Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00001

 

                           Б.Мийн  нэхэмжлэлтэй, Сүхбаатар 

                          аймгийн  “Т” ОНӨААТҮГ-т 

                                   холбогдох иргэний хэргийн талаар 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлоор Б.Мийн “ажилгүйдлын тэтгэмжийн үлдэгдэл  2136000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй “Т” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/22 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажилд томилогдон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 5/23 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилласан хоногт ногдох цалин, ээлжийн амралтын олговрыг тус тус олгохоор шийдвэр гарсан. Гэтэл тус байгууллагаас тэтгэмж 2000000 төгрөгийг олгосон ч үлдэгдэл 2136000 төгрөгийн тэтгэмжийг олголгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Засаг даргын захирамжийг үндэслэн үлдэгдэл 2136000 төгрөгийн тэтгэмжийг “Т” ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамжаар Б.Мд 6 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч “Т” ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн цалингийн цэсийг шаардсан боловч цалингийн түүврийг ирүүлсэн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтанд заасан ТҮ-9-3-т заасан цалингийн сүлжээгээр, зөрүү 348808 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх боломжтой. Засаг даргын захирамжийн үндэслэлд маргах зүйлгүй. Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж, гомдол гаргах хугацаа дуусгавар болсон. Б.М энэ захирамжийг гаргаагүй учраас уг захирамжинд Мөнхгэрэлийг буруутгах үндэслэл байхгүй. Тийм учраас иргэний хууль болон хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Т” ОНӨААТҮГ-ын дарга Х.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь “Т” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, 43.1 дэх заалтын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу манай байгууллага нь ажлаас чөлөөлөгдсөн ажилчдад тэтгэмж олгож байсан. Б.Мд 6 сарын тэтгэмж олгох тухай гарсан захирамжийг дараах шалтгаануудын улмаас үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх захирамж дахь хуулийн заалтууд нь Б.Мийг ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус, халагдсан үндэслэлийг тусгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу Б.Мд 3 сарын тэтгэмж болох 2000000 төгрөгийг олгосон тул нэмж тэтгэмж олгох үндэслэлгүй. Б.М нь ажил хүлээлцэх үедээ байгууллагыг 100 гаруй сая төгрөгийн өртэй хүлээлгэн өгсөн. Тухайлбал нийгмийн даатгал, татвар, шатахуун, бусад байгууллага, хувь хүнд их хэмжээний өр үүсгэсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан. Манай байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд Голден Пэйж аудит ХХК нь аудитын шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын дүгнэлтэнд Б.Мд олгох тэтгэмжийн үлдэгдлийг олгохгүй байх тухай албан шаардлага тавьсан, олгосон тохиолдолд байгууллага акт тавих тухай анхааруулсан. Тус байгууллагыг өмнө нь 12 жил удирдаж явсан даргыг ажлаас чөлөөлөх үед 3 сарын тэтгэмж олгосон байхад Б.М нь 1 жил 3 сарын хугацаанд ажиллаад чөлөөлөгдөхөд 6 сарын тэтгэмж өгөх нь шударга бус, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа тул үлдэгдэл тэтгэмжийг олгох шаардлагагүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 455 дугаар шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ОНӨААТҮГ-аас ажлаас халагдсаны тэтгэмжинд 2 484 808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 126 төгрөг, нөхөн төлүүлэх 11 114 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 54 706 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-ын дарга Х.Б давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр “ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байдаг. Гэтэл Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаартай захирамжид  Б.Мд ажлаас халагдсаны тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлийг дурдаагүй байхад түүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг шийдвэрт тэтгэмжийг буруу тооцсон гэж үзэж байна. Б.М нь “Т” ОНӨААТҮГ-т 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж бөгөөд тухайн хугацаанд Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын ТҮ 9.3-т заасан цалингийн сүлжээгээр 641091 төгрөгөөр цалинжиж байсан. Б.Мийн ажлаас чөлөөлөгдөх захирамжид 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу нэг сарын дундаж цалин нь 641091 төгрөгийг 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид нийт 3846546 төгрөг олгохоор тооцоологдож байгаа юм. Үүнээс Б.Мд 2000000 төгрөгийн тэтгэмжийг олгоод байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Мд ажлаас халагдсаны тэтгэмж 2484808 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 54706 төгрөгийг төлөхийг тус байгууллага төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-аас ажлаас халагдсаны тэтгэмжийн үлдэгдэл 2136000 төгрөг,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 348808 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2484808 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчид урьд нь ажлаас халагдсаны тэтгэмжид 2000000 төгрөг олгосон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч, түүнээс эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг эдэлдэг байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэлийн шаардлагыг 348808 төгрөгөөр ихэсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар  сарын 29-ний өдрийн Б/22, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаар захирамжууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-ын даргаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ийг дуустал ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллагаас түүнд  ажлаас халагдсаны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж  олгохоос 2000000 төгрөг олгожээ. /хх 24-28х/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмжийн нэг сарын дундаж цалинг тооцохдоо тухайн үед батлагдаагүй байсан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлэх Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолыг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь: Хөдөлмөрийн тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт:  “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан   “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын дагуу сүүлийн 3 сар буюу 2018 оны 3-5 сарын цалингийн дунджаар ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмжийг тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

 “Б.Мийг ажлаас чөлөөлөх тухай” тус аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаар захирамжид хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий этгээд гомдол гаргаагүй, энэхүү захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэгчид ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 11114 төгрөг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 21074 төгрөг илүү төлснийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж түүнд олгон, үлдэх 49126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 147/ШШ2019/00455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2484808” гэснийг “2136000” гэж, 2 дахь заалтын “нөхөн төлүүлэх 11114 төгрөгийг” гэснийг хасч, “54706” гэснийг “49126 “ гэж тус тус өөрчилсүгэй.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг 348808 төгрөгөөр нэмэгдүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Гурав. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Дөрөв. Хариуцагч Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Тав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 21074 төгрөгийг төрийн сангийн 100120000941 дугаарын данснаас гаргуулж, Сүхбаатар аймгийн “Т” ОНӨААТҮГ-т олгож, үлдэх 49126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

Зургаа: Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                              О.БААТАРСҮХ