Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/1024

 

                                      Х.Н, П.Э нарт холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

хохирогч, шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

цагаатгагдсан этгээд П.Э-н өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Н-н өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Н, П.Э нарт холбогдох эрүүгийн 2005 00000 2782 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Х-н Н, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Х х трейд” ХХК-д албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух, /РД: ........../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. Н овгийн П-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ............... газар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ............. тоот байрны үүдэнд иргэн Х.Н-тай харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн зовхи, нүдний алим, баруун шуунд цус хуралт, хүзүү, зүүн мөр, баруун бугалга, тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ........... тоот байрны үүдэнд иргэн П.Э-тай харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамар, чихэнд зүсэгдсэн шарх, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Н, П.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Х.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Х.Н-н өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 855 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын 9 дэх нүүрэнд “Хохирогч Х.Н-н биед үүссэн гэмтлийг харуулсан гэх гэрэл зураг, түүний гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Мэлмий-Увидас эмнэлгийн магадлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байх боловч уг гэмтлийг П.Э учруулсан гэх хөндлөнгийн өөр баримт нотолгоо тогтоогдохгүй байна гэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд илтэд нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж байна. Учир нь, Х.Н хэрэг гардаг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрүүлжүүлэгдээд маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 19-ний өдөр хамгийн анх цагдаад гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгт “... Тэгтэл Э намайг заамдаж хоолой боож байгаад зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад цохисон. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Би тэгэхээр гарыг нь тавиулах гээд ноцолдож байгаад цамцаа уран байж заамдсан гарыг нь тавиулсан...”, мөн “... Миний зүүн талын шанаа, нүд хөндүүрлэж хавдсан, хүзүүний хэсэгт зулгарч, шалбарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...”, П.Э нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ “...Тэгэхээр нь би босч ирээд Х.Н-н зүүн шанаа болон нүд рүү 2-3 удаа цохиод Х.Н ч мөн адил миний нүүр лүү харилцан цохисон...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд яллагдагч нар харилцан зодолдсон болох нь тодорхой байна. Х.Н нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гар утсан дээр биед учирсан гэмтлийнхээ гэрэл зургийг авсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “...гар утсанд үзлэг хийж авсан гэрэл зургуудыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болон 22-ны өдөр авсан гэдгийг нотлох баримтгүй /гар утасны огноог өөрчилснөөр дээрх огноог хэзээ ч болгож өөрчлөх боломжтой байдаг/ болно.” гэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх илтэд нэг талыг барьсан, ямар ч баримтгүй, бодит байдлыг гуйвуулсан дүгнэлтэд бидний зүгээс туйлын гомдолтой байна. Учир нь, энэхүү гэрэл зургийг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэхдээ мөрдөгч нь гар утсанд үзлэг хийх ажиллагааны үр дүн болгож хуулбарлан авсан байдаг. Хэрэв мөрдөгч нь гар утасны огноог өөрчлөх замаар гэрэл зургийн огноог өөрчилсөн бол энэ нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг болох юм. Шүүхээс мөрдөгчийг, мөн миний үйлчлүүлэгчийг, бас үзлэгийн ажиллагаанд байлцсан өмгөөлөгч намайг шууд бусаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа бололтой. Гэтэл үнэндээ огт ийм зүйл болоогүй бөгөөд шүүхээс ямар ч баримтгүйгээр мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг мушгин гуйвуулж болохгүй билээ.

Хохирогч, яллагдагч Х.Н нь хэрэг гарсан дариуд эрүүлжүүлэгдсэн бөгөөд түүний эрүүлжүүлэхийн картад огт гэмтэлгүй гэж бичээгүй, харин эсрэгээрээ биед нь гэмтэл байгаа талаар дурдсан байдаг.

Дээрх бүгдээс дүгнэхэд хэрэг гарах үед хохирогч, яллагдагч Х.Н-н биед гэмтэл учирсан болох нь түүний хамгийн анх өгсөн гэрчийн мэдүүлэг, П.Э-н хохирогчийн мэдүүлэг, эрүүлжүүлэх байрны картын тэмдэглэл, Х.Н-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны гэрэл зураг, “Мэлмий-Увидас” эмнэлгийн эмчийн магадлагаа, шинжээч эмчийн 659 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхээс Х.Н-н биед гэмтэл учруулсан П.Э-г цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг тус тус зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Х.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугийн талаар маргахгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүйгээр хохирлоо барагдуулах талаар П.Э бид хоёр ярьсан байсан. Гэвч нөгөө тал маань шүүх эмнэлэгт үзүүлсэн байсныг 7-8 хоногийн дараа “тогтоолтой танилцаарай” гэж мөрдөгч дуудахад би энэ талаар мэдсэн. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд П.Э-н өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өнөөдрийн шүүх хуралдаанд П.Э оролцож чадаагүйдээ уучлалт хүссэнийг дамжуулж байна. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х.Н нь архи уусан согтуу байхдаа “...найзыгаа ирж аваач ээ. ...” гэж дуудсан. П.Э очиж аваад гэртээ аваачиж хоол унд хийж өгөөд Х.Н-г агсан тавиад байхаар нь “...шат руу гарч уулзая хоёулаа, битгий агсан тавиад бай. ...” гэж хэлэхэд Х.Н, П.Э-н чихийг нь гэмтээсэн. Гар утсанд үзлэг хийсэн огноо огт байхгүй. Эрүүлжүүлэхийн эмчийн тодорхойлолтод Х.Н-н нүд хөхөрсөн талаар ямар ч тэмдэглэгээ байдаггүй. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон асуудлыг 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр нүд нь хөхөрсөн гэрэл зургийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоосон нь буруу. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Х.Н, П.Э нар нь багын буюу 10 жилийн ангийн найзууд юм. Эхлээд Х.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан. Гэтэл прокурор яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 3 сарын дараа Х.Н-н биед гэмтлийн зэрэг тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслэж П.Э-г нэмж яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс 3 сарын дараа гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд П.Э-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, прокуророос П.Э, Х.Н нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, анхан шатны шүүх П.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Х.Н-н биед учирсан гэмтэл, түүнтэй холбогдох баримтууд болох “Мэлмий Увидас” эмнэлгийн магадлагаа нь хэрэг болсон 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2 сар 20 хоногийн дараа бичигдсэн, биед учирсан гэмтлүүдийг хэзээ авсан нь тодорхойгүй, гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн гэх гэрэл зургуудыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болон 22-ны өдөр авсан гэдгийг нотлох хөндлөнгийн нотлох баримтгүй, гар утасны огноог өөрчилснөөр дээрх огноог хэдний өдөр ч болгон өөрчлөх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Х.Н-н гар утсаар авсан гэрэл зургийн огноог өөрчлөх боломжтой гэж шүүхээс дүгнэсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт болжээ.

Энэ нь, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт “... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Н, П.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Н, П.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Х.Н, П.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

                           ШҮҮГЧ                                       М.АЛДАР