Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/02427

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 28 182/ШШ2024/02427

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:О.Н хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

Хүсэлт гаргагч О.*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.О.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие өөрийн хоёр найз Г.Банзрагч, О.Ганбаяр нарын хамт 2022.04.16-ны өдрөөс 2022.05.26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Зуунмод сумын талбайн зүүн талын явган хүний 1000 м.кв замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Баткүбик ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.******* нь биднийг өдрийн 60,000 төгрөгийн цалинтай ажиллуулсан. Цалингаа авах гэхээр өгөхгүй байсаар өдийг хүрч байна. Нийт цалин 2,850,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй талаар шүүхээс захирамж гарсан. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь өөрийн болон Г.Банзрагч, О.Ганбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хийсэн ажлын зураг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.17-ны өдрийн 4932 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.О.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Л.*******оос ажлын хөлс гаргуулах шаардлагатай, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хийсэн ажлын зураг зэрэг баримтуудаар Л.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд тэрээр ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.17-ны өдрийн 4932 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

2.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* нь хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул О.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, Л.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч О.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ...-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ...-ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч О.******* -т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА