Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

хохирогч: З.Үжин, Ч.Батболд, Б.Батсүрэн;

гэрч: Б.Номин, Д.Тунгалаг;

шүүгдэгч: А.Алтантөгс, Х.Түвшинжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжигин овогт Азарнавагийн Алтантөгс нарт холбогдох эрүүгийн 201625022839 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

           1. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженерийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 50-50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК89102156 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Илжигин овогт Азарнавагийн Алтантөгс,

 

  2. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 50-50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК94082103 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргал.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч А.Алтантөгс нь Х.Түвшинжаргалтай бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” бааранд үйлчлүүлж байхдаа Ч.Батболдыг Х.Түвшинжаргалын нурууг илж нүүр рүү алгадлаа гэснээс шалтгаалан Ч.Батболд, Б.Батсүрэн нарын толгой руу мөргөж газар унаган нүүр, толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөснөөс Ч.Батболдын биед уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шанаа хацарт цус хуралт, баруун талын завжинд шарх, Б.Батсүрэнгийн биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун сарвуунд шарх буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

яллагдагч Х.Түвшинжаргал нь А.Алтантөгстөй бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” бааранд үйлчлүүлж байхдаа Ч.Батболдыг нуруу илж нүүр рүү алгадлаа гэснээс шалтгаалан Ч.Батболд, Б.Батсүрэн нарын толгой руу мөргөж газар унаган нүүр, толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөснөөс Ч.Батболдын биед уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шанаа хацарт цус хуралт, баруун талын завжинд шарх, Б.Батсүрэнгийн биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун сарвуунд шарх буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “LUX” бааранд З.Үжинг үсдэж аван нүүр рүү 2-3 удаа гараараа цохисноос З.Үжингийн биед зүүн нүдний дотор булан хэсэг, хөмсөгний дотор хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтантөгс мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 22 цагийн үед “Лазер” бааранд эхнэртэйгээ цуг бүжиглэх гэж ороод 1 пиво авснаа уугаагүй байсан. Эхнэр бид хоёрыг бүжгийн талбай дээр  бүжиглэж байхад бид хоёроос гадна хохирогч болох 2 хоёр залуу тойрч зогсож байсан. Тэгэхэд хохирогч Батболд нь манай эхнэр Түвшинжаргалын ар нуруу руу тохойгоороо түлхэж, гараараа илсэн. Тэр үед нь Түвшинжаргал “яагаад түлхээд байгаа юм бэ” гэхэд эхнэрийг маань Батболд хэл амаар доромжилсон. Тэрийг би тоолгүй эргэж хараад буцаж бүжиглэсэн. Бүжиглэж байхад араас дахин доромжлоод байсан. Тэр үед Түвшинжаргал эргээд харахад Батболд манай эхнэрийг цохиод авахаар нь миний уур хүрээд ийм болчимгүй үйлдэл хийж Батболд, Батсүрэн хоёрт гар хүрч, биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Тухайн үед хохирогч нар зохисгүй үйлдэл гаргаагүй байсан бол хэрэг гарахгүй байсан. Намайг буруутгаж байгаа зүйлчлэлтэй холбогдуулан хэлэхэд хохирогч нарт би ганцаараа гэмтэл учруулсан юм. Манай эхнэр Түвшинжаргал нь хохирогч нарт гэмтэл учруулаагүй. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Түвшинжаргал мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 22 цагийн үед өөрийн нөхөр болох Алтантөгстэй цуг “Лазер” бааранд орсон. Тэнд бид 1, 1 пиво захиалаад бүжиглэж байтал хажуунаас 2 залуу хараад зогсоод байсан. Тэгж байснаа Батболд миний нурууг илэхээр нь би эргэж хараад “чи яагаад байгаа юм бэ” гэхэд тэр намайг “янхан минь” гэж доромжилсон. Манай нөхөр “маргахаа боль” гэхээр нь би нөхөртэйгээ бүжиглэж байтал араас дахин ирж өдөхөөр нь би “цаашаа бай чи” гэтэл Батболд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохиод авсан. Би нүүрээ дарж байгаад хартал манай нөхөртэй зууралдаж байхаар нь би уурандаа очоод 1-2 удаа цохисон. Гэтэл намайг текний тэнд аваачаад, боогоод 2-3 удаа цохисон. Нөхөр маань ирээд салгах гэтэл туранхай залуу нь манай нөхрийн толгой руу 2-3 удаа цохиж байсан. Намайг буруутгаж байгаа дээр хэлэхэд би тэдэнд хөнгөн гэмтэл учруулахаар цохиогүй. Миний цохилт хохирогч нарт гэмтэл учруулаагүй гэж бодож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2-р зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Мөн 2016 оны 11 дүгээр сарын 21-нд би “Лакс” бааранд найз охинтойгоо хамт орох үед хохирогч Үжин нь гадаа өөр хүмүүстэй хэрүүл хийгээд зогсож байсан. Мөн хувцасны өлгүүрийн эгчтэй хэрүүл хийгээд байсан. Би найз охинтойгоо ороод дөнгөж суугаад байж байтал Үжин хүрч ирээд миний нуруу руу цохьсон. Би эргэж хараад “чи яаж байгаа юм” гэтэл тэр “үхсэнээ муухай хараад байгаа гичий вэ” гэхээр нь би урагшаа хараад найздаа хэлэх гэтэл тэр миний баруун талын үснээс зулгааж доош нь дарсан. Би адилхан үсдэлцээд дээшээ болоход түүний нүднээс цус гарчихсан, нүдний шилтэй зогсож байсан. Тэгэхэд хүмүүс ирээд биднийг салгасан. Тэрнээс биш би санаатайгаар Үжингийн нүүр, ам руу нь цохиогүй. Зөвхөн би дээшээ гэдийхэд түүний нүүрнээс цус гарч байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Батболд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 26-нд “Лазер” бааранд бид бүжиглэж байхад Алтантөгс, Түвшинжаргал нар хамт бүжиглэж байсан. Би бүжиглэхдээ Түвшинжаргалыг санамсаргүй тохойлдсон. Үүндээ уучлалт гуйгаад буцаж Батсүрэнтэй бүжиглэж байтал араас минь элдвээр хэлээд байхаар нь би “санамсаргүй шүргэчихлээ шүү дээ” гэж хэлтэл миний нүүр рүү Түвшинжаргал цохисон. Тэгэхээр нь би түүнийг “мангасдаж” унагаасан. Тэгэхэд Алтантөгс намайг мөргөх гэхээр нь би бултаж ухрахдаа хойшоогоо унасан. Тэгээд намайг энэ хоёр ээлжлээд зодсон. Хамраас минь цус гараад доошоо хараад сууж байхад нэг нь ирээд өшиглөсөн. Тэгэхэд уруул маань язарсан байх гэж би бодож байна. Намайг хоёулаа зодсон боловч Түвшинжаргалын цохилтоос болж надад гэмтэл учраагүй. Миний уруул, шанаа няцарсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батсүрэн мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 26-нд “Лазер” бааранд Батболд бид хоёр ороод бүжиглэж байсан. Батболд нь Түвшинжаргалтай маргалдахад түүний нөхөр нь Батболдыг цохиод унагаасан. Алтантөгс найзыг маань хэтэрхий зодоод байхаар нь би салгах гэж ороод Алтантөгс, Түвшинжаргал хоёрт зодуулсан. Би нүүрэндээ гэмтэл авч, хагархай шилэнд гараа зүссэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Үжин мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө би 2 найз охинтойгоо хамт “Лакс” бааранд орсон. Тэнд 3 шил пиво захиалсан. Нэг найз маань таньдаг хүнтэйгээ таараад биднээс хол байсан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад талбайн баруун талд 2 охин сууж байснаа хоорондоо шивнэлдээд над руу муухай хараад, Түвшинжаргал шүлсээ хаяад байсан. Энэ талаар би найз охин Номиндоо хэлж байсан. Тэгээд би Түвшинжаргалд ойртон очиж толгой руу нь дөхөн тонгойгоод “яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр гэнэт огцом хөдөлж над руу дайраад миний зүүн шанаанд маш хүчтэй цохисон. Би харааны том шил зүүсэн байсан бөгөөд намайг цохиход нүдний шил маань хагарч эвдэрсэн. Найз Номин маань тусламж дуудсаны дагуу хамгаалагч нар ирээд биднийг салгах үед миний зүүн нүд язран цус гараад тогтохгүй байсан. Тэгээд эмч, цагдаа нар ирсэн. Бид цагдаа дээр очиход тэнд дахин маргалдсан. Түвшинжаргал нь их айхтар охин байсан. Би 725.000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч тэр талаарх баримт хэрэгт байхгүй. Түвшинжаргал надад 100.000 төгрөг өгч байсан учир би одоо үлдэгдэл 625.000 төгрөгөө Түвшинжаргалаас нэхэмжилж байна. Баримттай зардал гэвэл өнөөдөр гаргаж өгсөн нүдний шилний үнэ болон шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал зэрэг байна. Энэ хэргээс болж би ажлаасаа гарч бүтэн сар гэртээ байсан. Надаас Түвшинжаргал уучлалт гуйхгүй, үйлдсэн хэргээ хүлээхгүй байгаа учир би Түвшинжаргалд гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Номин мэдүүлэхдээ: Бид “Лакс” гэдэг бааранд байхад Х.Түвшинжаргал шүлсээ хаяад байсан. Тэгэхэд З.Үжин очоод араас нь дуудах гэтэл үгийн зөрөөгүй шууд манай найзыг цохисон. Тэгээд хамгаалагч нар салгасан. З.Үжин нь Х.Түвшинжаргалыг үснээс нь зулгаасан зүйл байхгүй. Түвшинжаргалын муухай харах, шүлсээ хаях зэргийг би хараагүй. Харин манай найз надад хэлсэн. Тухайн өдөр З.Үжин надтай болон өөр найзтайгаа байсан. Х.Түвшинжаргал 1 охинтой цуг сууж байсан. Тэр охин нь бүжгийн талбай руу хараад сууж байсан. Бид урьд нь нэг хүний 2-3 пиво уусан байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Тунгалаг мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өглөө над руу цагдаагаас ярихаар нь би очиж уулзаад болсон явдлыг мэдсэн. Намайг очиход охин маань цонхийсон царайтай байсан. Би охиныхоо хувцсыг тайлаад шалгахад гар нь хөхөрсөн, мөн зүүн нүднийх нь доор хөхөрсөн байхаар нь учрыг нь асуутал хохирогч залуучуудын нэг нь цохисон гэж хэлж байсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Батболд /хх-ийн 14-16/, Б.Батсүрэн /хх-ийн 17-19/, З.Үжин /хх-ийн 149-150/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14814, 15027, 15037, 15897 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 21, 23, 25, 155/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-57/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч А.Ариунжаргал /хх-ийн 64-66/, Ж.Цэнд-Аюуш /хх-ийн 67-68/, Ш.Ганболд /хх-ийн 69-71/, С.Эрдэнэчимэг /хх-ийн 72-78/, Г.Уранчимэг /хх-ийн 74-75/, Р.Батболд /хх-ийн 76-77/, Б.Батхүү /хх-ийн 78-79/, П.Түдэв /хх-ийн 80-81/, Б.Азарнаваг /хх-ийн 82-83/, Б.Бадамсүрэн /хх-ийн 84-85/, Х.Тэмүүжин /хх-ийн 86-87/, З.Ганжаргал /хх-ийн 181/, Б.Тэнгисболд /хх-ийн 193/, Г.Сэргэлэн /хх-ийн 194/ нарын мэдүүлэг, хохиролын баримт /хх-ийн 132/, А.Алтантөгсийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 134/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 135-136/, Х.Түвшинжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 137/, Х.Түвшинжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32,162, 182/, А.Алтантөгсийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, шинээр өгсөн З.Үжингийн хохиролтой холбоотой бармт 1 хуудас, ШУТИС-аас өгсөн оюутан А.Алтантөгсийн тодорхойлолт 1 хуудас, хохирогч Ч.Батболд, Б.Батсүрэн нараас өгсөн гомдол саналгүй гэсэн хүсэлт 2 хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол 4 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Түвшинжаргал, А.Алтантөгс нарт нь холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг гагцхүү түүнийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны  нутагт байрлах “Лазер” нэртэй бааранд “Х.Түвшинжаргалын нурууг илж нүүр рүү алгадлаа” хэмээн хэрүүл, маргаан тэмцэлдээний улмаас  хохирогч Ч.Батболд, Б.Батсүрэн нарыг зодож, тэдний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Х.Түвшинжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “LUX” нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч З.Үжинг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан болох нь:

 

хохирогч Ч.Батболдын /хх-ийн 15-16/: “... Талбай дээр бүжиглэж байгаад нэг эмэгтэйг тохойгоороо шүргэчихсэн. Тэгтэл тэр эмэгтэй санаатайгаар шүргэлээ гээд хэрүүл хийсэн. ...Тэр эмэгтэй элдвийн үгээр доромжлоод гараараа чичлээд ... миний нүүр рүү гараа явуулахаар нь би арагшаа гэдийсэн чинь цээж рүү цохисон. Тэгэхээр нь “мангасдаад” унагаачихсан. Гэтэл тэр эмэгтэйтэй хамт бүжиглэж байсан залуу намайг мөргөхийг завдсан. Би ухарсан. Тэгээд тэр 2 зууралдаад намайг шалан дээр унагаагаад нүүр рүү өшиглөж, толгой дээр дэвссэн. Тэр үед Батсүрэн бүжиглэж байгаад ирсэн. Нөгөө залуу нь Батсүрэнг барьж аваад зодсон. Эмэгтэй нь намайг босоход угзарч унагаагаад нүүр рүү өшиглөөд дэвсэж зодсон. Тэгээд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод суусан. Тэр эмэгтэй, эрэгтэй 2 миний нүүр рүү өшиглөөд байсан ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Батсүрэнгийн /хх-ийн 18-19/: “ ... Батболд бүжиглэж байгаад нэг эмэгтэйг шүрэгчихсэн. Тэгээд хэрүүл эхэлсэн. Тэр эмэгтэй Батболдыг эхлээд цохьсон. Батболд зөрүүлээд тэр эмэгтэйг “мангасдаад” унагаасан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бэ” гээд салгах гээд очсон. Тэгсэн чинь тэр эмэгтэйтэй хамт явсан залуу намайг үгийн зөрүүгүй мөргөөд газар унасны дараа нүүр, ам руу өшиглөсөн. Намайг манараад босоод очсон чинь тэр эмэгтэй, эрэгтэй хоёр Батболдыг текны хажууд зодож байсан. Би салгах гээд тэр залууг нуруу руу нь гараараа 2 удаа цохьсон. Тэгтэл намайг шалан дээр унагаагаад дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Эмэгтэй нь миний дээр гарчихсан гараараа нэлээн хэдэн удаа цохьсон. Залуу нь бас Батболдыг дахиж газар унагаагаад зодсон ...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Ариунжаргалын /хх-ийн 64-65/: “... Манай нөхөр Батболд над руу залгаад “ “Лазер” нэртэй бааранд хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. ... Намайг очиход Батболдын уруул сэтэрсэн, цус гарсан, баруун шанаа дээрээ хөхөрсөн, куртик нь урагдчихсан байсан. ... Мөн Батсүрэнгийн хамраас цус гарсан, уруулын доод хэсэгтээ язарсан, нэг гарынх нь чигчий хуруу язарсан шархтай, өмд нь урагдсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Цэнд-Аюушын /хх-ийн 67-68/: “... Намайг буцаад ороод ирэхэд туранхайдуу ах, дунд зэргийн махлагдуу ах хоёр зууралдсан байдалтай цус нөж болчихсон, нэг нь шалан дээр суучихсан, нөгөө нь шалан дээр хэвтчихсэн байсан. Хажуунаас нь нөгөө өндөр залуу дахин зодох гээд байсан. Би тэгэхэд нь болиулж салгасан. Намхан эмэгтэй нь нэг залуу дээр гарчихсан алгадаад цохиод байсан. Намайг очоод тэр эмэгтэйг салгасан чинь уурлаад над руу ундаа шидсэн. Тэгээд байж байтал нөгөө өндөр залуу тэр 2 ахыг зодох гээд байсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Эрдэнэчимэгийн /хх-ийн 78/: “... Намхан эмэгтэй тэр залууг угзарч татаад гараараа зангаад чичээд байсан. Тэгж байгаад тэр залууг алгадаад авсан. Тэр залуу зөрүүлээд алгадчихсан. ... Нөхөр нь болох өндөр залуу нь очоод нөгөө залууг барьж аваад цохиод унагаасан. ... Өндөр залуу нь тэр 2 залууг хоёуланг нь цохиод байсан. Нөгөө 2 залуугийн нэгийг нь газар унагаачихсан дээр нь нөгөө хүүхэн мордоод суучихсан цохиж зодоод байсан. Нөгөө 2 залуугийн нүүрнээс цус гарсан байсан. Бид нар очоод нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очоод зодоон хийгээд байсан ... ” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Түвшинжаргал, А.Алтантөгс нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батболдын биед “... уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун шанаа хацарт цус хуралт, баруун талын завжинд шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14814 тоот дүгнэлт /хх-ийн 21/,

 

мөн хохирогч Б.Батсүрэнгийн биед “ ... баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун сарвуунд шарх” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15027 тоот дүгнэлт /хх-ийн 23/,

 

хохирогч З.Үжингийн /хх-ийн 149/: “... “Лакс” бааранд 2 найз эмэгтэйгийн хамт ороод 3 шил пиво захиалж уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь бүжгийн талбайн хажуу талын ширээнд сууж байсан жаахан охин бүжгийн талбай руу намайг чиглүүлээд нулимаад, шүлсээ хаяад, муухай хараад өөдөөсөө харсан эмэгтэйтэй юм яриад байсан. Би ширээндээ очоод пиво аваад нулимаад байсан эмэгтэйн араас нь очоод баруун мөрөн дээр нь гараараа дохиод “хүүе дүү чи яагаад” гээд үргэлжлүүлээд хэлэх завдалгүй намайг үсдэж аваад зүүн хацарт нүдний шилтэй хавсраад гараараа 2-3 удаа цохьсон. Нүдний шил хагараад нүдний ухархайн хэсгийг зүсээд хоромхон зуур цус нүүр рүү урсаад ирсэн. Би тэр эмэгтэйг огт танихгүй. Бид хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Шүлсээ хаяад муухай хараад байсан шалтгааныг асуух гэж очоод л зодуулсан … ” гэх мэдуүлэг,

 

гэрч Б.Номингийн /хх-ийн 167/: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө өөрийн найз Үжин, Генжгүл нарын хамт “Лакс” бааранд үйлчлүүлэх гэж орсон. Тэгээд би сандал дээр сууж байхад манай найз Үжин нь над дээр ирээд “энэ урд талын охин над руу шүлсээ хаяад байна” гэж хэлсэн. Тэгээд сандал дээр сууж байхад манай найз Үжин нь нөгөө охин дээр очоод араас нь гараараа тэмтрээд дуудаж байгаа харагдсан. Тэгсэн нөгөө үл таних охин эргэж хараад манай найз Үжингийн нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж байгаа харагдсан. Би тэгээд “Лакс” баарны хамгаалагчийг дуудах гээд гүйсэн чинь хамгаалагч нар ирж байсан ...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Түвшинжаргалын буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Үжингийн биед “ ... зүүн нүдний дотор булан хэсэг, хөмсөгний дотор хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15897 тоот дүгнэлт /хх-ийн 155/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 55/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Түвшинжаргалын үйлдлээс шалтгаалж хохирогч Ч.Батболд, Б.Батсүрэн нарын биед гэмтэл учраагүй, мөн Х.Түвшинжаргал нь хохирогч З.Үжингийн хууль бус үйлдлээс шалтгаалж түүний биед болгоомжгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлан дүгнэсэнтэй шүүх санал нийлэхгүй байна.

 

Х.Түвшинжаргал нь олон нийтийн газарт шүлсээ хаях, хохирогч руу муухай харах зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэсэн авир гаргасан бөгөөд уг шалтгааныг нь тодруулан асуух гэсэн З.Үжинг үл ялих зүйлээр шалтаглан зодож хөнгөн гэмтээсэн нь танхайн сэдэлт байсныг харуулж буй бөгөөд хохирогчийн биед учирсан “зүүн нүдний дотор булан хэсэг, хөмсөгний дотор хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл, хохирогчийн “…намайг үсдэж аваад зүүн хацарт нүдний шилтэй хавсраад гараараа 2-3 удаа цохисон..” гэсэн мэдүүлэг, уг мэдүүлгийн эх сурвалжийг баталсан гэрч Б.Номингийн “…З.Үжин нь нөгөө охин дээр очоод араас нь гараараа тэмтрээд дуудаж байгаа харагдсан. Гэтэл нөгөө үл таних охин эргэж хараад манай найз Үжингийн нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж байгаа харагдсан…” гэсэн мэдүүлэг нь үйл баримтын үнэн байдалтай нийцэж байх тул шүүгдэгч Х.Түвшинжаргалын “…адилхан үсдэлцээд дээшээ болохдоо санамсаргүйгээр хохирогчийг толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан байх…”, гэрч З.Ганжаргалын “…хохирогч эхэлж Х.Түвшинжаргалын үснээс зулгаан татаж унагасан…” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Мөн шүүгдэгч Х.Түвшинжаргал нь А.Алтантөгстэй бүлэглэн хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй хэрүүл маргаан тэмцэлдээний улмаас Ч.Батболд, Б.Батсүрэн нарыг хөнгөн гэмтэл учруулан зодсон хэрэгт оролцсон болохыг баттай нотолсон баримт сэлт хэрэгт хангалттай авагдсан байх ба дан ганц А.Алтантөгсийн үйлдлээс шалтгаалан хохирогч нарын биед гэмтэл учирсан гэж дүгнэх боломжгүй. Тухайн хэрэг учрал болох үед А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар хэн аль нь хохирогч нарыг ээлжлэн зодсон, өөрсдийг нь зодсон хүмүүсийг хохирогч нар тодорхой заасан, мөн мөрдөн байцаалтад гэрч Ж.Цэнд-Аюуш, Ш.Ганболд, С.Эрдэнэчимэг нар “…салгаад байхад ээлжилж очоод зодоод байсан…” гэж мэдүүлцгээсэн нь шүүгдэгч Х.Түвшинжаргалыг энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно.

 

Ийм учраас шүүгдэгч А.Алтантөгсийг бусадтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Түвшинжаргалыг бусадтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч А.Алтантөгс нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин шүүгдэгч нарын хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн тул шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг тогтоов.   

 

Шүүгдэгч Х.Түвшинжаргал нь гурав хүртэл насны хүүхэдтэй эх бөгөөд түүний бага насны хүүхэд Батмөнхийн Өнөбилэгийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг харъяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хүртэл Батмөнхийн Өнөбилэгийг асран хамгаалалтандаа байлгахыг шүүгдэгч Х.Түвшинжаргалын төрсөн эх Д.Тунгалагт хариуцуулахаар шийдвэрлэв.

 

 Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч Ч.Батболд, Б.Батсүрэн нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарыг тэдэнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хохирогч З.Үжингээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн зардлын баримтыг (нүдний шилний үнэ 185.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 3000 төгрөг) нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэв. Шүүгдэгч Х.Түвшинжаргалаас өмнө нөхөн төлсөн 100.000 төгрөгийн мөнгөн дүнг хасаж үлдэх 88.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Үжинд олгохоор шийдвэрлэв. Харин хохирогч З.Үжингийн 625.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нарын бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө хэмээн ташаарч бичсэн боловч хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол зэргээр уг гэмт хэрэг 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, залруулсан болно.

 

Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Х.Түвшинжаргалын догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн объектив талын шинж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг орхигдуулж бичсэн боловч нэгэнт мөрдөн байцаалтаар Х.Түвшинжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэж ялласан учир шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. Энэ нь шүүхэд шилжсэн яллагдагчийн хэргийн холбогдлыг тэлэх, эрх зүйн байдлыг дордуулах, ял сонсгоогүй үйлдэлд ял шийтгэсэн, хэргийг хүндрүүлсэн, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээг давж хэрэг хэлэлцэж буй явдал биш юм.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Илжигин овогт Азарнавагийн Алтантөгс, Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргал нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Илжигин овогт Азарнавагийн Алтантөгсийг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргалыг 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Еншүб овогт Хүрэлбаатарын Түвшинжаргалыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих хүнд ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтантөгс албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Түвшинжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч А.Алтантөгс, Х.Түвшинжаргал нар нь хохирогч Ч.Батболд, Б.Батсүрэн нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түвшинжаргалаас нийт 88.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Үжинд олгож, хохирогч З.Үжингийн 625.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Х.Түвшинжаргалын бага насны хүүхэд Батмөнхийн Өнөбилэгийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг харъяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хүртэл Батмөнхийн Өнөбилэгийг асран хамгаалалтандаа байлгахыг шүүгдэгч Х.Түвшинжаргалын төрсөн эх Д.Тунгалагт хариуцуулсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Алтантөгсөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Түвшинжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Алтантөгсөд авсан бусдын батлан даалтад өгөх, Х.Түвшинжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ