Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Н.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2016 оны 12 сарын 19-нийөдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/141 дүгээр захирамж, 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ******* багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ...багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болногэсэн заалтуудыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* нь ноцтой зөрчиж, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагаас хуралдуулахаар 56 тоот албан тоотыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, улмаар Ардчилсан намын гишүүддээ далд зарлан хуралдууллаа. Уг хууль бус хурлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгож чөлөөлсөн 2 дугаар тогтоол, багийн Засаг даргыг сонгосон 3 дугаар тогтоол гарсан байдаг. Гэвч энэхүү 2, 3 дугаар тогтоолоо иргэд батлалгүй тарсан байна. Иймд тухайн хурлаас гарсан 2, 3 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг иргэн Жамган овогтой ******* удирдан явуулсан тул Ж.*******ыг хариуцагч байх ёстой гэж үзэж байна. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдаж, хууль бус хуралдааныг зохион байгуулах шийдвэр гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******ийг хариуцагч байх ёстой гэж үзэж байна. Дээрх хууль бус хурлаас гарсан шийдвэрүүдийн улмаас багийн Засаг дарга миний ажлыг хууль бусаар авч, намайг цалин мөнгө, сэтгэл санаа, хөдөлмөрлөх эрхээр хохироолоо. Миний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-нд дуусах байсан.

Б. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтуудыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* нь ноцтой зөрчиж, ******* багийн иргэдийн Нийтийн хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагаас хуралдуулахаар 56 тоот албан тоотыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, улмаар Ардчилсан намын гишүүддээ далд зарлан хуралдууллаа. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* болон Тэргүүлэгчдээс 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 36 дугаар тогтоол нь дугаар нь ижил хэрнээ нэг нь 3 заалттай, нөгөө нь 4 заалттай гарсан байдаг. Нэг тогтоол нь 4-р заалтаараа багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах эрхийг ******* сумын Засаг дарга Б.*******т олгосон байхад нөгөө тогтоол нь 3-р заалтаараа багийн нийтийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах эрхийг ******* сумын Засаг дарга Б.*******т олгосон байна. Багийн иргэдийн нийтийн Хурлыг зарлан хуралдуулах эрх нь зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд хадгалагдаж байдаг тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* нь энэхүү эрхийг Засаг дарга Б.*******т олгосон нь хууль зөрчсөн явдал юм. Нэг нь 4 заалттай, нөгөө нь 3 заалттай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан 36 дугаар 2 тогтоолын аль нь хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох шаардлагатай байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* нь ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах 56 тоотыг гаргахдаа хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус 36 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэчдийн бүрэн эрхэд халдаж, хууль бус хуралдааныг зохион байгуулах шийдвэр гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн дарга Б.*******ийг хариуцагч байх ёстой гэж үзэж байна.

В. Миний ажлыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 1.204.029 төгрөгний цалин, 120 402 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэл, 28788 төгрөгний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэхэмжилж байгаа бөгөөд цаашид шүүхийн шийдвэр гарч намайг ажилд эгүүлэн томилуулах хүртэл хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалингаа нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хууль бус хуралдаанаас гарсан тогтоолыг үндэслэсэн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/141 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн ******* сумын Засаг даргын 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/144 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* багийн Засаг даргын бүрэн эрхийг сэргээж, ажилд эгүүлэн томилуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Өөр тайлбар байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг дарга нь ******* багийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн илт хууль бус хуралдаанаас гарсан 03 дугаар тогтоолыг үндэслэж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/141 дүгээр захирамжаа гаргасан байдаг. Үүний дараа ******* сумын Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/144 дүгээр захирамж гаргасан. Тиймээс ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/141 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/144 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. ******* сумын Засаг даргыг яагаад хариуцагчаар татсан бэ? гэхээр хууль бус хуралдаанаас гарсан 03 дугаар тогтоолыг үндэслэж Ажлаас чөлөөлөх тухай, Ажилд томилсон тухай шийдвэр гаргасан тул хариуцагч байх ёстой. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалтыг илт зөрчиж, 56 дугаар албан бичгээрээ ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдуулсан. Мөн ******* сумын Засаг дарга нь ******* багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, нээж, удирдсан байгаа. Энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 26 дугаар шүүхийн шийдвэр гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг илт хууль бус гэдгийг тогтоож, тухайн хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Тиймээс дээрх шүүхийн шийдвэрийг түдгэлзсэн гэж ойлгохгүй байна. Учир нь Монгол Улсын шүүхийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. Иймд 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Ийнхүү хүчингүй болсон 03 дугаар тогтоолыг үндэслэж ******* сумын Засаг дарга Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг гаргасан байдаг. Тиймээс ******* сумын Засаг даргын Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан Н.*******гийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор багийн Засаг дарга Н.*******гийн сонгогдсон хугацааны бүрэн эрхийг нь дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлөх, хуралдаанд оролцогсдын олонх буюу 54,3 хувийн санал авсан П.*******ийг багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсаныг Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтын дагуу Засаг дарга, хотын захирагч Б.******* 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамжаар Н.*******г ******* багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ******* багийн Иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.5, 23.10 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоол гаргасан байх тул Н.*******гийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-нд дуусах байсан гэх асуудал үндэслэлгүй юм. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасан нь багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд нэгэн адил хамаарах тул Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх үндэслэлгүйг үүгээр уламжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд ******* сумын Засаг даргыг төлөөлж оролцож байна. ******* сумын Засаг дарга нь өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд Н.*******г ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байгаа. Энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Тиймээс энэ захирамж нь илт хууль бус байх боломжгүй. Яагаад гэхээр ******* сумын Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд захирамж гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5 дахь заалт нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? гэхээр тухайн баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхээр байгаа. Энэхүү санал нь Б/141 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт байна. Өөрөөр хэлбэл ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэсэн. Энэ тогтоол нь багийн Засаг дарга Н.*******г ажлаас чөлөөлөөд, П.*******ийг томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан тухай байдаг. ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол яагаад гарсан юм бэ? гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2-т зааснаар багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцээд, гаргасан саналаа сумын Засаг даргад уламжлах ёстой. Үүний дагуу ******* багийн иргэдийн Нийтийн Хурал хэлэлцээд гаргасан саналаа сумын Засаг даргад уламжилсан байгаа. ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл байгаа тул үүнийг хэлэлцсэн гэж ойлгохоор байна. Иймд ******* сумын Засаг дарга Б/141 дүгээр захирамжийг өөрийнхөө бүрэн эрхийн дагуу гаргасан. Энэ нь хавтаст авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд баг, хорооны бүрэн эрхийн асуудал байгаа. Энэ бүрэн эрх дотор багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах саналыг хэлэлцэн гэдгийг зааж өгсөн. Хэлэлцэн гэхээр ямар нэгэн хурал болсон байх ёстой. Энэхүү хурлаас ямар нэгэн шийдвэр гарсан байх ёстой. Ийнхүү хэлэлцээд гарсан санал нь 03 дугаар тогтоол байдаг. Тэгээд 03 дугаар тогтоолыг ******* сумын Засаг даргад уламжилсан асуудал яригддаг. Тэгэхээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу санал гаргасан. Энэхүү саналыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5-т зааснаар шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгч талаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх хэсгийг үндэслэнэ гэж ярилаа. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх зүйлд ээлжит сонгууль явуулсан өдрөөс хойшхи асуудал яригдана гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр Ажлаас чөлөөлөх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/144 дүгээр Ажилд томилох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах, Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр Ажлаас чөлөөлөх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/144 дүгээр Ажилд томилох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* багийн Засаг даргаар эгүүлэн томилуулах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* багийн Засаг дарга Н.*******г 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/144 дүгээр захирамжаар П.*******ийг ******* багийн Засаг даргаар томилсон байна.

Нэхэмжлэгч Н.******* өөрийг нь ******* багийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/141, ******* сумын ******* багийн Засаг даргаар П.*******ийг томилсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/144 дүгээр захирамжууд нь хууль бусаар хуралдсан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэж гарсан, уг 03 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалт, 26.3 дахь заалтыг зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамж нь ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг үндэслэж чөлөөлсөн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр захирамжаар ******* сумын ******* багийн Засаг даргаар 4 жилийн хугацаатай томилогдсон ба түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болохоор байна.

Багийн Засаг даргыг томилж чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын Засаг дарга ба багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэлийн талаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгээр зохицуулсан байна. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт .... Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга .....түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх .... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө чөлөөлөх хуульд заасан үндэслэл нь тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл байх ба энэхүү асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.

Маргаан бүхий Б/141 дүгээр захирамжийн үндэслэл болох ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ******* багийн Засаг дарга Н.*******гийн сонгогдсон бүрэн эрхийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг ******* сумын Засаг даргад уламжилсан байх ба 2 дахь заалтаар ******* багийн Засаг даргад нэр дэвшиж хуралдаанд оролцогсдын олонхи буюу 54.3 хувийн санал авсан П.*******ийг Засаг даргаар томилуулах саналыг ******* сумын Засаг даргад уламжилсан байна.

Нэхэмжлэгч ******* багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлөх санал уламжилсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нэхэмжлэгчийн маргаж буйгаар хуульд заасан журмын дагуу хуралдсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж, дүгнэхэд ******* багийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хуралдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн зохицуулалтын агуулгаас үзэхэд багийн хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар байна. Гэтэл тус багийн хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид товлож хуралдуулаагүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 9, 69, 70-72, 73, 75-р хуудас/

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан нөхцлөөр товлогдсоноор багийн иргэдийн Нийтийн Хурал хууль ёсны дагуу явагдах урьдчилсан нөхцөл бүрдэх бөгөөд мөн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч багийн Засаг дарга нь ..... 4 жилийн хугацаагаар томилох зохицуулалтын хүрээнд бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад чөлөөлсөн захирамж гаргасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх хууль зүйн үндэслэл үүсээгүй, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлох эрх хуулиар тухайн Хурлын Тэргүүлэгчдэд байхад энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж товлогдсон хуралдаанаас нэхэмжлэгчийг ******* багийн Засаг даргын үүрэгт ажлаас хугацаанаас нь өмнө чөлөөлөх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу хариуцагч нь Б/141 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамж, мөн тухайн хурлаас ******* багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан гуравдагч этгээд П.*******ийг Засаг даргаар томилуулах саналын дагуу Ажилд томилох тухай Б/144 дүгээр захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хууль зөрчин товлож, хуралдсан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг тус багийн Засаг даргаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дугаар захирамж, мөн гуравдагч этгээдийг ******* багийн Засаг даргаар томилсон тус сумын Засаг даргын мөн өдрийн Б/144 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Н.*******г ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтээ байна.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч ******* сумын Засаг дарга нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.*******гийн ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 05 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 97 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.231.943 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Н.*******гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Н.*******г Завхан аймгийн, ******* сумын ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин 3.231.943 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР