| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 173/2019/0178/Э |
| Дугаар | 2022/ДШМ/28 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 15.1.3., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ДШМ/28
2022 оны 05 сарын 03-ны өдөр Дугаар 2022/ДШМ/28 Өвөрхангай аймаг
Ц.Төмөрпүрэв нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрханhай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгч Ц.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/
Шүүгдэгч Ч.Даваадуламын өмгөөлөгч Р.Шүрхүү
Шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтох /цахимаар/
Шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
Шүүгдэгч Ц.Төмөрпүрэв
Шүүгдэгч Ч.Даваадулам
Шүүгдэгч Д.Ганчимэг
Нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл нарын гаргасан гомдлоор Ц.Төмөрпүрэв, Ч.Даваадулам, Д.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 1826004670180 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цэрэнлхагвын Төмөрпүрэв нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод байрлах Д.Дэмбэрэлийн гэрт хохирогч Ш.Дашзэвгийн хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан,
Чимэддолгорын Даваадулам нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа Ш.Дашзэвгэ нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол учирч эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь эмнэлгийн туслаж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан,
Дашдондогийн Ганчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа Ш.Дашзэвгэ нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт хүнд хохирол учирч эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь эмнэлгийн туслаж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Цэрэнлхагвын Төмөрпүрэвийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5, Чимэддолгорын Даваадулам, Дашдондогийн Ганчимэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Өлзий овгийн Цэрэнлхагвын Төмөрпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Төмөрпүрэвийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овгийн Чимэддолгорын Даваадулам, Өндөрнөр овгийн Дашдондогийн Ганчимэг нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч Ц.Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Даваадуламын эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ганчимэгийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ц.Төмөрпүрэвт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Төмөрпүрэвийн цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганчимэгт оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ч.Даваадуламд оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая төгрөгөөр торгох ялыг тус тус хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваадулам, Д.Ганчимэг нарт оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ч.Даваадуламд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Ганчимэгт оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Ч.Даваадулам, Д.Ганчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндуламд шүүгдэгч Ц.Төмөрпүрэв 3000000 төгрөг, шүүгдэгч Д.Ганчимэг 972763 төгрөг, шүүгдэгч Ч.Даваадулам нь 972763 төгрөг, Д.Отгонбаяр нь 2000000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар 11-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Тус аймгийн прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай, 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Д.Ганчимэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын эмчээр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба ЭХО шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хүнд зодуулсан гэх өгүүлэмжтэй байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, шёткин блюмбергийн шинж (-+) гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн оношлоогүй байна. Д.Ганчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа Ш.Дашзэвгэ нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдалт, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой, нуруунд зулгаралт гэмтэл учирч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 дахь заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Өмгөөлөгч нарын зүгээс үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцсон бөгөөд шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, үндсэн зорилт, чиг үүрэг, албан тушаалын ялгаа, хэр хэмжээ зэргийг тодорхой дурдалгүй шинжээч томилсон нь хууль зүйн үндэслэлгүй. Өвчтөний эрүүл мэндийн байдал, оношийг зөв тогтоогоогүй, эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй талаар /Монгол Улсын Дээд шүүхийн 2019.12.25-ны өдрийн N24 тогтоол/. MNS 5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтуудыг зөрчөөгүй талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ганчимэг нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр, шүүгдэгч Д.Даваадулам нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр ажиллаж байсныг тогтоож, MNS 5081:2013 стандартын 8.14.7 туулах чадвар сайтай, хүнд өвчтөн тээвэрлэх боломжтой түргэн тусламжийн автомашинтай байна, 10.11.3 алсын түргэн тусламжийн туулах чадвар сайтай машинтай, бэлэн байдлыг хангасан байна гэх заалтуудыг шүүгдэгч Д.Ганчимэгт хамааралгүй тус стандартын 8.3.6-д заасан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах гэснийг зөрчөөгүй байна гэж үзэж, өмгөөлөгч нарын саналыг хүлээж авсан.
Харин анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн эмч Д.Ганчимэг өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ш.Янжинпүрэвийн “...тэгээд сумын эмнэлгийн эмчээс талийгаачийн биеийн байдал ямар байгааг асуухад дэлүү бяцарсан байж магадгүй. Аймаг руу шинжилгээг нь явуулчихсан. Удахгүй хариу нь ирнэ. Тэгээд та нар өнөөдөртөө багтаад аймаг руу унаа олоод яв. Энэ зодож нүдсэн хүмүүсээс нь мөнгө төгрөгийг нь гаргуулаад унаа тэрэг олоод яв гэж хэлсэн...”, гэрч Ш.Лхагвадолгорын “...эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн. Тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч дэлүүний задралтай байна, яаралтай аймаг руу яв гэж хэлсэн. Сумын эмнэлэг тухайн үед нь өвчин намдаах тариа хийж өгсөн. Анальгин демидрол тариагаар хийсэн. Тэгээд 2 лаа авч ирэх хэрэгтэй гэхээр нь лааг нь авч очиж хийлгэсэн. Ганчимэг эмч лааг нь хийж өгсөн. Тариаг нь вакцины Тунгаа эмч хийж өгсөн. Өөр нэг их арга хэмжээ аваагүй... гэх, шинжээч Б.Шүрэнцэцэгийн “...ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу чиг үүргийн хүрээнд эмч тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмч өвчтөнийг шууд зөөвөрлөх эрх байхгүй. Удирдлагадаа танилцуулж дараагийн шатны асуудлаа шийдвэрлээд явна. Заавал бичиг баримтаар мэдэгдэх ёстой мөрдөгддөг журам, бариад очдог мэдэгдэх хуудас бланк байхгүй. Энэ шатанд биечлэн удирдлагадаа танилцуулаад дараагийн асуудлаа шийдвэрлэх боломжтой.
Анхны шатны тусламж үзүүлсэн ч дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэх, хүргэх хугацааг алдсан. Энэ дараагийн шатны ажиллагааны гүйцэтгэлээ хийж чадаагүй нь харагдаж байгаа юм...” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Д.Ганчимэг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан, үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судалсны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, шёткин блюмбергийн шинж (-+) гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлгээгүй, оношлоогүй байна...” гэсэн дүгнэлт зэргээр няцаагдаж байх тул шүүгчдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл нарын энэ талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Мөн шүүгдэгч Д.Ганчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллаж байхдаа бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл авч, тус эмнэлэгт үзүүлэхээр ирсэн Ш.Дашзэвгэд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS 5081:2013 стандартын 8.3.3-т өвчтөн хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ, 8.3.7-т үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтална гэж заасныг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж шүүхээс дүгнэж, Д.Ганчимэгийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор мөрдөгчөөс шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолтой холбогдуулан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч Б.Шүрэнцэцэгийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч Б.Шүрэнцэцэгийн дүгнэлт, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай 3-н хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь өмнө нь гарсан дүгнэлтүүд нь Д.Ганчимэгийг буруугүй болох талаар удаа дараа нэг байр суурьтай байсан. Гэтэл дахин 7-н хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон нь хэт нэг талыг барьж, мөрдөгч прокурорын зүгээс яллаж буруутгах сэтгэл зүйгээр хандсан. Шинжээч дахин томилох үндэслэл нь дүгнэлтүүд хоорондоо илтэд зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн эргэлзээ бүхий байвал асуудлыг мухарлаж шийдвэрлэхийн тулд шинжээч томилдог. Гэтэл дүгнэлтүүдтэй танилцахад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Мөн эргэлзээ бүхий байсан талаар шүүх шийтгэх тогтоолдоо тусгаж, зарим буруутгаж буй заалтуудыг хүчингүй болгосон. Шүүхээс Д.Ганчимэгийн гэм буруутайд тооцохдоо Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS 5081:2013 стандартын 8.3.3-т өвчтөн хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ, 8.3.7-д үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжпийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтална гэх заалтуудыг үндэслэсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Д.Ганчимэг нь хохирогч Дашзэвгийн биед үзлэг хийхдээ өвчтөний ерөнхий байдлыг оношилж, ЭХО-ны зураг авч, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны Уламдэлгэрэх эмч рүү залгаж, арга зүйн зөвлөгөө авсан, мөн эрхлэгч эмч Ч.Даваадуламд биеийн ерөнхий байдлын талаар мэдэгдсэн байдаг. Хохирогч Дашзэвгийн биед үзлэг оношилгоо хийж байх үед Ч.Даваадулам эмч эмчилгээний өрөөнд хамт байсан талаар гэрч Ш.Лхагвадолгор мэдүүлсэн. Эмч нарын хамтарсан үзлэг гэдэг нь эмч тус бүр онош тогтоож, өвчтөний эрүүл мэндийн байдлын талаар дүгнэлт хийхээс илүүтэйгээр яаралтай тусламжийн арга хэмжээг цаг алдалгүй авч, цаашид эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг үзүүлэх талаар зөвлөлдсөн байхыг ойлгоно. Д.Ганчимэг нь Ч.Даваадулам эмчээс зөвлөгөө зааварчилгаа авч, ЭХО-ны зургийг аймаг руу илгээж буй нь хамтарсан үзлэг оношилгооны нэг хэлбэр юм. МNS 5081:2013 стандартын 8.3.7-д үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтална гэх заалтын хувьд Д.Ганчимэг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаал, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 тоот тушаалын дагуу 13А маягтыг бичиж, өвчтөний карт нээн, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсыг бичиж өгч, яаралтай тусламж үзүүлж, өвчин намдаах лаа болон аналгин демодрол тариа тарьж өгсөн. Д.Ганчимэг нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийсэн бөгөөд сумын эмнэлэг нь материаллаг бааз, техник тоног төхөөрөмжийн хувьд хомсдол, гачигдалтай, мэс ажиллабар, хагалгаа хийх, өвчнийг бүрэн оношлох боломжгүй гэх дүгнэлтийг хийн яаралтай бүсийн оногшилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг хохирогчийн гэр бүлд гаргаж өгсөн байдаг. Гагцхүү хохирогчийн хайхрамжгүй үйлдэл болон эрхлэгч эмч Ч.Даваадуламын өнөөдөртөө харзнаад хоночих гэсэн үгнээс болж, буруутгагдаж байна.
Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт болон шинжээч эмч Б.Шүрэнцэцэгийн мэдүүлэг, гэрч Ганбаатар, Ш.Лхагвадолгор нарын мэдүүлгээс харахад Д.Ганчимэг нь аймаг руу яаралтай явж эмчлүүлэх талаар хэлсэн байдаг. Мөн Д.Ганчимэг нь 13А маягтын бичиж, өвчтөн илгээх хуудсыг өгсөн явдал нь өвчтөний онош тодорхойгүй, зайлшгүй аймаг явж эмчлүүлэх шаардлагатайг илэрхийлж буй баримт бичиг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол онцлог нь тухайн эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн алдааг нь бус тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой байх субъектив санаа, сэдэл, зорилгыг зайлшгүй шаарддаг бөгөөд хохирогч болон түүний гэр бүлийн зүгээс сумын эмнэлгээс өвчтөн зөөвөрлөх унаа машин, холбогдох техник хэрэгслийг гаргаж өгөөгүй талаар Д.Ганчимэгт хандаж хэлээгүй, тусламж гуйгаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тодорхойлох бөгөөд Д.Ганчимэгийн хувьд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Иймд шүүх гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дээрх шийтгэх тогтоолоор Д.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар эмчлэх эрх хасаж, мөн 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Уг хэрэгт Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророоос 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 28 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг Д.Ганчимэгт тухайн үед танилцуулаагүй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаар 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мэдүүлэг авсны дараа дээрх дүгнэлтийг түүнд танилцуулж улмаар шинжээч томилсон тогтоол дээр танилцсан оролцогч гэж Ганчимэг эмчээр гарын үсэг зуруулсан. Мөн надаар бас гарын үсэг зуруулсан ба би нэрнийхээ ард хаалтанд сүүлд гэж бичсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх үед оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй гэж заасан. Гэтэл Д.Ганчимэгт дахин шинжээч томилох тухай тогтоолыг тухайн үед танилцуулаагүйгээс хуульд заасан эрхээ эдлэх боломжоо алдаж эрх нь зөрчигдсөн. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай прокурорын 28 дугаар тогтоол нь оролцогчийн эрхийг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14-т тус тус зааснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7-н шинжээч эмчийн бүрэлдэхүүтэй дүгнэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй прокурор шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.
Прокурорын яллах дүгнэлтээр Д.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллаж, шүүх гэм буруутайд тооцох гол үндэслэл болгосон нотлох баримт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1037 дугаартай 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд дээрх дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс Д.Ганчимэгийг дахин шинжээч томилох тогтоол гарах үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагүй учир шинжээч томилсон тогтоолыг түүнд заавал танилцуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ хэлсэн. Гэвч энэхүү татгалзал нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Ганчимэгийг гэрчээр асуусан /1 хх 75/ мэдүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь нотлогдоно. Шүүгдэгч Д.Ганчимэгт тухайн үед дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулаагүй шинжээчийн дүгнэлт гаргуулж хэргийг шийдвэрлэсэн нь түүний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 1.6 дугаар зүйл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэсэн хуулийн заалтуудаар тогтоогдож байнаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгсөн эмч Д.Ганчимэгт өөрийнх нь үйл ажиллагааны талаар хүн нас барсантай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоолтой танилцуулах заалт Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулиар хаалттай бол хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байна. Монгол улсын Үндсэн хуульд нийцээгүй үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах шаардлагатай байна.
Мөн анхан шатны шүүхээс Д.Ганчимэгийг Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS 5081:2013 стандартын 8.3.3-т өвчин хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж, оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ, 8.3.7-д үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтлана гэж заасныг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж дүгнэжээ. Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS 5081:2013 стандартын 5-н заалтыг эмч нар зөрчсөн талаар дүгнэлт гаргасан. Гэтэл шүүх Ч.Даваадулам Уянга сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр болон жижүүр эмчээр ажиллаж байхдаа дээрх стандартын 5-н заалтыг, Д.Ганчимэг нь Уянга сумын эрүүл мэндийн төвд дотрын их эмчээр ажиллаж байхдаа дээрх стандартын 2 заалтыг /8.3.3, 8.3.7/ тус тус зөрчсөн талаар дүгнэж, дүгнэлтийг засаж өөрчилж энэ дүгнэлтэдээ үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсонг буруу гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтийг шинжилгээ хийлгэх хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийх талаар томилогдсон баг шинжээч нар дүгнэлт гаргах ёстой. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг өөрчилж шинжээчийн эрх эдлэж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үүрэгтэй заавал баримтлах үүрэггүй ба дүгнэлтийг засаж өөрчилж шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгох эрхгүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийн талаар 2017 оны 01 дүгээр сарын Эрүүл мэндын яамны сайдын А/01 тоот тушаалаар батлагдсан мэргэжлийн 37 төрлийн салбар зөвлөл ажилладаг. Үүний яаралтай тусламж судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэсэн хүсэлттэй байна.
Миний үйлчлүүлэгч Д.Ганчимэг нь Уянга сумын эрүүл мэндийн төвд дотрын их эмчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талийгаач Ш.Дашзэвэгт яаралтай үзлэг оношлогоо хийж, эмнэлгийн эрхлэгч, жижүүр эмч байсан Ч. Даваадуламтай ярилцсаны үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс иргэнийг эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт илгээх журмыг баримтлан 13А маягт үйлдэн, аймгийн төв рүү яаралтай явуулах талаарх арга хэмжээг авсан нь хавтаст хэргүүдэд авагдсан үзлэгийг бүртгэл, амбультороор үзүүлэгчийн карт, өвчтөн илгээх 13А маягт, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөлгөө авсан, өвчтөнд өвчин намдаах тариа хийлгэж аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд яаралтай явах талаар ар гэрийнхэнд нь зөвлөсөн, мөн Д.Ганчимэг өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлох баримтаар нотлогдоно. Д.Ганчимэгийн хувьд өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй зохих журмын дагуу ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байхад хэргийн бодит нөхцөл байдлыг зөв дүгнэлгүй хууль зөрчиж авсан Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7-н эмчийн дүгнэлтийг үндэслэн ял оногдуулан шийдвэрлэсэн нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны болон гэм буруугийн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч Д.Ганчимэгийг яллаж байгаа гэмт хэргийн субектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандах шинжтэй байдаг. Д.Ганчимэгийн үйлдэлд энэ гэмт хэргийн гэм буруугийн шинж байхгүй. Харин өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлж шаардлагатай арга хэмжээг авсан нь тогтоогдсон. Шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ганчимэгт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтууд түүний гэм бурууг хөтөлбөргүй тогтоож чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт шүүгдэгчийн өвчтөнд үзүүлсэн тусламж үйлчилгээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ гарвал түүнийг ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу шүүгдэгч Д.Ганчимэгт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ч.Даваадулам давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар эмчлэх эрхээ хасуулж, 8000000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай дүгнэлтээр Ганчимэг эмчийг 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 гэсэн 5-н заалтаар намайг 2 заалтаар стандарт зөрчсөн гэснийг шүүх хуралдаанаас намайг 5-н заалт, Ганчимэгийг 2 заалт зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын тайлбарыг дэмжиж байна. Эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгаж байгаа. Учир нь эхоны өрөөгөөр ороод гарах зуур харж байсан хүнээ дэлүү задарсан юм шиг байна .... гэж хэлээд гарсан. Тэр өдөр дотуур байх тул 18 цаг болж байхад дотуур аваад Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүн хүргэх бэлтгэлээ хангаад Ганчимэг эмчээс асуухад Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү өөрсдийг нь явуулсан гэж хэлсэн. Б.Лхагвадолгорыг өвдөөд гэж 20 цагийн үед ирэхэд нь картын бичлэг үзэхэд дотор эрхтэн бүтэн сул шингэнгүй учир яваарай гэж хэлэхэд яаралтай дуудлаганд явсан. Өглөө яваагүй байсан учир яаралтай эмчилгээ хийж Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү хүргүүлсэн. Даваадулам эмч хоно гэсэн гэжээ. Ар гэр болон би маш хүнд гэж ойлгоогүй. Картын бичлэг асуулт хариултаас үүдэлтэй. Ар гэр болон хохирогч яваагүй. Ар гэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явна гэж гараад яваагүй шалтгаанаа хоно гэж хэлсэн. Энэ нь шүүх хуралдаанд Ганчимэг эмчийн гэрчээр оролцуулсан Лхагвадолгор, Ганбаатар нарын мэдүүлгээр нотлогдоно. Лхагвадолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө Даваадулам эмчтэй ярьсан гэснээ шүүх хуралд утсаар ярьсан, хэнтэй ярьснаа мэдэхгүй гэж хэлсэн. Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ Даваадулам эмч аваад явсан дээр шүү гэж мэдүүлэг өгсөн. Шүүх хуралд хоно гэж худал мэдүүлэг өгсөн. Улсын яллагч, шүүгч нар ойлгосон гэж бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцоход эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ зарчмыг баримталж шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугийн санаатай үйлдэл эс үйлдэхүй тогтоогдоогүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг шалгаж мөрдөх ажиллагаанд дахин шинжээч томилсон прокурорын тогтоолыг манай үйлчлүүлэгч Д.Ганчимэгт танилцуулаагүйгээс эрх нь зөрчигдөж эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан гол заалтуудыг зөрчиж эрхээр хангаагүй учраас шинжээч томилсон тогтоол гарч байгааг Д.Ганчимэг мэдээгүй. Шинжээч томилж 10 дугаар сарын 02-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч үүнийг мөрдөн байцаах албанаас танилцуулж мэдүүлэг авсны дараа яллагдагчаар татдаг. Энэ нь ажиллагаанд Д.Ганчимэгийн эрхийг ноцтой зөрчсөн. Уг зөрчлийг шүүх засаж залруулаагүйгээс давхар зөрчил гарсан. Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үүнтэй холбоотой хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Учир нь шүүх Д.Ганчимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэж үзэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгах этгээд яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болохгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, мөн Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн зүйл болж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Даваадулам эмчийн эрх зүйн байдлыг бүрэн тогтоогоогүй. Шүүх шинжилгээний албанаас гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үүрэгтэй болохоос засаж тохируулах эрх хэн ч байхгүй. Д.Ганчимэг эмч зохих журмын дагуу тусламж үзүүлсэн. Түүний үйлдэлд гэм буруугийн шинж байхгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анхны шийтгэх тогтоол гарсан байдаг. Шийтгэх тогтоолыг гаргахдаа прокурорын гаргасан ялын хэм хэмжээний хүрээнд, мөн шинжээч томилсон шинжээчийн дүгнэлтүүдийн хүрээнд бүхэлд нь үндэслэлтэй байна гэж үзэж Д.Ганчимэгийг өвчтөнөө буруу оношилсон ба стандартын 5-н заалтыг зөрчсөн гэж Д.Ганчимэгийг шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулж шүүдэгч болон гэрчүүдээс асуулт асуулгах хэлбэрээр шүүх хуралдаан явагдсан. Прокурорын яллах дүгнэлтэд Ч.Даваадулам эх барих эмэгтэйчүүдийн их эмч гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Уянга сумын өрхийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч буюу даргаар ажиллаж байсан байна гэдэг нь тогтоогдсон. Ажлын байрны тодорхойлолт болон ажлын байранд заагдсан үүргийг нь орхигдуулсан асуудлын хүрээнд асуулт хариулт асууж мэтгэлцсэн байдаг. Машин тэрэг, техник төхөөрөмж нь эрхлэгч эмчийн шийдэх асуудал болохоос биш эмчлэгч эмч ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Анхан шатны шүүхээс буруутгасан нэр бүхий 5-н заалт бүхий 8.3.3, 8.3.6, 8.4.17, 8.1.3 буюу туулах чадвар сайтай машинаар хангагдсан байна, мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авах нөхцөл байдал нь Ганчимэгийн буруу биш юм. Ажлын байрны тодорхойлолтоор Д.Ганчимэгийн хүлээх үүрэг биш гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтүүд хуульд нийцээгүй үндэслэлгүй гарсан гэх гомдлыг няцааж харин тандалтын 8.3.3 буюу эмчийн хамтарсан үзлэгийг хийгээгүй байна, 8.3.7 буюу Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу өвчтөнийг илгээгээгүй гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн үйлчилгээг зохих ёсны хүндэтгэн үзэх шалтгаанаар үзүүлээгүй эсхүл зохих ёсоор үзүүлээгүйгээс хүний амь нас эрсдэх үндсэн гол шинжтэй. Д.Ганчимэг өөрөө дотрын эмч мөртлөө гэмтэл аваад ирсэн хүнийг үзэж, оношилгоо эмчилгээ хийсэн байдаг. Лхагвадолгор эмч рүү залгахад тухайн өвчтөний оношилгоо эмчилгээтэй холбоотой зүйлийг тайлбарлаж Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү яаралтай шилжүүлэх талаар хэлсэн байдаг. Уг үйл баримт гэрч Лхагвадолгор, Ганбаатар, шүүгдэгч Даваадуламын мэдүүлгээс харагддаг. Уг заалтын субъектив талын шинжийг няцааж байна. Буруу оношилсон талаар прокурорын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд давхар яригддаг. Гэтэл эмч буруу оношилсон нь мэргэжлийн алдаа болохоос биш хүнийг яллах үндэслэл болохгүй гэж Улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарласан. Гол буруутгаж байгаа заалт буюу 8.3.3-т зааснаар хамтарсан үзлэг гэдэг нь ширээний ард эмч нар хуралдах, эмч болгон дээр очиж үзлэг хийлгэсэн гэдгээс илүү Ганчимэг эмч Лхагвадолгор эмчид хандсан, мөн Даваадулам эмч орж ирж ярилцсан нь хамтарсан үзлэг юм. Уг Эрүүл мэндийн төв нь эмчилгээ оношилгоо хийе гэхээр тусгай мэргэжлийн аппарат, материаллаг бааз байхгүй. Д.Ганчимэг эмчийн зүгээс яаралтай явах шаардлагатай гээд 13А маягт бичээд өгч байхад талийгаачийн зүгээс төв эмнэлэг рүү яваагүй. Мөн Даваадулам эмч өнөөдөртөө хараад хоночих гэж хэлсэн нь хоёр дахь үндэслэл болдог. Хүний бие өвдөөд байна гэж сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгөхөд бид дуудлагаар явдаггүй та нар өөрсдөө ирж үзүүл гэж хэлсэн. Даваадулам эмчийн эс үйлдэхүй байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бөгөөд нэг дүгнэлт нь нөгөө дүгнэлтээ үгүйсгэсэн бол эсхүл тодорхой бус байвал дахин шинжээч томилдог. Гэтэл 5-н удаа шинжээч томилж байхад Ганчимэгийг буруугүй, Даваадулам буруутай гэсэн дүгнэлт гарчихсан. Даваадуламыг гэм буруутай гэсэн дүгнэлт гарч яллагдагчаар татсаны дараа шинжээч томилуулъя гэдэг нэг үгэн дээрээс болж дахин шинжээч томилсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ганбаатар, Даваадулам нар удаа дараа мэдүүлсэн байдаг. Хохирогч тал Даваадулам эмч дээр очоод машин асуухад Даваадулам эмч машин гаргаж өгсөнгүй гэж Ганчимэг эмч дээр очоогүй. Шинжээчийн дүгнэлт нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүй хандлага хийж буй бодит үйлдэл зэрэг нь миний үйлчлүүлэгчийг буруутгах ямар ч боломж байхгүй. Шинжээчийн дүгнэлт нь энэ стандартаар буруутгах гэхээс илүүтэй стандартыг тайлбарлаж өгөх ёстой байсан. Хамтарсан зөвлөгөө гэж ямар арга барилаар ямар практик дээр хэрхэн явагддаг талаар холбоотой баримт хэрэгт байхгүй. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шинжээч эмч Шүрэнцэцэг, гэрч Ганбаатар, Лхагвадолгор нарын мэдүүлгийг үндэслэлээ болгож шийдвэрлэсэн. Гэтэл эдгээр гэрчүүдийн мэдүүлгээс Ганчимэгийг буруутгасан мэдүүлэг байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ганчимэгт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Дашзэвгэ бусдад зодуулсан гэж орж ирсэн. Тэгээд энэ хүнийг гэмтлийн эмч Ганбаатар үзнэ гэж хэлсэн, намайг хүн үзээд ирэх хооронд гэмтлийн эмч байхгүй танд үзүүл гэж байна гэхээр нь би үзсэн. Тэгээд Ганбаатар эмч эход харуул гэсэн байхаар нь эход харахад хэвлийн гэмтэлтэй байсан бөгөөд яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай хурдан Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явах шаардлагатай гэж хэлж байхад Даваадулам эмч орж ирсэн. Тэгээд бид хоёр ярилцаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны эмчтэй холбогдоход наад хүн чинь суманд эмчлэгдэхгүй яаралтай аймаг руу явуул гэж хэлсэн. Би өвчин намдаах тариа сувилагчаар хийлгүүлээд ар гэрийнхэнд нь сайн хэлээд гарсан. Тэгээд намайг ажил тараад гарахад талийгаачийн ар гэрийнхэн нь явцгаасан байсан. Тэгэхээр нь би аймаг явчихсан юм байна гэж ойлгосон. Гэтэл маргааш нь яваагүй гэдэг мэдээлэл авсан. Би тухайн үед MNS:5081-2013 стандартын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Төмөрпүрэв нь яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлд маргадаггүй. Хавтас хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Ганчимэг, Даваадулам нар нь гэм буруутай болох нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын байцаагч Шүрэнцэцэг, шинжээч эмч Хүрэлсүхийн мэдүүлгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлүүд нь хангалттай нотлогдсон байдаг юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотолсон. Г.Адъяатогтох өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч Д.Ганчимэгт танилцуулаагүй талаар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор явуулсан. Өмнөх 5-н шинжээчийн дүгнэлтээр Ганчимэгийг гэм буруутай гэж тогтоогоогүй учраас заавал шүүгдэгч Д.Ганчимэгт танилцуулах шаардлагагүй. Гэм буруутай гэж тогтоогдсон тохиолдолд яллагдагчаар татах тогтоол бичдэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байх хугацаанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан учраас шүүгдэгч Ганчимэгт шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй. Шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрхлэгч эмч болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн албан тушаалын ялгааг ярьж байна. Гэтэл эмч бол өөрөө ард иргэдийн эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн хүн. Эмнэлгийн дүрэм журмын дагуу өвчтөндөө тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд байдаг. Би тэр чиглэлийн эмч учраас тусламж үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн ойлголт байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай шалган тодруулсан. Хэргийн оролцогч нар бүгд хэргийн материалтай танилцсан байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шударга ёсны зарчимд нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарыг гэм буруугүйг нотолсон үйл баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нарыг цагаатгах баримт байхгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Даваадуламын өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Даваадуламыг гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй байна. Энэ хэрэг хохирогчид хүнд гэмтэл учирсаны улмаас нас барсан. Ганчимэгийн өмгөөлөгч шууд Даваадуламыг ялласан тайлбар гаргаж байгаад харамсаж байна. Энэ хоёр эмчийн нэгийг яллаад, нөгөөг нь цагаатгах үндэслэл байхгүй. Хэрэв цагаатгах бол хоёуланг нь цагаатгах хэрэгтэй. Дотроо чиглэл чиглэлээрээ эмч байгаа. Тэгээд Ганчимэгт үзүүлэхэд зөвлөгөөнөөр оруулсан байна. Эхогоор харах үед Даваадулам эмч байсан нь зөвлөгөөнөөр орсон нэг хэлбэр гэж үзэх үндэслэлгүй. Хүнд гэмтэл учирсан байхад тусламж үзүүлээгүйгээс биш нас барсан гол шалтгаан нь хугацаа алдсан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7-н эмчийн дүгнэлтэд цаг алдаж очсон гэдгийг, эмнэлгийн байгууллагад хугацаа алдалгүй очсон бол аврагдах боломж байсан гэдгийг л дүгнэсэн байсан. Гэртээ байх хугацаанд ар гэрийн хүмүүс яагаад эмнэлэгт хандаагүй, амь нас алдах болсон талаар нарийн дүгнэлт гараагүй. Хугацаа алдсан 36 цагийн 22 цагт нь хохирогч гэртээ байсан учраас эргэлзээтэй. Эмнэлгийн байгууллагад дуудлага ирэхэд хөтлөгддөг дэвтэр байх ёстой. Үүнийг нотлох баримтаар гаргуулахыг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд хүсэлт гаргаж өгсөн ч хүлээж аваагүй. Дэвтэрт хэдэн сарын хэдэнд дуудлага өгсөн хэзээ үзүүлсэн гэдэг нотлох баримаар авагдаагүй учраас хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна.
Шинжээчийн дүгнэлтээр туулах чадвартай машинтай байх ёстой, түүнийг эрхлэгч эмч хариуцна гэдэг. Гэхдээ нэг машин нь дуудлагад, нөгөө машин нь засвартай байсан гэдэг мэдүүлэг өгдөг. Гэхдээ тухайн үед Ганчимэг үзлэг хийгээд энэ хүнийг яаралтай явуулах хэрэгтэй байна, та унаагаа зохицуул би баримт бичгээ бүрдүүлье гэж албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Хамтарсан үзлэгээр орж үзэх хэрэгтэй гэсэн шинжээч эмчийн дүгнэлт байгаа. Эмч нар хоорондоо ярилцаж зөвлөлдөж байгаа нь хамтарсан үзлэгийн нэг хэлбэр гэж үзэж байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг буруу гэж байгааг ойлгохгүй байна. Мөн ял шийтгэлийн хувьд Даваадуламд 8000000 төгрөгийн торгууль оногдуулсан. Энэ торгуулийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.4-т зааснаар хамрагдана гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ч.Даваадуламд холбогдох хэргийг цагаатгах эсвэл хэрэгсэхгүй болгох, боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Өршөөлийн тухай хуульд хамааруулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Даваадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 хүнийг 2 хүн зодоод нэг хүн нь 6 сарын ял авч ялаа эдэлж дуусч байна. Нөгөө хүн нь хөөн хэлэлцэх хугацаагаар хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гээд хэрэгсэхгүй болсон. Одоо 2 эмч хоорондоо мэтгэлцээд, шүүхээс нас барсан шалтгаан нь 2 эмч юм гэж үздэг. Тухайн өдөр би дуудлагад явах байсан учраас надад унаагүй байхгүй байна аваад яваарай гэсэн. Нэг эмч нь үзэж хараад төв эмнэлэг рүү яв гэснийг та нарыг хоно гэж хэлэх эрх надад байхгүй. Би Уянга сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг би 20 гаруй жил хийсэн. Ажлаа хийж байхдаа нэг ч хүний эрүүл мэндийн асуудал бол миний асуудал гэж бодож ажилласан, бүх эмч нартаа шаардлага тавьж бүх тусламж үйлчилгээг хянаж байсан. Надад эрхлэгчийн эрх мэдлээс зугтаасан зүйл байхгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр туулах чадвартай унаагаар хангасан байх ёстой, тэр машин нь бэлэн байх ёстой гэсэн 2 зүйлээр намайг буруутгасан. Манай нэг машин актад ороод, нөгөө машин дуудлагад явсан байсан. Үүнээс болж хохирогч нас барсан гэдэг нь надаас хамаарал багатай зүйл юм. Цаг алдалтын тухайд өмгөөлөгч маань хэллээ. Хохирогч тал талийгаачийг 22 цагийг гэртээ байлгаж нийт 30 цаг алдаж эмнэлэгт хандсан. Цаг алдаж ирсэн гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл үүнийг үгүйсгэж эмч нарыг оройтож эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж буруутгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд хүмүүсийг нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй бөгөөд энэ мэдүүлгээр үнэн зөвийг нотлоогүй. Зүгээр л гялс хурдан хурдан мэдүүлэг аваад л яваад байсан. Шүүх хурал дээр юу болоод байгааг мэдэхгүй л өнгөрдөг айдастай байдаг байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан гэв.
Шүүгдэгч Ц.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч нараас хэрэгт эрхийг нь хангаагүй гэж хэлж байна. Улсын дээд шүүхийн зөвлөмжийг иш татан хэлж байна. Энэ зөвлөмжийн агуулга бол эход харсан тэгээд болсон гэдэг байдлаар хандсан нь буруу гэж үзэж байна. Мөн шууд дараагийн шатны байгууллага руу явуулах байсан гэж 6-н шинжээчийн дүгнэлтээр буруутай гэж үздэг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн дүгнэлтээр Төмөрпүрэв буруутай ч гэсэн хамт яваад унаанд нь бензин хийж өгье гэж хэлсэн бөгөөд унаа олдохгүй байсан талаар хэрэгт авагдсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Иймд Өвөрханай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Төмөрпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Ч.Алдарын саналтай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Цэрэнлхагвын Төмөрпүрэвийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт холбогдох хэргийн үйл баримт болон гэм бурууд хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл нараас гаргасан давж заалдах гомдлуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.