Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 303

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч С.Болорчулуун

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Д.М-д холбогдох 1710000000161 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн удирдлага мэргэжилтэй, “Эс Жи Корей кабель” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн М,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотод өөрийн эхнэр Ц.Х-г цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.М-гаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ц.Х-гийн: ... “ 2017 оны 09 дүгээр 28-ны өдөр 2 цагийн үед нөхөр Д.М- гаднаас согтуу орж ирсэн. Би түүнээс чи хаагуур яваад ирж байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд шууд баруун хацар руу алгадсан. Тэрээр дахин алгадахад би газар унасан. Газар унасан хойно тэрээр нүүр, толгой, цээж рүү өшиглөөд тал бүр рүү чирээд байсан. Нөхөр бид 2 эвлэрээд нэг гэртээ амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04, 18-19 дүгээр хуудас/

Гэрч Э.У-ын: ... “ Ц.Х- эгч ороод хаагуур хэнтэй явсан юм бэ гэж асуусан. Д.М- ах чамд ямар хамаатай юм гээд хашгирсан. Ц.Х- эгч ёо ёо гээд орилсон. Тэгэхээр нь би нөгөө өрөөнөөс нь гараад тэр 2 унтлагын өрөөнд ороход Ц.Х- эгч газар уначихсан амнаас нь цус гарчихсан, Д.М- ах хажууд зогсож байхаар нь  та яаж байгаа юм бэ гээд охиных нь өрөөнд оруулсан. Ц.Х- эгчийг босгоод бие засах өрөө рүү оруулсан. Д.М- ахыг гарсаны дараа Ц.Х- эгчийг харахад уруулын дотор тал нь язарсан, гар хөл нь хэсэг газар бага зэрэг хөхөрсөн харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №12342 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.М-аас “... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Г гэх найзын хамт 20 цагийн үед уулзаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хан гүг гарден” гэх солонгос хоолны газар уулзсан. Хоол идэнгээ 5 шил сөөжүү архи авч уусан. Тэндээс 22 цагийн үед гарсан, Гэр рүү орсноо санаж байна. Хадам аав манай охиныг зодсон байна гэсэн. Эхнэр “Сонгодо” эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 07 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

     Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотод өөрийн эхнэр Ц.Х-г цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Х-гийн мэдүүлэг /хх-ийн 03-04, 18-19 дүгээр хуудас/, гэрч Э.У-ын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №12342 дугаартай 

     1.Ц.Х-гийн биед биед өвчүү, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, дээд, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, алиманд цус харвалт, баруун тохойд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонгти алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

         Прокуророос шүүгдэгч Д.М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Ц.Х- нь шүүгдэгч Д.М-гаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 52 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна.

           Хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.М-  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Х овогт Д-ийн М-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

                                          

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ