Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А**********н овогт Ц********нгийн Г*********гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар иргэн Ц.Г*********гт олгогдсон 480 м.кв газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пү********н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.От*********р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А********г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г*********гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пү********н, өмгөөлөгч Т.От*********р нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Ц********нгийн Г*********г миний бие Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/0118 дугаар бүхий 480 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар олж авсан.

Дээрх газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдер "УБЦТС" ХК-ийн №531/2011 тоот техникийн нөхцөл, УСУГ-ын №289/13 тоот техникийн нөхцөл, "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-ийн №48/2013 тоот техникийн нөхцөл, 2013 онд №869/2013 дугаар зураг төслийн магадлалын еренхий дүгнэлт, архитектур төлөвлөлтийн №БГД/128 дугаар даалгавар зэрэг барилга барихад шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №482/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч, цахилгаан татсан байсан.

Ийнхүү холбогдох техник хэрэгсэл, ажиллах хүчийг бэлтгэн барилгын ажлыг эхлүүлж, барилгын үндсэн суурийг ухах явцад газрын чанх хойно байрлах 49 дүгээр байрны оршин суугчдаас барилгын ажлыг зогсоохыг шаардан эсэргүүцэл тэмцэл өрнүүлж, хэсэг бүлгээрээ нийлэн техник хэрэгслийн ажиллагааг хааж зогсож, дарамт шахалт үзүүлж ажил явуулахад ихээхэн хүндрэлийг бий болгосон. Бид байрны оршин суугчидтай аль болох ойлголцохыг хичээж ажилласан боловч үр дүнд хүрэлгүй явсаар хугацаа их алдсан. Удаа дараа суурийн ажлыг үргэлжлүүлэн ухах гэсэн боловч оршин суугчдаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол эсэргүүцэл үзүүлэн барилгын ажил гүйцэтгэхэд саад учруулсан болно.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан барилгын угсралтын ажлыг үргэлжлүүлэн явуулж чадалгүй явсаар газрын эзэмших эрхийн хугацаа дууссан тул 2015 оны 5 сард газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт гаргасан боловч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/3111 дугаар албан бичгээр "ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлээр өндөр орон сууцны бүсэд багтсан, эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьсан, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариуг өгч, иргэн миний газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан.

Энэхүү бичгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бидэнд мэдэгдсэнийг хүлээн авч танилцаад мөн оны 2015 оны 11 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б**т-Ү**лд газрын хугацаа сунгаж өгөхийг хүсэж гомдол гаргасан боловч өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/8402 тоот албан бичгээр "газрын тухай хуулийн 40.1.6 дахь "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн аазраа 2 жил дараалан ашиглаагүйгэх үндэслэлээр газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10-т "хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан"... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно." гэж тайлбарласан байдаг. Байрны оршин суугчдын барилга бариулахыг эсэргүүцсэн тэмцэл нь Ц.Г*********г надаас үл шалтгаалах явдал тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэж үзэхгүй байна.

Өнгөрсөн хугацаанд орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан барилгын зураг төсөл боловсруулахад 49.960.000 төгрөг, эзэмшил газарт цахилгааны шугам сүлжээ татсан зардалд 21.000.000 төгрөг, барилгын суурийн ажилд 10.000.000 төгрөг, хашаа харуул хамгаалалтын зардал /2010 оноос 2015 оны 10 сарыг хүртэл/-д 11.600.000 төгрөг бүгд 92.560.000 /ерэн хоёр сая таван зуун жаран мянган/ төгрөгийн зардал гараад байгаа юм.

Миний бие өөрийн нэр дээрх газар дээрээ цаашид хөрөнгө оруулалт хийж барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газраас "эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьсан, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй" гэдэг үндэслэлээр газрын эзэмших хугацааг сунгахаас татгалзаж байгаа явдалд гомдолтой байна. Учир нь дээрх газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлыг гүйцэтгэхэд байрны оршин суугчдийн эсэргүүцэлтэй тулж хугацаа их алдсан. Мөн Нийслэлийн газрын алба бидний хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.4-т "гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах" гэж заасан.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 416 тоот захирамжаар иргэн Ц.Г*********г надад олгогдсон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/0118 дугаар бүхий 480 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар, Я.А********г нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Ц.Г*********гийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар иргэн Ц.Г*********гт олгогдсон 480 м.кв газрын эрхийн хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариуг хүргүүлж байна.

Иргэн Ц.Г*********гт нийслэлийн Засаг даргын 2005 оны 55 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 480 м.кв газрыг эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 416 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн.

Иргэн Ц.Г*********г нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан бөгөөд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас санал авахад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08/1342 дугаар албан бичгээр "Ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлээр өндөр орон сууцны бүсэд багтсан, эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй" гэсэн санал ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Г*********гийн эзэмшил газраа эзэмших, ашиглах болон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх үйл ажиллагаа нь өөрөөс нь шалтгаалаагүй иргэдийн эсэргүүцэл хууль бус ажиллагаанаас болсон нь нотлогдвол газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжтой.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.Г*********гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Маргаан бүхий газрын эзэмших эрх үүссэн талаар

 Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/0118 дугаар бүхий 480 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Г*********гт 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байна.

2. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн хугацааг 2015 оны 5 дугаар сард сунгуулахаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандахад тус газраас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/3111 тоот албан бичгээр “...эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьсан, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариуг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид гардуулан өгснийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/8402 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” гэсэн хариуг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасан хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсан байх боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ...Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч уг маргаан бүхий актыг нэхэмжлэгчид хугацаанд нь мэдэгдээгүй, хугацаа хэтрүүлж мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд хандах, газар эзэмших эрхээ сэргээлгэх асуудлаар гомдол гаргах эрхийг нь хөндөх үндэслэлгүй байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн талаар

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахаар, мөн хуулийн 40.1.6-д  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, цаашлаад хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй байхаар, нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээний 4.1, 4.5-д гэрээний нөхцлийн дагуу газрыг эзэмших, газрын төлбөрийг хугацаанд нь төлөхөөр заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ “...газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэсэн боловч оршин суугчдын эсэргүүцэлтэй тулж хугацаа алдсан” тайлбарлаж байгаа бөгөөд дээрх үндэслэл нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримт, оршин суугч гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамаараагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хамаарахаар байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар дээр барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлуулж улмаар 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 48/2013 дугаартай “Дулааны техникийн нөхцлийн сунгалт”, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 289/13 дугаартай “Цэвэр усны техникийн нөхцөл”, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 869/2013 дугаартай Барилгын хөгжлийн төвийн “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт”, 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 90 тоот Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг тус тус гаргуулсан байна.

Улмаар барилгын ажлыг эхлүүлэх гэтэл оршин суугчид эсэргүүцсэний улмаас газраа ашиглаж чадаагүй болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг дарга болон иргэн Г.Оюунчимэгт 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн албан бичиг болон гэрч Г.Оюунчимэгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 4/505 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “...нэхэмжлэгч Ц.Г*********гийн эзэмшил газраа эзэмших, ашиглах болон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх үйл ажиллагаа нь өөрөөс нь шалтгаалаагүй иргэдийн эсэргүүцэл хууль бус ажиллагаанаас болсон нь нотлогдвол газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжтой” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байх хуулиар тогтоосон үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хариуцагч уг шалтгааныг харгалзан үзээгүй байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: “Газрын тухай  хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Г*********гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Г*********гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/0118 дугаар бүхий 480 м2 газрын хугацааг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА