| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/02176/И |
| Дугаар | 182/ШШ2023/03452 |
| Огноо | 2023-11-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2023/03452
2023 11 30 182/ШШ2023/03452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭТ ХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н
Хариуцагчийн төлөөлөгч О.Б, Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ************** ХК-ийн уурхай дээр буюу салбарт нүүрс ачилт, логистикийн төвийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед байгууллага надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөөгүй. Миний бие ажиллаж байхдаа ажлын алдаа, дутагдал гаргаж байгаагүй юм. Харин намайг 2023.03.09-ний өдөр ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас халсан. ******* газрын бүрэн эрх олгох тухай хууль, ******* газрын 385 дугаар тогтоолд зааснаар шаардлагатай үед нийтлэг хуулийг баримтлахгүй, бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхтэй холбоотой үед л ажилтныг халах эрх олгогдсон. Гэтэл миний хувьд ямар нэгэн ажил үүргийн алдаа, зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлалгүй намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тушаал дээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж бичсэн боловч тэр нь ямар ажил болох нь тодорхойгүй, хариуцагчийн тайлбараас үзвэл ******* ******* төмөр зам ХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад захиалагч хэрэгжүүлэгч нэгжийн хувьд уг асуудлыг танилцуулж шийдвэрлүүлээгүй, гэрээний хугацааг сунгаагүй, хүчин төгөлдөр гэрээгүй үед 2022.09.12-ны өдрийг хүртэл 4 сар төмөр замаар нүүрс тээвэрлэлтийг явуулж, 4,5 тэрбум төгрөгийн тооцоолоогүй зардал, 5,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байна.
Нэгдүгээрт: Би гэрээний хугацаа дууссан байхад тээвэрлэлтийг дураараа хийгээд компанид хохирол учруулсан зүйл байхгүй. Манай компани нүүрсийг хоёр төрлөөр буюу хил, аман гэх нөхцлөөр борлуулдаг. Энэ нь хил дээр нүүрсийг хүргэж өгөөд тээвэрлэлтийн зардлаа шингээгээд арай үнэтэй зарах, эсхүл ам нөхцлөөр буюу уурхайгаас олборлож авсныг худалдан авагч уурхайн амнаас худалдаж аваад өөрөө тээвэрлэлтээ хариуцаад явахыг хэлдэг бөгөөд бид 4 байгууллагын гэрээний дагуу нүүрсийг төмөр замаар тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Бид Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буюу салбар дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Аливаа гэрээ хэлэлцээр төв оффис дээр гүйцэтгэх захирлын түвшинд байгуулагддаг, үүний хэрэгжилтийг төв оффис өөрөө хариуцдаг, борлуулалт маркетинг тээврийн ******* гэж байдаг. Өөрөөр хэлбэл төв оффист байдаг борлуулалт маркетинг тээврийн газрын үндсэн чиг үүрэг нь нээлттэй ил тод, томоохон компаниудтай стратегийн түншлэл бий болгох, гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, тээвэр зохицуулалтын хэлтэс нь ******* ******* зүүн баян, ******* ******* гашуун сухайт, ******* ******* төмөр замтай нүүрс ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, Төмөр замын алба нь компанийн тээвэр логистикийн талаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, нүүрс тээврийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах гэсэн чиг үүргүүдтэй байгаа. Харин миний хувьд салбарын захирлын хэмжээнд байгуулах гэрээ хэлэлцээрийн төслийг боловсруулдаг, байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавиад явдаг бөгөөд төмөр замын тээвэрлэлтийн гэрээ байгуулсан компаниудад хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага хангуулах, мэдээллээр хангах, бүртгэл стандартын дагуу тээвэрлэх, түүний бүрэн бүтэн байдал, дагалдах бичиг баримтыг зохицуулах, манай компанитай гэрээтэй 4 байгууллагад хамаарах хүнд даацын машиныг уурхай руу нэвтрүүлэх, ачаа болон жолоочийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал зэргийг хариуцдаг чиг үүрэгтэй.
Хоёрдугаарт: Ажлаас халсан үндэслэлийн нэг нь гэрээ санамж бичгийн журмын 5.1 дэх хэсэгт гэрээний хэрэгжилтэд тухайн асуудал хариуцсан болон захиалга гаргасан нэгж хяналт тавих бөгөөд гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаантай асуудлыг хууль зүйн асуудал хариуцсан *******т мэдэгддэг. ******* ******* төмөр зам ХХК-тай байгуулсан гэрээ нь улсын нууцад хамаардаг учраас бид нарт тодорхой мэдээллүүдийг өгдөггүй байсан бөгөөд зөвхөн ******* ******* ******* ХК-тай байгуулсан тээврийн 4 компанийн гэрээ түүнтэй холбоотой мэдээллийг л өгдөг байсан. Гэрээ санамж бичгийн журмын 2.9 дэх хэсэгт зааснаар гэрээ санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг сунгах ажлыг тухайн гэрээний төслийг боловсруулсан нэгж хариуцна гэх заалттай. Яг хяналтын хуудас дээр бол тухайн гэрээг анх боловсруулсан хүн гарын үсэг зураад дээд шатны удирдлагууддаа танилцуулаад хамгийн сүүлд гүйцэтгэх захирлаар батлуулах гэх гэрээний салшгүй нэг хэсэг болсон зүйл байдаг. Үүн дээр би эсхүл манай төвийн хэн нэгэн албан тушаалтан гарын үсэг зурсан зүйл байхгүй. Төв оффис өөрийн хийх ёстой ажлаа хийгээгүй, мэдэгдээгүйн төлөө уурхайд байгаа хамгийн бага нэгжийг буруутгах үндэслэлгүй.
Гуравдугаарт: Хохирлын асуудал буюу нүүрс тээврийн ажлын хөлс надад хамаагүй. Төв оффист байгаа санхүү, хөрөнгө оруулалтын газрын үндсэн чиг үүрэгт компанийн дотоод гадаад төлбөр тооцоог тулган баталгаажуулах холбогдох тооцооллыг хийж бүртгэлд тусгах, компанийн орлого зарлагын тооцоог тухай бүрт хийж баримтжуулж, стандартын дагуу бүртгэлийн журмаар бичилтийг хийж хүлээн зөвшөөрөх гэх мэт ажил хамаарна. Манай салбарын нүүрс ачилт, логистикийн төвд эдийн засагч гэх орон тоо байдаг ч тэр хүн нь өнөөдрийг хүртэл томилогдоогүй. Тиймээс бид нар аливаа санхүү мөнгөтэй холбоотой тооцоог тусгах, хянах, баталгаажуулах боломж ч байхгүй. ******* ******* төмөр зам ХХК-иас ирсэн зардлыг би хүлээн зөвшөөрөөд өндөр дүн гаргачихсан юм биш, энэ зардал мөнгөтэй холбоотой зүйлийг нягтлан бодох бүртгэлийн хэлтэс хариудаг байхад үүнд намайг буруутгаж байгааг ойлгохгүй байгаа. ******* ******* төмөр зам ХХК-тай байгуулсан 2022.07.08-ны өдрийн гэрээний 2.2-т талууд ******* ******* төмөр зам ХХК-ийн баталсан тээврийн болон түүнтэй холбоотой ажил үйлчилгээний тарифыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Зам тээврийн сайдын баталсан төмөр замаар тээвэрлэх ачааны мөрдлөг гэж байгаа бөгөөд тогтмол байдлаар хөлс төлөгдөх бөгөөд тогтмол зардал гэсэн үг л дээ. Тэрнээс биш би ******* ******* төмөр зам ХХК-тай шууд харьцангуутаа энэ зардлыг чинь хасъя, энийг чинь нэмье ч гэдэг ойлголт байдаггүй. Өөрөөр хэлбэл бид зардлын тайлан дээр хэдэн минутад хэдэн вагон хүлээн авсан, хэдэн удаа сэлгэсэн гэдэг тоог л програмд оруулдаг байгаа.
Дөрөвдүгээрт: 2023.03.07-ны өдрийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтийг зөвшөөрөхгүй. 2023.03.07-ны өдөр дотоод хяналтын газраас хүмүүс уурхай дээр ирж хяналт шалгалт хийсэн юм шиг байгаа. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам гэж байдаг, журмын 5.4-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ, гэтэл надад огт мэдэгдээгүй, надаас тайлбар аваагүй, миний ажлыг шалгаагүй байж намайг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж 2023.03.09-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл энэ бүхэн шаардлагатай гэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд ******* газрын 385, 362 дугаар тогтоолоор гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх гэж энэ бүрэн эрхт төлөөлөгч очиж байгаа юм. 385 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд ямар арга хэмжээ авах юм бэ гээд 3 зүйлийг жагсаачихсан байгаа. 3 зорилгын хүрээнд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ зорилгын хүрээнд л шаардлагатай бол онцгой шийдвэрээ гаргахаас биш бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэр болгонд шаардлагатай бол буюу онцгой гэдэг үйлчлэл хамаарахгүй юм.
Бүрэн эрхт төлөөлөгч 2022.10.26-ны өдөр томилогдоод 2023 оны 8 сард үр дүнгийн урамшууллыг бүх ажилчдад олгосон юм байна. Би бүрэн эрхт төлөөлөгчийн томилогдсон 2022.10.26-ны өдрөөс 2023.03.09-ний өдрийг хүртэл ажилласан, онцгой дэглэм тогтоосон хугацаанд өөрийн хувь нэмрийг оруулсан учраас үр дүнгийн урамшуулалд хамрагдах ёстой. Урамшууллыг байгууллагын үндсэн цалин болох 2,712,745 төгрөгөөр, 3 сараар тооцож нийт 8,138,236 төгрөг гэж тооцсон. Намайг байгууллага ажлаас үндэслэлгүй халсан учраас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бүхэлдээ сэргэх учиртай. Иймд намайг урьд эрхэлж байсан Салбарын нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, урамшуулалд 8,138,236 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Д.******* нь салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргаар ажиллаж байсан боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөөгүй байдаг бөгөөд энэ нь тухайн үеээ тодорхой шалтгаантай байсан. ******* газрын бүрэн эрхт төлөөлөгчийн Д.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2023.03.09-ний өдрийн тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Тус тушаалд 1991.01.04-ний өдрийн ******* *******т эрх олгох тухай хуулийн 2.1, ******* газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 3.2 дахь заалтыг тус тус үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Онцгой дэглэм тогтоох энэ харилцаа ******* *******т эрх олгох тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд эрх олгосон онцгой харилцаа юм. ******* газрын 385 дугаар тогтоолын 3.1 дээр шаардлагатай бол ажилтныг томилж чөлөөлөх эрхийг олгосон. Тогтоолоор өгсөн үүрэг даалгавар бол компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах, тэр дундаа санхүүгийн болон хөдөлмөрийн сахилга батын асуудал сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгч эрх олгосон. Тэгэхээр түрүүн хэлсэн 3.1-д заасны дагуу шаардлагатай бол ажилтныг томилж чөлөөлөх эрхээ хэрэгжүүлж ажилласан. Нөхцөл байдлын хувьд 2023.02.08-ны өдөр ******* ******* төмөр зам ХХК-иас 5,2 тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх ирсэн. Уг асуудлыг Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын ******* болон Компанийн харьяалах нэгжүүд чиг үүргийнхээ дагуу ч гэсэн шалгасан байдаг. ******* ******* төмөр зам ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх түр гэрээнээс үүдэлтэй төлбөрийн нэхэмжлэх ирсэн байна. Тухайн гэрээ 2022 оны 7-9 сард буюу ерөөсөө 1 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийт 2 сарын хугацаанд хүчин төгөлдөр байсан. Гэтэл нэхэмжлэгч Д.*******ын ажилладаг нүүрс ачилт, логистикийн төв нь ямар нэгэн гэрээ бичиг баримтгүйгээр 9, 10, 11, 12 сар ажилласан байдаг. Энэ гэрээг хэрэгжүүлж ажиллаж байсан үндсэн нэгж нь нүүрс ачилт логистикийн төв мөн. Манай байгууллага нүүрс ачилт, логистикийн төвийг байгуулаад дараа нь төмөр замаар нүүрсийг зөв зохион байгуулалттайгаар тээвэрлүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулахад нэхэмжлэгч Д.******* өөрөө оролцсон. Тэгэхээр энийг мэдээгүй, мэдэх бололцоогүй, надад хамааралгүй гэж хэлэх бол ямар ч үндэслэлгүй.
Тухайн гэрээг хэрэгжүүлэгч нь төмөр замаар нүүрс тээвэрлүүлэх ажлыг хариуцаж байгаа нэгжийнхээ хувьд үүсээд байгаа асуудлаа компанийн удирдлагад танилцуулаагүй, гэрээг сунгах ч гэдэг юм уу, гэрээтэй холбоотой арга хэмжээг авч ажиллаагүй, гэрээний хугацаа дууссан, гэрээгүйгээр 4 сар шахам ажиллуулаад 4,5 тэрбум төгрөгийн тооцоолоогүй зардал буюу өр төлбөрт оруулсан. Нийт 5,2 тэрбум төгрөгөөс 4,5 төгрөгийн ямар ч тооцоолоогүй зардал гарсан. Уг үйл явдалтай холбоотойгоор бол Нүүрс ачилт, логистикийн төвийн ажилтнууд буюу ахлах мэргэжилтэн Бямбарагчаа, Оюунхүү нар ******* ******* төмөр замтай 2022 оны 12 дугаар сард бүх одоо нүүрс тээвэрлэлтийн тооцооллыг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг зайлшгүй мэдэж байсан, мэдэх ёстой байсан, ийм асуудал үүсээд байгаа гэдгээ удирдлагадаа танилцуулах ёстой байсан. Тийм учраас бүрэн эрхт төлөөлөгч нь Д.*******ыг өөрийн ажлын чиг үүрэгт заасан ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байна гэж үзэж ажил үүргээс чөлөөлсөн байгаа. Нүүрс ачилт, логистикийн төвийн чиг үүрэг бол гүйцэтгэх захирлын 2022 оны А677 дугаар тушаалаар батлагдсан тээвэр логистикийн газрын чиг үүрэгт хамаарч байгаа. Нүүрс ачилт, логистикийн төв нь 2022 оны 5 дугаар сарын 10, 12-ны өдөр байгуулагдсан байдаг. Энэ төв нь манай байгууллагын төмөр замаар тээвэрлэх ачааг бэлдэж шилжүүлэн ачиж талбайг хүлээн авах, худалдан авагчид хүлээлгэн өгөх буюу нүүрс ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр ачилтын талбайд зохион байгуулж ажиллах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан юм байна гэж үзэж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд компанийн ажилтнуудад шагналт цалин олгох тухай журмыг үндэслэсэн байдаг. Харин бүрэн эрхт төлөөлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд 2023.07.04-ний өдрийн тушаалаар ажилтнуудад шагнал олгосон. Энэ шагналт цалин бол тухайн журмын 4.1-д заасан улирлын шагналт цалин биш. Энэ бол ******* газрын бүрэн эрхт төлөөлөгч борлуулалтын орлогыг нэмэгдүүлсэн сахилга хариуцлагыг сайжруулж ажилласан хувь нэмрийг үнэлж ажиллаж байгаа ажилтан бүрд олгосон шагналт цалин байсан. Нэхэмжлэгч тухайн үед ажил үүргээсээ чөлөөлөгдсөн байсан. Тиймээс Д.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гурван талт хорооны хуралдааны шийдвэр зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* газрын 385 дугаар тогтоол, УИХ-ын 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын А/267 дугаар тушаал, Д.*******ыг ажилд томилсон тухай Б/515 дугаар тушаал, гүйцэтгэх захирлын Б/881 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Б/110 дугаар ажлаас чөлөөлсөн тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын Б/677 тоот тушаал, А/361 дугаар ажлын хэсэг шинэчлэн батлах тухай тушаал, А/604 дүгээр гэрээ санамж бичгийн журам батлах тухай тушаал, Төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023.03.07-ны өдрийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, хавсралт баримтууд, 2022 оны 09-12 сар хүртэл төмөр замын тээврийн зардлын тайлангууд, ************** төмөр зам ХХК-йн 2022.12.26-ны өдрийн 1/1509 дугаар гэрээ дүгнэх тухай албан бичиг, хавсралтын хамт, нэхэмжлэх зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын А/361 дугаар тушаал, гүйцэтгэх захирлын тушаалын 2022 оны хагас жилийн хэрэгжилтийн тайлан, гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн А/677 дугаар тушаал, 2021.12.28-ны өдрийн А/515 дугаар мөнгөн кассын үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай тушаал, дотоод хяналт шалгалтын шинэчлэн батлах тухай журам, санхүүгийн аудитын тайлан, 2022.09.29-ний өдрийн А/598 дугаар Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт болох журам, 2023.07.04-ний өдрийн А/236 дугаар онцгой дэглэмийн хугацаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаал, 2022.04.22-ны өдрийн А/19 дүгээр Нүүрс ачилтын үйл ажиллагааны журам шинээр батлах тухай тушаал, хавсралт болох журам, 2018.12.19-ний өдрийн А/462 дугаар журам батлах тухай тушаал, хавсралт болох ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам, ажилтны ажил дүгнэх заавар, 2020.12.03-ны өдрийн А/336 дугаар Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт болох журам, 2018.12.14-ний өдрийн салбарын үйл ажиллагааны журам батлах тухай тушаал, хавсралт болох журам, гэрээ санамж бичгийн төслийн хяналтын хуудас гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ************** ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...миний бие ажилдаа хариуцлагагүй хандсан ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажил үүргийн хувьд надад хамааралгүй зүйлийг хамаатуулсан байгаа, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт өгөөгүй, ажлаас халах шаардлагатай тохиолдол нь зөвхөн хуулийн хүрээнд, компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой бий болох ёстой байтал намайг зөрчлийн шинжтэй үйлдлээр, шаардлагатай гэж үзэн хууль бусаар ажлаас чөлөөлсөн, энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой байтал баримтлаагүй, үүний улмаас би цалингүй, урамшуулал авч чадахгүй хохирч байна... гэж,
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...************** Төмөр зам ХХК-тай байгуулсан түр гэрээний хэрэгжилтийг хангаж, төмөр замаар ачаа тээвэрлэх чиг үүргийг Салбарын Нүүрс ачилт, логистикийн төв хариуцаж байсан, түр гэрээний хугацаа дууссан байхад захиалагч, хэрэгжүүлэгч нэгжийн хувьд уг асуудлыг удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлээгүй, үүний улмаас компанид тооцоолоогүй, их хэмжээний зардлыг үүсгэсэн, гэрээн санамж бичгийн журамд зааснаар гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Д.******* нь энэ үндэслэлээр өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан, тийм учраас бүрэн эрхт төлөөлөгч шаардлагатай гэж үзэж Д.*******ыг ажлаас чөлөөлсөн, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.30-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргаар 2022.06.01-ний өдрөөс эхлэн ажилласан байх ба, тус Салбарын үйл ажиллагааны журмыг гүйцэтгэх захирлын 2018.12.14-ний өдрийн А/451 дугаар тушаалаар баталсан, журамд зааснаар Салбар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг, тус Салбарын Тээвэр логистикийн газрын дарга Г.******* нь Салбарын захирлын 2022.04.22-ны өдрийн А/19 дугаар тушаалаар батлагдсан Нүүрс ачилтын үйл ажиллагааны журмыг ажилтнуудад танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь гүйцэтгэх захирлын 2022.08.29-ний өдрийн Б/881 дүгээр тушаалаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын явц болон ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг цаг хугацаанд нь гүйцэтгэх удирдлагад танилцуулаагүй зөрчил гаргасан... гэх үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд тэрээр энэ тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан талаар тайлбарлах боловч энэ талаар баримтгүй, энэхүү тушаалын талаар шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49, 50 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь ажилтантай тохиролцож, ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг гол нөхцөл болон бусад нэмэлт нөхцөлийн талаар тохиролцох, хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй хэлбэрээр байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж өгөх үндсэн үүрэгтэй.
Гэвч хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.03.06-ны өдрийн А/75 тоот итгэмжлэл олгох тухай тушаал, тушаалын хавсралт болох хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах ажилтнуудын нэрсийн жагсаалт гэсэн баримтуудаар хариуцагч ******* ************** ХК нь нэхэмжлэгч Д.*******тай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж өгөөгүй болох нь тогтоогдсон тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах, ажилтанд ямар нэгэн хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
4.Ийнхүү нэхэмжлэгч Д.******* нь Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргаар ажиллаж байгаад ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.09-ний өдрийн Б/110 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ******* ************** ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Д.*******т 2023.03.14-ний өдөр танилцуулж хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний талаар холбогдох тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.
Хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирал буюу ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ажлаас чөлөөлөх тухай дээр дурдсан тушаалд Монгол Улсын ******* *******т эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, ******* газрын 2022.10.26-ны өдрийн ******* ************** ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон,
Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн дарга Дашзэвэгийн *******ыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.03.09-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласугай гэсэн үндэслэлийг заажээ.
5.БНМАУ-ын ******* *******т эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн *******, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын ******* *******т олгосугай гэж,
2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн *******, байгууллагын үйл ажиллагааны талаар ******* газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн *******, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын ******* газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ************** ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ******* газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ******* ************** ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,
онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын ******* *******т эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байна.
Уг огтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.*******ад даалгаж, 3.2-т зааснаар компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.*******ад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан, энэхүү хугацаа 2023.06.21-ний өдөр дуусгавар болсон хэдий ч ******* газрын 2023.11.29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ******* ************** ХК-нд 6 сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоож, ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.*******ыг томилсон байна. /https://legalinfo.mn/mn сайт/
6.Хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.12-ны өдрийн А/267 дугаар тушаалаар салбарын бүтэц, албан тушаалын нэр, орон тоо, цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулсан байх ба, тушаалын нэгдүгээр хавсралтаас үзвэл, салбарын гүйцэтгэх захирлын удирдлага дор Тээвэр, логистикийн *******, Нүүрс ачилт, логистикийн хэлтэс хамаарч байна. Харин Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дор Тээвэр, авто зам хариуцсан алба, Нүүрс ачилт, логистикийн төв хамаарч байх ба, Салбарын Нүүрс ачилт, логистикийн төв нь компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд ороогүй, нэхэмжлэгч Д.*******ын ажлын байр хэвээр үлджээ.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн А/677 дугаар компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаалын Тавдугаар хавсралтаар Борлуулалт, маркетинг, тээврийн газрын үндсэн үйл ажиллагааны чиг үүргийг баталсан байх ба, тус хавсралтад зааснаар Тээвэр, зохицуулалтын хэлтэс нь ...**************-Зүүнбаян, **************-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар ************** Төмөр зам ХХК, ************** зүүнбаян ХХК-тай хамтран нүүрс ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах... чиг үүрэгтэй байна.
Дээрх тушаалын 12 дугаар хавсралтаар Салбарын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг баталсан байх ба, тус хавсралтад Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтэс, Тээвэр, авто зам хариуцсан албаны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг тусгагдсан байх боловч нэхэмжлэгч Д.*******ын ажиллаж байсан Нүүрс ачилт, логистикийн төвийн чиг үүрэг тусгагдаагүй, тус төв болон нэхэмжлэгч Д.******* ямар чиг үүргийн хүрээнд ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй.
7.Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл болсон 1991 оны БНМАУ-ын ******* *******т эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, ******* газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн үед үүссэн шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байх агуулгыг илэрхийлж байна.
Харин нэхэмжлэгч Д.*******ыг ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан... гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг ажлаас чөлөөлөх шаардлагатай тохиолдолд хамааруулахгүй бөгөөд Монгол Улсын ******* *******т эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, ******* газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлөх шаардлагатай ямар тохиолдол үүссэн нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй.
Тиймээс шүүх хариуцагч ******* ************** ХК нь нэхэмжлэгч Д.*******ыг онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх үед үүссэн шаардлагатай тохиолдлоор бус, харин ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Энэ тохиолдолд хариуцагч ******* ************** ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ээс 80.1.6-д заасан аль нэг үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаалд заавал баримтлах, түүнчлэн нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлөх үед эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зөрчил нь чухам ямар зөрчил болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар ажилтанд мэдэгдэж, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулан, баримтаар тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлөх учиртай.
8.Харин хариуцагч тал эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн үндэслэлээ ...************** Төмөр зам ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад 2022 оны 09 сараас 12 сар хүртэл нүүрс тээвэрлэлт явуулсан, улмаар байгууллагад НӨАТ багтсан дүнгээр 5,2 тэрбум төгрөгийн тооцоолоогүй зардал үүсгэсэн, гэрээ санамж бичгийн журамд зааснаар гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг удирдлагадаа танилцуулж шийдвэрлүүлээгүй... гэж нөхөн тайлбарласан.
8.1.Хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.10-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар **************-Гашуун сухайт, **************-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Нүүрс ачилтын нэгдсэн төв болон ачилтын байгууламжийг ашиглалтад орох хүртэлх хугацаанд төмөр замаар нүүрс ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, холболтын төмөр замын барилга байгууламжийн ажлын талаар санал дүгнэлт гаргах, **************-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Д.******* багтсан байна.
Улмаар хариуцагч ******* ************** ХК нь байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2022 оны хагас жилийн хэрэгжилтийн тайланг гарсан байх ба, энэхүү тайланд ...**************н уурхайн түр ачилтын талбай байгуулсан *******т ажлын хэсгийн хүрээнд ажиллаж ************** Төмөр зам ХХК-тай сэлгээний ажил хийх төлөвлөгөөг тохиролцож шийдвэрлэсэн бөгөөд ...ачаатай болон хоосон хөдлөх бүрэлдэхүүний ивүүрийн болон ажиллах хүчний тооцооллыг боловсруулж Салбарын тээвэр, логистикийн газрын даргад цахимаар зөвлөмж хүргүүлсэн, ************** Төмөр зам ХХК-тай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд 2022.07.09-ний өдрийн гэрээг боловсруулж батлуулсан... зэрэг ажлыг АХД Н.Элдэв-Очир, НБД З.Одгэрэл нар хариуцан, 90%-ийн гүйцэтгэлтэй хийсэн болохыг тайлагнажээ.
8.2.Ийнхүү гүйцэтгэх захирлын А/361 дүгээр тушаалын хүрээнд ******* ************** ХК нь ************** Төмөр зам ХХК-тай 2022.07.08-ны өдөр төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр ************** Төмөр зам ХХК нь 122,000 мянган тонн хүртэлх нүүрс тээвэрлэх, ******* ************** ХК нь тээвэртэй холбоотой төлбөр, шилжүүлэн ачих ачилтын төлбөр, хадгалалтын төлбөр болон бусад төлбөрийг батлагдсан тарифаар тооцож төлөх, ************** Төмөр зам ХХК-ийн баталсан тээврийн болон түүнтэй холбооотой ажил, үйлчилгээний тарифын мөрдлөгийг дагаж мөрдөхөөр тохиролцсон, 2022.08.09-ний өдөр талууд энэхүү гэрээнд хугацааг 2 сар болгон өөрчлөлт оруулсан байна.
Дээрх гэрээний дагуу ************** Төмөр зам ХХК үүргээ биелүүлж, төмөр замаар ачааг тээвэрлэсэн байх ба, тус компани нь 2022.12.26-ны өдөр 1/1509 тоот гэрээ дүгнэх тухай албан бичгийг, 2022.12.23-ны өдрийн нэхэмжлэх, тээврийн тооцооны нэгтгэл, тээвэрлэсэн ачааны гүйцэтгэлийн хамт ******* ************** ХК-нд хүргүүлжээ. Тус албан бичиг нь ...2022.07.08-ны өдрийн түр гэрээний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020.08.17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын Тавдугаар хавсралт Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 4.2.1-т заасны дагуу ******* ************** ХК-ийн төлөөлөгч нар ************** өртөөнд ачаа тээвэрлүүлэх хүсэлтээ өгч, ачилтын захиалгын хуудас бөглөж, падаанд гарын үсэг зурж, баталгаажуулан ажиллаж байна. **************-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2022.07.09-ний өдрөөс эхлэн 2022.12.22-ны өдрийг хүртэл ачаатай чингэлтэй 60, хоосон чингэлэг шилжүүлэн ачиж 4356 ширхэг чингэлэг талбайд хадгалсан байна. Иймд тээвэр болон ачилт, буулгалтын ажлын нийт төлбөр 5,123,601,000 төгрөг болсон бөгөөд гэрээг дүгнэж, тооцоо нийлэхийг хүсье гэсэн агуулгатай.
Түүнчлэн ************** Төмөр зам ХХК нь 2023.02.08-ны өдөр 2022 оны 7-12 сарын тээврийн тооцоо гэсэн утгатай 4,764,188,545 төгрөг, НӨАТ 475,418,654 төгрөг, нийт 5,240,605,200 төгрөгийн нэхэмжлэхийг, тооцооны үлдэгдлийн баталгааны хамт ******* ************** ХК-нд ирүүлсэн байх ба, хариуцагч ******* ************** ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвөөс 2022 оны 09 сараас 12 сарын тээврийн зардлын тайланг 2023.02.01-ний өдөр гаргасан, тэрээр ************** Төмөр зам ХХК-тай байгуулсан түр гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэйгээ тухайн үед мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
8.3.Хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.09.29-ний өдөр А/598 дугаар тушаалаар батлагдсан дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын дагуу Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ******* нь 2023.03.07-ны өдөр Төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээний хүрээнд ************** Төмөр зам ХХК-иас ******* ************** ХК-нд 5,2 тэрбум төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэнтэй холбогдуулан тус гэрээнийн хэрэгжилтийн талаар дотоод хяналт, шалгалт явуулж дүгнэлт гаргасан байна.
Тус дүгнэлтээр ...нүүрс ачилт, логистикийн төвийн дарга Д.******* нь төмөр замаар нүүрс тээвэрлэх, вагон таталт, чингэлэг шилжүүлэн ачих, чингэлэг хадгалалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавиагүй, гэрээнд тодорхой тусгаагүй зардлуудыг хүлээн зөвшөөрч тооцсон, өр төлбөрийг тухай бүр нь төлж барагдуулах талаар санал тавьж шийдвэрлүүлээгүйгээс компани 5,2 тэрбум төгрөгийн өр төлбөрт орсон байна..., ...Д.******* нь гэрээ санамж бичгийн 5.1-д заасны дагуу гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-д заасан ажилтны үүргээ хангалттай биелүүлээгүй, мэргэжил, ур чадвар, туршлагын хувьд тус ажлын байранд тэнцэхгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах... талаар зөвлөжээ.
Дээрх дүгнэлтэд дурдагдсан гүйцэтгэх захирлын 2019.12.20-ны өдрийн А/604 тоот тушаалаар батлагдсан гэрээ, санамж бичгийн журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.1.9, 5.1-д зааснаар гэрээний төслийг тухайн асуудлыг хариуцсан нэгж боловсруулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг сунгах ажлыг тухайн гэрээний төслийг боловсруулсан нэгж хариуцаж, гэрээний хэрэгжилтэд тухайн асуудлыг хариуцсан болон захиалга гаргасан нэгж хяналт тавьж, гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаантай асуудлыг хууль зүйн асуудал хариуцсан *******т мэдэгдэхээр байна.
8.4.Харин Гэрээ, санамж бичгийн төслийн хяналтын хуудсанд бичигдснээр тус гэрээний төслийг болон гэрээний хугацааг сунгах төсөл боловсруулсан ажилтан нь Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Төмөр замын албаны мэргэжилтэн З.Одгэрэл байх ба, гүйцэтгэх захиарл Б.Ганхуяг, ерөнхий нягтлан бодогч Ц.Алтанцэцэг, Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Т.Цолмон, Тээврийн зохицуулалтын хэлтсийн дарга Н.Элдэв-Очир зэрэг холбогдох эрх бүхий албан тушаалтнууд хянаж, санал өгч, гарын үсгээ зурсан.
Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд заасан ажилтны хүлээх үүрэг гэсэн хэсгийн 5.2.1-д хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн заавар горим болон бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах гэж заасан байх бөгөөд дурдсан хэд хэдэн нөхцөлийн чухам аль нөхцөл нь нэхэмжлэгч Д.*******т хамаарсан нь ойлгомжгүй.
Дурдсан үйл баримтууд нь зөвхөн нэхэмжлэгч Д.*******т бус, харин хариуцагч ******* ************** ХК-ийн холбогдох нэгж, хэлтэс, ажилтнуудад хамааралтай цогц үйл ажиллагаа байх бөгөөд ************** Төмөр зам ХХК-иас ирүүлсэн 5,2 тэрбум төгрөгийн нэхэмжлэх нь тухайн байгууллагад гэнэтийн, төлөвлөөгүй зардал үүсгэсэн гэхээс илүүтэйгээр өмнө нь мэдэж байсан, төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс үүдэлтэй, энэ нь нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлөх шаардлагатай тохиолдолд хамаарахгүй, түүнийг хөдөлмөрийн гэрээгүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажиллуулж байсан тохиолдолд түүнийг зөрчлийн шинжтэй үйлдлээр ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
9.Иймд хариуцагч ******* ************** ХК-ийн 2023.03.09-ний өдрийн Б/110 тоот нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл ойлгомжгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй, тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.*******ыг Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Тиймээс нэхэмжлэгч Д.******* нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан цалин хөлсний бүрдэл болох улирлын шагналт цалинг хариуцагч ******* ************** ХК-иас шаардах эрхтэй, цалин хөлс нь хоршоо утгатай, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг, эдгээр нь бие биедээ харилцан хамааралтай, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар байдаг онцлогтой.
10.Нэхэмжлэгч Д.*******ын гарган өгсөн 2023.05.22-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 10,111,807 /2023 оны 3 сард 11,938,832 төг + 2 сард 10,915,046 төг + 1 сард 7,481,543 төг = 30,335,421 : 3/ төгрөг болов.
Нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас нь чөлөөлсөн 2023.03.09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2023.11.30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:
8 сар /10,111,807 төг * 8 сар = 80,894,456 төг/,
ажлын 16 өдөр /10,111,807 төг : 21,5 өдөр = 470,316 төг * 16 өд = 7,525,056 төг/-ийн олговор нийт 88,419,512 /80,894,456 төг + 7,525,056 төг/ төгрөг болж байна.
11.Хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам-ын 3 дугаар зүйлийн шалгуур үзүүлэлт гэсэн хэсгийн 3.1.1-ээс 3.1.6-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвх санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан, 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ажилтны ажил дүгнэх зааврын дагуу 56-100 хүртэл оноогоор дүгнэж, гүйцэтгэх захирлын тушаалаар 4.1.1, 4.1.2-т заасан улирлын шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор зохицуулсан.
Улмаар хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.04-ний өдрийн А/236 дугаар тушаалаар ...2023 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад 775 сая ам долларыг бэлнээр төвлөрүүлж гарамгай амжилт үзүүлсэн, ...компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд сахилга, хариуцлагыг сайжруулж, бүтээгдэхүүний олборлолт, борлуулалт, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулснаар 2023 оны эхний хагас жилийн байдлаар 282,2 сая ам долларын үнэлгээ бүхий 2,6 сая тонн нүүрсийг биржээр, хил нөхцөлтэй борлуулахад хувь нэмрээ оруулсан компанийн гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтад хамаарах компанийн үндсэн үйл ажиллагаанд оролцсон ажилтнуудад 3 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг 2023 оны ажилласан хугацааг харгалзан олгохоор шийдвэрлэжээ.
12.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ************** ХК-нд онцгой дэглэм тогтоосон 2022.10.26-ны өдрөөс эхлэн ажлаас халагдсан 2023.03.09-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд ажиллаж, А/236 дугаар тушаалд дурдсан үйл ажиллагаанд өөрийн зохих хувь нэмрийг оруулсан байх бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдаагүй байсан бол ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журмын 5.2-т заасны дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг эрх бүхий этгээдээр зохих журмын дагуу үнэлүүлж, дүгнүүлэх, улирлын шагналт цалин, А/236 дугаар тушаалд зааснаар урамшуулал авах эрхтэй байсан гэж үзнэ.
Хэдий тийм боловч нэхэмжлэгч Д.*******ын ажлын үзүүлэлтүүдийг дүгнэсэн үнэлгээний хуудас, шагнал, урамшуулал олгох тухай нэгжийн удирдлагын санал, хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн нэгдсэн тайлан зэрэг баримтууд байхгүй, гүйцэтгэх захирлын 2023.07.04-ний өдрийн А/236 тоот тушаалаар онцгой дэглэмийн хугацаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн ажилтнуудад урамшуулал олгосон байх боловч энэ нь гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтад хамаарах компанийн үндсэн үйл ажиллагаанд оролцсон ажилтнуудад 3 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээтэй, 2023 оны ажилласан хугацааг харгалзаж олгох шалгууртай, гүйцэтгэх захирлын эрх хэмжээтэй холбоотой, компанийн дундаж цалин хөлсний талаарх баримтгүй байх тул түүнд улирлын шагналт цалин тооцох, 8,138,236 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* ************** ХК-иас 8 сар, ажлын 16 өдрийн олговорт 88,419,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, уг олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Д.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ************** ХК-д үүрэг болгож, нэхэмжлэлээс үлдэх улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
13.Нэхэмжлэгч Д.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба, хариуцагч ******* ************** ХК-иас 600,048 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Хэрэгт авагдсан хариуцагч ******* ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.28-ны өдрийн А/515 дугаар тушаалаар батлагдсан мөнгөн кассын үйл ажиллагааны журам, гүйцэтгэх захирлын 2023.04.18-ны өдрийн А/137 дугаар тушаалаар батлагдсан дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, 2022 оны санхүүгийн аудитын тайлан, гүйцэтгэх захирлын 2020.12.03-ны өдрийн А/336 дугаар тушаалаар батлагдсан Бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам гэсэн баримтууд нь маргааны зүйлд хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг хариуцагч ******* ************** ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар хариуцагч ******* ************** ХК-иас 88,419,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар 88,419,512 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Д.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ************** ХК-д үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар хариуцагч ******* ************** ХК-иас 600,048 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА