Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/1064

 

                                               Ш.Д-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямдэлэг,

хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,  

шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 38 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.Д-д холбогдох эрүүгийн 2010 02370 0427 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ш-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ............. цагийн багш ажилтай, ам бүл 1, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/,

Ш.Д нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой ..............тоотод эд зүйлээ авах гэж ирсэн Б.Т-тай “чи наадахаа авахгүй, наадах чинь чиний юм биш” гэж маргалдан, түлхэн унагааж, биед нь зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Д-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Д-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Д-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Ш.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ш.Д-д сануулж шийдвэрлэжээ.  

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргаж, цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаас татгалзсан, мөн тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой төлбөр төлөх санаачлага гаргаагүй, өөрийн үйлдэлд хандаж буй хандлага зэргийг харгалзан шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй... ” гэж дүгнэсэн байна.

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан, хуулийн хэрэглэх заалтыг хэрэглэхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...мөн хуулийн 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна... гэсэн үндсэн шаардлагын дагуу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар зохицуулсан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-д зааснаар шүүгдэгч Ш.Д-г гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа, түүнд оногдуулсан торгох ялыг өршөөлд хамруулахаар ойлгогдож байна.

Хуульд ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаас татгалзсан ...” нь хамруулахгүй үндэслэл болох талаар заагаагүй тул шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

            Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэхтэй холбоотой шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. Ш.Д нь шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаж, түүний өмгөөлөгч нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй гэж мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөөгүй гэх үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дугаар зүйлд “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэж заасан. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд гэм буруугүй гэдгээ нотлох баримтыг хавтаст хэргийн хуудасны дугаар, мөр, нотлох баримтын байрлалыг бүгдийг хэлж тайлбарласан. Гэвч шүүх хуралд бодитоор үнэлээгүйд гомдолтой байна. Намайг гүтгэснээс болж би хэлмэгдэж байгаа явдалд маш их гомдолтой байна.

Би өөрийгөө хамгаалахын тулд гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл Б.Т ирээд миний бичлэг хийж байсан гар утсыг шүүрч авсан. Бичлэг дээр би шорттой байгаа ба Б.Т цаашаа явж байгаа. Миний “миний утсыг өгөөч” гэх дуу бас холдож байгаа. Би орилоогүй “миний утсыг өгөөч” гэж тайван хэлсэн. Б.Т цаашаа явж байгаад хальтарч унасан. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хуулийн дагуу, үнэн зөв шийдүүлэх, мөн тус хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Д-ны өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэж чадаагүй, хууль буруу хэрэглэсэн тул хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ш.Д-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг бичсэн байна. Энэ мэдүүлэг Ш.Д цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, мэдүүлэг өгсөн бүх нөхцөл байдлыг тогтвортой мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогч гэх Б.Т, гэрч С.Б, насанд хүрээгүй гэрч Д.О нарын мэдүүлгүүд зөрүүтэй, өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн, нягталж үзвэл хүн гүтгэсэн, хууль сануулсаар байтал худал өгсөн мэдүүлгийг шүүх дүгнэхдээ агуулгын хувьд таарч байна гэсэн бодит байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Ийм дүгнэлт хийж алдаа гаргасан нэг үндэслэл бол хэрэг шүүхэд шилжиж ирэхэд өмгөөлөгч миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт сиди бичлэгт авагдсан баримтыг бүрэн тогтоолгох, Ш.Д-ны болон миний зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг дутуу шалгаж шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шалгахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байдлыг арилгуулах зорилготой байсан. Гэвч шүүх энэ асуудлыг хурлаар шийдвэрлэж тогтоож болно гэсэн нь алдаа болсон байна.

Учир нь, сиди бичлэгт авагдсан зүйлийг нэг бүрчлэн тогтооход цаг хугацаа, орон зай маш чухал бөгөөд үүнийг мэргэжлийн дүгнэлт л тогтоох юм. Сиди бичлэгт энэ унаж буй дүрс бичлэг нь түлхэгдэж унасан уу, хальтарч унасан уү гэдгийг ялгах гол баримт. Өөрөөр хэлбэл, утас тасрах хүртэл авагдсан бичлэгт Д-ны шорт харагдаж байгаа бөгөөд энэ хоорондын зай, хугацааг тогтоосноор энэ хоёрын хэн нь үнэн зөв мэдүүлэг өгсөн бэ гэдэг шалгуур гарна. Гэтэл шүүх хурал дээр энэхүү сиди бичлэгийг үзэхдээ утас дээш тааз харуулаад тасарч байгаа тул Т утсыг булаагаад зугтахдаа унасан уу, өөр байдлаар унасан уу гэдэгт эргэлзээгүй дүгнэлт хийж чадаагүй байна. Энэ гол баримтыг бусад гэрчүүдийн нүдээр хараагүй, зөрүүтэй мэдүүлгээр хүүхэд худал ярьдаггүй гэсэн итгэлээр шийдвэрлэсэн нь маш буруу дүгнэлт хийсэн. Наад зах нь насанд хүрээгүй гэрч шүүх хурал дээр асуултад хариулахгүй гэсэн байдал, том өрөөний буйдан дээр сүүж байсан хүүхэд мастер унтлагын өрөөнд болсон зүйлийг харах боломжгүй. Ийм энгийн зүйлийг агуулга талаасаа таарч байна гэж дүгнэсэн нь алдаа юм. Мөн гэрч С.Б илэрхий зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн байхад хариуцлага тооцохгүй өнгөрүүлж байгаа нь хууль тэгш үйлчлэхгүй байгааг илтгэж байна. Хэрэгт авагдсан баримтад шинжээчийн дүгнэлт байгаа бөгөөд 8 хоногийн дараах үзлэгээр гэмтэл нь шинэ гэмтэл гэж дүгнэгдсэн байхад хөнгөн гэмтэл 8 хоног дотор илааршиж эдгэрсэн байх нөхцөл байдлыг ч мөн дүгнэж чадсангүй. Нөгөө талаар эд хөрөнгийн маргаан бүхий асуудлын нуугдаж буй шалтгааны сэжүүр үүнд чиглэгдэж байгааг харж болохоор юм. Иймээс анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж чадаагүй тул хүчингүй болгож, Ш.Д-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ш.Д-ны хэлж хийж байгаа зүйл бүгд худлаа. Өөрөө хүнийг гүтгэж доромжилдог “ална шүү, бүлнэ шүү” гэж хэлж байсан. Энэ хүн өөрийгөө хамгаалах гэж бичлэг хийж байгаа бус энэ хүнийг би яаж юманд хийх вэ гэж бичлэг хийсэн. Миний аавыг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж Ш.Д-ны өмгөөлөгч хэлж байна. Миний аав хөгшин хүн учир агуулгын хувьд нэг зүйл ярьж байгаа болохоос биш нэг үг бүрчлэн давтаж ярих боломжгүй. Энэ хүнээс болж би гартаа гэмтэл авч маш олон хоног хохирсон. Би хүүхдэдээ нөлөөлөөгүй. Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой хүн учир үзсэн, харсан зүйлээ мэдүүлсэн. Мастер унтлагын өрөөнд болсон гэж өмгөөлөгч худлаа хэлж байна. Энэ зүйл том өрөөнд болсныг Ш.Д мэдэж байгаа. Миний байгаа бүх зүйлийг авч үлдчихээд хүүхдээ ч гэхгүй ийм зүйл ярьж байгаад би маш их гомдож байна. Сovid-19 гарсан байсан тул би хохирол төлбөр нэхэмжилж чадаагүй. Харин шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

 Хохирогч Б.Т-н өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэрэгт нотолбол зохих зүйлийг бүрэн дүүрэн нотолсон. Насанд хүрээгүй гэрч О гэх хүний дэргэд Ш.Д нь Б.Т-г түлхэж унагааж зүүн гарт хөнгөн гэмтэл учруулсан болохыг бүрэн тогтоосон. Ш.Д нь хохирогчийг түлхэн унагааж “энэ зүйлийг чи авахгүй, чамд энэ зүйлийг өгөхгүй” гэх маргааны сэдэл байна. Б.Т нь өөрийн амьдарч байгаа байрнаас эд зүйлээ авах гэж хүүхэдтэйгээ хамт хүмүүс дагуулж очсон. Бие махбодын хүчирхийллийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөв гэж үзэж байна. Ш.Д-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг үндэслэлтэй тул өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй тул Өршөөл үзүүлэх хуульд хамрагдах боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэм буруугийн талаар маргаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ш.Д нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой ..................... тоотод эд зүйлээ авах гэж ирсэн Б.Т-тай “чи наадахаа авахгүй, наадах чинь чиний юм биш” гэж маргалдан, түлхэн унагааж, биед нь зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Т-н “... Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эд зүйл, ор хөнжил зэрэг өөрийн мөнгөөр авсан эд зүйлээ авах гээд өмнө нь амьдарч байсан .................... тоотод төрсөн аав Д.Б болон хүү Д.О, мөн ачаа зөөлгөхөөр хөлсөлсөн хоёр хүний хамт очиж хаалга тогшиход Ш.Д хаалга тайлж өгөхөөр нь гэртээ орж эд зүйлээ авах гээд буулгаж байтал “чи наадахаа авахгүй, наадах чинь чиний юм биш” гэх зэргээр маргалдаж эхэлсэн. Ш.Д нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь би “наадахаа боль” гэж хэлээд Ш.Д бичлэг хийхээ болиод надтай маргалдаад байсан. Манай аав орны тусгай түлхүүрээр ор салгаж байхад Ш.Д намайг “чамайг алчихна шүү” гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад баруун гарын шуугаараа миний гар лүү түлхэж намайг газарт унагаж миний гар хавдаж өвдсөн. ...” /хх 72-73/,

гэрч С.Б-н “... Манай охин Т нь амьдарч байсан байрнаасаа хувцас, хөнжил гудас, гэр орны тавилга гэх зэрэг эд зүйлүүдээ авахаар болж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай охин намайг болон хүүгээ мөн танихгүй ачилт хийдэг хоёр хүнийг хөлслөн авч очсон. ... Тухайн үед намайг орны боолт салгаж байх үед манай охин “ёоё, миний гар” гээд орилохоор нь би босож очоод хартал манай охин газарт уначихсан “миний гар” гээд байсан. ... Ш.Д манай охиныг түлхсэн юм уу, цохисон. Тэгээд л манай охин газарт унасан. ... Ямар ч байсан маргааш нь манай охины гар нь хавдаж гэмтлийн эмнэлэгт очиж гипс тавиулсан. ...” /хх 74-75/,

насанд хүрээгүй гэрч Д.О-н “... Би том өрөөний үүд хэсэгт зогсож байсан. Тэгээд ээж юмнуудаа цуглуулж байтал манай аав Ш.Д ээжтэй хэрэлдээд “яагаад би чамд энэ зүйлүүдийг өгч явуулдаг юм, өгөхгүй” гэх зэргээр хэрүүл хийгээд утсаа гаргаж ирээд хэсэгхэн бичлэг хийж эхэлсэн. Тэр үед ээж “чи наадахаа болиоч” гээд аавын утсыг авах гэтэл аав өгөөгүй. Тэгээд тэр үед ээж гэрт ороод юмыг яаж мэдэх вэ, бичлэг хийчих гээд надад утсаа өгсөн бөгөөд би тэр үед ээжийн утсаар бичлэг хийж байтал ээж алив ээжийнхээ утсыг өгчих гэж утсаа аваад цагдаа дуудах гэтэл аав ээжийг түлхээд унагачихсан. Тэр үед ээж “ёоёо” гэж дуугарч байсан. ... яг гараа атгаж байгаад ч гэдэг юм уу эсвэл юм барьж ээжийг зодоогүй. Гэхдээ түлхэж газар унагаасан. Түүний дараа ээж гарандаа гипс хийлгүүлж гараа боолгосон байсан. ...” /хх 80-81/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Т-н биед зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 12613 дугаартай дүгнэлт /хх 91-92/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Д-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Д-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Тухайн гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн. Уг хэргийг анхан шатны шүүхэд хянагдах ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд энэ хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан ч түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа заавал шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох эсхүл шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 Гэтэл анхан шатны шүүх Ш.Д-ны үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус хамаарахаар байгааг дүгнэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж, цагаатгах байр суурьтай оролцсон, өршөөн хэлтрүүлэгдэхээс татгалзсан гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгчийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь буруу болжээ.  

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна гэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Энэ талаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ш.Д-с “... хохирогч гэх Б.Т, гэрч С.Б, насанд хүрээгүй гэрч Д.О нарын мэдүүлгүүд зөрүүтэй, өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн, нягталж үзвэл хүн гүтгэсэн, хууль сануулсаар байтал худал өгсөн мэдүүлгийг шүүх дүгнэхдээ агуулгын хувьд таарч байна гэсэн бодит байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь буруу, Б.Т нь цаашаа явж байгаад хальтарч унасан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатараас “... хэрэг шүүхэд шилжиж ирэхэд өмгөөлөгч миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт сиди бичлэгт авагдсан баримтыг бүрэн тогтоолгох зорилготой байсан боловч Ш.Д-ны болон миний зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг дутуу шалгасан, шүүх хуралдааны явцад сиди бичлэгийг үзэхдээ утас дээш тааз харуулаад тасарч байгаа тул Т утсыг булаагаад зугтахдаа унасан уу, өөр байдлаар унасан уу гэдэгт эргэлзээгүй дүгнэлт хийж чадаагүй, гэрч С.Б илэрхий зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн байхад хариуцлага тооцоогүй нь хууль тэгш үйлчлэхгүй байгааг илтгэж байна. Мөн шинжээчийн 8 хоногийн дараах үзлэгээр шинэ гэмтэл гэж дүгнэсэн, хөнгөн гэмтэл 8 хоног дотор эдгэрсэн байх нөхцөл байдлыг дүгнэж чадаагүй. Иймд Ш.Д-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэйгээр яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь шүүгдэгчийг хэрхэн ямар байдлаар түлхсэнийг, түүний улмаас зүүн гарын бугуй хэсэгт хэрхэн гэмтэл авсан талаараа тогтвортой мэдүүлдэг ба хэргийн энэ нөхцөл байдал нь насанд хүрээгүй гэрч Д.О-н “... би тэр үед ээжийн утсаар бичлэг хийж байтал ээж алив ээжийнхээ утсыг өгчих гэж утсаа аваад цагдаа дуудах гэтэл аав ээжийг түлхээд унагачихсан. Тэр үед ээж “ёо ёо” гэж дуугарч байсан. ... түлхэж газар унагаасан. Түүний дараа ээж гарандаа гипс хийлгүүлж гараа боолгосон байсан. ...” /хх 80-81/ гэсэн мэдүүлэг болон хохирогч Б.Т-н биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12613 дугаартай дүгнэлт /хх 91-92/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх ба тухайн цаг хугацаанд хохирогчид учирсан гэмтлийг Ш.Д учруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ хэргийн хохирогч Б.Т, насанд хүрээгүй гэрч Д.О, гэрч С.Б нарт хууль сануулж мэдүүлэг авсан, тэдгээр нь хувийн сонирхлоор хандаж мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэсэн үндэслэл, баримт нотолгоо хэрэгт тогтоогдсонгүй.

Үүнээс гадна хэрэгт авагдсан 2 ширхэг сиди бичлэгт тухайн хэргийн талаарх баримтат мэдээлэл агуулаагүй, өөрөөр хэлбэл хохирогч Б.Т-г хэрхэн яаж унаж байгаа талаарх дүрсний бичлэг бус байна. Тиймээс энэ баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх эргэлзээ бүхий үндэслэл байх тул анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нь буруу биш юм.   

Иймд шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3, 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР