| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2107000000043 |
| Дугаар | 2021/ДШМ/1022 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/1022
О.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ч-н өмгөөлөгч Т.Баярбат,
шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.М-д холбогдох эрүүгийн 2107 00000 0043 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн О-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................../,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т шугуй 38 тоот гэр амралтын газарт О.Г-тэй тухайн нөхцөлд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хүзүүний зүүн хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгаж зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж рефлексийн гаралтай зүрх зогсож нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-г 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөг, лам болон шашны зардалд нэхэмжилсэн 6.386.500 төгрөг, машины зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 5.000.000 төгрөг буюу нийт 14.386.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгатай холбоотой 4.014.880 төгрөгийн зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.М-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М нь 24.947.353 төгрөгийг оршуулгын зардалд төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад зааснаар 2 ширхэг сидиг хавтаст хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, архины шилний амсар бүхий хагархай хэсэг, “Хараа” гэсэн шошготой шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа нар тус шүүхэд хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.
Шүүхээс миний үйлчлүүлэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Болсон үйл явдлын тухайд товч тайлбарлавал амь хохирогч О.Г, шүүгдэгч О.М нарын 7 хүн амралтын газар 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр очиж амарсан. Тухайн өдөр амралтын газар хонохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэж О.Г нь О.М-г дээрэлхэх, хэл үгээр доромжлох, зодох зэрэг зүй бус үйлдлийг олон удаа гаргаж байсныг гэрчүүд бүрэн дүрсэлж мэдүүлэг өгдөг.
Ингээд тухайн өдрөө амарцгааж маргааш өдөр нь буюу 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн өглөө О.Г нь О.М-г унтаж байхад нь орноос нь татаж унаган дахин маргааныг эхлүүлсэн тухай мөн гэрчүүд мэдүүлдэг. Тэд тухайн маргааны дараа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж О.М унтаж амрахаар гэрт орж унтсан. Үүний дараа тухайн гэр лүү амь хохирогч орж урьдын адилаар О.М-г дээрэлхэж орон дээр хэвтэж байхад нь дээрээс нь зодох, гартаа шил барьж довтлох үйлдэл хийхэд О.М нь тухайн үйлдлийг өөртөө аюул учруулахыг мэдэж түүний эсрэг өөрийгөө хамгаалж, өөрт тулгарсан аюулыг холдуулах, амь биеэ хамгаалах зорилгоор амь хохирогчийн шил барьсан гарыг тохой хэсгээс нь арагш түлхэх үйлдэл хийхэд амь хохирогчийн хоолойн зүүн хэсэгт хатгагдаж О.Г-н амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт О.М болон өмгөөлөгч бидний зүгээс О.М-н дээрх үйлдлээс шалтгаалж О.Г-н амь нас хохирсон гэдэгтэй огт маргаагүй. Гагцхүү энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэх аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байх боломжтой тухай хууль хэрэглээ талаас нь тайлбарлаж ирсэн.
Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.
Өөрөөр хэлбэл, тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх учиртай гэж бид үзсэн. Анхан шатны шүүх хэрэг учралын тохиолдлыг аргагүй хамгаалалт бус санаатай гэмт хэрэг гэж үзсэнийг бидний үйлчлүүлэгч “нэгэнт энэ үйлдлийг шүүх гэмт хэрэг гэж үзэж байгаа бол надад шүүхийн шийдвэртэй маргах зүйл алга, би хариуцлагаа хүлээнэ, болсон үйл явдалд маш их харамсаж байгаа, хохирогчийн ар гэрийнхнээс дахин дахин уучлалт гуйя” гэсэн байр суурийг шүүх танхимд илэрхийлж, болсон үйл явдалд маш их гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаа нь харагдсан.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч бид санаатай байдлаар мэтгэлцээн өрнүүлээгүй бөгөөд болсон үйл явдлыг хууль хэрэглээний хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарласан. Гэтэл шүүхээс санаатайгаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өмгөөлөгч нар нь хэргийг цагаатгах, хэрэгсэхгүй болгох байр сууринаас хандсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа нь дотоод итгэл үнэмшлээ хэт ил гаргаж, яллах байр сууринаас аливаад хандсан гэх хандлага илэрхийлэгдэж байна. Бидний зүгээс хэргийн тохиолдол нь аргагүй хамгаалалт байх боломж байгаа эсэхийг шүүхээр тогтоолгохыг хүссэн. Үүнийг шүүх гэмт хэрэг гэж үзсэн. Энэ шийдвэртэй бид маргахгүй. Гагцхүү эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас давах гомдол гаргаж байгааг хүлээн авахыг хүсэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүхийн шатанд хэрхэн мэтгэлцсэн нь бус “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” бол дээрх хуулийн заалтыг хэрэглэх эрхийг шүүхэд олгосон.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэдгийг шүүх дүгнэсэн, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг анхаарч үзвэл маш харамсалтай, хохирогч, шүүгдэгч нарын байр солигдож ч болох байсан. Шүүгдэгчийн хувийн байдал нь төлөв, даруу, аливаа маргаанаас зайлсхийж биеэ зөв авч явсан байдал, хуульд заасан дээр олон удаа дурдагдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан үзэхийг мөн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.
Иймд бидний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, эрүүл мэнд /бөөрний архаг үрэвсэл, намжмал үе/, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хууль хэрэглээ талаас анхан шатны шүүхэд байр сууриа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд заасан 9 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 5 жил 8 сар болгон хөнгөрүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийт 24.900.000 төгрөгийг оршуулгын зардалд төлсөн. Эдгээр нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох үндэслэлтэй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-д оногдуулсан 9 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 5 жил 4 сар болгон хөнгөрүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.М-н өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.М-н эрүүл мэнд болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээгийн өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.М нь анхнаасаа аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж тайлбарладаг. Талийгаач нь шүүгдэгч О.М-г дарамталж дээрэлхэн, шил барьж довтолсон үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсээс ганц хөндлөнгийн гэрч болох О нь “... шүүгдэгч О.М-г ууртай байсан. Цуг авч очсон хүүхнээсээ болж уурлаж байсан. Амь хохирогчийг хэл амаар доромжилсон ...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч О.М-н “...амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн...” гэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтас хэргээс харахад шүүгдэгч О.М нь худал мэдүүлэг өгч байгаа нь харагддаг. Амь хохирогч нь солгой бус баруун гартай хүн байсан. Гэтэл “...солгой гартаа шил барьж, баруун гараараа заамдаж намайг цохисон. ...” гэж шүүгдэгч О.М нотлогдохгүй мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдэж дуусахад гаднаас орсон гэрчүүд шүүгдэгчийг цустай шилний хагархай барьж зогсож байсныг гэрчилдэг. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч шүүгдэгч рүү довтолсон, хэл амаар доромжилсон, цохисон, өшиглөсөн гэх үйлдлүүд нь үгүйсгэгддэг. Шүүгдэгч О.М нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хохирлын хувьд бүрэн барагдуулаагүй, зөвхөн шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөрийг төлсөн. Хохирол, гэм хор, хор уршиг бүрэн арилаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд маш их гомдолтой гэсэн байр суурьтай байгаа. Иймд анхан шатны шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтай гарсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг бүрэн дүүрэн тал бүрээс нь дүгнэсэн. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж шугуй 38 тоот гэр амралтын газарт О.Г-тэй тухайн нөхцөлд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хүзүүний зүүн хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгаж зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж рефлексийн гаралтай зүрх зогсож нас барж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ч-н “... Нөхөр маань “Над руу Ууганаа залгаад байна, ахын граж руу очоод тарвага боогоод өгчих гээд байна” гэхээр нь би “чи явж хэрэггүй ээ” гэсэн чинь “хань нь хурдан боож өгчихөөд харина аа” гэсэн. ... Өнөөдөр өглөө Ууганаагийн утас руу залгаж нөхөртэйгөө ярихад “одоо ингээд очлоо, Тэрэлжид байна” гэж хэлээд тасалсан. ... Би Ууганаа гэдэг залууг сайн танихгүй, ангийнх нь залуу гэсэн. Э гэдэг нь мөн байх. Харин Гөөгөө гэдэг нь Ууганаагийн ах гэсэн. ...” /1 хх 36-37/,
гэрч Б.М-н “... Би өөрийн төрсөн дүү Э, түүний найз О.М, Ш, О, Э, М нарын хамт салхинд гарахаар хотоос гарч 2 машинтай Тэрэлжийн шугуйд гэр буудалд ирсэн. Бүгдээрээ гэрт орж 2-3 шил архи ууж байгаад би тарсарчихсан. Өглөө сэрэхэд урд талын гэрт нь хоносон байсан. Өглөө 10 цагийн үед босоод хойд талын гэрт нөгөө хэд дээр ороод дахиад архи уусан. Нэг мэдсэн би тасраад хойд талын орон дээр нь унтсан байсан. Унтаж байхад хүмүүс орилолдоод муудалцаад байх шиг чимээ гарч би сэрээд босож очиход Ш гэрийн дотор үүдэнд цус алдаад хэвтэж хүзүүний зүүн талаас нь цус олгойдоод гарч байсан ба хажууд нь М архины шилний хагархай баруун гартаа барьчихсан зогсож байсан. ... Хойд орон дээр би согтуу унтаж байхад 2 хүн зодолдоод орилолдоод бие бие рүүгээ том том дуугараад байгаа чимээ гарахаар нь би нэг хэсэг сэрж чадаагүй. ...” /1 хх 41-43/,
гэрч Д.М-н “... Ойролцоогоор 14 цагийн үед Э, Э, хохирогч бид дөрөв дэлгүүр лүү архинд явсан. ... дахиж нэмж архи авна гээд дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад буцаад гэр амралт дээр очсон. Амралтын газрын гадаа очих үед хохирогч машинаас түрүүлж буугаад гэрт орсон. Хохирогчийн араас хэсэг хугацааны дараа Энхболд орсон бөгөөд би Э-г буухгүй унтаад байхаар нь сэрээх санаатай түүнтэй хамт машин дотроо үлдсэн. Тэгээд Э-г сэрээгээд машинаас бууж байтал Э гэрээс гарч ирээд айж сандарсан байдалтай ямар ч ойлгомжгүй “цус алдаад, зүсэгдчихлээ” гэхээр нь би юу болсон юм бол гээд машинаас буугаад гэрт орох гээд хаалга онгойлготол хохирогч хаалганы босгоны дөнгөж цаад талд цус алдсан, газар хэвтэж байсан...” /1 хх 45-46/,
гэрч Б.Э-н “... Би автомашинаас бууж бие засчихаад гэр лүү орох гээд гэрийн хаалгыг онгойлгоход талийгаач Г гэрийн хаалган дээр уначихсан, цус алдсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Харин М гэрийн хойморын зүүн дээд орон дээр “пизда” гээд хараагаад сууж байсан. Харин М-сүх хоймор хэсэгт босоод зогсчихсон М-г “хүн алчихлаа ш дээ” гээд загнах байдалтай зогсож байсан. ...” /1 хх 48-49/,
гэрч Б.Э-н “... 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр найз М, Ш, О, Э, М, манай төрсөн ах М-тулга бид нар 2 машинтай Тэрэлжид гэр буудалд ирсэн. Гэр буудлын хүнийг Г таньдаг юм байна лээ, нэг гэр аваад бүгдээрээ орж байрлаад авчирсан юмаа идэж уугаад архи ууцгаасан. Нэлээд сууцгааж байгаад Ш, О, М-сүх гурав хажуугийн амралтад очиж хонолоо гээд яваад үлдсэн бид дөрөв унтаж амарсан. Өглөө бид хэд босоод галаа түлчихээд байж байхад М-сүх, Ш хоёр орж ирээд юм ярьж сууж байгаад өдөр хавьд М, Э, Ш бид дөрөв яваад Тэрэлжийн төв орж нэг дэлгүүрээс шил архи аваад буцаж амралтын газрын гэрийн гадаа ирээд машиндаа сууж юм ярьцгааж байсан. Ш архиа аваад машинаас буугаад гэрт орж бид гурав машиндаа суусан хэвээр юм ярьж суутал тар няр хийх чимээ гарахаар нь Э “хоёр пизда чинь муудаад байгаа юм уу” гээд машинаас бууж гэр лүү орсноо “хөөе хурдан ирээ” гээд дуудахаар нь би гүйгээд ортол гэрийн дотор үүдэн дээр Ш дээшээ харсан байдалтай хүзүүнээс нь цус олгойдож байсан. Би айж сандраад цус олгойдож байгаа газар нь гараараа дартал цус гараад байсан. Э-г “хүзүүний цусыг нь гаргахгүй дарж бай, би түргэн дуудъя” гээд Э-д өгч даруулаад гэрээс гарч ... дуудлага өгсөн. ...” /1 хх 54-56/,
гэрч Ц.Э-н “... Би ажлаа хийж байгаад 14 цаг 10 минутын орчим цайгаа уухаар гэртээ дөнгөж орж ирээд байж байтал нэг хар куртиктэй залуу гүйж орж ирээд “хойно болохоо байлаа эгчээ” гэхээр нь амралтын гэр лүү дагаад гүйгээд очиход Ш гээд залууг гэрийн үүдэнд доошоо хараад хэвтчихсэн, нил цус болчихсон, эрээн цамцтай залуу гүрээг нь дарчихсан байсан. ...” /1 хх 51-52/,
гэрч Д.Э-н “... Би гэрт ороогүй, шагайж харахад үүдэн дээр эрээн хувцастай залуу хүзүүг нь дарчихсан, зүүн орон дээр бараан хувцастай байх танихгүй залуу толгойгоо цааш харуулж хөлөө нааш нь унжуулж доошоо хараад хэвтчихсэн байсан. ...” /1 хх 68/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн биед хүзүүний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гүрээний гадна тараагуур судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Талийгаачийн зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж, рефлексийн гаралтай зүрх зогсож нас баржээ. Талийгаачид анхны тусламж болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байжээ. ...” /1 хх 166-169/ гэх 21 дугаартай дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... О.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсан гэх шинж, баримтгүй, хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1 хх 177-178/ гэх 290 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх “В” үсгээр тэмдэглэсэн хэсгээс хураан авсан гэх ... бусад шилний хэсгүүд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” /1 хх 199-200/ гэх 1515 дугаартай дүгнэлт,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 19-21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.М-г амь хохирогч О.Г-н хүзүүний зүүн хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгаж, зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж, рефлексийн гаралтай зүрх зогсож, хохирогчийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч О.М-д анхан шатны шүүхээс 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч О.М-н хохирогч О.Г-н хүзүүний зүүн хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгасан үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогчийн зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж, рефлексийн гаралтай зүрх зогсож нас барсан хор уршигийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа нараас “... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 5 жил 8 сарын хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол хамтран гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч О.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч О.М-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор буюу 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан “... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хаалттай...” гэснийг “...нээлттэй...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-н 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР