараа нь ирэхдээ согтуу хэрүүл маргаан үүсгээд байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-18 дугаар хуудас/, 

 

Гэрч Х.А-гийн: “2016 оны 10 дугаар сарын 28-ний орой 22 цагийн орчим найз залуу А.Э-гийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” баранд болсон Дракула нэртэй сүнсний баярын арга хэмжээнд оролцсон юм. Бааранд ороод А.Э- бид хоёр хоорондоо маргалдсан байсан учраас найз нартайгаа тааралдаад хоёр тусдаа явцгааж байсан.Тэгээд найз нартайгаа байж байхад үүдний орчим хүмүүс маргалдаад байхаар нь очсон чинь найз залуу А.Э- хүнтэй маргалдсан 00-н өрөө рүү хамгаалагч нар А.Э-г дагуулаад орж байсан. Би араас нь явж ороод А.Э-гээс асуусан чинь хүнтэй маргалдсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Б-ийн: “...Манай “Хас” харуул хамгаалалтын алба нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Crocus” баартай харуул хамгаалалтын гэрээгээр хамтран ажилладаг юм... Тэгээд заалаа эргээд явж байхад тайзны баруун талд зодоон болоод байна гэхээр нь яваад очсон. Намайг очиход 20 орчим насны хоёр залуу хоорондоо заамдалцаад зогсож байсан. Тэгээд намайг яваад очсон чинь нэг залуу нөгөө залуугаа толгой орчим нь пивоны шилээр цохиод хагалсан байдалтай байхаар нь  салгаад толгойноос нь цус гарсан залууг 00-н өрөө рүү дагуулж ороод анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 160-161 дугаар хуудас/, 

            Гэрч А.С-ын: “...2016 оны 11 дүгээр сард ажлаа тараад гэр болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баян Монгол” хороололд байх гэртээ байхад над руу  нэг залуу залгаад ахаа юм үзүүлэх гэсэн юм гэж асуухаар нь юу үзүүлэх гэж байгаа юм бэ гэж асуусан. Нөгөө залуу мөнгөний хэрэг болоод нөтебүүкээ зарах хэрэгтэй болчихлоо тоглоомын зориулалттай юм чинь таньд тохирно гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Ингээд нөгөө залуу манай гэрт ирээд Dell i-7 маркийн комьпютер байсан. Би тэр хоёртой үнэ тохироод 670.000 төгрөгөөр нөтебүүкийг нь худалдаж авсан юм. Ингээд авсан нөтебүүкээ Б.Ц- гээд найздаа бэлгэнд өгсөн юм. Тухайн зөөврийн комьпютерийг найздаа бэлэглэх зорилгоор тэр хоёр залуугаас худалдаж авсан байгаа. Манай найз Б.Ц- 2017 оны 03 дугаар сард АНУ-руу ажиллаж амьдрахаар явсан. Би хэзээ Монголд ирэхийг нь мэдэхгүй байна. Гадагшаа явахдаа миний бэлэглэсэн нөтебүүкийг аваад явсан гэсэн. Би найз Б.Ц-тэй одоо утсаар ярьж чадахгүй байна. Холбоо барьчих юм бол наашаа нөтебүүкийг явуулчих гэж хэлэх гээд байгаа боловч одоог хүртэл холбоо барьж чадахгүй байна... Би тухайн үед тэр хоёр залуу нөтебүүкээ өөрсдийн хэрэглэж байсан комьпютер гэхээр нь итгээд худалдаж авсан. Хулгайн эд зүйлс байсан бол худалдаж авахгүй байсан. Мөн тэр хоёр залууг харахад гадна харагдах байдлаар хулгай хийхээр хүүхдүүд шиг харагдаагүй цэвэрхэн хувцас өмссөн хүүхдүүд байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

 Шүүгдэгч А.Э- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ө.О- гэх залуу хажуу талаар явж байгаад санаандгүй мөрлөсөн чинь надад хандаад “хөх толбот Монгол” компанийн захирлын хүүхэд байна шүү гээд байхаар нь “чиний хэний хүүхэд байх чинь хэнд хамаатай юм бэ”  гээд эхлээд би цохисон. Тэгсэн чинь зөрүүлээд намайг нэг удаа цохих гэсэн боловч оноогүй. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа гараараа цохих үедээ шилээр хамт цохисон байгаа...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/, 

“...Би Б овогтой Ц-тэй 2016 оны 10 дугаар сараас хойш хамт байр түрээслэн амьдарч байгаа юм. Бид хамгийн сүүлд Баянгол дүүргийн ***** тоот айлийн гал тогоог түрээслэн амьдарч байгаа юм. Б.Ц- бид хоёр өмнө нь 2015 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хулгай хэргээр шалгагдаж байгаад тэр хэрэг маань шүүхээр ороод Өршөөлийн хуульд хамрагдаж шийдэгдэж байсан юм. Тэрнээс хойш Б.Ц-тэй уулзахгүй байж байгаад сүүлд 2016 оны 08 дугаар сард Андуудын хажуу талын PC тоглоомын газар таараад тэрнээс хойш уулзах болсон юм. Тэгэж уулзаж байхдаа бид хоёр хамтарч байр хөлслөх тухай ярьж улмаар 11 дүгээр сараас хойш хамт амьдарч байгаа юм. Б.Ц- бид хоёр 2016 оны 11 дүгээр сарын дундуур 3,4 дүгээр хороололд байдаг PC тоглоомын газар хоночихоод 12-13 цагийн үед гарсан юм. PC тоглоомын газраас гараад хулгай хийх зорилгоор Компьютер Ландийн хажуу талаар явж байгаад “Делл” компьютер дэлгүүр рүү орсон юм. Тийшээ орсон чиинь лангуун дээр худалдаж байгаа нөтебүүкнүүд өрөөстэй байсан. Б.Ц- бид хоёр лангуунуудыг тойрч үзэж байхад хамгийн захад байсан 1 ширхэг нөтебүүк бэхэлгээгүй сул байгаа харагдсан чинь Б.Ц- нөтебүүкийг аваад энгэртээ хийчихсэн. Тэгэхээр нь би урд нь гарч замыг нь хаагаад бид хоёр дэлгүүрээс гарсан. Бид хоёрыг яг дэлгүүрээс гарч байхад нөгөө худалдагч нь дэлгүүр рүү зөрөөд орж байсан. Бид хоёр дэргүүрээс гараад урагшаа төв зам руу гүйгээд замаас такси бариад Б.Ц-ээгийн таньдаг ах болох С- гэх хүн рүү явахаар болсон. Таксинд суусан байхад Б.Ц- тэр С- гээд ахтайгаа утсаар яриад нөтебүүкнийхээ үзүүлэлтүүдийг нь хэлээд “та авах уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах нь хүрээд ир гэсэн юм шиг байсан. Бид хоёр такситайгаа шууд “Баян Монгол” хороолол орсон. “Баян Монгол” хороололд ирээд нэг байрны 8 дугаар давхарт гараад хаалгыг нь тогшсон чинь нэг ах гараад ирсэн. Тэгээд Б.Ц- тэр ахдаа нөтебүүкээ үзүүлээд 670.000 төгрөгөөр зарчихсан. Тэр нөтебүүкээ зарчихаад бид хоёр мөнгөөр нь хоол унд идээд, кино үзээд, түрээсийн байрны мөнгөө өгөөд дуусгасан. ...Бид хоёр ПС тоглоомын газраас гараад дахиад хулгай хийх зорилготой явж байсан. Тэгэж яваад “Делл” худалдааны төв рүү орсон юм. Анхнаасаа хулгай хийх зорилготой байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 “...Би текнээс пиво аваад бүжгийн талбайн голоор сууж байсан ширээ рүү явж байхад бүжгийн тайлбай дээр бүжиглэж байсан залуучуудын нэг нь намайг мөрлөөд үг хэлээр доромжлоод нүүр рүү нэг удаа цохьсон. Ингээд намайг цохих гэхээр нь гар хадаастай байсан учраас пивотой гараараа гараа гэмтээхгүйн тулд би гараараа савж хаахдаа тэр хүнийг толгой орчим нь цохьсон байгаа. Ингээд тэр намайг зуураад бид хоёр зууралдаад ширээнүүдийн голд ноцолдож байгаад унасан. Энэ үед хамгаалагч ирээд бид хоёрыг салгасан. Би бол хэргийг үнэн зөвөөр нь шалгаж өгөөч, би бусдыг санаатай зодож бусдад гэмтэл учруулаагүй. Миний савж оногдсон цохилтоос болж ийм гэмтэл учирсан гэхэд эргэлзэж байна. Тийм учраас хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ц-  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа ялыг ойлгосон. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 200 дугаар хуудас,

“...Тухайн өдөр А.Э- бид хоёр баруун 4 зам орчим явж байгаад компьютер ланд дотор байдаг электрон барааны дэлгүүр рүү ороод дулаацаж байхдаа дэлгүүрт байгаа барааг сонирхож байсан чинь бэхэлгээ нь байхгүй сул байсан хоорондоо ярилцаж байгаад тэр компьютерийг авахаар болсон. Дэлгүүр дотор тойрч хоёр алхаж байгаад А.Э- компьютерийн цэнэглэгчийг салгахаар нь аваад куртикэн дотроо хийгээд тэндээс аваад гарсан байгаа. Дэлгүүр дотор ороод сул компьютер байхаар нь дотор ороод хулгай хийх санаа төрөөд авсан. Тэрнээс биш гаднаас орохдоо урьдчилан үгсэн тохиролцож орсон асуудал байхгүй. Тухайн өдөр гэмт хэрэг үйлдэх санааг хоорондоо ярилцаж байгаад гаргасан. Аль санаачилсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №14950 дугаартай шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 26219 дугаар өвчний түүх /1 дүгээр хх-ийн 52-57 дугаар хуудас/,

-2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 47-50 дугаар хуудас/,

            -2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 208-209 дугаар хуудас/,

            -Хохирогч Ө.О-ийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд / 1 дүээр хх-ийн 84-87 дугаар хуудас/,

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 145-150 дугаар хуудас/,

            -Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/,

            -Зөөврийн комьпютерын үнэлгээ хийсэн баримт /1 дүгээр хх-ийн 139 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч А.Э-гийн хувийн байдалтай холбоотойгоор

-Оршин суугаа хорооны тодорхойлолт, /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 44 дүгээр хуудас/,

-Иргэний үнэмлэхний лавлагаа, /1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1 дүгээр хх-ийн 107, 225 дугаар хуудас/,

-Суурь боловсролын гэрчилгээ,  /1 дүгээр хх-ийн 89-95 дугаар хуудас/,

-ГССҮТ-ийн  24737 дугаар өвчний түүх, /2 хх-ийн 36-43 дугаар хуудас/,

-2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1358 дугаар шийтгэх тогтоол, /1 дүгээр хх-ийн 61-67 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Ц-ий хувийн байдалтай холбоотойгоор

            - Оршин суугаа хорооны тодорхойлолт, /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,

-Иргэний үнэмлэхний лавлагаа, /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

            -Хаан банкний дансны хуулга /1 хх-ийн 227 дугаар хуудас/,

-Суурь боловсролын гэрчилгээ,  /2 дугаар хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

-2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1099 дүгээр шийтгэх тогтоол, /1 дүгээр хх-ийн 212-217 дугаар хуудас/,           

-2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1358 дугаар шийтгэх тогтоол, /1 дүгээр хх-ийн 218-224 дүгээр хуудас/зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

         Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Э-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

         Шүүх   . Учир нь:

          Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         2015 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул  энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч А.Э- нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Крокус” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.О-ийг “мөрлөлөө” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөж, улмаар пивоны шилээр толгой тус газар нь нэг удаа цохиж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг, мөн Б.Ц-тэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Dell center” дэлгүүрийн үзүүлэн дээр байсан “Dell” маркийн зөөврийн компьтерийг хулгайлсны улмаас бусдад 3.000.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

          Шүүгдэгч Б.Ц- нь А.Э-тэй бүлэглэн “Dell” маркийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Dell center” дэлгүүрийн үзүүлэн дээр байсан “Dell” маркийн зөөврийн компьтерийг хулгайлсны улмаас бусдад 3.000.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ө.О-ийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136,155 дугаар хуудас/, гэрч Д.Дын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/,  гэрч Г.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-18 дугаар хуудас/,  гэрч Х.А-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 160-161 дугаар хуудас/,   гэрч А.С-ын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/,  шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №14950 дугаартай

1. Ө.О-ийн биед дух ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай, духны зүүн хэсэгт зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэл учирчээ.

2.Дээрхи гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд нь аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт/1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 26219 дугаар өвчний түүх, /1 дүгээр хх-ийн 52-57 дугаар хуудас/,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 47-50 дугаар хуудас/,

2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 208-209 дугаар хуудас/

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 145-150 дугаар хуудас/ зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Э-, Б.Ц- нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос хуулийн зүйлчлэлийг өөрчлөн ялын дүгнэлт гаргасан хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,   

шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Гэмт хэргийн хохирол, хор уршигийн талаар

Шүүгдэгч А.Э-гээс хохирогч Ө.О-д эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч  Ц.Б-ын нөтебүүкний үнэ /1 дүгээр хх-ийн 139/ 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц-ээс хохирогч Ц.Б-д 500.0000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл  150.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч А.Э- нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл сэжигтнээр 13 хоног /1хх-ийн 174-175/, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл 30 хоног /1хх-ийн 178/, нийт 42 хоног цагдан хоригдсоныг,

шүүгдэгч Б.Ц- нь 2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл сэжигтнээр 14 хоног /1хх-ийн 182-183/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл /1хх-ийн 186-187/, нийт 58 хоног цагдан хоригдсоныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн нийтэд тустай ажил хийлгэх  ял эдэлсэн хугацаанд  тус тус оруулан тооцов.

Эрүүгийн 201626031507 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Б овогт А-ийн Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,      

Б овогт Б-ийн Ц-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

4.  тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Э-гийн цагдан хоригдсон 42 хоног, Б.Ц-ий цагдан хоригдсон 58 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, тус бүрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус эдэлсэнд тооцсугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

           

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ээс 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-д олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Э-, Б.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ТУЯАТ

                                                          ШҮҮГЧИД                              Б.БАТБОЛОР                                                                                                                                                         С.ОЛЗОД