Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******н овогт М********нгийн Пү*******н /РД: УК890******2/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Б****а овогт Да******ын Ба****р /РД: С********11/,

Гуравдагч этгээд: М******лын са*****гийн г****п ББСБ /РД: 53*****98/,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Иргэн Д.Ба****рт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 52 захирамж болон уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжийн өөрийн эзэмшиж байгаа 149.1 м.кв газартай давхацсан хэсгээр, газрыг улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, М.Пү*******нд уг газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Пү*******н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэ*******а, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н****н-Эр****э, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ча*******а, гуравдагч этгээд М******лын са*****гийн г****п ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*****а, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Пү*******н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэ*******а нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Иргэн М.Пү*******н би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран, 9-11 тоот хаягт 2002 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байна. Уг хаягт хамт амьдарч байсан ээж Долгор нь 2004 онд, аав М********н нь 2015 онд өвчний улмаас нас барж, би одоо ганцаараа амьдарч байна.

Амьдралын нөхцөл байдал болон газар эзэмших, өмчлөх талаараа мэдлэг, мэдээлэл муутай зэрэг байдлаасаа болж одоог хүртэл газраа албан ёсоор эзэмшиж, өмчилж амжаагүй байтал манай урд хашаанд оршин суудаг Д.Ба****р гэгчид миний одоо амьдарч байгаа /хашаалсан/ 149.1 м.кв газрыг түүний өөрийн хашааны газартай нь хамтруулан, намайг тус өрхийн гишүүнээр бүртгүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна.

Дүүргийн өмч, газрын харилцааны албанаас болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас миний газрыг иргэн Д.Ба****рт эзэмшүүлж, өмчлүүлэхдээ нэг ч удаа ирж, хүн амьдарч байгаа эсэхийг үзээгүй, миний гэр барин амьдарсаар ирсэн газрыг минь иргэн Д.Ба****рт эзэмшүүлэх, өмчлүүлэх үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож, нотлох хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр түүнд эзэмшүүлж, өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хороон дахь өрхийн бүртгэлд намайг өөрийн гэр бүлийн гишүүнээр бүртгүүлж, надад болохоор газраа 500 мянган төгрөг өгөөд ав гэж миний мэдлэг муу байдлыг далимдуулж, уг газар нь хотын дахин төлөвлөлтөд орсныг үндэслэн барилга барих компанитай миний амьдарсаар байгаа газрыг өөрийн өмчөө болгон гэрээ байгуулсан нь миний газрыг ашиг олох зорилгоор, хууль бус аргаар өмчилсөн гэж үзэж байна.

Ийнхүү миний 10 гаруй жил илээр, шударгаар эзэмшиж, одоо ч дээр нь амьдарсаар байгаа газрыг маань хууль бусаар бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах, 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасныг зөрчсөн.

Мөн намайг өөрийн өрхийн бүртгэлд хууль бусаар бүртгүүлэн өөрийн гэр бүлийн гишүүн гэж харагдуулж, газрыг маань өмчилж авсан байх тул дээрх хуулийн 20 дугаар зүйлд заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна.

Иймд иргэн Д.Ба****рт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж болон уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжийн миний эзэмшиж байгаа 149.1 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож, М.Пү*******н надад уг газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэ*******а нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: 

...Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Ба****р нь маргаан бүхий газрыг улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр авсан байх бөгөөд энэ баримт хэрэгт авагджээ.

Дээрх хууль бус баримтуудыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд гуравдагч этгээд Д.Ба****рын нэр дээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах газрыг улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дүгээр захирамжаар иргэн Д.Ба****рт 398 м.кв газрыг өмчлүүлжээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн сан дахь кадастрын зургаас Д.Ба****рын өмчийн газрын зургийг сансрын зурагтай давхцуулан харахад нэхэмжлэгч М.Пү*******нгийн хашааны газартай бүхэлдээ давхацсан байна.

Нэхэмжлэгч Б.Пү*******н нь өөрийн амьдарч байгаа хашааны газраа эзэмших болоод өмчлөх хүсэлтийг гаргаж байгаагүй байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг тухайн маргаан бүхий актаар иргэн Д.Ба****рт өмчлүүлсэн хашааны газрын түүний хашаалсан хэсгийг эзэмших, өмчлөх эрхтэй гэдгийг тогтоосон тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэв.

Дөрөв. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н****н-Эр****э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн М.Пү*******нгийн нэхэмжлэлтэй иргэн Д.Ба****рт эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гэх 149.1 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, уг газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамж, 9-11 тоотыг 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нотариатаар гарын үсгийн үнэн зөвийг баталгаажуулсан Д.Бямбасүрэн өргөдөлдөө Өөрийн эзэмшлийн газар, хашаа байшингийн гэрчилгээг авахаар өөрийн нэр дээр материал бүрдүүлж өгснийг өөрийн нөхөр болох Даваажамц овогтой Ба****рын эр дээр 4 тал хашаа, байшинг шилжүүлж гаргахаар тохиролцов.

Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Ба****рын нэр дээр гаргаж өгнө үү." гэх хүсэлтийн дагуу Д.Ба****рт 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар дүүргийн 6 дугаар хороо, Улаанхуарангийн 9-11 тоот 406 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дүгээр захирамжаар 398 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Иргэн Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан тул тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Пү*******н нь 2015 оны 10 дугаар сард дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө ирүүлсэн байх ба нэхэмжлэлдээ 2002 оноос тус газарт амьдарч байсан гэж дурдсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.2, 19.1.4, 21.1 заасныг зөрчсөн гэжээ. Тус хуулийн дугаар 5.1.1-т газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах гэж заасан тул нэхэмжлэгч тус заалтыг үндэслэхийн тулд иргэн сайн дурын үндсэн дээр буюу хүсэлтээ гаргасан байх ёстой байна.

8 дугаар хорооны өрхийн бүртгэлээс Улаанхуарангийн 9-11 тоотод оршин суугчдын бүртгэлийг шалгахад Гэндэнжамцын Мө******л, М********нгийн Пү*******н гэж 2 өрхийн бүртгэл байх ба М.Пү*******нгийн өрхийн дэвтрийг 2015 онд нээсэн байна. Иргэн Д.Ба****р нь 2013 онд тус тоотоос шилжсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тав. Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ча*******а шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн М.Пү*******нгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 11 тоотод байрлах, 398 м.кв талбайтай, 18648311809351 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 тоот захирамжаар олгосон 0044277 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Ба****р /СФ86060111/-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгэж 000287519 тоот гэрчилгээ олгогдсон байна.

Уг гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр М******лын са*****гийн г****п ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээл авч барьцаалсан байна.

Дээрх газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлүүдийг тус тус баримтлан ажилласан байна.

Эрхийн улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарын архивын эх нотлох баримт бичгийг хянан үзэхэд эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журамд заасны дагуу хийгдсэн байна.

Нийслэлийн Засаг даргаас дээрх газрыг тухайн иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, газар өмчлөх эрхийг давхцуулан бүртгээгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарын бүртгэл, 000287519 тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. гэв.

Зургаа. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

...Д.Ба****р нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлалтай 398 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 тоот захирамжаар эзэмшихээр, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 тоот захирамжаар өмчлөх эрх нь баталгаажин хууль ёсны өмчлөгч нь болсон.

М.Пү*******н нь өөрийн оршин сууж байсан гэх тухайн маргаан гаргаад байгаа газартаа оршин сууж байсан гэх албан ёсны бүртгэл, хаяг байхгүй, эзэмшиж, өмчлөх талаар хүсэлт, маргаан гаргаж байгаагүй байх бөгөөд гэнэт 2015 онд өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэж, Д.Ба****рын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж байна гэв.

Гуравдагч этгээд М******лын са*****гийн г****п ББСБ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*****а нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус ББСБ-аас Даваажамцын Болормаа нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12001302 тоот зээлийн гэрээгээр 3,000,000.00 /Гурван сая / төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан.

Зээлийн барьцааны гэрээнд Даваажамцийн Болормаа нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9 гудамж 11 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай УБД-Ү2204064008-тай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 18648311809351 нэгж талбарын дугаартай 398 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2204022366-тай газрын хамт өөрийн дүү болох Даваажамцын Ба****рын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хууль ёсны итгэмжлэлээр барьцаалсан болно.

Тухайн маргаантай газрын захиргааны хэргийн материалын нотлох баримтыг үзэхэд иргэн Д.Ба****р нь хууль ёсны өмчлөгч гэж үзэн хариуцагч талыг дэмжин оролцож байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч М.Пү*******нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Ба****рт тус дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах 406 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 400 м.кв талбайтай, нэгж талбарын 18648311809351 дугаартай газрыг 15 жилийн хугацаатай, амины хашааны зориулалтаар эзэмшүүлэх эрхийн 0151609 дугаартай гэрчилгээг 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/929 дүгээр захирамжаар Д.Ба****рт маргаан бүхий хаягт байрлах 398 м.кв газрыг өмчлүүлснийг үндэслэн, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд газраа бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, уг хаягт байрлах 398 м.кв талбайтай газрыг улсын бүртгэлийн Г-2204022366 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000287519 дугаартай гэрчилгээ авсан байна.

Маргаан бүхий газар нь хотын дахин төлөвлөлтөд орсон бөгөөд түүний хүрээнд барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон Баганат өргөө ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г Д.Ба****р нь байгуулж, уг газар дээр баригдах ГХДТ 42 дугаар байрны 3 давхар, 2 өрөө, 40.91 м.кв талбайтай, 2 өрөө байраар солихоор тохиролцжээ.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нь гуравдагч этгээд Д.Ба****раас олгосон итгэмжлэлийг үндэслэн М******лын са*****гийн г****п ББСБ-тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12001302 дугаартай Зээл, барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 3.000.000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай авч, тус хаягт байрлах маргаан бүхий газар, байшинг барьцаалуулсан байна.

Гуравдагч этгээд Д.Ба****р нь маргаан бүхий хаягт 2011 онд, нэхэмжлэгч М.Пү*******н нь 2015 онд анх өрхийн бүртгэлийн дэвтрүүд нээлгэж байсан байх бөгөөд 2010 онд уг хаягийн өрхийн бүртгэлд гуравдагч этгээд Д.Ба****р, нэхэмжлэгч М.Пү*******н нар хамт бүртгэлтэй байх боловч тусдаа хашаатай, нэг хаягтай байсан, мөн нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах маргаан бүхий газарт 2002 оноос хойш амьдарч байгаа болох нь тус хорооны Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 261, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 26/105 дугаартай тодорхойлолтууд, агаарын зураг, гэрч Д.О*********г, Ц.Са****р-О*, Д.До*****днарын мэдүүлэг, маргаан бүхий газрын үзлэг, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч М.Пү*******нгийн иргэний үнэмлэхний лавлагаагаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 тоот, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 11 тоот, 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 12 тоот, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11 тоот, 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11 тоот хаягт бүртгэлтэй байсан нь тогтоогдож байхын зэрэгцээ 9-12 тоот хаягт анх 2013 онд өрхийн бүртгэлийн дэвтэр нээж, Х.Хи*******а гэх иргэн бүртгүүлсэн, уг хаягт нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хэн нь ч бүртгэлгүй байна.

Маргаан бүхий хаягт байрлах гуравдагч этгээдийн одоо амьдарч байгаа газрыг гэрчилгээ, гэрээ, газар эзэмшүүлсэн захирамж гараагүй байхад нь буюу 2007 онд иргэн Д.О*********гээс гуравдагч этгээд нь худалдаж авсан байх бөгөөд тухайн үед газар нь тусдаа хашаатай, нэхэмжлэгчийн одоо амьдарч байгаа газрыг оролцуулахгүйгээр зарсан зэрэг үйл баримтууд гэрч Г.Мө******л, Д.О*********г нарын мэдүүлэг, агаарын зураг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбар, Д.О*********г, Д.Ба****р нарын мөнгө хүлээлцсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий хаягт байрлах өөрийн амьдарч байгаа газраа эзэмшиж, өмчлөх талаар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд өргөдлөө гаргаж байгаагүй, уг газар нь гуу жалга дагасан газар байсныг нэхэмжлэгч болон түүний аав, Д.О*********г нар тэгшилж, хүн амьдрах боломжтой болгосон, М.Пү*******н нь иргэний үнэмлэхээ авахын тулд гуравдагч этгээдийн өрхийн бүртгэлд бүртгүүлсэн зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, гэрч Д.О*********г, Ц.Са****р-О*, Г.Мө******л нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Мөн гэрч Г.Мө******л 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Байшингийн хажуу талын хашаагаар өндийгөөд хартал том нүх байсан. Түүнийгээ хааж хашаа барьсан юм байна гэж ойлгосон гэж мэдүүлэг өгсөн бөгөөд худалдаж авах үеийнхээ зургийг гараар зурж үзүүлсэн бөгөөд энэхүү мэдүүлэг болон гар зургаас харахад анх худалдаж авсан хашаа байшин нь М.Пү*******нгийн газраас тусдаа хашаалсан байсан гэдэг нь нотлогдож байх бөгөөд гуравдагч этгээдийн одоо амьдарч байгаа газраа нэхэмжлэгчийн газартай хамт Д.О*********гээс худалдаж авсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд М******лын са*****гийн г****п ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...барьцаанд байгаа уг газрын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд үлдэх хэсэг нь гэрээний үүргийг хангуулахад нөлөөлөхгүй, боломжтой талаар, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй, харин бүртгэл хийгдэх үндэслэл болсон Засаг даргын захирамжууд хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй талаар тус тус тайлбарласан байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.Ба****рт газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч М.Пү*******нгийн 2002 оноос хойш гэр барин амьдарч байсан газрыг бүхэлд нь давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 27 дугаар зүйлийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг үндэслэн уг газрыг нь өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах, 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал нэхэмжлэгч М.Пү*******н нь хэдийгээр амьдарч байгаа газраа эзэмшиж, өмчлөх талаар өргөдөл төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй хэдий ч Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу уг газраа эзэмшиж, өмчлөх давуу эрхтэй бөгөөд төрийн захиргааны байгууллагаас дээрх хуулиуд болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн дээрх хууль зөрчсөн захиргааны актуудыг үндэслэн маргаан бүхий газрыг гуравдагч этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө, 14.1.1-т мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж тус тус зааснаар маргаан бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч М.Пү*******нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжуудаар Д.Ба****рт эзэмшүүлж, өмчлүүлсэн 398 м.кв газраас нэхэмжлэгчтэй давхацсан 149.1 м.кв хэсгийг болон Улсын бүртгэлийн Г-2204022366 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, дээрх хаягт байрлах 149.1 м.кв газрыг нэхэмжлэгч М.Пү*******нгийн нэр дээр эзэмшүүлж, өмчлүүлэх захирамж гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Пү*******нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 9-11 тоот хаягт байрлах 398 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 929 дүгээр захирамжуудаар Д.Ба****рт эзэмшүүлж, өмчлүүлсэн 398 м.кв газраас нэхэмжлэгчтэй давхацсан 149.1 м.кв хэсэг болон Улсын бүртгэлийн Г-2204022366 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, дээрх хаягт байрлах 149.1 м.кв газрыг нэхэмжлэгч М.Пү*******нгийн нэр дээр эзэмшүүлж, өмчлүүлэх захирамж гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг хариуцагч Н*****ас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА