Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/1037

 

                                         Ж.Бт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Н.Сын өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат,  

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, А.Сандагдулам, С.Нансалмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, А.Сандагдулам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Бт холбогдох эрүүгийн 1709 02346 0838 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-н Б, 19.. оны .. дугаар сарын 7-ны өдөр .......... аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

Шүүгдэгч Ж.Б нь бодит бус үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Н.Сыг хуурч, түүнээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5069236373 дугаартай өөрийн дансаар 50.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны 30050004249 дугаартай У.Ганцэцэгийн дансаар 100.000.000 төгрөг, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5029595737 дугаартай У.Ганцэцэгийн дансаар 20.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Лхагвасүрэнгээр дамжуулан 50.000.000 төгрөг бэлнээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Голомт банкны 2705014461 дугаартай Д.Ариунжаргалын дансаар 100.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжпийн банкны салбараас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Худалдаа хөгжпийн банкны 457044470 дугаартай Д.Ариунжаргалын дансаар 100.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5025607396 дугаартай Ц.Лхагвасүрэнгийн дансаар 50.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Хаан банкны 5166066046 дугаартай өөрийн дансаар 18.000.000 төгрөг буюу нийт 488.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Быг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ж.Баас нийт 333.654.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ст олгож, хэрэгт прокурорын зөвшөөрлөөр Ж.Бын өмчлөлийн Ү-2204017955 дугаартай Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамжны 101 тоот хувийн сууц, Ү-2204017955 дугаартай Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамжны 101 тоотод бүртгэлтэй газар эзэмших эрх, Ү-2201027410 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гудамж, зуслангийн газар эзэмших эрхийн захиран зарцуулах болон шилжилт хөдөлгөөнийг тус тус түдгэлзүүлснийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн залилах гэмт хэргийг намайг зохиомол буюу бусдын итгэл үнэмшлийг ашиглан хохирогчоос олон удаагийн давтамжтайгаар буюу үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний мөнгө залилан авсан гэж прокурор ялласан. Гэтэл хохирогч Н.С бид хоёрын хийсэн аман гэрээ нь жинхэнэ ажил хэргийн гэрээ байсан. Тухайн гэрээ нь 2014 оны сүүлээр “Б ган” ХХК-ийн захирал Б миний бие Өвөрмонголын Бугат хотын “Huinuo” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж 130.000 тонн арматур төмөр буюу 170 тэрбум  төгрөгийн өртөгтэй дэлхийн стандартад нийцсэн 68 давхар өндөртэй барилгад хэрэглэгдэх маш сайн чанарын арматур төмрийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа эхлэхээр болж өөрийн боломжоо ашиглан санхүүгийн асуудлаа шийдэхээр болсон. Ингээд урьдын олон жилийн харилцаатай ажилладаг Хас банкинд хандаж 1 тэрбум төгрөгийн аккредитив зээл /514.000 ам.доллар/ 500.000.000 төгрөгийн шугамын зээл, мөн үүн дээр гэрээний баталгаа болгож байрлуулахаар 1.000.000 юань буюу 330.000.000 төгрөгийн нэмэлт санхүүгийн шаардлагатай болж уг мөнгөний асуудлыг шийдэхийн тулд С-т хандсан юм. Н.С надад баяр хүргэж, ... миний санал болгосон санхүүжилтийг дэмжин хөрөнгө оруулалт хийхээр болж 1 тэрбум төгрөг бол арай боломжгүй байна, харин Алтан тариа ХХК-иас мөнгө орж ирнэ, тэрнийг надад өгөхөөр тохиролцсон. Харин мөнгө цуварч орж ирнэ шүү гэж хэлсэн, би зөвшөөрч 2014 оны 10 дугаар сараас эхлэн уг санхүүжилтийг хийж эхэлсэн бөгөөд “Алтан тариа” ХХК-иас цувуулж авсан мөнгөө зөвхөн энэ гэрээнд зориулсан хөрөнгө оруулалт байсан гэдгийг манай компанийн нягтлан Ариунжаргалын мэдүүлэгт тодорхой бичигдсэн. Манай компани Хятадын компанитай гэрээ хийх үед Монголын зах зээл дээр арматурын үнэ 2015 оны байдлаар 115.000-120.000 төгрөгийн ханштай байсан бөгөөд гэрээ дөнгөж эхлээд явж байх үеэс эхлэн арматурын үнэ унаж эхэлсэн. Учир нь манай компанийн хятадтай гэрээ хийсэн үнэ маш өндөр байсан. Гэрээн дундуур Монгол, Хятад хүмүүс ил далд оролцож, арматурын үнийг зохиомлоор унагаж хийсэн гэрээнээс их хэмжээний алдагдалтай болж эхэлтэл 2015 онд Монголд санхүүгийн хямрал болж барилгын салбарт нөлөөлж, энэ байдал нь манай компанийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлж, алдагдалд орж эхэлсэн тул гэрээг манай компанийн хүсэлтээр зах зээл сайжиртал түр зогсоохоор болсон. Энэ мэт шалтгааны улмаас Хас банк болон мөн С-с авсан зээл, хүү төлөлтөд доголдол үүсч, улмаар Хас банкинд барьцаанд тавьсан бүх үл хөдлөх, хөдлөх хөрөнгөө хураалгаж эхнэр хүүхдүүдтэйгээ хамт өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй үлдэж хүнд байдалд орсон. С-с авсан мөнгөө бага боловч төлөхийн тулд сэтгэл гарган компаниас үлдсэн эд хөрөнгө бараа материал 20.000.000 төгрөг зэрэг нийт 154.345.200 төгрөгийн хохирол буюу гуравны нэгийг нь төлсөн. Цаашид хохирлоо төлж барагдуулахын тулд Хас банкинд барьцаанд тавьсан эд хөрөнгийнхөө асуудлыг шийдэж мөн хил нээгдэж Хятад улсаас ирэх гэрээний ажил дуусаж, ах дүү нар болон бусад  хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр өр төлбөрөө төлж, Н.Сын хохирол төлөх хугацааг наашлуулж, 4 жил хорих ялаас багасгаж өгнө үү. Би одоо 52 настай, зүрхний шигдээс өвчтэй, улаан хоолойн эвэрхий өвчтэй бөгөөд нарийнтах магадлал маш өндөртэй, мөн 80 гарсан ээжийгээ асарч, хамт амьдардгийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч О.Оюунчимэг, А.Сандагдулам нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Өмгөөлөгч бид шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/653 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Өмгөөлөгч нарын зүгээс Ж.Бын үйлдсэн гэмт хэрэгт шүүхэд мэтгэлцэх зарчмын үүднээс 2 саналыг гаргаж оролцсон.

  1. Ж.Б нь хохирогч Н.Саас ... түүнд учруулсан хохирлыг зээлдэх замаар авсан бөгөөд залилах санаа зорилго... байгаагүй, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.

             2. Хэрвээ шүүх Ж.Быг шүүх гэм буруутайд тооцвол Ж.Б анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын хамгийн бага буюу 2 жилийн хорих ял оногдуулах зэрэг саналыг гаргаж оролцсон.

Ж.Б болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлдэг, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд саад учруулаагүй, ар гэрийн хувьд ам бүл 1, өөрийн төрсөн ээж нь Ж.Бын асрамжид байх зайлшгүй шаардлагатай байна.

Шүүх хуралдаан Монгол Улсын нэрийн өмнөөс явагддаг, шүүгч өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн 2 дахь санал буюу тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн бага буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж Ж.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон гэм буруугийн талаар буюу залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын зээлийн гэрээ байсан гэсэн үндэслэлээр маргасан. Гэхдээ анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоны дараа шүүхийн шийдвэрийг хүндэтгээд өмгөөллийнхөө үгийг хэлсэн. Ж.Б хоригдсоноос хойш нэлээн хэдэн удаа очиж уулзахад гэм буруугийн талаар маргахгүй тул оногдуулсан ялаас хасуулах талаар ярилцаж тохиролцсон. Ж.Б өөрийнхөө гэм бурууг ухамсарлаж байгаа бөгөөд уг асуудлын улмаас гэр бүлийнх нь хүн болон хүүхдүүд нь орхиод явсан. Мөн Хас банкны зээлийн өр нэхэгдэж, сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Өндөр настай ээж нь хүүхдээ хоригдсон гэдгийг мэдэхгүй хүлээж байгаа. Ж.Бт 2 жилийн хорих ял оногдуулбал хохирогчийн хохирол төлбөрийг төлөх боломжтой бөгөөд энэ нь хохирогчийн эрх зүйн байдалд эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Иймд Ж.Бт оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гомдол болон өөрийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Ж.Б нь 2000 оноос эхлээд ходоод улаан хоолойн сөргөө өвчний улмаас байнгын эмчийн хяналтад орсон. 2014 онд өвчин нь хүндэрсэн учраас мэс ажилбарт орох шийдвэр гарсан боловч хүндрэл гарч болзошгүй шалтгаанаар одоог хүртэл хагалгаа хийлгэж чадаагүй. Энэ өвчний улмаас зүрх нь өвддөг болсон. Иймд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү. Ж.Б нь тухайн үеийн нөхцөл байдал, үйл баримтын талаар маргадаггүй боловч сэтгэлдээ гомдол тээсэн асуудал байдаг. С-г залилах санаа зорилго байгаагүй гэдгээ хэлдэг. Ял шийтгэлийг багасгаж өгөөч гэсэн саналаа дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч С.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…   Ж.Бын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын хамтран ажиллах гэрээний маргаан бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээ гэж үзэхээр байна. Хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байдаг. С*т хамтран ажиллах санал тавих үедээ Ж.Б нь БНХАУ-ын Бугатын төмрийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, батлан даалт болгож Хас банкнаас 514.000 ам.доллар буюу 900.000.000 төгрөгийн актив данс нээлгэсэн. Гэрээний барьцаа болгож тодорхой мөнгөн хөрөнгүүдийг Бугатын төмрийн үйлдвэрийн дансанд байршуулсан зэргээс харахад тухайн үед хийгдэж байсан бодит үндэслэлтэй гэрээ юм. Арматурын төмрийг оруулж ирэхээр бодит нөхцөлийг бүрдүүлээд үйл ажиллагаагаа явуулж байсан. Банкны зээлийн хүү, зээлийн шимтгэл алданги, зээлийг ам.доллараар тооцсон. Ам.долларын ханшийн зөрүү арматурын ханшийн уналт зэргээс болоод бизнесийн эрсдэлд орсон. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Ж.Бын үг, үйлдэлд С хууртагдсан гэдэг. Гэтэл С-аас 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 470.000.000 төгрөг авсан. Энэ үедээ буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бугатын төмрийн үйлдвэртэй хэлэлцээр хийж, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэрээ байгуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 юанийг тухайн байгууллагын дансанд байршуулсан. Ж.С-г төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Ж.Быг анхан шатны шүүх өөрийн компанийн үйл ажиллагаа, санхүүгийн эдийн засгийн байдал, бодит мэдээллийг нуусан гэж дүгнэсэн. Хас банк нь ямар нэгэн өрөнд орсон, эдийн засгийн хямралд орсон хүнд энэ их хэмжээний мөнгийг байршуулахгүй. Ж.Б нь Бугатын төмрийн үйлдвэрээс 500.000 юанийн авлагатай болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. 2014-2015 онд тодорхой хэмжээний буюу 154.375.200 төгрөгийг С-т буцааж өгснөөс харахад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй нь харагддаг. Ж.Б нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад хохирол учруулсан учраас хохирлыг төлөх нь зүй ёсны асуудал. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх иргэний маргаан юм. Иймд Ж.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор зохицуулагдсан. Ж.Бын үйлдэл нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Тэгэхээр 5 жилийн хугацаа нь 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрийн тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтойг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Хохирогч Н.Сын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Ж.Бын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 488.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар, залилан авсан нь мөрдөн байцаалтын шатанд хөтөлбөргүй тогтоогдсон. Залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Анхан шатны шүүхээс Ж.Быг үйлдсэн гэмт хэрэг, бусдад учруулсан хор уршиг, нөхцөл байдлыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тэрээр хохирол төлөх талаар ямар нэгэн санал, санаачилга гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Хохирогч Н.Сын өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Чинбат өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ж.Б нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Ж.Б нь Н.Стай ижил төрлийн бизнес эрхэлдэг байсан. Тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2014 оны 10 дугаар сараас эхлээд 8 удаагийн үйлдлээр 488.000.000 төгрөг авсан. Мөн бусдаас мөнгө авах үедээ “Б ган” ХХК нь санхүүгийн Х тайлан гаргаж байсан нь тогтоогдсон. Бусдад их хэмжээний өр зээлтэй байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Гантуяа, Мөнхзул, Сарантуяа нарын мэдүүлгээр тогтоогдсон. Банкны дансны хуулга, мөн Лхагвасүрэн, Ариунжаргал, Ганцэцэг нарын дансаар авсан мөнгөтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан... Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг барагдуулах санаачилга гаргаж байгаагүй. 2014 оны 10 дугаар сард мөнгө авч эхлэх үед “Б ган” ХХК-ийн санхүүгийн байдал доголдсон байсан гэдгийг Ариунжаргал гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Ж.Бын хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах сэдэл нь мөнгө авсан үеэс үүссэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл хугацаанд тоологдох ёстой. Хуулийг буцаан хэрэглэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэж байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь бодит бус үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Н.Сыг хуурч, түүнээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5069236373 дугаартай өөрийн дансаар 50.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны 30050004249 дугаартай У.Ганцэцэгийн дансаар 100.000.000 төгрөг, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5029595737 дугаартай У.Ганцэцэгийн дансаар 20.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Лхагвасүрэнгээр дамжуулан 50.000.000 төгрөг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Голомт банкны 2705014461 дугаартай Д.Ариунжаргалын дансаар 100.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжпийн банкны салбараас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 457044470 дугаартай Д.Ариунжаргалын дансаар 100.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5025607396 дугаартай Ц.Лхагвасүрэнгийн дансаар 50.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Хаан банкны 5166066046 дугаартай өөрийн дансаар 18.000.000 төгрөг буюу нийт 488.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Сын “... Ж.Б нь 2014 онд “хятадуудтай хамтарч арматур төмөр оруулж ирэхээр боллоо, надад мөнгөний хэрэг гараад байна, 1 тэрбум төгрөг өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “тийм их мөнгө байхгүй ээ, “Алтан тариа” ХХК-иас орж ирж байгаа мөнгөнөөс авбал ав” гэж хэлээд мөнгө шилжүүлж өгсөөр байгаад 480.000.000 төгрөг болчихсон. Тэгж явсаар байгаад 2015 оны 5, 6 дугаар сарын үеэр надаас 18.000.000 төгрөг дансаар аваад алга болсон. Тэрнээс хойш зугтаагаад холбоо барихаа больсон. ... Ямар нэг гэрээ байхгүй, амаар ярилцаад итгэлцлийн үндсэн дээр мөнгөө өгч байсан. Надтай утсаар яриад энэ дансанд хийчих гээд данс руу хийлгэдэг. ... Өөрийнхөө данснаас гадна Ариунжаргал, Ганцэцэг гэж хоёр хүний дансаар надаас мөнгө авч байсан. ... Бид хоёр нөхөрлөж байсан хүмүүс, надад ямар нэгэн гэрээ хэлцэл үзүүлээгүй, зөвхөн өөрийнх нь ярьсан зүйлд нь итгээд мөнгө өгсөн. ... Нийт 488.000.000 төгрөг өгсөн. ...” /1 хх 33-38/,

гэрч Ц.Л-н “... Би Б гэх хүний “Б ган” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан. Ганцэцэг, Ариунжаргал нарыг танина. Манай компанид Ганцэцэг нь менежер, Ариунжаргал нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. С гэдэг хүнийг танина. ... Би тухайн үед “Б г” ХХК-д ажилладаг байсан ба миний данс руу 50.000.000 төгрөг С гэж хүнээс шилжүүлсэн. Миний хувьд дээрх мөнгөнөөс хувьдаа авсан зүйл байхгүй. 2015 оны 1 дүгээр сарын үеэр С гэж хүнтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100 орчим уулзаад бэлнээр мөнгө авч байсан. Энэ мөнгийг аваад захирал Б-т аваачиж өгсөн. Б захирал надаас авсан 100.000.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 59-61/,

гэрч У.Г-н “... Би “Б ган” ХХК-д анх 2011 онд кассын няраваар ажилд орсон. ... Энэ үеэр захирал Б надтай хамт яваад хүнээс 100.000.000 төгрөгийг миний Голомт банкны 3050004249 дугаартай дансаар авсан. Би өөрийн дансны хуулгаа шүүж үзэхэд Н.С гэх хүнээс барааны үнэ гэж шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг би тухайн үед захирал Б-т данснаас гаргаад бэлнээр өгсөн байна. ... Уг мөнгийг захирал Б юунд зарцуулсныг мэдэхгүй байна. ...” /1 хх 63-64/, 

гэрч Д.А-н “... Би “Б ган” ХХК-д 2021 оны орчим гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оноос эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Уг компани нь төмрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Миний хувьд энэ мөнгөний талаар тодорхой санахгүй байна. Би Худалдаа хөгжлийн банкинд 457044470 тоот данс эзэмшдэг юм. Энэ дансны хуулгыг харахад 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр С-с Б-т гэсэн утгаар 100.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн байна. Би уг мөнгийг маргааш нь банк ороод бэлнээр гарган аваад “Б ган” ХХК-ийн орлого болгож оруулсан байна. Мөн би Голомт банкинд 2705014461 тоот дансыг эзэмшдэг юм. Энэ дансаар 100.000.000 төгрөг орж ирсэн талаар санахгүй байна. ...” /1 хх 67-68/ гэх мэдүүлгүүд,

Банкуудын дансаар мөнгө шилжүүлж байсан талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд /1 хх 46-49/,

Ж.Бын Хаан банкны дансны хуулга /1 хх 149-177, 2 хх 55/,

У.Ганцэцэгийн Голомт банк дахь дансны хуулга /1 хх 65-66/, мөн түүний Хаан банк дахь 5029595737 дугаартай дансны хуулга /2 хх 53/,

Д.А-ын Худалдаа хөгжлийн банкны дансаар орж ирсэн Сүхээгээс 100.000.000 төгрөг гэх “Б ган” ХХК-ийн нябо кассын орлогын баримт /1 хх 69/,

Д.А-ын Голомт банкны 2705014461 дугаартай дансны хуулга /2 хх 178-181/,

Ж.Б-ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 50-51/, Ц.Лхагвасүрэнгийн Хаан банк дахь 5025607396 дугаартай дансны хуулга /2 хх 54/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч нараас “... анхан шатны шүүхээс Ж.Бт оногдуулсан хорих ялыг багасгаж, 2 жилийн хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинжид тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд хуульд заасан тохирох зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох ёстой.

Шүүгдэгч Ж.Бын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд урьдын бизнесийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Н.Саас идэвхтэй үйлдлээр 488.000.000 төгрөгийг бусдын буюу Д.Ариунжаргал, Ц.Лхагвасүрэн, У.Ганцэцэг нарын банкны дансаар шилжүүлэн авч байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн ямар үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. 

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 20ы өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, А.Сандагдулам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР