| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 201725020959 |
| Дугаар | 2021/ДШМ/1051 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/1051
Т.Ө-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ө.Учрал, Р.Булгамаа,
цагаатгагдсан этгээд Т.Ө, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/629 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Ө-д холбогдох эрүүгийн 2017 2502 0959 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Т-н Ө, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...................... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвчин мэргэжилтэй, “В.. ф л” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /ургийн овог, овог, нэрээ 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б овгийн Б-н Т болгон өөрчилсөн/, /РД: ....................../,
Т.Ө /Б.Т/ нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд иргэн П.Ганбатаас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар бартераар авсан ..................... байрны 17 тоот 49.3 м.кв, тус байрны 16 тоот 59.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 байрыг бусадтай хийсэн гэрээний үүргийн биелэлтээ хангаагүй, өөрийн өмчлөлд бүрэн шилжиж ирээгүйг мэдсээр байж хохирогч Ч.О-т өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө хэмээн 2 үйлчилгээний зориулалттай байруудыг таны өмчлөлд шилжүүлэх гэрээ хийе хэмээн итгэл төрүүлэн, хэрэв зээлсэн мөнгөө 3 сарын хугацаанд төлж барагдуулж чадахгүй бол үйлчилгээний байруудыг өөртөө шилжүүлж авч болно гэж Ч.О-г төөрөгдөлд оруулан, “үнийн дүн өндөртэй хөрөнгөөр зээл авч байгаа, зээл эргэх төлөх боломжтой” хэмээн хуурах аргаар 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү бодон эргүүлэн төлөхөөр Зээлийн гэрээгээр халхавчлан мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор бэлнээр 70.848.500 төгрөгийг шилжүүлэн залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020959 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Ө-ийг цагаатгаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Ч.О-н нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн зээлийн гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж “Шүүгдэгч Т.Өийг хэрэгт авагдсан баримтуудаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Яллагдагч Т.Ө нь 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр П.Ганбаттай нийт 5 төрлийн 1125 ширхэг 239.800.000 төгрөгийн үнэтэй европ стандартын сантехникийн хэрэгслийг богино хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр буюу 1 сарын хугацаанд нийлүүлэх, төлбөрийн үйлчилгээний зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгөөр бартер хийн авахаар “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” хийж, ..................... тоот 49.3 м.кв, тус байрны 16 тоот 59.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 байрыг авахаар тохиролцсон.
Гэвч Монгол Улсад орж ирсэн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нийт 11 төрлийн 600 ширхэг 9.600 евро /20.225.600 төгрөг/-ийн үнэтэй бараа орж ирсэн бөгөөд П.Ганбатад дахин 239.800.000 төгрөгийн барааг 1 сарын дотор нийлүүлнэ гэж итгүүлэн, дээрх үнэ бүхий барааг оруулж ирсэн хуурч түүний эзэмшлийн “Үл хөдлөх 2 үйлчилгээний газрыг” өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан юм.
П.Ганбатад нийлүүлэх сантехникийн хэрэгсэл нь гэрээнд заасны дагуу ирээгүй, 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 58.240.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг үзүүлэн, тухайн бараа нь баригдаж буй барилгад таарахгүй стандарт хангахгүй учраас дээрх барааг хүлээн авахаас П.Ганбат нь татгалзсан. Гэтэл Т.Ө нь би дахин бараа оруулж ирье гэж хэлж итгүүлэн бартераар өгөх 2 үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч, тухайн байраа өөрийн өмч мэтээр хохирогч Ч.О-н нэр дээр шилжүүлэн өгч, түүний мөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтаар бүрэн нотлогдсон болно. Т.Ө нь зээлээ төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгө нь таны нэр дээр шилжүүлж гэрээний биелэлтээ бүрэн хангаж байна гэх мэтээр итгэл, үнэмшлийг хохирогч Ч.О-т төрүүлж, залилсан байхад шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Т.Ө-д холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/629 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ч.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие өөрийн хэмжээнд судалж мэдсэнээр Эрүүгийн хуулийн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь мөн л хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг аж. Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд мөн энэ талаар тодорхой заажээ. Эдгээр зорилго, зорилтыг хангахын тулд шүүх ажилладаг гэж би ойлгож байв. Шүүгч З.Болдбаатар нь шүүх хуралдаанаас өмнө шийдвэрээ гаргасан мэтээр асуудалд туйлын хайнга, хариуцлагагүй хандаж байсан. Хамгийн гол нь Т.Ө нь тухайн үед өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй байсан хүн. Миний мөнгө өгсөн ганцхан шалтгаан нь энэ хүнийг гадаад дотоодоос бараа оруулж ирэх гэж байгааг мэдээд тэрэнд нь хөрөнгө оруулаад юм уу, гэрээ хийгээд бараа нь орж ирээгүй нөхцөл байдал огт биш, харин энэ хүн үл хөдлөх эд хөрөнгөтэй тэр нь надад барьцаалагдаад ямар нэгэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр өөрийн гэсэн мөнгөө гаргуулж авна гэдэгт л итгэсэн. Ганбат гэгчтэй холбоотой нь надад ямар ч хамаагүй юмыг надад нялзааж, залиланг залилан биш гэж үзэж байгаа нь илт нэг талын ашиг сонирхлын зөрчлөөр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Цагаатгасан нөхцөлд хов хоосон нэр нь өөрчлөгдсөн хүнээс би одоо юу ч олж авч чадахгүй нь ойлгомжтой.
Миний хохирогчоор тогтоосон энэ хэргийг цагдаа, прокурор 5 жилийн турш шалгасан. Прокурорын газраас хэргийг энэ оны 2 дугаар сард шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгч З.Болдбаатар нь 9 дүгээр сард олон хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэсэн, гэмт этгээдийн талд шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан гурван үндэслэлийг бүрэн хангасан байна.
1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Шүүгдэгч Т.Ө намайг яаж хуурч миний 80.000.000 төгрөгийг залилан авсан талаар прокурор яллах дүгнэлтдээ зааж, шүүх хуралдаанд тодорхой дүгнэн түүнд ял сонсгосон. Үүнтэй би бүрэн дүүрэн санал нийлж байна. Харин Т.Ө намайг “Жэт финанс” ББСБ-ын захирал Мөнхзаяатай нийлж залилсан. Тэд надаас мөнгө салгахын тулд Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух аргуудыг хэрэглэсэн нь маш тодорхой байгаа. Тухайлбал, Мөнхзаяа нь Т.Ө “Жэт финанс” ББСБ-аас зээл авсан болон өртэй байсныг надаас нууж найдвартай хүн, барьцааны гэрээ хийгээгүй, хэрэггүй хэмээн надаар мөнгө өгүүлсэн, надаас Т.Өийн 2015.06.03-нд зээлийн гэрээгээр халхавчлан авсан мөнгөнөөс ББСБ-даа зээлийн хүүд 2015.06.05-нд 5.440.000 төгрөгийг төлүүлсэн баримт, надтай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нүүрэлдэхдээ “Т.Ө хүүгээ төлсөн тул зээлийн гэрээг сунгасан” гэж мэдүүлснээр нотлогдож байгаа болно. Т.Ө ч миний дэргэд надаас авсан мөнгөнөөс Мөнхзаяад өгснөө өөрт нь хэлж байсан. Шүүх хуралдаан дээр Т.Ө хэрэгт байгаа 20.800.000 төгрөгийн баримт дээр намайг гарын үсэг зурсан мэтээр худал мэдүүлсэн. Ийнхүү Мөнхзаяа нь намайг залилсан болон Т.Ө хуурамч баримт үйлдсэн байгааг үндэслэн шүүх хэргийг прокурорт буцаах байсан гэж би үзэж байна. Ер нь шүүх нэгэнт цагаатгах тогтоол гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах талаар тогтоолдоо заалгүй хууль зөрчлөө. Шүүх Т.Өийг хэрэгт холбогдолгүй болгохыг л урьтал болгосноос нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэх талаас үнэлсэнгүй. Т.Өийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамт бичигдсэн Гарьдыг төрсөн дүүгээ гэж надад худал хэлсэн, барьцааны гэрээ хийхээс зайлсхийсэн, зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээг өөр өөр нотариат руу очиж гэрчлүүлсэн, овог, нэрээ нас барсан эцгийнхээ овог, нэрээр сольж, намайг төдийгүй цагдаа, прокурорын байгууллагыг төөрөгдүүлэхийг оролдсон, мөнгөө нэхэхээр гудамжинд байгаа барилгын цонх руу заан “энэ байрыг таньд өгнө” гэж худал хэлж байсан зэрэг залилан мэхлэхдээ хэрэглэсэн аргууд шүүхийн хараанд өртөөгүйд үнэхээр гайхаж байна. Шүүхийн тогтоолд дэлгэрэнгүй тайлбарласан залилах гэмт хэргийн шинжүүд тэдний үйлдэлд бүрэн дүүрэн байгаа билээ.
2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Дээр дурдсан нөхцөл байдлуудаар Т.Ө нь Мөнхзаяагийн хамт намайг залилсан нь гарцаагүй нотлогдоод байхад хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж байгааг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээс өөр аргагүй билээ. Шүүх мөн хуулийг буруу хэрэглэн Улсын Дээд шүүх Т.Өийн надад үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэснийг түүнийг зөвтгөх үндэслэл болжээ. Мөн Т.Ө Ч.О-с авсан мөнгөө гааль, тээврийн зардал, бараа худалдан авахад зарцуулсан хэмээн нэг талыг барин, мөн түүнийг зөвтгөж хууль буруу хэрэглэсэн байна. Гэтэл Т.Ө нь надаас авсан 80.000.000 төгрөгөөс өөрийнх нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлснээр 37.682.592 төгрөгийг гаалиас бараагаа авахад зарцуулсан бол үлдсэн мөнгө нь хаашаа, юунд зарцуулсныг анхаараагүй нь ойлгомжгүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Прокурорын яллах дүгнэлтэд зааснаар болон шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан олон баримтаар Т.Ө-ийн намайг Мөнхзаяагийн хамт залилсан үйлдэл хангалттай нотлогдож байгаа. Гэтэл шүүх Т.Ө-д холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 629 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлэн хэргийг хамтран үйлдсэн Мөнхзаяаг татан шалгуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.О-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021\ШЦТ\629 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хэргийн бодит байдалд Т.Ө нь өөрийн танилаар дамжуулан 80.000.000 төгрөгийг авахдаа хамгийн гол нь уг мөнгийг буцаан өгөх бодит боломж нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн хуурч мэхэлсэн асуудал бөгөөд уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор бусдын өмчлөлд байсан асуудлаа нуун дарагдуулж, өөрийн төрсөн дүүгийн хамт хамтран өмчилдөг гэж ойлгуулан улмаар үл хөдлөх хөрөнгийг хохирогчид шилжүүлэн итгэлийг олсон буюу бодит байдал болох өөрөө ББСБ-д их өртэй, түүнийгээ төлөх чадваргүй байсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох П.Ганбаттай хийсэн бараа шилжүүлэх гэрээний дагуу өөрийн мөнгөн хөрөнгийг зөвхөн түүний үл хөдлөх хөрөнгөтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бодит боломжтой гэж үзэж Т.Ө-д шилжүүлсэн бөгөөд тухайн үед дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг бусдаас гэрээний дагуу түр зөвшөөрүүлэн авсан, гэрээ зөрчигдвөл буцаагдах, ББСБ-аас авсан зээлийн барьцаанд бусдын эд хөрөнгийг тавьсан, өөрт нь ямар нэгэн төлбөр төлөх хөрөнгө байхгүй байсан зэрэг идэвхтэй хууран мэхэлсэн үйлдэл байсаар байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Миний үйлчлүүлэгч Т.Өийг үл хөдлөх хөрөнгөтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бодит боломжтой гэж үзэж, түүнд мөнгө шилжүүлсэн бөгөөд тухайн үед дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг бусдаас гэрээний дагуу түр зөвшөөрүүлэн авсан, гэрээ зөрчигдвөл буцаагдах бодит боломжтой зэрэг нөхцөл байдлыг хохирогч огт мэдээгүй бөгөөд миний эд хөрөнгө гэж төөрөгдүүлсэн идэвхтэй үйлдэл байсаар байхад бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй юм. Хохирогч нь дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг бусдын эд хөрөнгө болохыг шүүхээс хариуцагчаар дуудсан тэр үед л мэдсэн бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч нь үл хөдлөх хөрөнгийг Ч.О-т шилжүүлэх үед Т.Ө-ийн миний төрсөн дүү байгаа юм гэдгийг хүлээн зөвшөөрөн зогсож байсан нь санаатайгаар гэмт хэрэг үйлдэхэд нь ямар нэгэн саад учруулаагүй гэж хэлж болохоор байна. Тодруулбал:
1. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр П.Ганбаттай байгуулсан гэрээний 2.7 дугаар зүйлд “...нийлүүлэгч тал нь гэрээний 1.1-д заасан үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд өртөгт тооцон шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээс захиалагч нь татгалзах эрхтэй”, 1.1 дэх заалтад “гүйцэтгэгч тал нь гэрээний 1.1-д заасан бараа бүтээгдэхүүнийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны дотор тоо ширхэгийн дагуу бүрэн бүтэн байдлыг хангасан байдлаар нийлүүлэх үүрэгтэй ...” гэснээс харахад Т.Ө нь П.Ганбатын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд буцаагдах байсныг мэдэж байсан.
2. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр П.Ганбат нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Гарьд, Т.Ө, Ч.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Т.Өтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулснаар Т.Ө нь 2015.05.20-ны дотор 239.800.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн буюу орон сууцны ариун цэврийн өрөөний хэрэгслүүд нийлүүлэх болсон, гэтэл Т.Ө нь гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлэн 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 58.240.000 төгрөгийн хэрэгсэл нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Т.Ө нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг цаашид захиран зарцуулах ямар ч боломжгүй болохоо мэдэж байсан буюу бодит байдлыг нуух замаар залилсан болох нь хангалттай нотлогдож байгаа болно.
3. 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрээнд заасан нийлүүлэх ёстой барааны үнийн дүнгийн 20-хон хувьтай тэнцэх дүн бүхий бараа нийлүүлсний дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс хойш үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавих талаар хэлсэн хэмээн П.Ганбат нэхэмжлэлдээ бичсэн байдаг.
4. 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Жэт финанс ББСБ” ХХК-ийн зээлийн хорооны хурлын 429 тоот шийдвэрээр 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр Т.Ө, Цэдэвсүрэн нарт олгосон бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин 6.000.000 төгрөгийг нэмж олгосон бөгөөд нийт 36.000.000 төгрөгийн зээлийг авчээ. Т.Ө нь зээлээ 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэхэд төлж барагдуулах байсан боловч 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүү төлөн зээлийн хугацаа сунгуулахаас өмнө ердөө л 13.205.000 төгрөгийг л төлсөн байх бөгөөд харин миний үйлчлүүлэгчээс мөнгө залилан авсны дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хамгийн их хэмжээгээр буюу 5.440.000 төгрөгийн хүү төлсөн байна. Үүнээс цааш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд З.Мөнхзаяа нь Т.Өийг 2015 оны 3 дугаар сараас хойш төлбөрийн чадваргүй, зээлийн төлбөр төлөх боломжгүй болохыг мэдэж байсан ч хамтран зээлдэгчийнх нь барьцаа хөрөнгө хангалттай байсан тул хүлээж байсан гэж мэдүүлснээс харагдаж байна.
5. Т.Ө зээл авсан, зээлээ төлж байсан зэрэг нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчийг бодит байдлыг нуух замаар залилсан асуудалд хамааралгүй бөгөөд хохирогч Ч.О нь Т.Ө гэх хүнийг огт танихгүй, мөнгө зээлэхэд боломжтой өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй мэтээр танилцуулж, улмаар зээлийн мөнгөнөөс хамгийн их хүүг төлүүлэн зээлийн хугацааг сунгасан байтал анхан шатны шүүх дээрх зээлсэн 80.000.000 төгрөгөөс бараа материал худалдан авах, бараа материал хилээр оруулж ирсний татвар, тээврийн зардал, гаалийн баталгаат агуулахад бараа хадгалсны хөлс зэрэгт зарцуулсан үйл баримт тогтоогдсон хэмээн гаалийн төлбөр төлсөн гэх баримт нь Т.Ө, П.Ганбат нарын хоорондын хөрөнгө оруулалттай холбоотой маргаанд нь л хамааралтай болохоос хэрэв мөнгөө өгч чадахгүй бол өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр шийдвэрлэнэ гэсэн үйл баримттай хамааралгүй байтал өөр үйл баримтуудыг хольж хутган үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд авсан зээлийн барьцаанд Т.Өийн гэх ямар ч үл хөдлөх хөрөнгө байхгүй бөгөөд хамтран зээлдэгч гэх Цэдэвсүрэнгийн хөрөнгийг барьцаалсан байснаас гадна Т.Өийн гэр бүлийнх нь бүгд Швейцарь улсад ажиллаж амьдардаг, Монголд хамааралтай зүйл маш бага байсныг ч З.Мөнхзаяа маш сайн мэдэж байсан.
6. Хэргийн бодит байдалд Т.Ө нь өөрийн танилаар дамжуулан 80.000.000 төгрөгийг авахдаа хамгийн гол нь уг мөнгийг буцаан өгөх бодит боломж нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн хуурч мэхэлсэн асуудал бөгөөд уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор бусдын өмчлөлд байсан асуудлаа нуун дарагдуулж, өөрийн төрсөн дүүгийн хамт хамтран өмчилдөг гэж ойлгуулан улмаар үл хөдлөх хөрөнгийг хохирогчид шилжүүлэн итгэлийг олсон буюу бодит байдал болох өөрөө ББСБ-д их өртэй, түүнийгээ төлөх чадваргүй байсан. ББСБ-аас авсан зээлийн барьцаанд бусдын эд хөрөнгийг тавьсан, өөрт нь ямар нэгэн төлбөр төлөх хөрөнгө байхгүй байсан зэрэг идэвхтэй хууран мэхэлсэн үйлдэл байсан. Төлбөрөө төлж чадахгүй нөхцөлд та үл маргах журмаар шууд өөрийн өмчлөлд авах боломжтой хэмээн худалдах худалдан авах гэрээг хийж төөрөгдүүлсэн төдийгүй дээрх гэрээгээ дараа нь иргэний шүүхээр зээлийн гэрээг халхавчлан хийсэн гэж тайлбарлан үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулсан нь анхнаасаа төлөвлөсөн арга байсан байтал анхан шатны шүүх таамгаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...
Түүнчлэн Т.Ө нь нуугдахын тулд өөрийн ургийн овог, овог, нэрээ хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа санаатайгаар өөрчилж, бараг нэг жил олдоогүй нь энэ хүн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнээ мэдэж байгааг нотолж байна. Мөн бүтэн жил өнгөрч байхад хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, авчирсан гэх бараа нь Монгол Улсын стандартад нийцэхгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.О-н өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа залилах гэмт хэргийн шинжийг тайлбарласан хэдий ч хэргийн үйл баримтыг буруу дүгнэж цагаатгах тогтоол гаргасан гэж үзэж байна. Т.Өийн хохирогч Ч.О-т бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр худал хэлж, хуурч уг эд хөрөнгийг Ч.О-т барьцааны гэрээ байгуулалгүй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, авсан мөнгөө буцаан өгөхгүй бол өөрийн үл хөдлөх хөрөнгөө өгөх мэтээр итгэл төрүүлж, хуурч байгаа үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ. Шүүхээс үйл баримтыг тогтоохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тавихыг шаардсаны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Т.Ө нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дараа нь иргэний шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцуулж байгаа нь анхнаасаа хохирогчийг залилах санаа зорилго агуулсан болох нь харагдаж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ биелэгдэх боломжгүй гэдгийг мэдэж байсан. Тэрээр Ч.О-с авсан мөнгөөрөө гэрч Мөнхзаяагийн ББСБ-с авсан зээлийг төлөөд үлдсэн мөнгөнийхөө тодорхой хэсгээр гааль дээр байгаа бараа бүтээгдэхүүндээ хэрэглэсэн. Харин үлдсэн мөнгө нь яасан нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.О-н өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын гаргасан эсэргүүцэл болон хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгө авсан гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болдог. Мөн авсан зүйлээ буцааж өгөхгүй байх субъектив санаа зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл, залилагч этгээд гэмт үйлдэл хийж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцаан өгөхгүй байх, хариу төлбөр өгөхгүйгээр эсхүл заримыг нь өгөхгүйгээр дээр дурдсан аргаар эд хөрөнгө шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Т.Өийн үйлдэлд залилах гэмт хэргийн онцлох шинжүүд илэрхий харагдаж байдаг. Т.Ө бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн юм шигээр бусдад тайлбарлаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээг иргэний шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулж байгаа үйл баримт нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан, урьдаас төлөвлөсөн үйлдэл гэдэг нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, гэрээгээр халхавчилсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Т.Ө нь 2015 оны 6 сараас хойш хохирогч Ч.О-т нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Хохирол төлөх санаачилга гаргаагүй нь анхнаасаа залилах санаа зорилготой байсныг илтгэж байна. Иргэний эрх зүйн харилцаанаас илт ялгаатай, залилах гэмт хэрэг мөн юм гэдэг нь илэрхий үйл баримтаар тогтоогдож байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.О-с бараа материалынхаа тээврийн зардал болон гаалийн татвараа төлөхийн тулд Ганбаттай байгуулсан гэрээний дагуу өөрийн нэр дээр болгосон байраа барьцаалж мөнгө зээлсэн. Бараа буцаагдсанаас болоод Ч.О эгчийн мөнгийг өгч чадаагүй. Ганбатаас бараагаа буцааж авч борлуулаад Ч.О-н мөнгийг нь өгнө гэж байтал Ганбат нь надад барааг өгөхгүй 2 жил гаруй болсон. Сүүлд нь цагдаад олон удаа хүсэлт гаргасны дагуу цагдаагаас барааг хураах, битүүмжлэх тогтоол гарсан. Ингээд Ч.О-т бараагаар нь хохирлыг чинь төлнө гэсэн боловч тэрээр барааг авахгүй гэдэг асуудал ярьсан. Бараагаа зарж борлуулах гэж олон газраар явсан боловч зарагдаагүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.Өийн өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх иргэний хэрэг үү, эрүүгийн хэрэг үү гэдгийг л шийдвэрлэсэн. Уг хэргийг 5 жилийн хугацаанд 5 удаа хэрэгсэхгүй болгож байсан. Т.Ө нь Ганбаттай 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр бараа солилцох, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Ганбат 2 орон сууцны байрыг Т.Өийн эзэмшилд шилжүүлж өгсөн. Т.Ө уг хоёр орон сууцны өмчлөгч буюу захиран зарцуулах эрхтэй этгээд байсан. Орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч нь болж, захиран зарцуулах эрх нээгдэнэ. Ганбатад бараагаа нийлүүлэхийн тулд гааль дээр байгаа бараагаа авах хэрэгтэй болсон. Ингээд Ч.О-т хандаж, зээлийн гэрээгээр 80.000.000 төгрөг зээлсэн. Ч.О хэлэхдээ барьцааны гэрээ биш худалдах, худалдан авах гэрээ байгуулаад худалдан авах гэрээгээр уг байруудаа өөрөө өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан гэдэг. Ганбатад бараагаа хүлээлгэж өгсөн боловч барьж буй барилгад нь таараагүй тул бараагаа буцаах асуудал яригдахад Ч.О-т байр шилжсэн байсан. Байраа нэхэмжилж гомдол гаргах эрх бүхий этгээд Ганбат биш байсан тул Т.Ө нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг нь иргэний гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Зээлсэн мөнгөө гаалийн татварт зарцуулсан болохыг баталсан санхүүгийн баримтууд хавтас хэрэгт авагдсан. Т.Ө нь гааль дээр ирсэн бараагаа авахаар мөнгө зээлсэн бөгөөд зарцуулалт нь тодорхой болсон тул залилах гэмт хэрэг биш гэж үзнэ. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй гэж үзэн, Т.Ө-ийг цагаатгасан нь үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Т.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.
Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн буруутгаж буй нотлох баримт, түүний үндэслэл мөн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа цагаатгах тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймээс Т.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/629 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Т.Ө-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/629 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Ө-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Т.Ө-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР