Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 302

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Т.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Т-ын Ц-т холбогдох эрүүгийн 1710000000140 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, 1989 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Лессо констракшин” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Т-ын Ц,

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Т.Ц- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны гадаа иргэн Э.Э-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Ц-аас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Э.Э-ын: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед би өөрийнхөө байрны гадаа буюу “Ивээл” хотхоны харуулын байрны хажууд машинаа цэвэрлээд зогсож байсан. Тэгтэл үл таних согтуу 35 орчим насны залуу ирээд “чи яах гээд байгаа юм” гээд намайг заамдаж авсан. Би гайхаад “хөөе чи яах гээд байна” гэтэл үгийн зөрүүгүй нүүрний баруун хэсэгт гараараа нэг удаа цохьсон.. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №11787 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Т.Ц-ын: “..Би хэсэг унтаж байгаад 23 цаг өнгөрч байхад гэртээ харихаар гарахад цахилгаан шат ажиллахгүй байхаар нь шатаар доошоо бууж байхдаа хүнтэй мөргөлдөхөд тэнд байсан хоёр залуу намайг газар унагааж заамдаж зүүн хацраар шал мөргүүлэхээр нь би орилоод босох гэтэл зугтаагаад явсан. Би араас нь гарахдаа подвалкаа тайлж бариад явж байсан. Харуулын байрны гадна машинаа цэвэрлэж байсан залууг намайг зодсон залуу гэж андуураад баруун гараараа шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд тэр залуу надаас зугтаагаад машинаа тойрох үед хөөж явж байхдаа хий гишгэж унаад босч ирээд хойшоо ухарч явж байгаад унах үед хүмүүс дээрээс дарж байхад цагдаа нар ирээд намайг авч явсан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 28-30 дугаар хуудас/

            -Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 31-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

         Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Т.Ц- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны гадаа иргэн Э.Э-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,  хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 21-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №11787  дугаартай

  1. Э.Э-ын биед эрүү, уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, цус хуралт  бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Ц-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Т.Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Э-той эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Д овогт Т-ын Ц-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ц- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ