| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2017/0268/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2017-10-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 304
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
Улсын яллагч Г.Эсэн,
Хохирогч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг,
Гэрч С.Б-, Ү.Ё-, П.Ц-,
Шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт С-ын Х-т холбогдох эрүүгийн 201726030475 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэлжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын Х
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С.Х- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар байрны гадна Э.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлийн тус газарт хутгалж бие махбодид нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед орцны үүдэнд сууж байхад Э.А- нь согтуу ирээд “Та намайг хүмүүст муугаар яриад явсан байна” гэж хэлээд агсам тавиад байсан. Би зугтаагаад явахад Ү.Ё-той таарч машинд нь суугаад 2,3 байр өнгөрөөд бууж үлдсэн. Хэсэг хугацааны дараа би эргэж ирээд байрныхаа гадаа Б.П.Ц-, С.Б- хоёртой сууж байхад Э.А- хаанаас гарч ирсэнийг мэдээгүй гэнэт дахиад гараад ирсэн. Э.А- ирээд “ гурвуулаа сууж байна, “Бүгдийг чинь алаад өгье” гэж хэлээд над руу дайрсан. Намайг миний өмсөж явсан цамцаар хоолой боогоод нүүр рүү гараараа 2,3 удаа цохисон. Тэгээд би боолтонд ороод тавиулах гээд дийлэхгүй байхаар нь кармаандаа байсан хутгаа гаргаж ирээд хутгалсан. Хажууд байсан хүмүүсээс тусламж гуйх ямар ч аргагүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. гэв.
Хохирогч С.Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 04-ний өглөө ажлынхаа залуутай 2 шил архи хувааж уучихаад гэртээ харих гээд явж байгаад орцны үүдэнд С.Х- ах байхаар нь очиж уулзсан. Би урьд нь болсон зодооны талаар яриад “та намайг хүмүүст муугаар хэлсэн байна” гэж хэлсэн. С.Х- ах босож яваад машинд суугаад явсан. Би С.Б-, П.Ц- хоёртой үлдсэн. С.Х- эргэж ирэхэд нь би “та намайг хүмүүст муугаар ярьсан байна” гэхэд “битгий олон юм яриад бай” гэж хэлээд намайг хутгалчихаад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй гэв.
Гэрч Ү.Ё- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр би гэр рүүгээ харьж явахад Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-н багш ажилчдын шар байрны орцны үүдэнд С.Х-, Э.А- нар сууж байсан. С.Х- над дээр хүрч ирээд “Э.А- агсан тавиад байна” гээд миний машинд суугаад “холдоод явъя” гэж хэлсэн. Ингээд С.Х- 47-р байрны гадаа очиж буусан. Ер нь 200-300 метр яваад буусан гэв.
Гэрч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо ХААИС-н байрны гадаа гараад ирсэн чинь С.Х-, П.Ц- нар сууж байсан. С.Х- “Анхаа агсан тавиад байна. Би зугтаагаад яваад байна” гэсэн зүйл ярьж байсан. Бид гурвыг сууж байхад Э.А- ирээд “одоо та гурвыг ална” гээд С.Х- руу дайраад байсан. Хутгалсаныг нь би хараагүй гэв.
Гэрч П.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед Хан-Уул дүүргийн 11-р хороо, 5 дугаар хэсэг ХААИС-н оюутны дотуур байрны гадаа сандал дээр С.Б- бид хоёр дээр сууж байхад С.Х- ирсэн. Бид гурвыг сууж байхад Э.А- хүрч ирээд С.Х-тай зодолдоод байсан. Э.А- согтуу ирээд шууд С.Х- ахтай зууралдаад 2-3 удаа цохиод авсан. Тэгээд С.Х- ах зугтаагаад явсан ах араас нь Э.А- хөөж яваад буцаж ирсэн. Ирээд С.Б-г өшиглөсөн гэв.
Хохирогч С.Э.А- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлын газрынхаа хүмүүстэй 2 шил 0.5 литрийн “Хараа” архи хувааж уугаад нилээн согтсон байсан. 14 цагийн орчим ХААИС-ийн багш ажилчдын 3 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд С.Б-, П.Ц-, С.Х- нар сууж байсан. Урьд нь би С.Х-тай муудалцаад зодолдож цагдаагаар шалгуулж байсан тэр талаар С.Х- ах миний таньдаг хүн болгонд ярьчихсан байхаар нь миний уур хүрээд С.Х-т хандаж “чи хүмүүст намайг муугаар ярьлаа” гэхэд өөдөөс “ална шүү пизда минь” гэж хэлээд эгц өөдөөс харж зогсож байгаад шар иштэй хутга гаргаж ирээд шууд хэвлийн хөндий /аймхай/ хэсэг рүү нэг удаа баруун гартаа барьж байсан хутгаараа дүрчихээд цаашаа зугтчихсан. Хажууд П.Ц-, С.Б- нар сууж байсан ч гэсэн анзаараагүй. Тэгээд би араас нь гүйгээд хөөсөн боловч гүйцэхгүй болохоор буцаж С.Б-, П.Ц- хоёр дээр хүрч ирээд тэр хоёрт хандаж “харж байгаад хүн хутгалуулчихлаа” гэж хэлээд С.Х-т уурласан уурандаа С.Б-гийн нүүр рүү хэд хэдэн удаа цохиж авахад П.Ц- салгах гэж оролцохоор нь би нэг удаа нүүр рүү нь цохичихсон юм. Тэгээд би үргэлжлүүлээд С.Б-г дахиад цохисон чинь хажуунаас нэг охин хүрч ирээд салгаад С. С.Б-г аваад явсан. Ингээд удалгүй цагдаа түргэн ирээд намайг авч явсан. Өс хонзонгийн сэдэлтэй намайг хутгалсан гэж бодож байна учир нь би С.Х- ахыг зодож байсан юм…” гэжээ. / хх-16-18, 19-р тал /
Гэрч С.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 15 цагийн орчим гэрээс гарахад орцны үүдэнд С.Х-, П.Ц- нар сууж байсан. Тэгээд тэр хоёртой юм яриад сууж байсан чинь С.Х- манай байрны “Э.А-ыг архи уучихсан агсан тавиад байна” гэж хэлсэн. Тэгээд “би зугтаад явж байна. Ямар сайндаа танай орцны үүдэнд сууж байхав дээ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Э.А- хүрч ирээд “өө сайхан бүгдээрээ сууж байна, бүгдийг чинь алаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд Э.А-, С.Х- хоёр муудалцаж, зодолдсон талаараа яриад байсан. Тэгээд Э.А-, С.Х- хоёр бие биенийхээ хувцаснаас зулгаалцаад байсан. Тэгээд Э.А- С.Х-ыг 2-3 удаа нүүр рүү нь цохиж авахад С.Х- гэнэт босоод гүйгээгээрээ яваад өгсөн. Э.А- араас нь дээгүүрх хувцасаа тайлаад гартаа тоосго бариад С.Х-ын хойноос “алнаа” гэж орилж явчихаад удалгүй нөгөө тоосгоо барьчихсан хүрээд ирсэн. С.Х- ер нь биедээ байнга хутга авч яваад байдаггүй Э.А- удаа дараа дээрэлхээд агсам тавиад байхаар нь тэсэлгүй ийм зүйл хийсэн байх гэж бодож байна...” гэжээ. / хх 22-23-р тал /
Гэрч П.Ц- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2 дугаар орцны гаднах сандал дээр сууж байхад С.Х- хүрч ирсэн. Удалгүй С.Б- гарч ирээд бид нар юм яриад сууж байхад Э.А- гэж залуу нилээд согтсон байдалтай хүрч ирээд С.Х- ахтай муудалцаад юм яриад байсан. Тэгээд бие биенийхээ хувцаснаас зуурч аваад байж байснаа гэнэт С.Х- ах босоод зугтаад гүйчихсэн. Тэгэхэд Э.А- дээгүүрх хувцасаа тайлаад гартаа тоосго бариад яваад өгсөн. Тэгээд С.Б- бид 2 үлдээд байж байхад Э.А- буцаж хүрч ирэхдээ энгэр нь цус болчихсон “танай С.Х- чинь намайг хутгалчихлаа” гээд С.Б-г өшиглөөд авсан. Тухайн үед бид 4 байсан өөр хүн байгаагүй...” гэжээ. / хх 24-25-р тал/
Гэрч Ү.Ё- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийнхөө 73-29 УНД улсын дугаартай автомашинтайгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ХААИС- ийн багш ажилчдын 3 дугаар байрны урдуур явж байхад С.Х- ах гар өргөхөөр нь зогссон чинь машинд шууд суусан. Машинд “ Э.А- надад агсан тавиад болохгүй байна. Би чиний машинд суугаад эндээс жаахан холдоё гэж” байсан Тэгээд би авч яваад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 47 дугаар байрны хажуу талын хүүхдийн талбай дээр С.Х- ах буусан. Надад өөр зүйл яриагүй...” гэжээ. / хх 32-33-р тал /
Гэрч И.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай байранд яг СӨХ гэж байдаггүй. Манай байрны айлууд өөрсдөө санаачилгаараа засаж янзалдаг, түүнээс хариуцсан хүн гэж байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай орцны хаалганы нугас нь эвдэрчихсэн, чихарч дуугараад, хаалга доошоо унаад байдаг юм. С.Х- хаалгыг янзлах гэж байсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. / хх 34-35-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн №4801 тоот дүгнэлтэд: “…Э.А-ын цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, өрц хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-37-р тал/,
Хэргийн газрын схем зураг, Үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-13/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-123/, Ял шийтгэлийн хуудас /хх-132/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-107-118/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Х- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 3 дугаар байрны гадна Э.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлийн тус газарт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг / хх-49-55-р тал/, хохирогч Э.А- /хх-17-18, 19-р тал/, гэрч С.Б- /хх-22-23-р тал/, гэрч П.Ц- /хх-24-25-р тал/, гэрч Ү.Ё- / хх-32-33-р тал/ нарын мэдүүлгүүд, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон №4801 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Х-т Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Э.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.140.000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан гэх нийт 477,265 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн ба шүүгдэгч нь эмчилгээний зардалд нийт 789.200 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Э.А- нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 212 мм урттай, 21 мм урт хэмжээтэй ажлын хэсэгтэй шар өнгийн хуванцар иштэй, эвхдэг хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын Х-т 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 212 мм урттай, 21 мм урт хэмжээтэй ажлын хэсэгтэй шар өнгийн хуванцар иштэй, эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгасугай.
6. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч С.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ