Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Т  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Т ад холбогдох эрүүгийн 1705002760143 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нарантуул захад ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Т  нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэстель нэртэй бааранд иргэн Т.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 02-ны оройны 23 цагийн үед таксинаас хорооллын арын бичилийн буудалд буухад найзыг маань хүн зодож байхаар нь очоод салгасан чинь хажуунаас 3 хүн ирээд өшиглөхөөр нь би зөрүүлээд цохьсон чинь өнхөрөөд өгсөн. Тэгээд цагдаа ирсэн. Хохирогчид 3,500.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна” гэжээ. Хохирогч Т.Батболдын: “...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найзууд болох Хаш-Эрдэнэ, бурган, Орших, Төгөлдөр, Анхбаяр нарын хамт Төгөлдөрийн хурмын өмнөх парти тэмдэглээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастли бааранд 00:30 цагийн үед орсон. ...эрээн малгайтай залуу нь миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэсэн. ..Маргалдаж байгаа хүмүүсийг салгах гэж байгаад намайг зодолдсон хүмүүс гэж андуураад цохисон. Би Т тай өөрөө сайн дураараа эвлэрч эмчилгээний зардал мөнгөнд 3,5 сая төгрөг авсан” гэжээ. /хав 24-25/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дүгээр сарын 07-ний өдрийн 9939 дугаартай дүгнэлтэнд: 1.Батболдын биед зүүн ухархайн дотор болон доод хананд хугарал, хамар ясанд хугарал, зүүн зовхинд цус хуралт, шарх, алимны салстад цус хуралт, зүүн зовхи, хацар, хамар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хав 29/ Хохирлын баримтууд /хх 12-17/ Хохирогч Г.Батболдын гаргаж өгсөн гэрэл зураг /хх 18-21/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 39/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 41/ Хохирогч Т.Батболдын ямар нэгэн гомдол саналгүй байхгүй гэх баримт /хх 44/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Т  нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэстель нэртэй бааранд иргэн Т.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 44/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч Т.Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Т.Т  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Т ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Батболд /хх 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дүгээр сарын 07-ний өдрийн 9939 дугаартай дүгнэлт /хх 29/, хохирогч Г.Батболдын гаргаж өгсөн гэрэл зураг /хх 18-21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 41/, хохирогч Т.Батболдын ямар нэгэн гомдол саналгүй байхгүй гэх баримт /хх44/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Т.Т ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Т.Т ад 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ