Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/1023

 

                                          Б.Б, Г.З /Z/ нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Г.З /Z/-ийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Д.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/1279 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б, З нарт холбогдох эрүүгийн 1919 00292 1012 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Z /Монгол нэр З/, ................. иргэн, 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр .................улсад төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /Паспортын дугаар ............., Монгол улсад оршин суух зөвшөөрлийн дугаар CHN..........., Үнэмлэхний дугаар ........../;

2. С овгийн Б-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн ............. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, зарим хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн нийт эдлэх ялыг 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялаас цагдан хоригдсон 434 хоног буюу 6.510.000 төгрөгийг хасч, 13.490.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн З /Z/ нь Монгол Улсын иргэн Б.Б-тэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Д аймгийн Д сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” ХХК-ийн үйлдвэрийн байрны ойролцоо автомашины арын суудалд БНХАУ-ын иргэн М Ю /M Y/-аас “500.000 юань өг, эсхүл “Г” ХХК-ийн “А ш” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан 2019/05/09 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлан “Г” ХХК-тай өөр компаниар шинэчлэн гэрээ хийлгэх, өөртөө цалин хөлс, хувь олгох, өөрөөсөө мөнгө зээлсэн тухай зохиомол бичвэрүүд дээр гарын үсэг зурахыг шаардаж М Ю /M Y/-ын толгой, нүүр, цээж, гуя орчимд цохин хүч хэрэглэж, мөн “Монгол Улсад нэг Х-г алахад амархан шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, БНХАУ-ын 622848 505633 7567264 тоот дансаар 100.000 юань шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдлийг санаачилсан, удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Б нь БНХАУ-ын иргэн З /Z/-той бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Д аймгийн Д сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” ХХК-ийн үйлдвэрийн байрны ойролцоо автомашины арын суудалд......... иргэн М Ю /M Y/-аас “500.000 юань өг, эсхүл “Г” ХХК-ийн “А ш” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан 2019/05/09 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлан “Г” ХХК-тай өөр компаниар шинэчлэн гэрээ хийлгэх, З /Z/-д цалин хөлс, хувь олгох, З-оос мөнгө зээлсэн тухай зохиомол бичвэрүүд дээр гарын үсэг зурахыг шаардсан, БНХАУ-ын иргэн З /Z/-ын .........-ын 622848 505633 7567264 тоот дансаар 100.000 юань шилжүүлэн авч хохирогч М Ю /M Y/-ын толгой, нүүр, цээж, гуя орчимд цохин, хүч хэрэглэж, мөн “Монгол улсад нэг Х-г алахад амархан шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: ...-ын иргэн З /Z/-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол Улсын иргэн Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд Г.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох санал, хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Харин хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн байх тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

Мөн энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн байх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн болно.

Шинжлэн судалсан баримтууд болон хэргийн оролцогч, бусад оролцогч нарын мэдүүлэг, талуудын дүгнэлт зэргийг шүүх дүгнээд дараах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг эргэлзээгүй нотолж тогтоох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.З, Б.Б нарыг бүлэглэн, гэмт хэргийг санаачилсан, удирдан зохион байгуулж, гүйцэтгэсэн, хамтран оролцсон гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хавтаст хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол үйлдсэн байна. Уг тогтоолоор яллагдагчаар татагдсан Э.Энхсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Прокурорын тогтоолд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М Ю-н мэдүүлэг, гэрч А.Т-н мэдүүлэг зэргээр Э.Э-ны үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ. Прокурорын тогтоолд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг бүрэн эхээр нь оруулалгүй, зарим хэсгийг тасдаж оруулсан нь мэдүүлгийн агуулга таарахгүй, харин ч хэрэгт Э.Э гэдэг хүний үйлдэл оролцоо идэвхтэй байдал байсаар байтал үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

З /Z/ нь Э.Э-г таньдаг байсан, түүнтэй тохиролцож Дорноговь аймаг руу явахаар болсон, харин шүүгдэгч Б.Б-г огт танихгүй, түүнийг Э.Э дагуулж явсан нь тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Гэтэл бие биеэ танихгүй шүүгдэгч болох З /Z/, Б.Б нарыг бүлэглэн, удирдан зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэж яллагдагчаар татсан нь ойлгомжгүй, хэрэгт Э.Э нь З-той хамт явсныхаа төлөө 2.000.000 төгрөг өөрийн дансаар дамжуулан авсан талаараа мэдүүлсэн зэрэг нь улсын яллагчийн З /Z/, Б.Б нарыг бүлэглэн, хамтран оролцсон гэх дүгнэлт нь нийцэхгүй байна.

Иймд прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн яллагдагч Э.Э-ны үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин шалгавал зохино.

Хэргийг буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.З-н өмгөөлөгч Б.Тэнгисийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулах хүсэлт, гэрч Л Ч, хохирогч М Ю нарын илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаарх санал, хүсэлтээ мөрдөгч, прокурорт дахин тавьж шийдвэрлүүлэх, мөн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гэрч Л Ч-н З-той /шүүх хуралдааны дараа/ вичат-аар харилцсан талаарх баримтыг шалгаж тогтоох, нотлох баримтаар тооцох, үнэлэх боломжтой, энэ хэрэгт хамааралтай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Б, З /Z/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, З /Z/-ын нэр дээр бүртгэлтэй ..-60 УНӨ улсын дугаартай “INFINITY-FX-35” загварын тээврийн хэрэгсэл, ..-47 УН улсын дугаартай “XCMG, XG31802” загварын тээврийн хэрэгсэл, ..-48 УН улсын дугаартай “XCMA. XG6181M-1” загварын тээврийн хэрэгсэл, ..-50 УН улсын дугаартай “XCMA, XG618M-1” загварын тээврийн хэрэгсэл, ..-53 УН улсын дугаартай “XCMA, XG4161L” загварын тээврийн хэрэгсэл, ..-91 УН улсын дугаартай “XCMA, XG6181M-1” загварын тээврийн хэрэгсэл, ..-46 УН улсын дугаартай “XIA GONG8 XG6142M” загварын тээврийн хэрэгсэл, ..-27 УНҮ улсын дугаартай “TOYOTA PRIUS” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1579 дугаартай захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Улсын яллагчийн зүгээс уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг эсэргүүцлээр хянан хэлэлцэж 67 дугаартай магадлалаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч хэргийг бүхэлд нь хянаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн атлаа урьд буцаасан шүүгчийн захирамжид тусгаагүй шинэ үндэслэл зааж, дээд шатны шүүхийн шийдвэрт тусгасан асуудлыг биелүүлэлгүй 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1279 дугаар захирамжаар хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан гэж үзэж байна. Энэ хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг хэргийн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед ...-ын иргэн З, Монгол Улсын иргэн Б.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан ба мөрдөн шалгах ажиллагааны дүнд цугларсан хохирогч М Ю, гэрч А.Т, яллагдагч Э.Э нарын мэдүүлгээр Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Энэхүү тогтоолыг оролцогч нарт танилцуулан гомдол гаргах эрхээр хангасан. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч ....-ын иргэн З болон түүний өмгөөлөгч нарын зүгээс бусад яллагдагч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг прокурорт гаргаж байсан нь яллагдагч ....-ын иргэн З өөрт холбогдох хэргийг хүлээж байсан, ял, эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх зорилготой байсныг илтгэн харуулах болно.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Э-ны үйлдэл оролцоотой бусад оролцогч нар маргаагүй, энэ талаар гомдол, хүсэлт гаргаагүй байсаар байтал шүүхээс Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэн хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнээс хальж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр З /Z/, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсээр байтал анхан шатны шүүхээс хэргийг удаа дараа үндэслэлгүйгээр буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүгчийн 1279 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ гэмт хэргийн хамтран оролцоо болон санаа зорилго, үйлдлийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзсэн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед БНХАУ-ын иргэн З, Монгол Улсын иргэн Б.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан ба мөрдөн шалгах ажиллагааны дүнд цугларсан хохирогч М Ю, гэрч А.Т, яллагдагч Э.Э нарын мэдүүлгээр Э.Энхсайхан нь гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг оролцогч нарт танилцуулан гомдол гаргах эрхээр хангасан. Давж заалдах шатны шүүх уг хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсээр байтал анхан шатны шүүхээс хэргийг удаа дараа үндэслэлгүйгээр буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн байтал анхан шатны шүүх хэргийг дахин прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн зохицуулалт байсаар байтал хэргийг удаа дараа үндэслэлгүй буцааж, хохирогчийн эрхийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Э.Э-ны үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг нэмж шалгуулахаар хэргийг буцаасан. Э.Э-ны үйлдэлд хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэдэг. Иймд хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Г.З /Z/-ын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ хэт нэг талыг барьсан. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан олон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хохирогч, гэрч нар удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад тухайн мэдүүлгүүдийн зөрүүг гаргаагүй. Эд мөрийн баримтаар авагдаж болох дуу, захиа, дүрсний бичлэг бүхий хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэрч болон оролцогч нарын харилцан яриа зэргийг хавтас хэрэгт тусгах ажиллагаа хийгдээгүй. Мөн орчуулга тайлбар хийгдээгүй байдаг. Зарим мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны хувьд оролцогч нарт хязгаарлагдмал, хэт хохирогчийн талыг барьж явуулсан. “Wechat бичлэг нь юу илэрхийлж байгаа нь мэдэгддэггүй. Энэхүү хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад шат, шатны прокурорт гомдол, хүсэлтээ гаргаж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нар нь зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Эдгээр мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй. Хэргийг шийдвэрлэх явцад шинээр нотлох баримт гарч ирсэн бөгөөд хэргийг прокурорт буцсаны дараа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт, гомдлоо гаргах шаардлагатай гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1279 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.З /Z/-ын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байна. Учир нь, гэрч Т гэх хятад хэлний орчуулагч нь тухайн үйл явдал болоход хамт явж байсан. Тэрээр гэрчээр “...200.000 ам.доллар нэхсэн. Зуучлалын хөлс гэсэн. ...” гэж мэдүүлсэн байхад дээрэмдсэн, заналхийлсэн гэх хохирогчийн худал мэдүүлгийг нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн прокурорын даалгавар нь илт нэг талыг барьсан шийдвэр болсон. Зөвхөн хохирогч М Ю /MEI YUQIA/-г оролцуулан хэргийн газрын үзлэг хийлгэх даалгавар байсан. Мөн “Wechat”-аар харилцсан захидлууд нь Хятад хэл дээр байдаг бөгөөд огт орчуулагдаагүй. Эдгээрийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Хоёр Хятад хүн хоорондоо Хятад хэлээр ярьж байсан. Би тэд нарын ярьж байгаа зүйлийг огт мэдэхгүй байхад намайг хэрэгт холбогдуулсан. Харин Э.Э нь шүүгдэгч З-г таньдаг. Би автомашиныг нь барьж, хөлс авч явсан. ...” гэж мэдүүлсэн. Бие биенээ танихгүй хүмүүс гэмт хэрэгт хэрхэн яаж хамтран оролцсоныг тогтоох, мөн хавтас хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөнийг зөвтгүүлэхээр анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нотолбол зохих ямар ажиллагаагаар хэрхэн нотолчихоод шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна. Э.Э гэх хүн энэ хэргээс ямар үндэслэлээр алга болсон нь тодорхойгүй. Урьд өдөр нь Э.Э, З нар юуны талаар ярилцсан нь ойлгомжгүй. Б.Б-г “...жолоо барьж өгөөч, бид нар уучихсан байна. ...” гэж хэлээд автомашин бариулж явуулсан. Шүүгдэгч Б.Б-г энэ зүйл, хэсгээр гэм буруутай гэж үзвэл ямар санаа, зорилготой байсныг тогтоох ёстой. Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б, Г.З /Z/ нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд хохирогч, гэрч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч Б.Б, Г.З /Z/ нарын үйлдлүүд нь ямар гэмт хэргийн шинжид тохирч байгааг болон гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж,  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Б, Г.З /Z/ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/1279 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Г.З /Z/ нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Б.Б, Г.З /Z/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ 

ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР