Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00688

 

Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00299 дүгээр шийдвэртэй,                                                                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 535 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Хариуцагч В.Батговь нарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, гэм хорын хохирол 65.726.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, Д.Мөнхбаяр, нарийн бичгийн даргад  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.01.25-ны өдрийн 171 дугаартай захирамжийн дагуу Н.Цогтсайхан 10.068.739 төгрөг "Кредит монгол" ББСБ-д төлөх байсан. Энэ захирамжийн дагуу хариуцагч ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөнөөс  хохирол учирсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 4 хүний өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8-124а тоот 56 м,кв орон сууц, 253 м.кв. гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөгч нарт мэдэгдэлгүй битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийсэн. Гэр бүлийн гишүүд болох Д.Эрдэнэчимэг, Ц.Солонго, Ц.Энх-Амар нараас ямар ч үнийн санал аваагүй. 2 удаа дуудлага худалдаанд оруулахдаа  өмчлөгч нарын эрхийг зөрчсөн. Би 2014.8.01-ний өдөр Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр, н.Лхагвасүрэн нарын өгсөн бичгийг санамсаргүй байдлаар үзээд тодруулга гомдлыг тус албанд 2014.8.01-ний өдөр гаргасны дагуу  хариуг 2014.8.13-ны өдөр өгсөн. Хариуцагч нь бидний өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдаж 25 жил амьдарсан орон гэрээс хүч түрэн гаргахдаа 107 нэр төрлийн эд хөрөнгөд нийт 65.726.500 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь УГЗ зүтгэлтэн ардын зураач Чуваамэдийн ном 2ш х 250.000=500.000 төгрөг, ардын гар урлагын бүтээлүүд морин хууртай ногоон ном 250.000 төгрөг, орчин үеийн шилдэг бүтээлүүдийн цомог Н.Цогбаяр 100.000 төгрөг, зааны соёо 10х3см 1шх300.000 төгрөг, үндсэн аяга 2шх200.000=400.000 төгрөг, Чүнчиг норов чулуу, Ногоон хаш, Сангийн бойпир, гүц, цахилгаан хөрөө, Цахилгаан харуул, Цахилгаан тасдагч,цахилгаан зүлгүүр, бахь, хөрөөний ком /орос/ 6шх90000=54 000 төгрөг, сүх 2шх200 000=400 000 төгрөг, модны өрөвтөл 1м60см 70х2ш=300 000төгрөг, зүлгүүр хавчигны хамт чулуун 1х500 000=500 000 төгрөг, төмрийн хөрөө араам,ирийн хамт /орос/ 1х100 000=100 000 төгрөг, тасддаг ир зүлгүүр 20шх1500=30 000 төгрөг зэрэг нийт 107 нэр төрлийн 65.726.500 төгрөг юм. Шинжээчийн дугнэлтэд дурдагдаагүй, алга болсон эд хөрөнгө байгаа. Энэ нь бараа бүтээгдэхүүн /Орифлэйм фирмийн /, мөн хашаанд байсан бурханы унаа чоно, хийморийн морины аримал, Алтан өргөөний хаалганы эх загвар, шанага малгай зэрэг үнэтэй, бурханы хэв загварууд юм. В.Батговь нь хашаа цэвэрлэж, уг эд зүйлсийг хогонд хаясан буруутай. Иймд 24.000.000 төгрөгийг хариуцагч В.Батговь-с, үлдэх 41.726.500 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-4/

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.01.25-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр Н.Цогтсайханаас 10.068.739 төгрөгийг гаргуулж Кредит монгол Банк бус санхүүгийн байгууллагад /ББСБ/ олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Н.Цогтсайханд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн.   Төлбөр төлөгч Н.Цогтсайхан, Д.Эрдэнэчимэг, Ц.Солонго, Ц.Энх-Амар нарын өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8 дугаар гудамжны 124/а тоотод байрлах хашаа байшинг битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч Н.Цогтсайхан болон хамтран өмчлөгч нарт Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг шуудангаар хүргүүлж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар сайн мэдэж байсан, үнийн санал авах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч үнийн саналаа өгөөгүй, мөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар мэдэгдсэн. Гадаад сурч байгаа охин Ц.Солонго нь мэдээд аав Н.Цогтсайханы хамт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргасан боловч хуралдаа ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Бид нар хувийн сууц, хашааг чөлөөлөх мэдэгдлийг өгсөн боловч сайн дураар чөлөөлөөгүй. Тийм учраас албадан чөлөөлсөн. Чөлөөлөх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, нөхөр Н.Цогтсайхан нар байсан боловч өөрсдөө хаяж гарсан. Бид ажиллагааны явцыг бүхэлд нь бичлэг хийж бэхжүүлсэн.Бүх тавилга, эд зүйл нь хуучирсан байсан.Бурханы эх загвар гэдэг нь ч байгаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Албадан чөлөөлсний дараа утсаар ярьж ирж уулзахыг мэдэгдэхэд ирээгүй, эд зүйлээ авахыг удаа дараа мэдэгдсэн боловч аваагүй. Нэхэмжлэгчийн өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Орифлэймийн бараа бүтээгдэхүүн, бурханы эх загвар гэж байгаагүй. Энэ хүмүүс зарим эд зүйлээ хайрцагласан байсан, бид тэр эд зүйлсийг задалж үзээгүй тэр чигт нь гаргаж хашаанд нь хурааж хариуцагч В.Батговьд хариуцуулан өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Батговь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2014.7.09-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр дахь дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8-124а тоотод байрлах  хашаа, байшинг газрын хамт 12.500.000 төгрөгөөр хуульд заасан журмын дагуу худалдаж авсан. 2014.8.19-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссаны дараа хашаа, байшин болон газрыг хүлээн авсан гэж би гарын үсэг зурсан. Надад бусдын өмчлөлийн зүйлийг хүлээн авах болон хадгалах үүрэг үүсээгүй бөгөөд зөвхөн өөрийн худалдан авсан зүйлийг  хүлээн авсан гэж гарын үсэг зурсан болно. Энэхүү маргаанаас үүдэн би өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00299 дүгээр шийдвэрээр 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87дугаар зүйлийн 87.1, 143 дугаар зүйлийн 143.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2.566.800 төгрөг гаргуулж Д.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 63.159.700 төгрөг болон хариуцагч В.Батговьд холбогдох шаардлагыг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.Эрдэнэчимэг тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 56.018 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 126.218/70.200+56.018/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 535 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1дэх заалтыг “...2.566.800 төгрөг…” гэснийг “…хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 3.208.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, В.Батговьд холбогдох 24.000.000 төгрөгийн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлээс үлдэх 38.518.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай…” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...126.218 төгрөг...” гэснийг “...66.286 төгрөг...” гэж, нэхэмжлэгчээс төлөх байсан улсын тэмдэгтийн хураамж 420.296 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: НШГА нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль ноцтой зөрчсөн. ШШГТХ-ийн 52 дугаар зүйлд Үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлэх тухай хуульчилан заасан бөгөөд харин НШГА нь шийдвэрт тусгагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудасгүй, тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх эсхүл үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийн дагуу хийх ажиллагааг хууль зөрчин хийсэн байхад анхан шатны шүүх хууль зөрчсөн эдгээр үйлдлийг огг үнэлээгүй, давж заалдах шатны шүүх ч зөвтгөлгүй шийдвэр гаргасныг үл зөвшөөрч байна. Орифлеймийн бараа, бүтээгдэхүүнүүдийг үнэлсэн албан ёсны үнэлгээг нотлох баримтаар үнэлсэнгүй. Анхан шатны шүүх уг орифлеймийн бүтээгдэхүүнийг байсан эсэхийг тодорхойгүй, бичлэгт харагдаагүй гэж үзсэн нь хэтэрхий өрөөсгөл, нэг талыг барьсан гэж хэлж болохоор ,байгаа бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичлэгт уут савтайгаа харагдсанаас гадна НШГА-ны албан хаагчид эд хөрөнгийг зөөж гарган бүртгэхдээ уут саванд байсан нэг ч зүйлийг тоолж гаргалгүй хууль зөрчсөн. Иймд Орифлеймийн барааны үнэ болох 6.273.800 төгрөгийг нэмж гаргуулах өөрчлөлтийг  оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирол гаргахад  урьдчилсан нөхцлүүд болох хариуцагчийн гэм буруутай үйлдэл болон түүнээс учирсан хохирол хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох ёстой. Гэм буруутай байх ёстой, хохирол учирсан байх ёстой ба гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо байх ёстой ба хууль бус үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан ажиллагаа явагдаж дуусах хугацаанд зугтаан явсан. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч хохирол учирсан нь нотлогдоогүй байхад хохиролд 3.208.500 төгрөг тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн, заасан хугацаанд биелүүлээгүй тул албадан чөлөөлөх ажиллагааг явуулж худалдан авагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10.1.5-т заасны дагуу үл хөдлөх албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрх бүхий тушаалтны шийдвэр нь гүйцэтгэх баримт бичигт хамаарахаар заасан байна. Иймд шийдвэрт зөвтгөх өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Д.Эрдэнэчимэг нь  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буруу явагдсан гэж үзэж  нийт 65.726.500 төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 41.726.500 төгрөг, иргэн В.Батговь-с 24.000.000 төгрөг тус тус шаардсанаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн байна.

Анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээнд заасан /1-ийн хх 204-215 / 3.208.500 төгрөгийн 20 хувь буюу 2.566.800 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж үлдэх шаардлагыг В.Батговьд холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээнд заасан 3.208.500 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж Д.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 38.518.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагын хамт мөн В.Батговьд холбогдох 24.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.    

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч нь “...Орифлейм фирмийн барааны үнийг хариуцагчаас нэмж гаргуулах...” харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох...” –г тус тус хүссэн боловч зохигчдын гомдол үндэслэлгүй байна. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 171 дугаар захирамж гаргаж Н.Цогтсайхан /Д.Эрдэнэчимэгийн гэр бүл/ нь Кредит Монгол ББСБ-ын нэхэмжилсэн 10.038.743 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд захирамж биелэгдээгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллагаа хийж, Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Зүүн тасганы 8-р гудамж,124А тоотод байрлах хашаа, байшинг газрын хамт 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлжээ. /1-ийн хх 24/ 

Чингэлтэй дүүргийн шүүхийн  2013 оны 171 дүгээр захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан журмын дагуу гомдол гараагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нийт 24 сая төгрөгийн үнэтэй эх загвар, малгай, баримал зэрэг эдлэл байсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, 6.273.800 төгрөгийн үнэ бүхий /Орифлейм фирмийн/ бүтээгдэхүүн байсан гэх үндэслэлгүй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан Д.Эрдэнэчимэгийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн шүүхийн  2013 оны 171 дүгээр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Д.Эрдэнэчимэгийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгч учирсан гэм хорыг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр  тул магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 535 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжид 2016.04.25-ны өдөр төлсөн 100.000 төгрөг, 2016.04.28-ны өдөр төлсөн 15.400 төгрөг нийт  115.400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ