Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 216/МА2020/00004

 

Н.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Н, иргэний хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Н.Б холбогдох 1717000920092 дугаартай 4 хавтас 929 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо 17-10 УНТ улсын дугаартай Нyundai Truck маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д заасан “Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн 6.3.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй нь мөн, дүрмийн 1.5 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөний улмаас 28-04 УНЛ улсын дугаартай Тоёото Приус 20 маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, Тоёото Приус 20 маркын тээврийн хэрэгсэлд 5 930 000 төгрөгийн хохирол, зорчигч Т.С, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Т.Л, С.А, Т.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн Н Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Б оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдан ирсэн Дашваанжил газын колонкийн зүүн талаар өнгөрдөг засмал замын хяналтын камерийн бичлэгээс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 13 минут 14 секундээс 14 цаг 28 минут 05 секундийн хоорондох бичлэгийг АNGTE гэсэн бичиглэл бүхий 5 ширхэг DVD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгч Н.Б В,С,D,Е ангилалын 263781 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, шүүгдэгч Н.Б хорих ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Н миний бие шүүгдэгч Н.Б өмгөөлөгчөөр түүний хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 106 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 5 жилийн хорих ялаар шийтгэснийг бид эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Энэ харамсалтай үйл явдлын улмаас 3 хүний эрдэнэт амь нас эрсэдсэн явдалд хувь хүнийхээ хувьд гүнээ эмгэнэж байна. Миний давж заалдах гомдол 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг бол шүүхээс хэрэг цугларсан нотлох баримтыг үнэлсэн байдлын талаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгнө. 2-рт хууль тогтоомжийн хэрэглээний зөрүүтэй байдлын талаар мөн үндэслэл байр сууриа илэрхийлнэ. Нотлох баримтын талаар зам тээврийн ослын хамгийн гол нотлох баримт болох осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр /хх-28/ дугаар талд байгаа “Нyundai  Truck” маркийн машины ард зогсож байсан “Тоуота лексус-570” маркийн 43-80 УНД дугаартай автомашин, мөн ард нь зогсож байсан Кантер маркийн 97-51 УНС дугаартай автомашиныг огт дүрслэн тусгаагүй байдаг. Энийг бол та бүхэн хэрэгт байж байгаа та бүхэн харсан байх. Миний өөрийнхөөр бол осол гарсан газар ийм зураг үйлдэгдэх ёстой байсан юм. Шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй өөрийнхөө ярьж байгаа зүйлийг бодитойгоор дүрслэж харуулахын тулд та бүхэнд ийм зурагыг үйлдэж ирүүлсэн юм. Б ослын тэмдэг байхгүй  байсан тул гэрч Д.Б “Нyundai  Truck” маркийн 17-10 УНТ дугаартай автомашины баруун хойд талд Кантер маркийн 97-51 УНС маркийн автомашиныг давхар байрлуулан ослын дохионы гэрлийг асаасан гэж мэдүүлээд байдаг. Энэ үйл баримт нь “Осол, хэргийн газрын үзлэгээр илэрсэн тэмдэглэлд 17-10 УНТ улсын дугаартай автомашины ар талд нь 97-51 УНС улсын дугаартай Кантер маркийн автомашин аваараа асаасан байдалтай зогсож байв гэж мөрдөгчийн тэмдэглэснээр, мөн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Д авч хэрэгт хавсаргасан гэрэл зургаар нотлогдож баталгаажсан байгаа. Кантер маркийн 97-51 УНС дугаартай автомашиныг осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр дүрслээгүй алдаагаа засах зорилгоор мөрдөгчид осол гарснаас хойш 4 сарын дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ослын газарт очиж, ослын газарт нөхөн үзлэг хийсэн схем зураг гээч маш эргэлзээтэй нотлох баримтыг үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Энэ схем зураг дээрээ Нyundai Truck машины баруун талд зэрэгцээ байрлалтайгаар автомашин бололтой дүрс зурсан байдаг. Энэ яг юү болох, хэрэв автомашин бол ямар маркийн, ямар дугаартай тээврийн хэрэгсэл болохыг хоёр өөр мэдүүлэг өгсөөр ирсэн цагдаагийн албан хаагч Д.Ө энэ хажууд дүрсэлсэн дөрвөлжин бол Кантер маркийн машин юм гэдгээс өөр хэн ч энэ үйл баримтыг гэрчилж ярьдаггүй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байна. Мөрдөгчид анхны осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг нөхөж хийхээр шийдвэрлэсэн бол тухайн зам тээврийн осол гарах үед байсан бүх оролцогчид, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулж байж хийгээгүй нь эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт гэж үзнэ. Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын явцад ойртож очоод том оврын ачааны машин байгааг харсан. Жижиг шатахууны машин аваараа асаасан байсан. 17-10 УНТ улсын дугаартай ачааны автомашины ар талд жижиг шатахууны машин аваараа асаагаад зогссон байсан болохоор алсаас юм харагдахгүй байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх энэ мэдүүлгийг үнэлээгүй нь хардлага төрүүлж байна. Д.Ө шүүх хуралдаанд өмнө өгч байсан гэрчийн мэдүүлгүүдээсээ эргэлзээтэй байдлаар буцсан. Мэдүүлгээсээ буцсан шалтгаанаа би андуурсан байна лээ гэж тайлбарласан. Хэрэв хэн нэгэн гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж үзвэл гэрч Д.Ө л мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Хууль хяналтын байгууллагад санаатайгаар худал мэдүүлэг өгсөн хэргээр бид гэрч Д.Ө шалгуулах гомдлоо бэлдэж байна. Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамын 5.3-т зам тээврийн ослын газарт хүрэлцэн очсон цагдаагийн алба хаагч хэргийн газрыг бүхэлд нь буюу хамгаалалтын бүсийг тогтоон тээврийн хэрэгслийн тоормосны мөр, бусад нотлох баримтыг бүдгэрэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд будагч бодис ашиглан тэмдэглэж авах ажиллагааг хийнэ гэж заасан байна. Хэргийн газар хамгийн түрүүнд очсон цагдаагийн албан хаагчид Д.Ө, С.Д нар хэрэг, ослын газрыг хамгаалалтад авч, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байх бөгөөд тэр үед Кантер маркийн 97-51 УНС дугаарын автомашин Нyundai Truck автомашины ард зогсож байгаа нь зам тээврийн ослын дүр зургийг бүрэн өөрчлөхөөр харагдаж байна. Ер нь энэ хэрэг анхны мэдүүлгээсээ буцаж өөр мэдүүлэг өгч эхэлсэн Д.Ө мэдүүлэг дээр л тулгуурлаж яллаж байгаа гэж бид үзэж байгаа юм. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр  Нyundai Truck маркийн машины урд зогсож байсан Тоуота лексус-570 маркийн 43-80 УНД дугаартай автомашин, мөн хойно нь зогсож байсан Кантер маркийн 97-51 УНС дугаартай автомашиныг огт дүрслэн тусгаагүй тул 5 удаагийн шинжээчээр ажилласан шинжээчид хэн нь ч Кантер маркийн машины байршлын талаар дүгнэлтэндээ тусгаагүй байдаг. Шүүх хуралдааны асуулт хариултын үе шатанд өмгөөлөгч миний бие замын цагдаагийн шинжээчдээс “хэрэв  Нyundai Truck маркийн автомашины хойно буюу ард нь Кантер маркийн автомашин зогсож байсан бол ослын дүгнэлт өөрчлөгдөх үү гэж асуухад шинжээч Э хэрвээ Кантер маркийн автомашин ард нь зогсож байсан гэж үзвэл яг ямар байрлалтай, хэдэн метрийн зайтай зогсож байснаас шалтгаалаад шинжээчийн дүгнэлтэнд өөрчлөлт орох бүрэн магадлалтай. Шинжээч Э хэрвээ гэж асууж байгаа бол хэрвээ  Нyundai маркийн автомашины ард талд Кантер маркийн автомашин зогсож байсан бол приус 20 маркийн автомашин магадгүй Кантер маркийн автомашиныг мөргөх байсан байж магадгүй урд нь буюу дунд нь зогсож байсан машин осолд холбогдохгүй байх боломжтой гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл ослын газрын бодит байдлыг үнэн, зөв тусгаж бүдүүвч схем зургыг үйлдсэн бол шинжээчдийн дүгнэлт өөрөөр гарч, гэм буруугийн асуудал ч өөрчлөгдөх магадлал маш өндөр байгаа юү. Шүүх хуралдааны явцад улсын яллагч хүртэл ослын нөхцөл байдалд эргэлзсэн гэж би ойлгосон. Учир нь улсын яллагч шинжээчийн Э Нyundai Truck маркийн автомашины ард талд Кантер маркийн автомашин зогсож байсан бол приус 20 маркийн автомашины жолооч Картер маркийн автомшиныг мөргөхгүйгээр урд нь зогсож байсан  Нyundai Truck маркийн автомашиныг мөргөх боломжтой юү гэж асуусан үүнд шинжээч Э энэ бол тухайн тохиолдлоос болно. Кантер маркийн машин ард нь зогсож байсан бол олон хувилбар ашиглагдана ташуу зогсож байсан уу урьд нь зогсож байсан уу яг ард нь зогсож байсан уу баруун талд нь шахаж зогсож байсан уу эсвэл хойд талд нь захлаад хөвөөн дээр зогсож байсан уу гээд олон асуудлыг нарийн тогтоосны дараа хариулах боломжтой гэж үзсэн бид бас энэ асуудлын нарийн шалгуулах естой гэж үзэж өмнө удаа дараа хүсэлт тавьсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, шүүхийн байгууллага хүлээж аваагүй. Яллах дүгнэлтийн гол нотлох баримт нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт болж байгаа юм. Уг 189 дугаартай дүгнэлтэд Н.Б нь тээврийн хэрэгсэлээ зайлшгүй зогсолт зогсолтын улмаас зогсоожээ. Энэ тохиолдолд мөн дүрмийн 6.2.б-д заасан түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг асаах ёстой байсан уг осол гарах үед Нyundai Truck маркийн 17-10 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн хойд дохионы гэрлүүд асахгүй байгаа, уг эвдрэл, гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №1424 дүгнэлтийн 1, 5 дахь хариултад тусгасан байна. Н.Б жолоодож явсан Нyundai Truck маркийн автомашин үнэхээр зайлшгүй ослын зогсолт хийсэн нь шинжээчийн 189 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Хүнд даацын автомашиныг зорчих хэсгээс зайлуулах боломжгүй байсан тул Н.Б замын хөдөлгөөний дүрмийн 6.2.б-д түр зогсохыг хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн үед мөн 6.3.в-д “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын тохионы гэрлийг хэрэглэнэ”  заасны дагуу дүрмийн заалтыг баримталж ослын дохионы гэрлүүдийг асаасан байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн 2019/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч Г.Ц гаргасан №1424 дугаартай дүгнэлтийн гэрлийн чийдэнгийн потрол утас нь тасарсан, чийдэнгийн гэрэл нь фотроноосоо салж хөндийрсөн, зай завсраар нь шороо мэт зүйлээр бохирлогдсон шинж тэмдэгтэй байсан. Энэ шинж тэмдэг нь богино хугацаанд үүсэхгүй гэсэн дүгнэлтийг үндэслээд Н.Б жолоодож явсан Нyundai Truck маркийн 17-10 УНТ дугаартай автомашины зүүн хойд гэрлүүд ослын өмнө эвдэрсэн, асахгүй байсан гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт үндэслэлгүй байна. Осол 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон. Харин №1424 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Г.Ц нь Нyundai Truck автомашинд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд очиж үзлэг хийсэн байдаг. Осол гарснаас хойш 3 сар гадаа, хашаанд, цас, салхи, элс шороон дунд байсан тээврийн хэрэгслийн хойд гэрэл ослын өмнө ажиллаж байсан эсэх талаар дүгнэлт хийх ямар ч боломжгүй юм. Орчин цагийн шинжлэх ухааны арга, аргачлалаар тайлбарлах боломжгүй №1424 дүгнэлтийг үндэслэж миний үйлчлүүлэгчийн жолоодож явсан Нyundai Truck автомашины хойд ослын гэрэл асахгүй байсан гэж дүгнээд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэмээн гэм буруутайд тооцож байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Шинжээч томилон, дүгнэлт гаргуулж байгаа нь тусгай мэдлэгийг нь ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэг явдлын үнэн зөвийг олж тогтоох гэсэндээ л туслалцаа авч буй хэрэг. Гэтэл шинжээчийн №1424 дугаартай дүгнэлтээс шинжлэх ухааны ямар ч үнэр ханхлахгүй байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолд хэрэг болох үед шүүгдэгч Н.Б хамт явж байсан гэрч М.Ж, Д.О, Д.Б нар  Нyundai Truck маркийн 17-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ямар нэгэн байдлаар гэмтэлтэй байсан талаар мэдүүлээгүй байх тул №1424 дугаартай дүгнэтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй байна гэжээ. Энэ бол шүүгчийн зүгээс бичиж буй гүтгэлэг гэж үзнэ. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.О, Д.Б нар Нyundai Truck маркийн 17-10 УНТ улсын дугаартай автомашины зүүн хойд талын гэрэл хэвийн асаж байсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэж болно. Гэрч Д.О, Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд аль аль нь Н.Б гэм буруутайг тогтоосон мэдүүлэг биш юм. Харин ч цагаатгах, гэм буруугүйд тооцох ач холбогдолтой мэдүүлгүүд юм. Гэтэл Д.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн осол гарах үед миний жолоодож явсан 97-51 УНС улсын дугаартай Кантер маркийн автомашин аваараа асаагаад Б ахын Нyundai Truck 17-10 УНТ улсын дугаартай автомашины ар талд зогсож байсан юм гэсэн мэдүүлэг, мөн Д.О мэдүүлгийг шүүгч Т.Э мэдүүлгүүдийг, мэдүүлэг нь эргэлзээтэй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно гэсэн байдаг. Энэ дүгнэлтийг бид огт ойлгоогүй. Юу нь эргэлцээтэй, яагаад эргэлзээтэй гэдгийг шүүхийн тогтоолд тайлбарлаагүй байна. Тэгвэл хоёр өөр мэдүүлэг өгснийгөө би андуурсан байна гэж хэлээд зогсож байгаа гэрч Ө мэдүүлэг шүүгчид яагаад эргэлзээ төрүүлэхгүй байна вэ?  Яагаад заавал шүүгч яллах талыг баримтлах болов шүүгч Т.Э өмнө нь прокуророор ажиллаж байсных нь яллах дадал зуршил нь түүнийг ийн үндэслэлгүй дүгнэлт хийхэд нөлөөлөв үү? Гэдэг асуулт бүгдэд нь нээлттэй хэвээр үлдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 3-т Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг  магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гэдэг нотлох баримтыг шүүх өөрөө тал бүрээс нь шалгаж, хянаж үзэж дүгнэлт гаргана гэсэн үг. Харамсалтай нь шүүгч Т.Э нотлох баримтуудыг бодитоор үнэлж, дүгнэлт хийж чадсангүй. Хууль тогтоомж, хэм хэмжээний актын хэрэглээний талаар дараах байр суурийг илэрхийлнэ. Шүүгч миний үйлчлүүлэгч Н.Б Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд мөн в харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдэгийг хэрэглэнэ гэснийг биелүүлээгүйн улмаас осол гаргасан гэм буруутай хэмээн дүгнэсэн. Бид үүнтэй санал нийлэхгүй байна. Мөн энэ Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т осолын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Б түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед, В харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, г жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед, е тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд гэж тус тус заасан байна. Харин Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т ослын зогсолтын тэмдэгийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын тохионы гэрэл нь ажиллахгүй буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл  Нyundai Truck маркийн автомашины хойд оврын гэрлүүд бүрэн бүтэн асаж байсан, мөн Нyundai Truck маркийн автомашины хойно буюу ард нь Кантер маркийн 97-51 УНС дугаартай автомашин зогсоод хойд ослын дохионы гэрлүүдээ асаасан байсан болох нь хэрэгт авагдсан фото зургууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд энэ тохиолдолд зүйлшгүй ослын тэмдэг тавих шаардлаггүй болохыг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б/ заалт нотолж байна. Шүүгч үйл баримт, нотлох баримтуудыг бодитоор үнэлж чадаагүйгээс Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Тоуота Приус-20 маркийн 28-04 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач жолооч С.А үйлдлийг прокурор яллах дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ийн Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж тусгаж өгөөд байхад шүүгч энэ үйлдэлд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Н.Б гэм буруутайд тооцох нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн эсэхэд тайлбар, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Шинжээч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ, мөн шүүх хуралдаанд Тоуота Приус-20 маркийн машины жолооч маш өндөр хурдтай явсан учраас ослоос сэргийлж чадаагүй. Тулсан саадыг хараад аюул ослыг зайлуулах гэж зүүн гар тийш дараад машиныхаа баруун хэсгээр Нyundai Truck маркийн машины зүүн хойд хэсгийг мөргөж осол гаргасан. Хэрвээ Тоёото Приус-20” маркийн машины жолооч урд байгаа саадыг огт хараагүй бол түүний жолоодож явсан машин Нyundai Truck маркийн машины шууд араас нь орж мөргөх байсан юм гэж мэдүүлдэг. Шинжээчийн энэ дүгнэлтийг ч шүүх ойшоогоогүй. Ял шийтгэлийн тухайд шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Н.Б хувьд буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэж үзэн ял шийтгэлийг хүндрүүлж оноосныг буруу гэж үзэж байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Н.Б  энэ гэмт хэрэгт өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа ч хүн чанарынхаа үүднээс ийм харамсалтай осол болсонд эмгэнэж өөрийн болон комданийн зүгээс 47 сая төгрөгийг талийгаачдын ар гэрт өгсөн байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэнгүй. “Тоёото Приус -20” маркийн 28-04 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.А Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ийн “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үйлдлийг Н.Б ял шийтгэл оногдуулахдаа мөн харгалзан үзсэнгүй. Шүүхээс Н.Б үндэслэлгүйгээр өндөр ял оноосон гэж үзэж байна. Шүүх хэргийн бодит байдалтай илт нийцээгүй шинжээчийн дүгнэлт, эргэлзээтэй гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэр гаргаснаас болж миний үйлчлүүлэгчид өндөр ял шийтгэл оноолоо. Бид шүүхийг зөвхөн эрүүгийн эрх зүйн үнэн мэдлэгт үндэслэж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөв ойлгон тайлбарлаж хэрэглэх байх гэж найдаж байсан маань талаар болсон юм. Хэрэг учралын бодит байдал, дээр дурьдсан үндэслэл, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас энэхүү харамсалтай зам тээврийн осол болсон гэж үзэж боломжгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Иймд давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын 1.1, 1.3 дахь хэсэг тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Н.Б гэм буруугүйд тооцож өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Үнэхээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Н.Б гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байгаа тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тохиолдолд миний үйлчлүүдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй санал нэгтэй байна гэв.

Иргэний хариуцагч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б миний бие энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд хувийн эрүүл мэндийн улмаас оролцож чадаагүй. Тиймээс өнөөдрийн шүүх хуралд оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлэх хүсэлтэй байна. Тухайн хэрэг гаргах үед би хэргийн газарт байсан.  Би 43-80 УНД Lexus  маркийн автомашинтай явж байсан юм. Хэрэг болох үед байсан хүний хувьд өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд явагдсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар өөрийнхөө үндэслэл дүгнэлтээ хэлье гэж бодож байна. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эсэргүүцэж байгаа. Хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Хэрэг гарсан үеэс эхлээд би прокурор, мөрдөгч нарт олон удаа хүсэлт тавьсан боловч хэзээ ч бидний энэ хүсэлтийг хангаж байгаагүй. Мөн бид шинжээч томилсон тогтоолоо танилцуулаач гэж маш олон удаа хүсэлт гаргасан боловч танилцуулаагүй. Нуух аргаар явуулж байсан гэж үзэж байна. Энэ хэргээс болоод манай компани дампуурсан. Хэрэг болсны дараа 12 дугаар сарын 10-ны өдөр машиныг журмын хашаанд хийсэн. Түүнээс хойш үзлэг хийнэ гээд 70 хоног өнгөрсөн. Тэгээд 70 хоногийн дараа шинжээч нь үзлэг хийгээд явсан. Түүнээс хойш би прокурор, мөрдөгч нарт энэ машиныг бидэнд хүлээлгэж өгч болох уу, бид ажлаа явуулж болох уу гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан огт хэлэлцээгүй. Тухайн автомашиныг юунаас болж хураагаад байгаа юм эд мөрийн баримтаар юм уу, эд хөрөнгөд хураагаад байгаа юм уу энэ нь хавтаст хэрэгт тодорхойгүй. Би энэ гомдлыг прокурорт амаар болон бичгээр удаа дараа гаргасан боловч авч хэлэлцээгүй. Энэ хэргээс болоод дараагийн ажлаа хийж чадахгүй болсон. Жилд 1 тэр бум гаруй төгрөгийн борлуулалтын орлогтой компани энэ хэргээс болоод бүрэн дампуурсан. Мөн тухай үед асар их өр төлбөр байсан. Хийгдэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж яваад хэрэг гарсан. 2017 оны 12 дугаар сарыг 10-ны өдрөөс хойш “Эковатер” компани нэг ч ажил хийгээгүй. Бүхэл бүтэн нэг компанийг дампууруулчихаж байгаа юм. 30 гаруй ажилтантай байсан, 30 гаруй ажилтанд сард 50 гаруй сая төгрөгийн цалин өгдөг байсан. Компани прокурор, мөрдөгч нарын хууль бус үйл ажиллагаанаас болоод дампуурсан. Би удаа дараа хүсэлт гаргасан улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан хүлээж аваагүй, яагаад нэг талыг барьсан шийдвэр гаргаад байгаа юм бэ, шинжээч томилсон тогтоолоо прокурор яагаад танилцуулдаггүй юм. 2018 оны 04 дүгээр сард намайг иргэний хариуцагчаар татсан. Тухайн үед яллагдагчийг шүүгдэгчээр татаагүй байсан. Тэгэхээр нь яагаад шүүгдэгчээр татаагүй байж иргэний хариуцагчаар татаж байгаа юм гэхэд татна гээд л татсан. Би иргэний хариуцагчаар татагдсан бол эрхээ эдлэх ёстой гэтэл шинжээчээр татсан тогтоолыг нэг ч танилцуулаагүй. Дараа нь 10 дугаар сард яллагдагчаар татсаныхаа дараа ахиад иргэний хариуцагчаар татсан. Тэгэхээр нь өмнө иргэний хариуцагчаар татсан тогтоол байгаа гэхэд тэр тогтоолыг хүчингүй болгосон гэсэн яагаад ямар үндэслэлээр хүчингүй болгосоныг мэдэхгүй. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар бол хэзээ ч шинжээч томилсон тогтоолтой танилцаагүй. Хэзээ хойн шинжээчийн тогтоол гарсны дараа танилцуулсан. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг болоод дахин шинжээч томилох шаардлагатай гээд мөрдөн байцаалтын шатанд буцаасан. Гэтэл хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаасны дараа таг болсон. Тэгээд 3 сарын дараа шинжээчийн тогтоолтой танилц гэсэн. Манай өмгөөлөгчид хэлээгүй, бидэнд ч хэлээгүй нууцаар шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлт гарсны дараа шинжээчийн дүгнэлт танилцуулахаар дууддаг. Би шинжээчээс асуулт асуумаар байна гэж удаа дараа хүсэлт гаргасан мөн манай өмгөөлөгч хүсэлт гаргасан хүлээн аваагүй. Энэ прокурор, мөрдөгч нэг талыг барьж ажилласан. Амьд үлдсэнээрээ бид буруутаж, хохирох ёстой юм уу. Хэргийн бүдүүвч зургийг тэмдэглэлээс өөр зурсан, хэргийн газар 3 машин байхад яагаад нэг машин зурчихаад шинжээч томилоод дүгнэлт гаргаад, хийсвэр дүгнэлт хийгээд яваад байдаг юм бэ. Бид нар прокурорт ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Би энэ бүх гомдлоо хэлэхийн тул энэ хэдэн жилийн хугацаанд багтарч явсан. Энэ хэргийг ослын гурвалжин тавиагүй гэдгээр анхнаасаа буруутгаж явсан. Ослын гурвалжингаас илүү машин тавиад анхааруулсан байсан. Уг машин 2 метрийн өндөртэй, приус маркийн автомашин харах боломжтой гэнэт гараад ирсэн юм шиг зүйл ярьдаг. Алсаас 1 км зайнаас харахад 3 машины гэрэл асаад байж байгаа нь харагдана. Би өөрөө бусдад харагдаж байгаа эсэхийг нягталж харсан хүний хувьд хэлж байна. Анхааруулах арга хэмжээг би өөрөө авсан. Тиймээс би гомдолтой байна. Тэр том машиныг харахгүй байж яаж тэр жижиг гурвалжин тэмдэгийг харна гэж прокурор, мөрдөгч төсөөлөөд байгаа юм, яагаад худлаа зураг гараад шүүгч нарыг төөрөлдүүлээд байгаа юм. Иргэний хариуцагчийн хувьд би прокурортой нэг биш удаа уулзсан. Гэтэл чи тэр хохирогч нарын төлбөрийг төл гэдэг. Би сүүлдээ хохирогч нартай уулзсан. Гэтэл төлбөрынхөө тооцоог гаргаагүй байна гэсэн. Гэм буруугийн 50 хувь чамаас гарна оршуулгын зардал 15 000 000 төгрөг гарсан 8 000 000 төгрөгийг төл гэсэн би дансаа өгчих гэсэн үгүй бэлнээр авна гэсэн. Би А байцаагчид хэлсэн дансаар өгөх гэсэн чинь бэлнээр авна гээд байна гэж хэлээд эцсийн дүнд нь мөнгөө бэлнээр өгсөн. Энэ хэрэг гарсанд маш их харамсаж байгаа. Гэхдээ ослын дохионы гэрэл байхгүй л гэдэг. 3 машины ослын дохионы гэрэл асаасан байсан. Ослын дохионы гэрлээ асааж байсан бол хууль, дүрэмд ослын дохионы гэрэл шаардахгүй. Мөрдөгч ослын дохионы гэрэл асаж байсан эсэхийг шалгаагүй. Өнөөгийн цагт ослын дохионы гэрэл нь хагархай тарактор ч энэ зам дээр явахгүй. Замын цагдаа нар өндөр шалгалт хийж байж жолооч нарыг явуулдаг. Одоо 70, 80 оных шиг ослын дохионы гэрэлгүй явуулахгүй. А цэгээр тогтоосон ослын гэрлийг яаж осол гарахаас өмнө ажилдаггүй байсан гэж үзэж байгаа бэ, ослын улмаас хагарсан зүйл нь фото зургаар баталгаажсан байгаа. Яагаад ингэж хий хоосон таамаг дэвшүүлж, худлаа гэрчүүдийн мэдүүлгээр дүгнэлт хийгээд байгаа юм. Үнэхээр харамсалтай байна хуульчидаа. Хууль ингэж явахгүй. Гэхдээ шинжээч нар аюул саадыг хараагүй байх боломжгүй гэж гаргасан. Харсан бол араас нь хараагүй юм бол шууд мөргөдөг ийм осол зөндөө л байгаа. Харсан байна гэхдээ жолооч харсан даруйдаа тоормос гишгэх ёстой болохоос чигийг өөрчлөх арга хэмжээ авах ёсгүй. Тиймээс бид нар анхааруулах үүргийг хангалтай гүйцэтгэсэн. Бүхэл бүтэн машин тавьсан байхад хараагүй хүн жижигхэн ослын гурвалжин харахгүй. Тиймээс гэм буруугүй гэж үзэж байна. Бид нар хөдөлгөөн хийж байгаад хүн дайраад алсан бол хэдэн жил хамаагүй шоронд сууна. Гэхдээ 3 хүний амь нас эрсдэлд орсон. Хэрвээ нэг хүний амь нас эрсэдсэн бол бид нарын зүйл анги арай өөр байх байсан. 3 хүний амь нас эрсэдсэнтэй холбоотой бид нарын буруу байхгүй гэдгийг прокурор, шүүгч нар яагаад ойлгохгүй байгаа юм. Хүний амь насыг хариуцах хүн бол жолооч харин зам дээр байгаа хүн бол биш юм. Тиймээс энэ хэрэгт байгаа нотлох баримтуудыг үнэнээр нь дүгнэж үзээрэй.  Анхан шатны хэргийн тэмдэглэлээсээ буцдаг прокурор гэж байдаг юм уу, тийм юм бол хэргийн газрын үзлэг, фото зургийг хасахгүй яасан юм. Би прокурор, мөрдөгч нарт гомдож байна. Гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэж шүүгч нараасаа хүсэж байна гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан, тайлбар дүгнэлтэндээ: Иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг сонслоо. Осол гарах үед тухайн автомашины ард Кантер маркийн автомашин байрлуулсан байсан гэдэг. Гэтэл тухайн осол болох үед машинд зорчиж явсан гэрч С мэдүүлэг байдаг. Ослын дохио байхгүй байсан. Гэнэт хар юм гараад ирсэн. Тэгээд манай нөхөр жолоогоо дараад тухайн осол болсон гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг. Гэрч О, Ө мөн Б ч өөрөө хэлдэг тухайн осол болох үед Нyundai Truck машины ард талд ямар нэгэн машин байгаагүй. Тухайн үед Нyundai Truck машины аккумлятор суусан байсан учраас шороон хөвөөн дээр гараад машиныг холбох гээд хажууд талаараа оруулсан байсан гэтэл хойд талд тас хийх чимээ гарсан. Тэгээд осол болсон гэж мэдүүлсэн байдаг. Тухайн мэдүүлгүүдээр тухайн Truck маркийн автомашины ард машин байгаагүй, гэрэл дохио байгаагүй гэдгийг тухайн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоодог. Мөн хэргийн газрын үзлэгээр хийсэн гэрэл зургаар тогтоодог. Тухайн автомашины ард машин байсан гэтэл байгаагүйгээр зураг гаргасан зүйл ярьдаг. Гэтэл ахин осол гаргахгүйгээс урьдчилан сэргийлж ард нь машин зогсоосон. Тиймээс шүүгдэгч Б хувьд замын хөдөлгөөний дүрмийг хангалттай биелүүлээгүй гэж үзэж 3 хүний амь нас үрэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Мөн Ө мэдүүлгээр анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж яриад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт ганц Ө мэдүүлгээр биш тухайн зам тээврийн ослыг харсан гэрч С мэдүүлэг болон хэргийн газарт байсан гэрчүүд болон бусад баримтаар үндэслэн шийдсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийн талаар ярьж байна. Тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч бол 20 гаран жил ажилласан хүн. Тухайн осол болох үед гэрэл нь яагаад эвдэрсэн байсан талаар дэлгэрэнгүй гаргасан байсан. Шинжлэх ухааны үүднээс нотлох баримтуудыг үндэслэн гаргасан. Мөн шинжээч нар дүгнэлт гаргахдаа хуульд заасан эрх, үүргийг тайлбарласны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан учраас энэхүү дүгнэлтийг эргэлзээтэй нотлох баримт гэж үзэхгүй. Давж заалдах шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.3-т зааснаар хангалттай нотлогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн Б нь прокурорт удаа дараа хүсэлт тавьсан шийдвэрлээгүй гэж ярьж байна. Мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гомдол гаргаж байсан. Тухай бүр дээд шатны прокурор хянаад шалгалтыг хийж байсан. Мөн тогтоолыг танилцуулаагүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд зааснаар “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг нарыг хэлнэ гэж тодорхой заасан байдаг. Энэ хэрэгт шинжээчийн 5 удаагийн дүгнэлт гарсан яллагдагчаас татаагүй байсан учраас шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй. Харин 2017 оны 10 дугаар сард яллагдагчаар татсанаас хойш шинжээчийн дүгнэлт танилцуулсан. Тиймээс танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Шинжээч нь хэргийн газрын зургийг худлаа зурсан гэдэг, мөрдөгч санаанаасаа мэдүүлэг зохиогоод 3 хүний амь нас эрсэдсэн байхад худал мэдүүлэг зохиох тийм мөрдөгч байхгүй. Удаа дараа намайг дуудаад байсан гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Мөрдөн байцаалтын шатанд Б 2-3 удаа ирж байсан. Манай тал буруугүй машинаа авмаар байна гэж хүсэлт гаргаж байсан, мөн үндэслэлгүйгээр манай хүнийг яллагдагчаар татчихлаа гэж хүсэлт гаргаж байсан тэр тохиолдолд 2 удаа уулзаж байсан тэрнээс би Б гэх хүнийг дуудаад та хохирлоо төл гэж дарамталсан асуудал байхгүй. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я гэж хүн манайх энэ асуудлыг яах ёстой вэ гээд ирж байсан. Тухайн үед өмгөөлөгчөөрөө дамжуулаад зөвлөгөө аваад асуудлаа шийдүүл гэж хэлж байсан. Тэрнээс танай компани 100 хувь буруутай гэж шахаж дарамталсан зүйл байхгүй. А гэдэг хүн буруутай гэж үзээд байна. Үнэхээр А замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байж болно гэхдээ осол гарах гол шалтгаан бол шүүгдэгч Б зайлшгүй зогсолт хийх үедээ ослын дохионы гэрлээ асаагаагүй, ослын зохицуулалтын тэмдгийг тавиагүйгээс тухайн осол болсон гэдэг нь нотлогдож байгаа. Хамгийн сүүлийн нөхөн үзлэг хийгээд шинжээчийн дүгнэлт хийх явцад Ц гээд шинжээч гарын үсэг зурхаас татгалзсан А гэх хүний буруутай үйлдэл байхгүй байна. Яагаад гэхээр зогсоох боломжгүй, урьдчилан мэдэх боломжгүй гэж тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн осол болох үед ямар ч гэрэл байгаагүй гэнэт тулаад ирсэн гэж гэрч С мэдүүлэг дээр тодорхой байгаа. Харсан бол шууд араас нь ирээд мөргөх хүн байхгүй, гэр бүлээ хамгаалахын тулд ямар нэгэн үйлдэл хийнэ. Тиймээс А замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь эргэлзээлтэй. Тухайн ослын үед 3 хүний амь нас эрсдэлд тэдний буруутай үйлдэл байхгүй, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болж 3 хүний амь нас эрсэдсэн байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Н.Б оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэсэн гомдлыг гаргасан. Прокурорын зүгээс энэ үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн хэргийн улмаас 3 хүний амь нас хохирсны улмаас 2 бага насны хүүхэд аав, ээжгүй өсөж байна. Шүүгдэгчийг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүйг харгалзан үзээд анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял өгсөн нь үндэслэлтэй. Тухайн хэрэгт шалгагдвал зохих нотлох баримтууд нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон. Иймд нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах шаардлагагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

                                               ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр Эковатер ХХК-ний тээврийн хэрэгсэл болох 17-10 УНТ улсын дугаартай Hyundai Truck маркын машиныг жолоодож явахдаа техникийн гэмтлийн улмаас “ зайлшгүй зогсолт “ хийсэн үедээ замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б, 6.3.в-д заасныг зөрчсөний улмаас 28-04 УНЛ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машин түүний араас мөргөж зам тээврийн осол гарч Тоёота Приус машинд 5.930.000 төгрөгний хохирол, 2 хүний биед хөнгөн хохирол тус тус учруулан, 3 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан зам тээврийн ослын талаар  гаргасан 5 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэсэн байна.

Өөрөөр хэлбэл 17-10 УНТ дугаартай автомашины жолооч Н.Б  5 удаагийн шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дугаар заалтыг  зөрчсөн, түүнчлэн техникийн саатлын улмаас ослын зогсолт хийсэн нь “зайлшгүй зогсолт мөн”  гэж үзсэн байх ба харин 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэсэн, бусад шинжээчийн дүгнэлтүүдэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх үндэслэлтэй гэж тус тус үзсэнийг анхан шатны шүүх үндэслэсэн нь буруу биш байна.

Гэхдээ шүүх  28-04 УНЛ дугаарын машины жолооч талийгаач С.А үйлдэлд гэм буруу байгаа эсэх, түүний үйлдлийг шинжээч нар хэрхэн дүгнэсэн болон хэргийн нөхцөл байдал зэргийг харьцуулан  зам тээврийн осол гарахад тэрээр  буруутай эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.  

Хавтаст хэргийн материалд авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх 5 удаагийн шинжээчийн дүгнэлтийн  4 дүгнэлтэд талийгаач жолооч С.А замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг,  1  дүгнэлтэд  мөн дүрмийн 9.2 дугаар заалтыг зөрчсөн гэж, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б адил Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн, энэхүү дүрэм зөрчсөн нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж эхний 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр үзсэн байна.

Үүнээс дүгнэхэд шинжээчдийн дүгнэлтэнд тулгуурлан уг зам тээврийн осолд холбогдсон хоёр талын жолооч нарын  аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, энэ нь  зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна гэж  үзэх үндэслэлтэй байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “яллагдагч, шүүгдэгч нас барсан” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж,

Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж тус тус хуульчлан зохицуулсан байх тул  талийгаач С.А  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгах боломжгүй байна.  

Харин анхан шатны шүүх нь гэрч Д.Ө мэдүүлгээс гадна шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,  хохирогч Т.С, гэрч Д.О, Д.Б нарын анх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн шүүгдэгч Н.Б үйлдсэн хэрэг нотлогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Учир нь 17-10 УНТ улсын дугаартай машины жолооч Н.Б мөрдөн байцаалтын шатанд анх гэрчээр өгсөн мэдүүлэг, түүнтэй хамт явсан гэх  Д.О, Д.Б, М.Ж нарын анх гэрчээр өгсөн мэдүүлэг, 28-04 УНЛ улсын дугаартай машинд явж байгаад осолд орсон хохирогч Т.С мэдүүлэг, техникийн шинжээчийн 1424 дугаар дүгнэлтээс бусад  шинжээчийн дүгнэлтүүд зэргээр  хэрэг учрал  гарсан нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих байдлууд нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх  нөхцөл байдлуудаас үзэхэд  2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 40 минутын үеээс 17-10 УНТ улсын дугаартай машины жолооч техникийн саатлын улмаас зайлшгүй зогсолт хийсэн гэх ба  энэ нь тогтоогдсон,  17-10 УНТ улсын дугаартай том оврын машины жолооч Н.Б нь ослоос урьдчилан сэргийлэх үүднээс өөрийн машины ард Кантер маркийн машиныг зогсоож,  улмаар 17-10 УНТ улсын дугаартай том оврын машины аккумляторийг цэнэглэхээр Кантер машиныг хажуугаар нь буюу баруун талаар нь оруулсан байсан тэр агшинд буюу 18 цаг 40 минутын үед осол болжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү  осол болох үед 17-10 УНТ улсын дугаартай машины ослын гэрлийг асаагаагүй, ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь анх гэрчээр өгсөн мэдүүлэг, хамт явсан хүмүүс болох нэр дурдсан гэрчүүд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн шүүгдэгч жолооч Н.Б болон талийгаач жолооч С.А нарын аль аль нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, харин хэрэг учрал гарах болсон нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтанд тус бүр “ ...5/тав/ жилийн хугацаагаар хорих ...” гэснийг тус бүр “ ...3/гурван/ жилийн хугацаагаар хорих ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                       ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                       Г.ТЭГШСУУРЬ