Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 129/ШШ2024/00301

 

 

                                                   

 

                                                    

                              

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00301

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын . оршин суух Т овгийн С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1983-1986 онд цэргийн алба хаасан. 1986 оны 8 сарын 17-нд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Барилга угсралтын контор, трестэд нормчин, монтерчиноор 1986 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл ажилласан. Ажлын байрны цомхтголоор 1991 оны 8 сарын 21-нд ажлаасаа гарсан. Миний хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас гарсан тушаал архивт хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд нормчин, монтерчиноор 1986 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 сарын 29-ний өдрийн 530 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн “түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 тоот тушаал,

- Архангай аймгийн барилгын Гурван тамир пүүсийн дэргэдэх ЦСУ-ын ангийн 1991 оны 10 сарын 08-ны өдрийн 40 тоот тодорхойлолт /эх хувь/

- 1990 оны 09 сарын 01-ний өдрийн баярын бичиг

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 04-ний өдрийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч С.Б-н хүсэлтээр Д.Л, С.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1981 оны 02 сарын 16-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 01/506 тоот лавлагаа

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 03-05/3510 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч С.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор А аймгийн Ба угсралтын контор, трестэд нормчин, монтерчиноор 1986 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 сарын 29-ний өдрийн 530 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн “түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 тоот тушаал, Архангай аймгийн барилгын Гурван тамир пүүсийн дэргэдэх ЦСУ-ын ангийн 1991 оны 10 сарын 08-ны өдрийн 40 тоот тодорхойлолт /эх хувь/, 1990 оны 09 сарын 01-ний өдрийн баярын бичиг, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 04-ний өдрийн лавлагаа, 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1981 оны 02 сарын 16-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 01/506 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 03-05/3510 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Л С.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч С.Б-н Ар аймгийн Бугсралтын контор, трестэд нормчин, монтерчиноор 1986 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “2. Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүдийн дүрмийг 1-р хавсралтаар, дарга санхүүч нарыг 2-р хавсралтаар, нэгжүүдийн дарга санхүүч нарыг 3-р хавсралтаар, ажилчдыг 4-р хавсралтаар тус тус баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 51-д. С.Б цах/монтёр” гэсэн Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн “түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 тоот тушаал, “тус ангид цахилгаанчнаар ажиллаж байсан С овогтой Б нь 1991 оны 8-р сарын 21-нд 20-р тушаалаар орон тооны цомхтголд орж халагдсан болохыг тодорхойлов” гэсэн Архангай аймгийн барилгын Гурван тамир пүүсийн дэргэдэх ЦСУ-ын ангийн 1991 оны 10 сарын 08-ны өдрийн 40 тоот тодорхойлолт /эх хувь/, “Б танд барилгачдын баярыг угтаж ажлын өндөр амжилт гаргасанд талархаж ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баярын бичиг 75 төгрөгөөр шагнав. Барилга угсралтын трестийн захиргаа, ҮЭ-ийн хороо, 1990-09-01” гэсэн баярын бичиг, “С.Б ажилладаг байгууллага-Барилга угсралтын трест, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-цахилгаанчин, эрхэлж эхэлсэн он-1986, Цэцэрлэг хот, 1988-11-16” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор Архангай, Цэцэрлэг хотод оршин суугч С.Б тэргүүлэгч өөрөө, нас-23, эрэгтэй, эрхэлдэг ажил-цахилгаанчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 03-05/3510 тоот лавлагаа, “С.Б БХЯ-ны сайдын 1983 оны 6 сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Архангай аймгаас 1983 оны 6 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1986 оны 8 сарын 08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986 оны 8 сарын 17-ны өдөр 536949 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 04-ний өдрийн лавлагаа, гэрч Д.Л-н “Б-н аавыг С, ээжийг Д гэдэг. Би 1986 онд 10-р анги төгсөөд Архангай аймгийн Барилга усралтын контор, трестэд нормчноор ороод ажиллаж байх үед С.Б тус байгууллагын сантехникийг бригадад 1986 оны өвөл орж байсан. С.Б Архангай аймгийн Барилга усралтын контор, трестийн сантехник, цахилгааны бригадад ажилласан. Намайг Архангай аймгийн Барилга усралтын контор, трестээс 1990 он ажлаасаа гарахад С.Б тус байгууллагад ажиллаж байсан. Яг хэдэн онд ажлаасаа гарсныг нь би мэдэхгүй. Би С.Б-тай хамт Архангай аймгийн Барилга усралтын контор, трестэд 1986-1990 он хүртэл ажиллаж байсан юм. С.Б Архангай аймгийн Барилга усралтын контор, трестийн сантехникийн бригадад ажиллаж байхдаа сантехникийн шугам тавих ажилд оролцож байсан. Шугам тавих үед газар нь хөлдүү байсан учраас манай бригад газар гэсгээх ажил хийж, гэссэн газрын хэсгээр С.Б-н бригад шугам тавьж байсан. Ингэж С.Б бид хоёрын ажил холбогддог байлаа” гэх мэдүүлэг, гэрч С.Ба-н “Намайг Архангай аймгийн Барилга усралтын контор, трестэд ажиллаж байх үед Б тус байгууллагад цахилгаанчаар 1987 онд орж надтай хамт 1991 оны 10 сар хүртэл ажилласан. Б ажлын байрны цомхтголоор 1991 оны 10 сард ажлаасаа гарсан. 1991 онд Барилга усралтын трест хувьчлагдаж Гурвантамир пүүс компани болоход би тус пүүс компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан, харин Б үргэлжлүүлж ажиллаагүй, ажлаасаа 1991 онд гарсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд С.Б-ын А аймгийн Б угсралтын контор, трестэд нормчин, монтерчиноор 1986 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овгийн С.Б-н А аймгийн  Б угсралтын контор, трестэд нормчин, монтерчиноор 1986 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА