Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч М  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М д холбогдох 17050003980042 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч М  нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ритм” нэртэй бүжгийн клубд нийтийн бүжгэнд орж байхдаа зүс таних Э.Мөнхзаяаг “хөл рүү өшиглөж араас мөргөлөө” гэх шалтгаанаар Э.Мөнхзаяагийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв. Шүүгдэгч М  нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ритм” нэртэй бүжгийн клубд нийтийн бүжгэнд орж байхдаа зүс таних Э.Мөнхзаяаг “хөл рүү өшиглөж араас мөргөлөө” гэх шалтгаанаар Э.Мөнхзаяагийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Э.Мөнхзаяагийн “Миний бие 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөр байхад нь Банзрагчийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах “IRISH” пабад хоол идээд тус бүр 2 шил 0.5 граммын пиво уучихаад тэндээсээ гараад 19 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ритм бүжгийн клубт бүжиглэхээр очсон. Тэгээд би М  гэдэг ахын бүжгийн хос Туяа гэдэг эгчийг бүжгэнд урьсан. Урихдаа М  гэдэг ахтай мэндлээд зөвшөөрөл авсан байсан ба би Туяа эгчтэй нэг ая бүжиглээд дуусаж байхад гаднаас надтай хамт бүжиглэдэг партнёр Цэрэнжаргал орж ирээд би Цэрэнжаргал эгчтэй бүжиглэж явж байгаад М  гуайг араас нь хүчтэй мөргөчихсөн юм. Тэгсэн чинь М  гуай үгийн солиогүй миний нүүр рүү баруун талын хацар, нүд тус газарт гараараа хоёр удаа цохиод намайг газарт унасны дараа хөлөөрөө миний нүүр лүү нэг удаа өшиглөчихөөд миний партнёр эгч уурлаад М  гуай тэндээс гараад явчихсан юм. Би М  гуайд зодуулсаны улмаас хоёр нүд хавдаж тагларсан, толгой өвдөөд 3 хоног бариачид бариулж байж зүгээр болсон. Нүүрэндээ жин тавьж байж хавдар нь буурсан боловч баруун талын нүдний зовхи хөхөрчихсөн, хөндүүртэй байна. Би М  гуайд анх цохиулаад унахдаа зүүн гараа дарж эвгүй унаснаас зүүн гарын эрхий хурууны савхан яс гэмтсэн байна” “ ... Тухайн үед миний хоёр нүд хавдаад баруун талын зовхи хөхөрсөн. Нэлээн хөндүүртэй байж байгаад зүгээр болсон. Харин зүүн бугуйн үений зөөлөн эд гэмтсэнээс гэмтэлд зүүн гарандаа гипс тавиулж 14 хоног сойлттой явсан. Өвчин намдаах диклоденк гэдэг эмийг лаагаар болон уухаар толгойны эмийг 15.000 төгрөгөөр хувиараа худалдаж авсан” “ ... Мөн миний нэхэмжилсэн 90.000 төгрөгийг М  гуай хариуцан төлж барагдуулсан тул миний зүгээс одоо нэхэмжлэх зүйлгүй. М  гуайд гомдолгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7, 10, 11 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 9960 дугаартай: “1. Э.Мөнхзаяагийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/ Гэрч Б.Бадамсүрэнгийн “Би 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Римт” клубт бүжгэнд орсон бөгөөд тэр орой 20 цагийн орчимд боловуу, ямарч гэсэн сүүлийн хэдэн бүжиг явж байхад Цэрэнжаргал гэдэг эмэгтэйтэй хосоор бүжиглэдэг Мөнхзаяа гэх залуу зааланд бүжиг хийж явснаа тэнд бас бүжиглэж байсан. М  гэдэг залуугийн араас их хүчтэй мөргөсөн. Тухайн үед заал чөлөөтэй, бачуу биш хоорондоо тэгж мөргөлдөөд байхааргүй сүүлийн бүжгүүд явж байсан юм. Мөнхзаяа тухайн үед М ийг мөргөчихөөд огт тоосон шинжгүй цаашаа бүжиглээд явчихсанаас болоод М  түүнд уурласан юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/ Гэрч Цэрэнжаргал “Би 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19 цаг өнгөрч байхад бүжгэнд орсон. Тэнд ганц хоёр удаа бүжиглэсэн. Би тухайн үед манай бүжгэнд явдаг Мөнхзаяа гэдэг залуутай хамт хосоороо бүжиглэж явж байх явцад Мөнхзаяа нь санамсаргүй манай нөхрийн төрсөн дүү М ийг Туяа гэдэг эмэгтэйтэй бүжиглэж байхад бүжиглэж байгаа хүмүүсийн дунд түлхэгдээд мөргөчихсөн юм. Тухайн үедээ бүжиглэж байгаад санамсаргүй мөргөчихлөө гэж бодоод би М ийн хос Туяа гэдэг эмэгтэй рүү харахад Туяа инээж байгаа харагдсан. Тэгээд санаанд ч ороогүй Мөнхзаяатай цаашаа бүжиглээд явж байтал гэнэт М  ирчихсэн гараараа Мөнхзаяагийн нүүр рүү цохиод авахаар нь би юу болж байна аа гэхэд М  дахин Мөнхзаяагийн нүүр лүү гараараа цохиж аваад Мөнхзаяаг унахад М  түүний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би М ийг чи хүүхэд шигээ хүнийг яаж байгаа юм бэ гэж загнахад М  тэрүүгээр нэг хашгирч байгаад гараад явчихсан. Ийм л юм болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/ Шүүгдэгч М ийн яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын “Ритм” бүжгийн клубт бүжгэнд ороод бүжиглэж байтал зүс таних Мөнхзаяа гэдэг залуу согтуугаар араас миний хөл рүү өшиглөөд мөн араас мөргөхөөр нь миний уур хүрээд Мөнхзаяагийн нүүр рүү гараараа 2 удаа цохичихсон юм. Тэгтэл хажуунаас бүжиглэж байсан хүмүүс намайг боль гэж хэлэхээр нь би тэндээс гарч явсан. ... Түүнээс хойш би Мөнхзаяатай уулзаад уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч М ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М  хохирогч Э.Мөнхзаяа нарын хооронд маргаан үүссэн бөгөөд маргаанаас үүдэж М  нь Э.Мөнхзаяаг нүүрэн тус газар гараараа цохиж шууд санаатай гэм буруугийн хэлбэрээр хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хохирогч Э.Мөнхзаяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “миний нэхэмжилсэн 90.000 төгрөгийг М  гуай хариуцан төлж барагдуулсан тул миний зүгээс одоо нэхэмжлэх зүйлгүй. М  гуайд гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгсөн тул /хэргийн 11 дүгээр хуудас/ М өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. Шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэргийн 213 дугаар талд авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М  нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ