Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 46

 

Ч.Л-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01899 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Л-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХНХЯ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс Дархан-уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлаас буруу халагдсаныг тогтоож ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн авахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасныг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговорт нэг өдрийн цалинг 77.647 төгрөгөөр тооцож 156 өдрийн цалин 12.112.932 төгрөгийг олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Б.Энхцэцэг нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00554 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан боловч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Л-гийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс ажилдаа орох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72.781 төгрөг гэж тогтоосон байгаа нөхцөлд 77.647 төгрөгөөр тооцох боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-наас 11.353.836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759.096 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХНХЯ-анд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч ХНХЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 196.611 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Б.Энхцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ч.Л- хариуцагч ХНХЯ-анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1408 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Ч.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ч.Л-г Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.450.517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00012 дугаар тогтоолоор уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-12/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тодорхой ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Түүнчлэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2139 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1672 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Ч.Л-гийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20.265.867 төгрөгийг хариуцагч ХНХЯ-наас гаргуулан Ч.Л-д олгохоор шийдвэрлэжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00554 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Л-гийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын     26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт болон хохиролд 12.882.237 төгрөгийг хариуцагч ХНХЯ-наас гаргуулан Ч.Л-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд эдгээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 13-15/

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон 11.353.836 төгрөгийг хариуцагч ХНХЯ-наас гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 759.096 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ч.Л-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Л-г одоог хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД  

                                                                                                     Н.БАТЗОРИГ