Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 58

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                       Хэргийн индекс:114/2016/0029/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдод холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн 4 дэх заалт болон хавсралтын 10-д П.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                       Ө.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                           Г.Энхсайхан нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригоос шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай, 444 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэрээр газар эзэмшсэн. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 201 тоот албан бичгээр эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон мэдэгдэл ирсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг үндэслэн    иргэн    *******гийн   газар   эзэмших   эрхийн  гэрчилгээг  хүчингүй   болгосон нь үндэслэлгүй байна. ******* нь   2015  оны 7  дугаар  сарын 31-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулан мөн өдрөө гэрчилгээгээ авсан байдаг ба газар эзэмших гэрээ болон гэрчилгээнээс үзэхэд  2017 оны эхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа дуусахаар байгаа юм. Мөн газар дээрээ амины орон сууц барих гээд байшингийн, хашааны суурь  тавихад 2 сая гаруй төгрөг зарцуулсан, 5 сая гаруй төгрөгийн барилгын материал авсан баримт нь энэ байна, амины орон сууцны зургиийг 5 сая төгрөгөөр бүгд 10 гаруй сая төгрөгийг одоогийн байдлаар зарцуулаад байна.П.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтээ 2016 оны 3 дугаар сард газрын албанд өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүйгээс *******гийн газар эзэмших эрхийг зөрчиж байна. Аймгийн Засаг даргын захирамж гарахын өмнө газрын төлбөрөө төлчихсөн байгаа, биеийн эрүүл мэндийн шалтгаантай байсны улмаас газрын албанд очиж уулзаж чадаагүй, хүүхдээ явуулахад нь кадастрын зургаа хийлгээд ир хугацааг нь сунгаж өгнө гэж хэлсний дагуу кадастрын зургийг 2016 оны 3 дугаар сард хийлгэсэн зураг нь байгаа.Газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д  газар эзэмших гэрээг жил бүрийн гэрээ байгуулсан өдрөөр тасалбар болгон дүгнэх гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш 1 жил болоогүй  гэрээг дүгнээгүй байхад  Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь хууль бус байх  тул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Пэжээ овогтой *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Энхсайханаас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Иргэн П.******* нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хувийн орон сууцны газар хүссэн өргөдөл гаргасанаар аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд амины орон сууцны зориулалтаар 500 м/кв газрыг 2 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэжээ.Гэрээний хугацаа дууссан, хугацааг сунгах хүсэлтгээ гаргаагүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй  байсан учир гэрээнд заасан нөхцөл болзолыг биелүүлээгүй гэж үзэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “г”, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны А/85 дугаар захирамжаар цуцалсан болно.

Иргэн П.******* нь Монгол улсын Газрын тухай хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын төлбөрийг төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэрээний хугацаа дууссан  байсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.П.*******гийн эзэмшиж байгаа газар дээр очиж үзлэг хийсэн хашааг блокоор 2-3 давхар өрөгдсөн, байшингийн суурь цутгагдсан байсан, газрын төлбөрийг төлснийг хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзлээ. Аймгийн Засаг даргын захирамж 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гарсан байсан бөгөөд энэ өдрөөс газрын гэрээ байгуулагдсан, энэ хугацаанаас 2 жилийн хугацааг тооцсон .Газрын албанд 2015 оны 3 сарын 28-ны өдөр сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байсан гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах ёстой байсан гэж үзэж байгаа учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн 4 дэх заалт болон хавсралтын 10-д П.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн 4 дэх заалт болон хавсралтын 10-д П.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”-д заасны дагуу газар эзэмших ашиглахтай холбогдсон маргааныг шийдвэрлэх бүрэн эрхтэй хэдий ч Д.*******д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д  заасныг үндэслэн хүчингүй  болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж  зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргын  2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 170 дугаар захирамжаар П.*******д Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байршилтай 444 м2  газрыг 2 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, шийдвэрийг үндэслэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000555294 дүгээр гэрчилгээ  олгогдон,   2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаар П.*******д хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ, эзэмшил газрын байршлын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд П.******* нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газрын төлбөрийг төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших гэрээг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгогдсоноор тэрээр газраа зориулалтын дагуу эзэмших эрхтэй болсон, энэ хугацаанаас хуанлийн 2 жил тооцож гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүснэ. Гэтэл энэ хугацаа нь болоогүй байхад  Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч П.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн П.*******гаас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр газрын төлбөрт 5340 төгрөгийг төлсөн болох нь төлбөрийн баримт, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 344 дүгээр албан тоот, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.*******гийн газар эзэмших эрхийг сэргээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн 4 дэх заалт, хавсралтын 10-д П.*******д холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн 4 дэх заалт болон хавсралтын 10-д П.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Д.НАРАНТУЯА