Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 301

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р-ийн Б-д холбогдох 201726030603 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, принтерийн хор цэнэглэдэг ажил хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 212 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 689 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 124 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,хэрэг хариуцах чадвартай, Б овогт Р-ийн Б,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 цагийн орчим орон байр буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Ирээдүй” хотхонд байрлах “Синик Монгол констракшин” ХХК-ний цонхыг чулуугаар хагалан нэвтрэн орж “Делл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “HP” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “HP” маркийн скайнертай өнгөт принтер 2 ширхэг, “HP” маркийн хар өнгөөр хэвлэдэг 1 үйлдэлтэй принтер 1 ширхэг зэргийг хулгайлан авч, бусдад багаас дээш хэмжээний буюу 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Р.Б-оос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч Ж.П-гийн: “...Манай “Снек Монгол констракшин” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирээдүй” хотхонд 2015 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Болсон асуудлын талаар гэвэл 2017 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай компаний байрны вакум буюу шилэн хаалгыг гадна талаас нь хагалж хулгай ороод дараахь эд зүйл алдсан. Үүнд: Улаан өнгийн “Делл” маркийн зөөврийн комьютер 1 ширхэг, хар өнгийн “НР” маркийн принтер буюу хэвлэгч машин 1 ширхэг хар өнгийн 3 үйлдэлтэй принтер буюу хэвлэгч машин 2 ширхэг, саарал өнгөтэй 1 үйлдэлтэй “НР” маркийн принтер машин 1 ширхэг тус тус хулгайд алдсан байсан. Манайд учирсан бүх хохирлоо барагдуулсан, одоо манай зүгээс ямар нэгэн санал, гомдол байхгүй. ”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

      2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 30 дугаар хуудас/

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/

2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-46 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Р.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Болсон хэргийн талаар гэвэл 2017 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө одоо миний санаж байгаагаар 22 цагийн үед манай байрны урд байдаг Хятадуудын ажилладаг компаний нэг давхрын вакум хаалганы шилийг чулуугаар цохиж хагалаад орсон. Дотор ороод ширээн дээр байсан “НР” маркийн принтер 3 ширхэг, “Делл” маркийн зөөврийн комьютер 1 ширхэг, “НР” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг хулгайлан аваад гарсан. Маргааш өдөр нь 14 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нутаг дэвсгэрт 25 дугаар эмийн сангийн орчим бйх ломбарданд очоод  2 ширхэг зөөврийн комьпютерийг гаргаж ирээд энийг барьцаанд тавья гэж хэлээд өгтөл шардуу царайтай, туранхай, жижиг биетэй залуу  аваад үзсэн. Наад хоёрыг нийлүүлээд хэдэд авах уу гэж асуутал ломбардны хүн 400.000 төгрөгөөр авна гэхээр нь тохироод өгсөн.”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 152 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126 дугаар хуудас/

- Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 127 дугаар хуудас/

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 212 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,

-Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 689 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 101-117 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Р.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Ирээдүй” хотхонд байрлах “Синик Монгол констракшин” ХХК-ний цонхыг чулуугаар хагалан орон байранд нэвтрэн орж “Делл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “HP” зөөврийн компьютер 1 ширхэг, “HP” маркийн скайнертай өнгөт принтер 2 ширхэг, “HP” маркийн хар өнгөөр хэвлэдэг 1 үйлдэлтэй принтер 1 ширхэг зэргийг хулгайлан авч, бусдад багаас дээш хэмжээний буюу 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.П-гийн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас /, иргэний нэхэмжлэгч Н.А-ын /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Ж.Г-ын мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-8 дугаар хуудас/ 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 30-38 дугаар хуудас/ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,/хх-ийн 38 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн буюу, нөхөн төлж барагдуулсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Иймд шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал.

Шүүгдэгч Р.Б- нь гэмт хэргийн улмаас хохирогч Ж.П-д нийт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирогч нь өөрийн хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ гэсэн хүсэлтийг гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн зууван хэлбэртэй чулуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цэнхэр өнгийн ломбардны бичиг гэсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Р.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

            1.Б овогт Р-ийн Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Р.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Р.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б-ын цагдан хоригдсон 77 / далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

           6.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй,   нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ