Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 00004

 

Э.Сы нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн давж заалдах гомдлоор Э.Сы “39263451 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч,  шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 06 дугаар сард “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа компанийн санхүүгийн хүндрэлээс болж ажилчдын цалин хөлсийг олгох мөнгөн хөрөнгөгүйн улмаас иргэн Ө.Эаас 2018 оны 07 дугаар сарын 06-нд 6000000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлсэн 6000000 төгрөгийг өөрийн Төрийн банкин дахь 271400133375 тоот дансаар авсан. Гэрээ байгуулж мөнгө авсан өдрөө өөрөөсөө 2000000 төгрөг нэмээд нийт 8000000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. Ингээд дээрх мөнгөөр компанийн ажилчдын 2018 оны 6 дугаар сарын цалинг тавьсан. Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Компанийн дээрх зээлийг борлуулалтын орлогоос төлөх байсан. Гэтэл Ө.Э компанийн зээлийг надаас нэхэмжилж Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр зээл 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөгийг миний бие төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар дээрх мөнгийг миний бие Ө.Эд төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд дахин Б.Г гэдэг хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Иймд өөрт учирсан хохирол 9000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158950 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 150000 төгрөг, нийт 9308950 төгрөг гаргуулахаар, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр Б.Гаас авсан зээлийн хүүг мөн өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 816000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 10124950 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Гтай байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан тул зээлийн хүү 1866000 төгрөг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, ажиллагсдын цалинг хугацаанд нь тавьж олгох зорилгоор өөрийн орон сууц, эд хөрөнгийг барьцаалан өөрийн нэрээр Төрийн банкны Сүхбаатар салбараас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 21700000 төгрөгийн зээл авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Энэхүү мөнгийг би сар бүр өөрийн цалингаас төлж , 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5131863 төгрөгийг төлсөн. Дээрх мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаар аудитын байгууллагын дүгнэлт гарсан тул “С” ХХК уг төлбөрийг төлөхөө илэрхийлж 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 40 тоот албан бичгийг гаргаж өгсөн. Ингээд банкинд зээлийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 6418639 төгрөгийн төлбөрийг төлсөн. 2019 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрийг зогсоосон. Одоо зээлийн үлдэгдэл хугацаа 32 сар байх ба зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаагаар тооцвол 20527424 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Байгууллага зээлийн төлбөрийг төлөхгүй байгаагаас би байгууллагын нэрийн өмнөөс зээлийн төлбөр төлөх, цаашилбал барьцааны эд хөрөнгөө банкинд хураалгаж хохироход хүрэх тул зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ. Байгууллага ажлаас халагдсан ажилтанд 3 хоногийн дотор тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг гардуулах үүрэгтэй хэдий ч намайг ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг хугацаанд нь өгөөгүй бөгөөд би өөрөө хөөцөлдөж байж 2018 оны 12 дугаар сард олж авсан. Ингээд нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар материалаа өгөхөд хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар надад ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй тул би олгогдвол зохих тэтгэмж 1613214 төгрөгөөр хохирсон. Иймд Ө.Эаас авсан компанийн зээлийг төлснөөс өөрт учирсан хохирол 9 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 158950 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150000 төгрөг, Б.Гаас авсан зээлийн хүү 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож 816000 төгрөг, зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан тул зээлийн хүү 1866000 төгрөг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, ажиллагсдын цалинг хугацаанд нь тавьж олгох зорилгоор зээлсэн 21700000 төгрөгийн зээлийн хүүнд өөрийн цалингаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 5131863 төгрөг, уг зээлийн үлдэгдэл төлбөр 20527424 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1613214 төгрөг, нийт 39263451 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Эд төлсөн 6000000 төгрөг, түүний алданги 3000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 158950 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 150000 төгрөг, нийтдээ 9308950 төгрөг, Б.Гтай хийсэн 5000000 төгрөгний зээлийн хүүнд 816 000 төгрөг, 1866000 төгрөг, нийтдээ 2682000 төгрөг, “Төрийн банк” ХХК-аас авсан 21700000 төгрөгний цалингийн зээлэнд төлсөн 5131863 төгрөг, Төрийн банкнаас авсан 21700000 төгрөгний зээлийн үлдэгдэл 20527424 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1613214 төгрөг, нийт 39263451 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 9308950 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага нь тус шүүхийн 105 дугаартай шийдвэрээр нотлогдож байгаа. Шийдвэрээр төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 158950 төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гарсан зардал 150000 төгрөгний зардал нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байгаа, мөн аудитын дүгнэлтийн 14 дүгээр талд тусгагдсан байгаа. Зээлийн хүү 816000 төгрөг нь Б.Гтай байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байгаа. Тус зээлийн гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн ба үүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус гэрээг сунгасан, хүү нь 816000 төгрөг юм. Тус гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ зээлээр Ө.Эаас зээлсэн, өөрөөр хэлбэл “С” ХХК-ийн зээлийг төлсөн. 1866000 төгрөгний хувьд Ө.Эын зээлийн төлбөрийг төлөх гэж Б.Гтай зээлийн гэрээнийхээ хугацааг сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гарсан төлбөр байгаа. Э.С 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж 21700000 төгрөгний зээл авсан. Тухайн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан. 21700000 төгрөгний зээлийн төлбөрт Э.С тухай бүр цалингаасаа нийт 5131863 төгрөгний төлөлт хийсэн байгаа. Зээлийн үлдэгдэл нь 20527424 төгрөг байгаа юм. Энэ зээлийг “С” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь аудитын дүгнэлтээр, мөн “С” ХХК-ийн захирал П.Гын 40 тоот албан бичгээр давхар нотлогдож байгаа. Тус албан бичгээр Э.Сы зээлийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 9 дүгээр сараас эхэлж “С” ХХК нь зээлийг төлөөд явж байсан. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан. Мөн Э.Сы цалингийн зээлийг төлж байсан талаарх дансны хуулгаар нотлогдоно. Ажилгүйдлийн тэтгэмжид 1613214 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрэгт Э.Сы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан байгаа. Үүгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь нотлогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь 3 хоногийн дотор нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн тушаал, холбогдох бичиг баримтуудыг гардуулан өгч тооцоо хийж дуусгах үүрэгтэй байгаа. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нь хуульд заасан хугацаанд олгоогүй байдаг. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2, 3 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сард 480000000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж “С” ХХК-ийг байгуулсан. Тэгээд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, Э.С гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар нь томилсон. 2018 оны 9 дүгээр сар хүртэл тус компаний гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг юм. Энэ хугацаанд Э.С нь хувь хүнээс их хэмжээний зээл авсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нэмэгдүүлэх, ашигтай ажиллах ёстой байтал учир нь олдохгүй зээл авч ажилчдын цалинг тавьсан байдаг. Зээл авахдаа хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой байтал хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй, нэг ч гарын үсэггүйгээр зээл авсан байгаа. 2017-2018 оны байдлаар аудитын дүгнэлт гаргуулахад компани 249000000 төгрөгний алдагдалтай ажилласан байгаа юм. Үүнээс үзэхэд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Зээлсэн гэх 21700000 төгрөг компаний дансанд ороогүй, зарцуулалт нь бүрхэг, аудитаар бичиг баримт дутуу гэж гарсан. Мөн 9000000 төгрөгний зээлийг авахад компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зээл авах талаар хүлээн зөвшөөрсөн гарын үсэг байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ө.Этай холбоотой зээлийн гэрээ нь Э.С Ө.Э хоёрын хооронд хийсэн хувь хүмүүсийн зээлийн гэрээ болох нь тус шүүхийн 105 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдсон тул “С” ХХК-д хамааралгүй зээл гэж үзэж байна. Б.Гтай хийсэн зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байна. Хоёр удаа зээлийн гэрээг сунгасан байна. Эхлээд 816000 төгрөг, дараа нь 1866000 төгрөг, нийтдээ 2682000 төгрөгний хүүг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Ө.Эаас зээлсэн зээлийг Б.Гаас зээлсэн мөнгөөр төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 21700000 төгрөгний зээлийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж авсан байгаа. Энэ мөнгө компаний данс руу бүрэн орж ирсэн эсэх нь эргэлзээтэй байна. 2018 оны санхүүгийн тайлан, банкны дансны хуулгаас харахад Э.С, Мөнхбаяр гэдэг хүний нэр дээр 17000000 төгрөгний зээлийг нэг өдөр авсан, тус зээлийг аваад зөвхөн нэг хүний зээлийг төлчихсөн байгаа юм. 13000000 төгрөгний 10000000 төгрөгийг нь харилцах дансанд хийгээд 3000000 төгрөгийг нь хувьдаа авчихсан байгаа юм. Цалин тавьсан гэж байна. Тайлангийн баримтаар цалинд 4080000 төгрөг, урамшуулал хүн бүрт 50000 төгрөг, Сүрэнжавт 2000000 төгрөг өгсөн байгаа боловч баримт байхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Э.С нь чөлөөлөгдсөн. Э.С өөрөө ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо мэдэж байсан, гэрчээр мэдүүлэг өгсөн Б нийгмийн даатгалын дэвтрээ өөрөө бүрдүүлсэн болохоо гэрчилсэн байгаа. Тэгэхээр хуулийн хугацаандаа шүүхэд гомдол гаргаж ажилгүйдлийн тэтгэмжээ авах боломжтой байсан. Жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Э.С нь 1 жилийн хугацаанд тус компаний гүйцэтгэх захирлаар ажилласан. Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-т энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл авна гэж заасан байгаа. Мөн тухайн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл байгуулна гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2, 3 дугаар зүйлд заасныг баримтлан “С” ХХК-аас 39263451 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 459742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Э.С нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, гарын үсэггүйгээр банкнаас өөрөө болон хувь хүнээс их хэмжээний зээл авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч 2017-2018 онд хийгдсэн аудитын дүгнэлтээр 249000000 төгрөгийн алдагдал, өртэй гарсан байна. Гүйцэтгэх захирлын  үндсэн чиг үүрэг нь хувьцаа эзэмшигчдийн  хувьцааг нэмэгдүүлэх ашигтай ажиллах ёстой байтал ажил үүрэг гүйцэтгээгүй, ашиг орлого олоогүй байж зээлийг зээлээр хааж, ажлын байр нэмэгдүүлсэн мэтээр зээл авч ажилчдыг цалинжуулсан, зээлээр авсан мөнгөө бэлнээр зарцуулсан бөгөөд санхүүгийн баримтын бүрдэл дутуу хангалтгүй болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна. Э.Сы иргэн Ө.Этай хийсэн зээлийн гэрээ нь компанид хамааралгүй болох нь тус шүүхийн 105 дугаар шийдвэрээр нотлогдсон. Иргэн Б.Гтай хийсэн зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан ч зээлийн хүүнд 2682000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Гаас зээлсэн мөнгөөр Эын өр зээлийг төлсөн нь тогтоогдохгүй байна. Мөн төрийн банкнаас өөрийн нэр дээр 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж 21700000 төгрөгийн зээлийг авсан боловч компанийн дансанд бүрэн орж үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Мөнхбаяр гэдэг хүний нэр дээр 17000000 төгрөгийг зээлийг нэг өдөр авсан тус зээлийг аваад зөвхөн нэг хүний зээлийг төлсөн нь харагдаж байна. 13000000 төгрөгийн зээлээс 10000000 төгрөгийг харилцах дансанд хийж 3000000 төгрөгийг хувьдаа авсан байдаг. Э.С нь нэг жилийн хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 83 дугаар зүйлийн 83.8, 116 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж, гүйцэтгэх захирлын бүрэн эрхээ илтэд хууль бусаар ашигласан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг /хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хүчин төгөлдөр бус хэлцэл/ гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Э.С нь “С” ХХК-аас Ө.Эд холбогдох 9308950 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Гаас авсан зээлийн хүү 2682000 төгрөг, Төрийн банкаас өөрийн нэр дээр авсан цалингийн зээлийн үлдэгдэл 20527424 төгрөг,  өөрийн цалингийн зээл, хүүд төлсөн 5131863 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1613214 төгрөг, бүгд 39263451 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Га “Э.С нь “С” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний зээл авахдаа Компанийн тухай хуулийн  76 дугаар зүйлийн 76.1.16-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй, цалингийн зээлд авсан  гэх 21700000 төгрөг компанийн дансанд ороогүй  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй”  гэж маргажээ. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаантай харилцааг  Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлд зааснаар “С” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:  Хариуцагч компани нь тухайн үед санхүүгийн хүндрэлээс болж ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болсноор гүйцэтгэх захирал  бусадтай  хувийн зүгээс зээлийн гэрээ хийж  түүнийгээ  компанид шилжүүлэн цалин олгож байгаа нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, цалингийн өрийг сайн дураараа төлснөөр компанид ашигтай байдал бий болж, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдэн төлбөр төлсөн тал энэ хэмжээгээр алдагдал хүлээж байгаагаас харагдаж  байна.

      

1.Нэхэмжлэгч Э.С “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 6-ний өдөр иргэн Ө.Этай зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийн зээлийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй  авч өөрөөсөө 2000000 төгрөг нэмж байгууллагын дансанд шилжүүлэн  ажилчдынхаа 6 дугаар сарын цалинг  олгожээ. Энэ нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийдвэр, “С” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 тоот албан бичиг,   Аудитын тайлангийн өр төлбөр хэсгийн хувь хүмүүсээс авсан зээлийн жагсаалтад “Э үндсэн зээл, хүү 9483 875 төгрөг” гэж тусгасан, “С” ХХК-ийн дипозит дансны хуулга зэргээр тогтоогдож байгаа ба шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /хх- 9-12, 29,135,151/

 

Хариуцагч байгуулагын хууль ёсны төлөөлөгч П.Га “Э.С их хэмжээний зээлийг зөвшөөрөлгүй авч Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д “энэ хуулийн 11 дүгээр бүлэгт их хэмжээний зээлд төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авна”, 83 дугаар зүйлийн 83.8-д “ гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ээс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл байгуулна” гэснийг тус тус ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 

Компанийн тухай хуулийн дээрх заалтуудад төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулахдаа хэлцэл хийх хэмжээ хязгаарыг тогтоохоор 2017 оны компанийн дүрмийн 8-т заасан байна. Хариуцагч байгууллага гүйцэтгэх захирал Э.Стай байгуулсан гэрээг  ирүүлээгүйгээс гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, Компанийн хуулийн холбогдох ямар заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байх тул Ө.Этай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.     

 

2. “С” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд “П” ХХК аудит хийж гаргасан дүгнэлтдээ “проимпекс  ХХК-ийн бэлтгэсэн 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайлан нь материаллаг байдлаар Нягтлан бодох бүртгэлийн хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох заавар, журмын дагуу үнэн зөв тусгагдсан байна” гэжээ. Аудитийн тайлангийн 4 дэх хэсгийн “Өр, төлбөр” хэсгийн ажиллагсдын нэр дээр авсан цалингийн зээлийн жагсаалтад Э.С 13000000 төгрөг,  21700000 төгрөгийн зээлүүдийг авч байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсан талаар тусгажээ. Түүнчлэн гүйцэтгэх захирал П.Га  Э.Сд  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр “түүнийг гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа буюу 3 дугаар сарын 22-ны өдөр авсан цалингийн зээл, кредит карт болон бусад гэрээ байгуулан авсан зээлүүдийг 2018 онд багтаан төлөлт хийж дуусгавар болгоно.” гэдгээ илэрхийлсэн, Э.Сы цалингийн зээлээс  “С” ХХК 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал  6418639 төгрөг төлсөн зэрэг нь нэхэмжлэгчийн авсан цалингийн зээлийг байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн “Э.Сы цалингийн зээлд авсан 21700000 төгрөг манай байгууллагын дансанд ороогүй” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна /хх-8, 150/  

 

Энэ нөхцөл байдлаас үзэхэд Э.Сы төрийн банкнаас авсан  21700000 төгрөгийн цалингийн зээл авч байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын байдлаар 20527424 төгрөг, талуудын маргаагүй байгаа зээл, зээлийн хүүд төлсөн 5131863 төгрөгийг тус тус  анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.   

 

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч П.Га  тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Сы 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг хэзээ өгснөө баримтаар нотлоогүй, гэрч Д.Б “Э.С захирлын ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг хэзээ гардуулж өгснийг би мэдэхгүй байна, сүүлд надаар нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж  байсан” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн өдөр түүнд шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг гардуулж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна компанийн буруугаас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирчээ. Шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2,3 дугаар зүйлд зааснаар “С” ХХК-аас 1613214 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 2682000 төгрөгийг  хангаж шийдвэрлэхдээ Э.С, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүний хугацаа сунгаж өөрчлөлт оруулсан гэрээ, Э.Сы  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөнгө төлсөн баримтуудыг үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн  “хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалттай нийцээгүй байна. Учир нь тус нотлох  баримтууд нь нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр Ө.Эд төлөх төлбөрийг Гаас мөнгө зээлж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт  төлсөн нотлох баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагаас  2682000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хх-6,15,30,40,86,93/

 

Нэхэмжлэгчийн 39263451 төгрөгийн нэхэмжлэлээс Б.Гад өгсөн зээлийн хүү 2682000 төгрөгийг хасч, үлдэх 36581451 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг 340857 төгрөг гэж тооцож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос заримыг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 508 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч  “С” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354267 төгрөгөөс 2682000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 57862 төгрөгийн хасч, үлдэх 296405 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “39263451 төгрөгийг” гэснийг “36581451 төгрөгийг”  гэж,  2 дахь заалтын “С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 459742 төгрөгийг” гэснийг “С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 340857 төгрөгийг” гэж тус тус өөрчилсүгэй.

 

Хоёр. Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2682000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Гурав. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төрийн сангийн 100120000941 дугаартай данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 57862 төгрөг гаргуулж  “С” ХХК-д олгож, үлдэх 296405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Тав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

               

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

 

                                                                             С.ОЮУНТУНГАЛАГ