Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/1063

 

 

                                             Г.Э-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Г.Э-ний өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/1156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-нийөмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2106 00000 1802 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...........оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............ тоотод оршин суух, /РД: .........../,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 3 жил 4 сар 21 хоногийн хорих ялыг хассан, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө сулласан;

Г.Э нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна иргэн О.Ч-тай “цагдаа дуудсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүч хэрэглэн хутгаар толгойн тус газар нь хутгалсны улмаас О.Ч-н биед зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх, дух зулай, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.Э-нийөмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч прокурор яллах дүгнэлт үйлдсэн гэдэг шалтгаанаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж чадаагүй болно.

Хохирогч О.Ч-н бие нь бүрэн эдгэрсэн бөгөөд шүүхэд миний бие Г.Э-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүхээс түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан бөгөөд Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээсэн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогчийн бие нь эрүүл болж гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн Г.Э-д ял оногдуулж болох байтал дээрх зүйл заалтыг хэрэглээгүй.

Гомдлын шаардлага: Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасны дагуу Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилээс доош хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор М.Оюунбат оролцсон. Гэхдээ яллах дүгнэлт үйлдэх хүртэл шүүгдэгчээс прокурортой ял тохиролцох асуудал яригдаагүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна иргэн О.Ч-тай “цагдаа дуудсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүч хэрэглэн хутгаар толгойн тус газар нь хутгалсны улмаас О.Ч-н биед зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх, дух зулай, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ч-н “... Би өөрийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад төв зам руу орох гээд гудамжинд зогсож байтал автобусны урдуур нэг машин дайрч орж ирээд миний автомашины баруун хойд талын гуперийг мөргөчихөөд шууд яваад өгсөн. ... Араас нь гудамж сүлжиж явж байгаад хашаа руу нь дагаж ортол 2 давхар нийтийн байр байсан. Гарч ирсэн хүүхэд болгоноос энэ машины жолооч хаана байдаг талаар асуухад уг машины жолооч болох эрэгтэй согтуу гарч ирсэн. Манай хүүхэд уг залууг мөн байна гэж тухайн үед хэлсэн. ... Тэгэхээр нь би авто дуудсан гэж хэлээд дахин авто руу залгатал араас нь нэг согтуу залуу гарч ирсэн. Уг хүмүүс “төлөөд өгье” гэж хэлэхээр нь нэгэнт дуудлага дуудсан юм чинь цагдаа ирэхээр нь шийдвэрлэе гэсэн. Уг залуу буруу талын хаалгаа онгойлгоход нь хартал шалан дээр нь талдаа орсон том пиво байсан. Би уг залууг пиво авах гэж байгаа юм байна гэж бодтол хутга аваад над руу дайрсан. Би хойшоо ухартал хүүхэд намайг хутгалах гэж байна гээд хажуугаас гүйж ирээд хутгыг  нь булааж авах гээд хутгагүй гарыг нь барьчихсан байхаар нь би хутгалчих байх гэж бодоод дөхөөд очтол хутгатай гараараа миний толгойн зүүн хэсэг чамархай руу хутгалчихсан. Хутга нь миний толгойд зоогдоод үлдсэн бөгөөд уг залуу хутгаа татаж авах гээд чадаагүй. Би зүүн гараараа хутгыг сугалж авах гэсэн боловч сугарахгүй байхаар нь хоёр гараараа сугалж авсан. ...” /хх 17-18/,  

гэрч Ч.Б-ын “... Аавыг дуудаж байгаа газраас нь аваад уг нийтийн байран дээр ирээд хүмүүсээс асууж байтал мэдэхгүй гэж хэлж байсан. Гэтэл уг машиныг унаж явсан залуу согтуу гарч ирэхээр нь би “та сая машин мөргөчихөөд зугтаасан” гэж хэлтэл “өө баригдчихсан уу” гэж хэлсэн. Аав “чи бууж ирээд уулзчихгүй” гэж хэлтэл “угаасаа зугтана ш дээ, баригдвал төлнө, баригдахгүй бол миний аз” гэж хэлсэн. Тухай үед цагдаад дуудлага өгсөн байсан. ... Би юм бодолгүй машин руу очиж юм тавихаар явж байтал уг залуу машиныхаа хаалганы хавтаснаас шар модон иштэй төмөр хутга гаргаж ирээд аав руу дайрахаар нь би салгах гэж очоод хутгагүй гарыг нь барихад миний дээгүүр хутга гарсан бөгөөд хартал аавын толгой дээр хутга нь зоолттой байсан. Уг залууг найзынх нь хамт хориод бараагүй юм. …” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...О.Ч-ын биед зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх, дух зулай, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 7697 дугаартай дүгнэлт /хх 32-34/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх 62/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Э-ний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Э-ний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын хэмжээний дотор буюу 5 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Э-ний өмгөөлөгч С.Болорчулуунаас “... Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм хор арилсан тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 4 жилээс доош хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Шүүгдэгч Г.Э нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний үйлдлийн улмаас хохирогчийн тархинд хүнд гэмтэл учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-нийөмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/1156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-ний өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР