Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00002

 

 

Д.Аын  нэхэмжлэлтэй, Түвшинширээ сумын

Сд холбогдох иргэний хэргийн талаар 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Д.А

Хариуцагч Түвшинширээ сумын Сийн эрхлэгч Б.Б

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн давж заалдах гомдлоор Д.Аын  “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй Түвшинширээ сумын Сд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сд галчаар ажилд ороод 10 гаруй жил ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа очиход халагдах тушаал өгсөн. Ажлаас халагдах ямар ч үндэслэл байхгүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан Сийн эрхлэгч Б.Баттулгын 2019 оны 10 дугаар 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.А миний биеийг Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв. 

             Хариуцагч Түвшинширээ сумын Сийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Сийн галч Д.Аыг Монголын улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Д.Аыг тухайн ажилд томилсон тушаалаар ажиллах хугацааг нь тодорхой заасан байсан бөгөөд ажиллах хугацаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Д.Атой 2 жилийн хугацаанд хамтарч ажилласан. Галч нь улирлын чанартай, үндсэн ажилтан биш. 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Ажилгүй байсан хугацааны сул зогсолтын үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг манай байгууллага төлдөг. Хөдөлмөрийн гэрээг сунгаагүй, дахин ажиллуулах боломжгүй гэж үзсэн шалтгаан нь Д.А галчаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа архи ууж ажлын хариуцлага алдаж, байгууллагаас болон сум орон нутгаас зохиосон үйл ажиллагаанд оролцдоггүй, идэвхи муутай, байнга ажлаас хойш суудаг, галлагааны ид үед 2 удаа нам даралтын зуухыг цоггүй болтол орхиж, ноцтой зөрчил гаргаж байсан. 2017-2018 оны шинэ жилээр 3 хоног, 2018-2019 оны шинэ жилээр 2 хоног архи уун ажил тасалж, бусад галч нарыг өөрийнхөө оронд гаргаж алга болсон зэрэг олон зөрчил гаргасан. Ийм учраас цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дахин сунгахгүй талаар 8 дугаар сард мэдэгдсэн. Намар мөн хэлж байсан. Д.А ч өөрийнхөө бурууг хүлээж миний гаргах гэж байгаа шийдвэрийг зөвшөөрч байсан. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд ирэхэд нь тушаалыг танилцуулсан. Би өөрийн гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн, зөв шийдвэр гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чойн овогт Дугарын Ариунболдыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс нэхэмжлэгч Д.Аын ажилгүй байсан 42 хоногийн цалинтай тэнцэх олговорт 865 940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн эрхлэгчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс улсын тэмдэгтийн хураамж 95532 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын С давж заалдах гомдолдоо: Хөдөө орон нутаг нь төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй төсвийн байгууллага бүр нам даралтын зуух галлаж хүйтний улиралд өөрийн халаалтаа шийдвэрлэдэг. Халаалттай хугацаанд галч ажиллуулах шаардлагатай болдог тул уурын зуухандаа түр хугацаагаар галч авч ажиллуулдаг. Галчын ажлын байр нь байнгын ажлын биш түр ажлын байр юм. Цалин төсөв нь түр ажлын байр гэдэг байдлаар зохицуулагддаг онцлогтой.  Д.Аыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сийн галчаар томилон халаалт зогсоод Д.А ажиллахаа больсон. Ажилд томилсон  Б/11 дүгээр тушаал болон хөдөлмөрийн гэрээнд хугацааг маш тодорхой зааж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа тул уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан тооцно” гэж Д.Аыг галчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа мэтээр буруу дүгнэлт хийжээ. Нийгмийн даатгал нь сул зогсолтын хугацаанд галч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэсэн шаардлага тавьдаг учраас төсвийн байгууллагуудын улирлын чанартай ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг, шимтгэл төлсөн нь түүнийг үргэлжлүүлэн ажиллаж байгаа болон гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх нотлох баримт биш юм. Шүүх нэгэнт хүчин төгөлдөр болсон, ямар нэгэн маргаан гараагүй ажилд авах тухай Б/11 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байна. Харин маргаан бүхий Б/04 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн атлаа ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй, тушаалыг хүчингүй болгоогүй атлаа ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Түвшинширээ сумын Сийн эрхлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Д.Аыг 7 сарын хугацаатай галчийн ажилд авч ажиллуулах тухай” Б/11 дүгээр тушаал гарган хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх 3,4/ 

 

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээс үзэхэд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусахад талууд түүнийг дуусгавар болгох талаар санал тавиагүй, тухайн үед нь ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, улмаар 2019 оны 05-10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцсон нь үндэслэлтэй байна.  Ийм учраас Сийн эрхлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр Д.Аыг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзлээ. /хх 5, 12/

Анхан шатны шүүхийн  “нэхэмжлэгч Д.Аыг Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 42 хоногоор  дундаж хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, нийт 865940 төгрөгийн олговрыг олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх”-ийг даалгасан нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүхээс Д.Аыг Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул ажлаас чөлөөлсөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  Б/04 дүгээр тушаалыг  хүчингүй болгох шаардлагагүй,  тушаалын эрх зүйн үр дагавар зогсоогддог учиртай.

 

Иймд хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүний давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Түвшинширээ сумын Сийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Хоёр.  Хариуцагч байгууллагын давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ