Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 300

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ын Б.А-т холбогдох эрүүгийн 1703000010033 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Си Эс Эл” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И овогт Б-ын А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 05 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туулын урд хөвөө Бурхантын 19 дүгээр гудамжны хойд жалганд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 0,40 хувийн согтолттой үедээ мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2 дугаар хавсралтын 3.5 нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан”, 2.3б-д заасан “б/ хАлах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хАлах бүс хэрэглэх, хАлах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчин Toyota Prius маркийн **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа онхолдож, зорчигч М.С-ын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 05 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туулын урд хөвөө Бурхантын 19 дүгээр гудамжны хойд жалганд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 0,40 хувийн согтолттой үедээ мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2 дугаар хавсралтын 3.5 нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан”, 2.3б-д заасан “б/ хАлах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хАлах бүс хэрэглэх, хАлах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчин Toyota Prius маркийн **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа онхолдож, зорчигч М.С-ын амь нас хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Би жолооч болоод 4 жил болж байна...Хойноос манай найз орилсон. Би толиндоо харсан чинь хохирогчийн толгой нь бараг газар шүргэсэн явж байсан. Тэгээд би тоормос гишгээд хохирогчийг эргэж хараад татаж суулгаад тоормос гишгэсэн байдалтай рульнээс барьсан...Нийт 25.000.000 төгрөг өгөхөөр болсон. 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би 15.000.000 төгрөгийг 2.5 жилийн хугацаатай сар бүр 500.000 төгрөг өгөхөөр гэрээ хийсэн...Миний машины хойд талын суудалд сууж байсан. Миний машины зөв талын хойд талын цонхоор толгойгоо тонгойлгоод бүсэлхийгээрээ хаалган дээр тогтсон унах гэж байсан...Би тоормос гишгээд хурдаа сааруулаад л хохирогчийг татсан. Тэгээд рулээ тавьсан...Би гэм буруугаа ойлгож байна. Гэмшиж байна...Би 21:00 цагийн үед нэг шил 500 грамм пиво уусан...21:00 цагт пиво ууснаас хойш миний архи гарсан байсан учраас машины жолоодсон...0,40 хувийн согтолттой гэж гарсан. Би тухайн үед шоконд ороод салгалаад юу болоод байгааг мэдэхгүй байсан учраас ээж надад долоогоны ханд авчирч өгөхөөр нь согтуурлын зэрэг шалгахаас өмнө уусан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Хохирлын талаар Б.А- болон түүний ээжтэй уулзаж ярилцсан. Талийгаач 4 настай хүүхэдтэй.  Нийт 25.000.000 төгрөг өгөхөөр болсон. 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Би 15.000.000 төгрөгийг 2.5 жилийн хугацаатай сар бүр 500.000 төгрөг өгөхөөр гэрээ хийсэн. Оршуулгын зардалд 7.000.000 гаруй төгрөг болсон. Үлдсэн мөнгө нь хүүхдийг цаашид өсгөн хүмүүжүүлэхэд зарцуулах зардал байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн санал, гомдолгүй. Талийгаач 21 настай, нөхөргүй нэг хүүхэдтэй аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Би талийгаачийн нагац ах, Атар-Өргөө ХХК-д хуулийн зөвлөх ажилтай. Талийгаач ноолуурын үйлдвэрт ажил хийж байсан. Талийгаачийн аав нь ажилгүй, ээж нь үйлчлэгч ажилтай. Ноолуурын үйлдвэрт ажилд ороод 1-2 сар болж байсан. Талийгаач 2018 онд сургуульд орохоор төлөвлөж, өөрөө сургуулийнхаа төлбөрөө бэлдэж эхэлж байсан...Шүүгдэгч Б.А-ыг төлбөр төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-14/        4. Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: “...0,40% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов...” /хх-ийн 15/

5. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18/

            6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1311:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

-Авто ослын гэмтэл: Цээжний битүү гэмтэл-Зүрхний үнхэлцэг хальсны болон зүрхний баруун тосгуур ховдлын зааг дахь эдийн хагарал, урагдал. Зүүн уушигны няцрал. Зүүн талын 1-6-р хавирганы шууд бус хугарал.

-Цээжний хөндий дэх цусан хураа /Цээжний баруун хөндийд 1400 мл, зүүн хөндийд 200 мл/ Баруун уушигны уналт. Дотор эрхтнүүдийн цус багадалт.

-Баруун нүдний зовхи, доод эрүү, зүүн мөр, бугалга, хэвлийн зүүн урд хэсэг, нуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөгний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт. Баруун хөлийн шагайн үеийн хагас мултрал.

Дүгнэлт:

-М.С-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас амьд байх үед үүссэн байх бөгөөд уг гэмтлүүд нь хүчтэй доргилт, цохилтын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь автомашины кабинд үүсгэгдсэн байх боломжтой.

-М.С- нь дээрх амь насыг аврах боломжгүй, цээжний битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх судас, амьсгалын дутагдалд орон нас баржээ.

-Талийгаач нь үхэл хүргэх архаг хууч өвчингүй байна.

-Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.

-Талийгаач М.С- нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

-Талийгаач М.С- нь АВО системаар Aβ(II) бүлгийн цустай байжээ. /хх-ийн 99-100/

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №3946:

-Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-11 маркийн **** УБУ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

-Уг автомашины хөдөлгүүр асахгүй, баруун, зүүн урд болон хойд далбаанууд капот, дээвэр, салхины шил, урд их гэрэл, дохионы гэрлүүд, баруун хойд гэрэл, дөрвөн талын багана, урд бамбайн баруун тал, гадна толинууд зэрэг эд ангиуд хонхойж, үрчийж, зурагдаж, будаг халцарч, зэвэрч, хагарсан эвдрэл элэгдлийн хязгаарт хүрсэн, хойд бамбай салсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

-Баруун, зүүн урд болон хойд далбаанууд капот, дээвэр, салхины шил, урд их гэрэл, дохионы гэрлүүд, баруун хойд гэрэл, дөрвөн талын багана, урд бамбайн баруун тал, гадна толинууд зэрэг эд ангиуд хонхойж, үрчийж, зурагдаж, будаг халцарч, зэвэрч, хагарсан, баруун урд дугуй хагарсан эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн тул осолд нөлөөлөх үндэслэлгүй. Хойд тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан нь осолд нөлөөлөх олон шалтгаан нөхцлийн нэг байх үндэслэлтэй.

-Автомашины нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсанаар хөдөлгөөний явцад тэгш биш гадаргуутай үед тоормослох үйлдэл хийхэд шарвалтыг өдөөх хүчин зүйл болдог.

-Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-11 маркийн **** УБУ улсын дугаартай автомашины тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон.

-Тоормосны эд ангиуд бүрэн, тэлэгч, хавчигчууд ажиллаж байна. Автомашин өөрөө явах боломжгүй, зориулалтын багажгүй тул тоормосны идэвхижилт, хүч, ABS системийн ажиллагааг тодорхойлох боломжгүй. /хх-ийн 107-110/

            8. Техникийн шинжээчийн дүгнэлт №275:

-Т.Приус маркийн **** УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2-р хавсралтын 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний шинжээчийн осол гарсан гэх өдрийн 07 цаг 49 минутад шалгасан магадлагаагаар согтуурлын зэрэг нь Др-0,40% гарч, фото зургаар бэхжүүлэгдсэн байдал, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрчүүдийн мэдүүлгүүдээр пиво хэрэглэсэн гэх, ШШҮХ-ийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6539 дугаар дүгнэлтээр “Б.А- 06/30 н/б гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд нь зөрүүтэй байх ба жолооч Б.А-ын мөн дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн эсэхэд техникийн шинжээч үнэлэлт, дүгнэлт өгөхөд эргэлзээтэй байдал үүсч байгаа тул хариулах боломжгүй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд /зам, орчны байдал, тээврийн хэрэгслийн онхолдсоны дараах байрлал, эвдрэлүүд, ул мөр зэрэг/ болон хамт явж байгаад хөндлөнгөөс харсан гэх гэрч Б.Ш-гийн мэдүүлэгт “...Би машин руу харсан чинь талийгаач хойд талын баруун талын  цонхоор цээжээ гаргаад доошоо тонгойсон байсан тэгэхээр нь би А хөөе гээд орилж байхад л машин онхолдсон...”, Б.С-ийн “...Тэгээд явж байтал Б.А- маш хурдтай явж байсан чинь гэнэт машин онхолдоод 2 эргээд машин доошоо хараад 4 дугуй дээшээ хараад унасан...” гэх мэдүүлгүүдээс харахад талийгаач Ж.М.С-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1.а/ дахь хэсэгт заасан хАлах бүс хэрэглэх, 4.2.б/ болон 4.2.в/ дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслээр зорчигч биеэ авч явах тухай үүрэг, жолооч Б.А-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б/ дахь хэсэгт заасан зорчигчийг хАлах бүс хэрэглүүлэх тухай тус тусын үүргийг биелүүлээгүй нөхцөл байдлыг шинжлэх шаардлагатай гэж үзэж байна. /хх-ийн 126-127/

            9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би талийгаачийн ээжийн эгчийнх нь хүүхэд, талийгаачийн нагац ах. Талийгаачийн ар гэр болон манай ах дүү нар хоорондоо бид нар ярилцаад намайг энэ хэрэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон би хохирогчоор байцаалт өгч байна. Болсон асуудал тодорхой учраас бид жолоочийн зүгээс хохирлоо нэхэмжилж байна. Оршуулгын зардалд 7.679.714 төгрөг болсон. Мөн бид хоорондоо ярилцаад талийгаачийн хүү 4 настай үлдэж байгаа, энэ хүүхдийн эрүүл мэнд болон цаашид сурч боловсрох, ахуй амьдралд нь зарцуулах шаардлагатай гэж үзээд 17.320.280 төгрөгийг бас нэхэмжилж байна. Бүх дүгнэлтүүдтэй танилцлаа ямар нэгэн маргах зүйл байхгүй. Өөр санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

            10. Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…тэгээд үүр цайгаад бид 04 цаг өнгөрч байхад харих гээд 4, 4-өөрөө хуваагдан 2 машинд сууж явсан. 2 салаа замын нэг машин дээгүүр нь, нэг нь доогуур нь явсан. Б.А- машинаа өөрөө бариад урд нь Ш-, хойд суудал дээр талийгаач бид 2 сууж явсан. Замдаа явж байгаад задгай талбай дээр машин зогсохоор нь би машинаас бууж машины ард нь гарч бие зассан. Ш- бас буугаад мод руу орж бие засаж байсан. Тэгсэн намайг бие зассаж байхад Б.А- гэнэт машинаа асаагаад хөдөлсөн. Би бие засаад босоод эргээд хартал машин онхолдсон байсан. Тэгээд машин дээр очиход нөгөө хэд талийгаачийг машинаас гаргачихсан байсан. Тэгсэн талийгаач амьсгалахгүй байхаар нь бид архи уугаагүй нөгөө машины жолоочтой Яармагийн 2-р эмнэлэг орж талийгаачийг үзүүлсэн. Тэгсэн эмч нар “наад хүн чинь өнгөрсөн байна” гэсэн. Тэгээд бид нар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/

            11. Гэрч Б.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…тэнд 2 салаа зам байсан дээгүүр нь Б явсан, Б.А- бид хэд доогуур нь явж байгаад бие засах болоод зогссон. А, М бид 3 буусан, А түрүүлээд машиндаа суусан, талийгаач “явъя” гээд орилоод байсан. А , М бид хоёрыг “явъя” гэсэн, би “за нөгөө хэд дээр очоод байж бай, араас чинь яваад очъё” гэсэн. Би машин руу харсан чинь талийгаач хойд талын баруун талын цонхоор цээжээ гаргаад доошоо тонгойсон байсан тэгэхээр нь би “А хөөе” гээд орилж байхад л машин онхолдсон. Тэгээд л гүйгээд очтол талийгаачийг машинаас гарган газар хэвтүүлсэн байсан. Бид түргэн дуудсан боловч утасаа авахгүй болохоор нь Яармагийн 2-р буудал дээр байдаг эмнэлэг дээр авч очсон. Эмнэлэг дээр очоод өнгөрсөн байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

            12. Гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Б.А- өөрийнхөө машиныг бариад хажууд нь Ш-, хойно нь талийгаач нэг охин 2 сууж явсан. Тэгээд миний нойр хүрээд суудал дээрээ унтаж байтал нөгөө 3 орилоод чарлаад байхаар нь би сэрсэн чинь А-гийн машин онхолдсон байсан. Бид нар машиныг цааш түлхээд талийгаачийг өргөж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

            13. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Б.А- машинаа хөдөлгөж байсан би зам руу хараад эргээд А руу харсан чинь машин онхолдсон. Тэгээд бид нар машинтайгаа яваад очсон чинь А машиныхаа араар гараад ирсэн. Талийгаачийн биеийн зүүн хэсэг нь машинд дарагдсан байсан. Тэгэхээр нь бид нар машинаа өргөж байгаад талийгаачийг гаргаж авсан. Би хөдлөхийг харсан, унахыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72/

            14. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…нэг мэдсэн машин онхолдчихлоо гэж байсан би нөгөө машинд сууж явсан, тэгээд би машинаас буугаад талийгаачийг машин доороос татаж гаргаж байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77/

            15. Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…тэгээд явж байтал Б.А- маш хурдтай явж байсан чинь гэнэт машин онхолдоод 2 эргээд машин доошоо хараад 4 дугуй дээшээ хараад унасан. Тэгээд бид яваад очсон Б.А- машинаас гараад ирсэн талийгаачийн бүсэлхийнээс дооших нь машинд дарагдсан байсан. Машинаасаа гараад биеэрээ машинд дарагдсан байсан. Бид нар машиныг өргөж талийгаачийг гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/

            16. Яллагдагч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн осол болох үед бараг эрүүл байсан. Яагаад гэвэл би урьд орой нь 21 цагийн орчим Ш-, М- хоёртой 2 литрийн пиво ууцгаасан. Би пивоноос нээх их уугаагүй машинтай явж байсан учир...Осол болон орой би ажлаа тараад харих гээд явж байхдаа найз Ш-тэй утсаар холбогдож уулзахаар болоод 20 цагийн орчим Ш-гийн хадмын гадна уулзсан. Тэгсэн М- ирсэн...миний утсаар М- талийгаачтай яриад байсан. Талийгаач хүмүүстэй маргалдаад орилолдоод ирж аваарай гэж ярьсан байсан...М-, Ш- 2 намайг явъя гэхэд нь би пиво уусан тэгээд ч бензин байхгүй гэсэн чинь тэр 2 бензин хийгээд Н-аар машинаа бариулаад явъя гээд бид талийгаачийг авахаар таван шар явах болсон тэгсэн замд 2 охин авсан. Ингээд бид 6-уулаа явсан...Ш- цагдаа нарт манай найз байгаа юм би аваад явъя гэж хэлсэн чинь цагдаа нар тийм асуудал байхгүй маргааш Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтсийн цагдаагийн газар ирж уулзаарай гэсэн...Бид нар ч талийгаачийг аваад явсан. Тэгээд замаасаа дэлгүүр ороод 2 литрийн 3 пиво авсан...Тухайн үед Н- миний машиныг барьж явсан...Би тэр үед маргааш нь ажилтай байсан тул пивоноос уугаагүй...Талийгаач таван шараас ирэхдээ л нилээн халамцуу ирсэн. Тэнд машинд унтаж байсан...Тэгээд явцгаая гэсэн чинь Н- Б нөгөө 2 охины хамт түрүүлээд хөдлөөд явсан. Араас нь би машинаа бариад М-, Ш-, талийгаач бид 4 явсан. Тэгээд явж байсан чинь М- бие засмаар байна зогсож бай гэсэн. Тэгэхээр нь зогссон Ш-, М- 2 буугаад нилээн удаад байхаар нь би араас нь буугаад явъя би өглө эрт ажилтай гэсэн чинь чи наад охиноо нөгөө Н-ийн машинд хүргэж өгчихөөд харьж бай гэсэн. Тэгэхээр нь би хөдлөөд явж байсан чинь араас Ш- уналаа гэж орилох шиг болохоор нь би баруун толиндоо хойшоо хартал талийгаач цээжин биеэрээ нилээн доошоо тонгойсон явж байхаар нь би тоормосоо гишгээд жолоо тавиал эргэж хараад талийгаачийг татаж суулгаад эргээд хартал машин хажуу тийш хөндийрөөд ирсэн би тоормосоо гишгээд жолоо барьсан тэгээд нэг мэдсэн машин доошоо харсан байсан. Машины хаалгыг онгойлгох гэсэн чинь онгойхгүй болохоор нь би жолооч талын цонхоор гарсан. Машинаас гараад ирсэн нөгөө машины хэд Ш- нар ирсэн байсан. Талийгаачийн тал бие нь машинд дарагдсан байхаар нь би машинаа өргөж наашаа гаръя гээд машинаа өргөж талийгаачийг гаргасан. Тэгээд бид нар түргэн дуудаад 20-30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь Н-ийн машинаар ойрхон ХУД-ийн нэгдсэн эмнэлэг орж анхны тусламж үзүүлэх гэтэл талийгаач нас барсан байсан. Тэр хооронд цагдаа нар ослын газар хэмжилт хийгээд дуусч байсан. Талийгаачийг түргэн ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-135/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1311, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №3946, техникийн шинжээчийн дүгнэлт №275 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 21:00 цагийн үед нэг шил 500 грамм пиво уусан...би урьд орой нь 21 цагийн орчим Ш-, М- хоёртой 2 литрийн пиво ууцгаасан...” гэсэн мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан “...0,40% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов...” гэсэн магадлагаа /хх-ийн 15/ зэргээс түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн буюу бэлнээр 10.000.000 төгрөг төлж үлдэх төлбөрийг төлөх талаар “Хохирол барагдуулах” хэлцэл хийсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “...Хохирлын талаар Б.А- болон түүний ээжтэй уулзаж ярилцсан. Талийгаач 4 настай хүүхэдтэй.  Нийт 25.000.000 төгрөг өгөхөөр болсон. 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Би 15.000.000 төгрөгийг 2.5 жилийн хугацаатай сар бүр 500.000 төгрөг өгөхөөр гэрээ хийсэн...Талийгаачийн аав нь ажилгүй, ээж нь үйлчлэгч ажилтай...Шүүгдэгч Б.А-ыг төлбөр төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И овогт Б-ын А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар И овогт Б-ын А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.А-ын эдлэх 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид /нээлттэй хорих байгууллагад/ эдлүүлсүгэй.

4. Б.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангиллын ***** тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР