Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 305

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Д-ийн Д.Д-д холбогдох эрүүгийн 170003830100 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Д.Д-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Одонт” ХХК-д замчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д-ийн Д,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Г.М-ын эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн мопедыг /моторт дугуй/ хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Д.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Одоо би Одонт ХХК-д замчин ажлаа хийгээгүй байгаа. Манай захирал шүүх дээрх асуудлаа шийдвэрлүүлчихээд ажилдаа ор гэсэн. Хулгайлсан мопедыг /моторт дугуй/ хохирогч Г.М-ад хүлээлгэн өгөөд, эвдрэл гэмтлийн хохиролд нь 200.000 төгрөг нөхөн төлсөн. Хохирогч Г.М-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчид 150.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би сарын 600.000 төгрөгийн цалинтай. Одоо манай эхнэр ажил хийж цалин авч байгаа. Би согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Согтуудаа бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 170003830100 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо 32 дугаар байрны гадна зогсоол дээр байсан улаан өнгийн Япон улсад үйлдвэрлэсэн мопед /моторт дугуй/ алдсан юм. Тэгээд би уг дугуйгаа хайгаад камерын бичлэг шүүж үзсэн чинь замын ажилчины хувцастай хүн авсан байсан. Тэгэхээр нь байрны ойролцоох “Монгол” дээд сургуулийн хажууд зам тавьж байсан хүмүүсээс асуухад уг газарт ажилладаг Д.Д- гэдэг хүн гэж хэлж өгсөн. Би тэр хүний ажил дээр нь очиж анкетыг нь аваад гэрийн хаягаар нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ***** тоотод очиход Д.Д- гэртээ байхгүй байсан.

Гэрт нь байсан ааваас нь Д.Д-гийн эхнэрийнх нь ажлыг заалгаад очиход Д.Д- гэх хүн тэнд байж байсан. Уг хүнийг машиндаа суулгаад цагдаа дээр авч ирж өгсөн. Миний мопед 2008 онд Япон улсад үйлдвэрлэсэн, би 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-12х/,

 

2. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт, тэмдэглэл /хэргийн 7-8х/,

 

3. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан. /хэргийн 22х/,

 

4. Шүүгдэгч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би “Одонт” ХХК болох ажил дээрээ байсан. “Одонт” ХХК нь Амгалан захын урд үйл ажиллагаа явуулдаг юм. Би харих гэсэн боловч надад автобусны мөнгө байгаагүй. Манай ажил орой 23 цаг болж байхад тарсан. Тухайн өдөр ХУД-н 3-р хороо Монгол сургуулийн хажууд хар зам тавих ажлыг хийсэн. Тэгээд би ажлын усны тэргэнд орж хэвтсэн. Тухайн машины жолооч нь ажлаа тараад харьсан байсан. Машин нь онгорхой байсан. Тэгтэл жолоочийн суудлын ард хэсэгт 0,75 литрийн Чингис архи талаараа байсан. Тэгэхээр нь би машинд сууж байгаад ганцаараа тэр архийг уусан. Намайг архи ууж байхад танихгүй 30 гаран насны залуу надаас гал асуусан. Тэгэхээр нь би гал өгөн бид хоёр хамт тамхилсан. Тэр залуу надад архи байна уухуу гэхээр нь би надад ч бас архи байна хэмээн миний тал архи, нөгөө залуугийн 0,75 литрийн Шар Чингис архийг машинд хувааж уусан. Тухайн архийг хувааж уучихаад нөгөө залуу яваад өгсөн би машинд ганцаараа үлдсэн.

Би машинаас буугаад байран дундуур явж байтал 32-р байрны гадаа улаан өнгийн мопед байсан. Тухайн үед мопедийн хажууд хүн байгаагүй. Би тухайн мопедийг түрж яван комбинатын автобусны буудалд ирэн танихгүй таксины жолоочид Шархад руу явъя гэж хэлсэн. Би мопедоо тухайн таксинд ачин Шархад руу очин танихгүй Ченжийн контейнэрийн гадаа аваачиж тавьсан. Би тэр Ченжийг өглөөний 11 цаг хүртэл хүлээхэд 40-50 орчим насны ах ирсэн. Би тухайн ахад хулгайн мопедоо 150.000 төгрөгөөр зарсан. Би тухайн ахад мопедыг хулгайн зүйл гэж хэлээгүй. Би мопед зарсан мөнгөөрөө Нарантуул зах гаран хоол авч идэн дахин архи уусан. Би тэгээд орой 20 цагийн үед эхнэр О-ын ажил дээр ирсний дараа цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32х/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 33х/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Д- нь 2017 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Г.М-ын эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн мопед /моторт дугуй/ хулгайлан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.М-ын мэдүүлэг /хэргийн 10-12х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 7-8х/ болон шүүгдэгч Д.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ын хулгайд алдсан мопедыг /моторт дугуй/ 850.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 22х/ баримт хэрэгт авагдсан ба эд зүйлийн үнэлгээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн.

 

Прокуророос хохирогч Г.М-ын эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн мопед /моторт дугуй/-г хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан Д.Д-гийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүх, шүүгдэгч Д.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

  

Хохирогч Г.М-аас “хохирлоо төлүүлсэн болохоор Д.Д-д хохирол гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй..” тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Д-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Д- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэргийн 32 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Д.Д- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлсөн болон шүүгдэгч анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд  хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.М-а гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Д.Д- нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.     

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                

ТОГТООХ нь:

 

1. М овогт Д-ийн Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Д.Д-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзусгай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд Д.Д-д зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Д.Д-д анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт Д.Д- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Д.Д- төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАЗАРХАНД