Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00005

 

“З” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 

Зт холбогдох 

иргэний хэргийн талаар 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг 

Нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор “З” ХХК-ийн “ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Түмэнцогт сумын Зт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “ЗЗБ” ХХК-ийн захирал Л.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗЗБ ХХК нь 2014 онд Түмэнцогт суманд зам засварын ажил гүйцэтгэсэн. Энэ хугацаанд сумын Засаг даргаас гэр хороолол дахь шавар намагтай замыг тэгшилж, засуулах санал гаргасныг тус компани хүлээн авч, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Ингээд 2014 оны 06 сарын 16-ны өдөр Түмэнцогт сумын Зын даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 7000000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Бид гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэн Түмэнцогт сумын Зын дарга Ч.С холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч, тэрээр 2017 оны 07 сарын 04-нйи өдөр 01 тоот ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ дүгнэсэн тухай акт үйлдэн ЗЗБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, гүйцэтгэх ажлуудаа чанартай гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн. Үүнд ямар нэг гомдол гараагүй. Гэвч одоог хүртэл тохирсон ажлын хөлс 7000000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Төлнө гэдэг боловч санхүүгийн эх үүсвэргүй гэсэн шалтгаанаар гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Иймд Түмэнцогт сумын Заас 2014 оны 06 сарын 16-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Зын дарга Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Зын даргын хувьд хууль тогтоомжоор олгогдсон эрх нь уг асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг бүрдүүлээгүй. Тодруулбал орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл хуулиар олгогдоогүй. Захиалагч байгууллагын даргын хувьд тухайн үеийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой шийдвэрийг бүрэн гаргасан. Ийм учраас Заас гэр хорооллын гудамжийг тэгшлэх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нэхэмжлэх үндэслэл байхгүй. Тухайн үед гарсан шийдвэрүүдийг гүйцэтгэгч байгууллага бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй шалтгааны улмаас төлбөр төлөгдөөгүйг тус байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас тодруулан нэмэлт тайлбар өгч байна. ЗЗБ ХХК-ийн удирдлага нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт танилцуулж гэрээний үүргийн биелэлтээ Зын даргын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн А/45 тоот тушаалаар дүгнүүлсэн. Тухайн ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг мөн өдрийн А/44 тушаалаар томилсон. Гэтэл тухайн компани ажлын хэсэгт гүйцэтгэсэн ажлыг хүлээлцээгүй, гүйцэтгэсэн ажлынхаа гүйцэтгэлийн төсөв, нэхэмжлэлийг төрийн санд ирүүлээгүй. Энэ нь ажил хүлээлцсэн тухай ямар нэг нотлох баримт ирүүлээгүй байгаагаас харагдаж байна. ЗЗБ ХХК-аас 2015 оны 02 сарын 24-ний өдөр төлбөр нэхсэн албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт төрийн сангаас шаардаж буй баримт материалуудыг хавсаргаж ирүүлээгүй. 2015 оны 03 сарын 11-ний өдөр тус компанийн захирал Л.Этай утсаар холбогдож төлбөр ямар шалтгаанаар хийгдэхгүй байгаа талаар тайлбарлаж, шаардагдах баримтуудыг нэхсэн боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй. “ЗЗБ” ХХК нь тухайн үед 2 км хайрган хучилттай замын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох бүхий л материалуудыг бүрдүүлж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн, хүлээлцсэн акт үйлдэж, төлбөрөө авсан байдаг тул тухайн компанийн холбогдох албан тушаалтнууд тухайн ажлыг хүлээлгэж өгөхөд ямар баримт бичиг, материал бүрдүүлэх үүрэгтэйгээ мэдэж байсан. Нэхэмжлэгч байгууллага удаа дараа төлбөрөө нэхсэн боловч мөнгө байхгүй шалтгаанаар өгөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Манай байгууллагын хувьд тухайн үед төлбөрийн чадваргүй байгаагүй. 2014 оны төлөвлөгөөнд уг мөнгө төсөвлөгдсөн байсан. Баримт материал дутуу учир гүйцэтгэгч байгууллагад шилжүүлэхээр 2014 оны жилийн эцэст үлдэгдлээр үлдсэн байсан гэжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЗЗБ ХХК-ийн хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Заас 7000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шйдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь “ЗЗБ” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Талууд ажил гүйцэтгэх гэрээндээ талуудын хооронд маргаан гарвал үл маргах журмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7000000 төгрөг төлөхийг сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга нарт албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан талаарх баримт нь хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Ийнхүү удаа дараа албан бичиг илгээх, утсаар ярих зэргээр шаардлага гаргаж байсан боловч үр дүнд хүрээгүй, шаардлага биелэгдээгүй, маргаанаа шийдвэрлэж чадаагүй учраас гэрээнд тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т “... гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасныг үндэслэн Түмэнцогт сумын Засаг дарга Б.Амараад хүргүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “үлдэгдэл санхүүжилт хүсэх тухай” 017/013 тоот албан бичгээр гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж тооцон нэхэмжлэл гаргасан. Энэ гомдлын шаардлага гаргаж байсан хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд багтахгүй байтал шүүх гомдлын шаардлага гаргах хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тооцон, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж шийдвэрлээгүй учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хохироход хүрлээ. Хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсоноос захиалагч буюу Түмэнцогт сумын Зыг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц  зохих журмын дагуу хөлс төлөх үүргээс хууль бусаар чөлөөлж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг хаах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн 514 дүгээр шийдвэртэй хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Зам замын байгууламж” ХХК нь хариуцагч Түмэнцогт сумын Заас  зам засварын ажлын хөлс, татвар, материалын зардалд нийт 7000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхээс “ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

 

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, “Зам замын байгууламж” ХХК Түмэнцогт сумын Заас мөнгөө шаардсан 4 удаагийн албан бичиг зэргээс үзэхэд тус сумын З нь энэхүү албан бичгүүдэд хэзээ, ямар хэлбэрээр, хэрхэн хариу өгч байсан эсэхийг тодруулах, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх дэх эвлэрүүлэн зуучлахад хандаж байсан гэх ба энэ талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны баримтыг хавсаргах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Эдгээр нотлох баримтууд дутуу байгаагаас нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусгавар болох, тасалдсан эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “зохигчдод хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ