| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03595/И |
| Дугаар | 182/ШШ2024/02698 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02698
2024 06 10 182/ШШ2024/02698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******,
Хариуцагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.*******.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр бид хоёр 2011 онд анх танилцаж, 2012 оноос хамтран амьдарсан бөгөөд 2012.10.01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамтран амьдрах хугацаанд *******-ны өдөр хүү У.*******, -ны өдөр охин У.******* нар төрсөн. Бид сүүлийн жилүүдэд бидний зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Нөхрийн хувьд хүлээх үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлээгүй, хайр халамжгүй, хариуцлагагүй. Миний хувьд нөхөргүй юм шиг л амьдарч ирсэн. Хэрүүл маргаантай байдал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байсан учраас энэ байдлаа хүүхдүүддээ харуулахыг хүсээгүй юм. Тийм учраас 2021 оны 01 сараас бид хоёр тусдаа амьдарсан байгаа. Энэ хугацаанд хүүхдүүд миний асрамжид хичээл, сургуульдаа явж эрүүл саруул өсөж байгаа бөгөөд эцэг нь харж хандсан удаагүй. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсантай санал нэг байгаа. Жижиг зүйлээс болж маргаан үүсдэг, байнгын хэрүүлтэй байсан, энэ нь үр хүүхдэд ч хэцүү байсан учраас 2021 оны 01 сараас тусдаа амьдарсан. Ер нь бид хоёр хожуу нийлсэн, зан харилцааны хувьд таарамжгүй, миний хувьд эцгийн болон нөхрийн үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Хүүхдүүдээ ээжид нь үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэргийг шүүхэд гарган өгчээ.
4.Хариуцагч шүүхэд ямар нэгэн бичгийн баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хамт хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаан байгаа эсэх, энэ талаар тохиролцсон эсэхийг зохигчдоос тодруулан, эдгээр асуудлыг хамтатган, нэг мөр шийдвэрлэдэг учиртай.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч Д.******* нь нөхрийн болон эцгийн үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, хайр халамж муутай, хариуцлагагүй, бид сүүлийн жилүүдэд байнгын хэрүүл маргаантай байдаг болсон, энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байсан тул 2021 оны 01 сараас тусдаа амьдарсан, эргэн нийлж амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээнэ, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй... гэж тайлбарлав.
Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...миний хувьд нөхрийн болон эцгийн үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь үнэн, бид хоёр хожуу гэрлэсэн, зан харилцаа таардаггүй, жижиг зүйлээс болж байнгын хэрүүлтэй байсан учраас тусдаа амьдарсан, тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, хүүхдүүдээ ээжид нь үлдээнэ, эд хөрөнгийн маргаангүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.М.*******, Д.******* нар нь гэр бүл болсноо 2012.10.01-ний өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэдний дундаас *******-ны өдөр хүү У.*******, -ны өдөр охин У.******* нар төрсөн, тэд эхийнхээ асрамжид эрүүл саруул өсөж, Нийслэлийн ерөнхий боловсролын ... сургуулийн ..., ... ангид суралцаж байгаа болох нь зохигчдын гаргасан тайлбар болон тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар тогтоогдсон.
Зохигчид гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн байх бөгөөд уг үүргээ хариуцагч Д.******* хангалттай биелүүлж чадаагүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.******* нь нөхөр болон эцгийн үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй, эхнэр, хүүхдүүддээ хайр халамжгүй, хариуцлагагүй байдлаа хүлээн зөвшөөрч байх ба, зохигчид зан харилцааны таарамжгүй байдалтай, харилцан ярилцаж, буулт хийж чаддаггүй, жижиг зүйлээс болж байнгын маргаантай, тайван биш орчин хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх боломжтой ба, эдгээр нөхцөл байдлаас шалтгаалаад тэд бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, хайрлах байдал үгүй болсноор 2021 оны 01 сараас тусдаа амьдарсан, хэн алин нь эргэн нийлж амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
4.Зохигчдыг тусдаа амьдарсан 2021 оны 01 сараас эхлэн хүү У.*******, охин У.******* нар эх М.*******ийн асрамжид үлдсэн байх ба, хариуцагч Д.******* хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул тэднийг эх М.*******ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасантай нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар зохигчдын хувьд гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэднийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрхийг нь хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдав.
5.Нэхэмжлэгч М.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.‑д зааснаар М.*******, Д.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар *******-ны өдөр төрсөн хүү У.*******, -ны өдөр төрсөн охин У.******* нарыг эх М.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар зохигчдын хувьд гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэднийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрхийг нь хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
5.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг М.*******, Д.******* нарт мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА