Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2023/03720

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 19 182/ШШ2023/03720

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТТ ХХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ************** ******* ХХК-д 2020.01.05-ны өдрөөс эдийн засаг санхүүгийн зөвлөхөөр, 2020.10.26-ны өдрөөс *******ын хяналтын хэлтсийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023.05.26-ны өдрийн Б/827 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Анх ажилд ороход манай байгууллага ХАСУМ бөглүүлж байгаагүй, тухайн үед манай байгууллагад гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий инженер гэсэн 3 хүн ХАСУМ болон хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байсан. Би хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигтэй холбоотой 2023 оны 1 сараас ХАСУМ бөглөсөн байгаа. Намайг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, хэрэг эрхлэх 2023.03.17-ны өдрийн ХГ5/595 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05786 тоот албан бичиг, хөдөлмөрийн дотоод журмын 2.3-д заасныг тус тус үндэслэсэн байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан байгаа. Гэвч хэрэг эрхлэх шүүр ажиллагаа, Авлигатай тэмцэх албан бичиг зэргийг эрх бүхий байгууллага шаардсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь энэхүү заалт нь тодорхой тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх ажилтнуудад хамаардаг. Өөрөөр хэлбэл жолооч жолоодох эрхээ алдах, багш багшлах эрхээ алдах, эмч эмчлэх эрхээ алдах гэх мэт.

Харин миний хувьд компанийн эрх бүхий албан тушаалтан биш, компанийг төлөөлж ямар нэгэн шийдвэр гаргахад оролцдоггүй. Энэ нь миний ажлын байрны тодорхойлолтоос харагдана. Байгууллагын дүрэмд зааснаар эрх бүхий албан тушаалтан гэдэгт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасныг ойлгоно гэсэн байгаа нь хэт ерөнхий ойлголт бөгөөд үүнд Чанарын хэлтсийн хяналтын албаны дарга огт хамааралгүй. Тийм болохоор би хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтлөх үүрэгтэй этгээд биш юм. Хариуцагч нь хэрэг эрхлэх даргын албан бичгийг үндэслэн байгууллагын 24 ажилтныг ажлаас нь чөлөөлж, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөж, тэнцэх эсэхийг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх т хүргүүлсэн байдаг юм. Тухайн үед байгууллага надаас шаардсан баримтуудыг нь би авчирч өгсөн, тэгээд ажилдаа томилогдоод ажиллаж байсан. Мөн Авилгатай тэмцэх албан бичгээр *******ыг авлигын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учраас томилох эсэхийг тухайн байгууллагыг шийдээрэй гэж зөвлөсөн болохоос биш шууд ажлаас нь хал гэж хэлээгүй.

Миний хувьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4.1-д зааснаар банкны эдийн засагч байхдаа бусдад давуу байдал олгосон гэдгээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, торгуулийн ял шийтгүүлж байсан нь үнэн, энэ торгуулийг төлөөд барагдуулсан байдаг. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй гэж бодож байна. Тиймээс хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Г.******* миний бие эрх бүхий албан тушаалтан биш, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтлөх үүрэгтэй этгээд биш, эрхлэх албан бичиг, Авлигатай тэмцэх албан бичгүүд нь намайг шууд ажлаас чөлөөлөхийг шаардсан эрх бүхий этгээдийн шийдвэр биш, эдгээр албан бичгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж, Г.******* намайг Чанар борлуулалтын Чанарын хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирлын 2023.05.26-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй. Учир нь хэрэг эрхлэх газраас 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар яаралтай чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичгээр Монгол улсын газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, ажлаас чөлөөлөхийг чиглэл болгосон байдаг. Энэхүү албан бичгийн дагуу гүйцэтгэх захирлын 2023.03.20-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан, дээрх албан бичгийг эрх бүхий албан тушаалтнуудын дунд хэрэгжүүлж ажилласан.

Нэхэмжлэгч Г.******* нь 2020.10.26-ны өдөр хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтанд хамаардаг. Улмаар ажлын хэсэг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг буюу ХАСУМ-ийн хөтлөлтийг шалгахад 25 албан хаагч хөтлөөгүй зөрчил илэрсэн. Тиймээс тухайн ажилчдыг 2023.03.22-ны өдрийн Б/521 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журмыг зөрчин томилогдсон этгээдүүдийг чөлөөлсний дараа дахин эрх бүхий албан тушаалтнуудыг томилох зарыг компанийн вэб хуудсанд тавьж, 25 албан хаагч сонгон шалгаруулалтад нэр дэвшихээр бүртгүүлсэн байсан. Сонгон шалгаруулалт журмын дагуу явагдаад тэнцсэн албан хаагчдын нэрсийг Авлигатай тэмцэх руу хүргүүлсэн боловч 23 албан хаагчийн нэрс ирсэн, үүн дотор нэхэмжлэгч *******ын нэр байгаагүй. Дараа нь Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдөр *******ын ХАСУМ-ийг хянасан тухай албан бичиг ирсэн байсан. Тухайн үед гүйцэтгэх захирал Ц. нь ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэх захирлыг тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ц. орлон ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч *******ыг Ц. даргын 2023.04.18-ны өдрийн Б/657 дугаар тушаалаар гүйцэтгэх захирлын ээлжийн амралт дуусах хүртэлх хугацаанд Чанарын хяналтын хэлтсийн даргын албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон байдаг. Ингээд гүйцэтгэх захирал 2023.05.24-ний өдөр ажилдаа эргэн орох үед Авлигатай тэмцэх албан бичгийг Ц. захиралд танилцуулсан. Уг албан бичигт нэр дэвшигч *******ыг 2020 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.1 дэх хэсэгт зааснаар авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутайд тооцогдож ял шийтгүүлснийг дурдсан байсан. Тиймээс нэхэмжлэгч Г.******* нь эрх бүхий албан тушаалтны хувьд ХАСУМ хөтлөөгүй буруутай, мөн өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.06.05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2023.03.22-ны өдрийн Б/521 дүгээр тушаал, хавсралт, гүйцэтгэх захирлын 2023.04.18-ны өдрийн Б/657 дугаар тушаал, гүйцэтгэх захирлын 2023.05.26-ны өдрийн Б/827 дугаар тушаал, Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.06.26-ны өдрийн хуралдааны шийдвэр зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, гүйцэтгэх захирлын 2023.03.22-ны өдрийн Б/521 дүгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, хавсралт, гүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн А/296 дугаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТУЗ-ийн 2023.03.14-ний өдрийн 16 дугаар гүйцэтгэх захирал Ц.д ээлжийн амралт олгох тухай тогтоол, гүйцэтгэх захирлын 2023.03.22-ны өдрийн Б/521 дүгээр тушаал, хавсралт, гүйцэтгэх захирлын 2023.05.27-ны өдрийн Б/827 тоот тушаал зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хэрэг эрхлэх 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг, гүйцэтгэх захирлын 2023.04.18-ны өдрийн Б/657 дугаар Б.******* туршилтаар ажиллуулах тухай тушаал, 2022.11.17-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журам гэсэн нотлох баримтуудыг,

2023.11.07-ны өдрийн 14309 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн 2018, 2021, 2022 оны компанийн дүрэм, 2018, 2019, 2021, 2022 оны хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2023.05.20-ны өдрийн 14 дүгээр хурлын тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2023.03.30-ны өдрийн Б/546 дугаар Ц.Лхагвацэрэнг гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал, хавсралт, 2022.12.29-ний өдрийн *******ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ************** ******* ХХК-ийн 2023.03.27-ны өдрийн 01/384 дүгээр хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, Авлигатай тэмцэх 2023.03.30-ны өдрийн 05/5250 дугаар албан бичиг, хавсралт, ************** ******* ХХК-ийн 2023.04.07-ны өдрийн 01/433 дугаар албан бичиг, гүйцэтгэх захирлын 2020.10.26-ны өдрийн 4473 дугаар тушаал гэсэн нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ************** ******* ХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...миний бие хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтөлдөг, хөрөнгө орлогоо мэдүүлдэг, компанийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд оролцдог эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааснаар худалдан авалт хийгдэж буй бараа материалын ******* байдлыг шалгадаг, миний бие өмнө нь ял шийтгүүлсэн боловч энэ нь дараагийн ажил хийхэд саад болох учиргүй, эрхлэх албан бичиг, Авлигатай тэмцэх албан бичгүүд нь намайг шууд ажлаас чөлөөлөхийг шаардсан эрх бүхий этгээдийн шийдвэр биш, эдгээр албан бичгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, үүний улмаас би ажилгүй, цалингүй хохирч байгаа учир шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч Г.******* нь манай байгууллагын эрх бүхий албан тушаалтан мөн, манай байгууллага хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох ажиллагааг явуулж зарим эрх бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, тухайн ажлын байран дээр дахин сонгон шалгаруулалт зарласан, тэнцсэн 24 албан тушаалтнуудын нэрсийг ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх т хүргүүлсэн, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгч *******ыг ял шийтгүүлсэн учир ажилд нь томилох, эсэхийг шийдвэрлэхийг зөвлөсөн байсан, улмаар захирлуудын зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцэн, ХАСУМ хөтлөөгүй буруутай, өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан буюу эрх бүхий албан тушаалтан шаардсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг ажлаас нь чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарлан маргана.

 

3.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ************** ******* ХХК-нд технологичоор ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020.10.26-ны өдрийн Б/4473 дугаар тушаалаар ажлын байр нь өөрчлөгдөж Чанарын хяналтын хэлтсийн даргаар томилогджээ. Ийнхүү нэхэмжлэгч Г.******* нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Чанарын хяналтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023.05.26-ны өдрийн Б/827 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Хариуцагч ************** ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар дээрх тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Г.*******д 2023.05.26-ны өдөр танилцуулж хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний талаар холбогдох тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.

 

4.Хариуцагч ************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн 2023.05.26-ны өдрийн Б/827 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, хэрэг эрхлэх даргын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3 дахь заалтыг удирдлага болгож, ямар нэгэн үндэслэл заалгүй нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь эрх бүхий албан тушаалтан шаардсан учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үндэслэлийг нөхөн тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.4-т зааснаар эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох, ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт, тушаалд баримталсан хууль зүйн үндэслэл хоорондоо тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Харин хэрэг эрхлэх 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичиг нь ************** ******* ХХК-нд чиглэл хүргүүлсэн, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянаж, зөвлөсөн агуулгатай болохоос биш нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор шаардсан эрх бүхий этгээдийн шийдвэр биш байна.

 

Учир нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. Монгол улсын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэхүү хуулиудад заасан заавал биелүүлэх үүрэг хүлээлгэсэн шаардлага, шийдвэрүүдэд дурдсан хоёр албан бичиг хамаарахгүй байна гэж үзсэн болно.

 

5. хэрэг эрхлэх 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгээс үзвэл, Монгол улсын газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбоотой авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байх ба, үүний нэг болох авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг шимэгчид-ээс салгах ажлыг эхлүүлэх зорилготой, тус албан бичигт дурдсан ...хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг 11 тохиолдлыг зөрчиж томилогдсон этгээдийг шалган тогтоож, 2023.04.06-ны өдрийн дотор ажлаас нь чөлөөлж, 2023.04.10-ны өдрийн дотор хэрэг эрхлэх т хариу ирүүлэх чиглэлийг ************** ******* ХХК-нд өгсөн байна.

 

Энэхүү чиглэлийн хүрээнд хариуцагч ************** ******* ХХК нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлага хангаагүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хүний нөөцийн сонгон шалгаруулах журмыг зөрчин томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй ажилтныг шалган тогтоох, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, санал дүгнэлт гаргах зорилгоор гүйцэтгэх захирлын 2023.03.20-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулжээ.

 

Тус ажлын хэсэг нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан ХАСУМ мэдүүлэх үүрэг бүхий 39 албан тушаалтнаас ХАСУМ мэдүүлээгүй томилогдсон, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлага хангаагүй нийт 24 албан тушаалтны зөрчлийг шалган тогтоосон, улмаар хариуцагч ************** ******* ХХК нь гүйцэтгэх захирлын 2023.03.22-ны өдрийн Б/521 дүгээр тушаал, хавсралтаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн компанийн эрх бүхий 24 албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх ба, энэ талаарх хариуг 2023.04.07-ны өдрийн 01/433 дугаар албан бичгээр хэрэг эрхлэх даргад хүргүүлсэн байна.

 

6.Үүний зэрэгцээ хариуцагч ************** ******* ХХК нь эрх бүхий 24 албан тушаалтны ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан байх ба, тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн компанийн эрх бүхий албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар 2023.03.27-ны өдрийн 01/384 дүгээр албан бичгийг, хавсралтын хамт Авлиагтай тэмцэх т хүргүүлсэн ба, тус нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Г.******* багтсан байна.

 

Авлигатай тэмцэх нь 24 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд үүнээс 23 нэр дэвшигчийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж 2023.03.30-ны өдрийн 05/5250 дугаар албан бичгийг, хавсралтын хамт ************** ******* ХХК-нд ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч *******ын нэр хасагдсан байна. Гэсэн хэдий ч гүйцэтгэх захирлын үүргийг орлож байсан Ц.гийн 2023.04.18-ны өдрийн Б/657 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг ...гүйцэтгэх захирлын ээлжийн амралт дуусгавар болох хүртэл хугацаанд Чанарын хэлтсийн даргын албан тушаалд туршилтын хугацаагаар... томилон ажиллуулжээ.

 

Энэ хугацаанд хариуцагч ************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.03.14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор ээлжийн амралтаа эдэлж байсан ба, 2023.03.30-ны өдрийн Б/546 дугаар тушаалаар гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Худалдан авалт, тээвэр зохицуулалтын дарга Цэрэндоржийн г томилсон, тус тушаалын хавсралтад зааснаар Ц.д компанийн удирдах ажилтныг томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасныг үндэслэх, бусад ажилтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг эрхийг олгосон байна.

 

7.Авлигатай тэмцэх нь 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичгийг ************** ******* ХХК-нд ирүүлсэн байх ба, энэхүү албан бичиг нь ... Галиндэвийн ******* хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянаж үзлээ. Нэр дэвшигч нь 2020 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4.1-д зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байна. ...Монгол улсын тогтоол, шийдвэр болон Шүүр ажиллагааны хүрээнд хэрэг эрхлэх даргын 2023.03.17-ны өдрийн хэг/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай хугацаатай үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж нэр дэвшигчийг томилох эсэхийг шийдвэрлэхийг зөвлөж байна... гэсэн агуулгатай.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар Авлигатай тэмцэх дээрх албан бичгийг гүйцэтгэх захирал Ц. ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орсноор мэдэж, гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлыг хуралдуулсан байх ба, 2023.05.20-ны өдрийн гүйцэтэх захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзвэл, тус хурлаар нэхэмжлэгч Г.******* болон холбогдох бусад хүмүүсийг ажлаас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэж 2023.05.26-ны өдрийн Б/827 дугаар тушаалыг гаргасан байна.

 

8.Нэхэмжлэгч талын тайлбар, түүний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч Г.******* нь компанийн хэмжээнд худалдан авалт хийгдэж буй бараа материалыг техникийн тодорхойлолтод үндэслэн хяналт хийн хүлээж авах, түүний ******* байдлыг шалгах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, *******тай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс хэрэглэгчдийн гарт хүргэх бүхий л үйл ажиллагаанд *******ын хяналт хийх, ажиллах хүчийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох зэрэг үр дүнг Чанар, борлуулалтын даргын өмнө хүлээх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байна.

 

2022 оны компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар гүйцэтгэх захирал болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцож, эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуульд заасны дагуу өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн талаарх болон бусад мэдээллийг хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд өгч компанийн дүрэм, дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллах үүрэгтэй этгээд байна. Эдгээр заалтууд нь 2018, 2021 оны компанийн дүрмүүдэд адил утгаар зохицуулагджээ.

 

Мөн 2022 оны Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлд зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл байхаас гадна, гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна. Энэ заалт нь 2018, 2019, 2021, 2022 оны хөдөлмөрийн дотоод журмуудад адил агуулгаар зохицуулагдсан байна.

 

9.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т зааснаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцох бөгөөд компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байх учиртай.

 

Хариуцагч ************** ******* ХХК-ийн дүрэмд заасан компанийн эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт хэт ерөнхий байх бөгөөд компани өөрийн онцлогтоо тохируулж эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг дүрэмдээ тодорхой заагаагүй, хариуцагч талын тайлбарласнаар нэхэмжлэгч Г.******* нь гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд болох нь баримтаар тогтоогдсонгүй. Тиймээс нэхэмжлэгч Г.******* нь компанийн үйл ажиллагаанд болон гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хөтлөх үүрэг бүхий компанийн удирдах болон эрх бүхий албан тушаалтан биш байна гэж дүгнэлээ.

 

10.Нөгөө талаар Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч Г.******* нь 2020 онд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4.1-д зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн, торгох шийтгэлээ биелүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэвч нэхэмжлэгч *******ын ял шийтгүүлсэн байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т зааснаар түүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхийг болон түүний дахин ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ************** ******* ХХК-ийн удирдах болон эрх бүхий албан тушаалтан биш болох нь нэгэнт тогтоогдсон тул хэрэг эрхлэх 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичгийн 6-д заасан ...хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй.. гэх, 11-д заасан ...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн... гэх 2 нөхцөл нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иймд хариуцагч ************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.05.26-ны өдрийн Б/827 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч *******ыг ажлаас халсан үйл баримт, тушаалд баримталсан хууль зүйн үндэслэл хоорондоо тохироогүй, нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ************** ******* ХХК-ийн удирдах болон эрх бүхий албан тушаалтан биш байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хэрэг эрхлэх 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх 2023.04.07-ны өдрийн 05/5786 дугаар албан бичгийг удирдлага болгон эрх бүхий байгууллага шаардсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгч *******ыг Чанар, борлуулалтын Чанар хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

11.Нэхэмжлэгч *******ын гарган өгсөн 2023.06.06-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 7,120,822 /2023 оны 4 сард 3,969,672 төг + 3 сард 11,142,258 төг + 2 сард 6,250,538 төг = 21,362,468 : 3/ төгрөг болов.

 

Нэхэмжлэгч *******ыг ажлаас нь чөлөөлсөн 2023.05.26-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2023.12.19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:

6 сар /7,120,822 төг * 6 сар = 42,724,932 төг/,

ажлын 17 өдөр /7,120,822 төг : 21,5 өдөр = 331,201 төг * 17 өд = 5,630,417 төг/-ийн олговор нийт 48,355,349 /42,724,932 төг + 5,630,417 төг/ төгрөг болж байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар хариуцагч ************** ******* ХХК-иас 6 сар, ажлын 17 өдрийн олговорт 48,355,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, уг олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ************** ******* ХХК-нд үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

12.Нэхэмжлэгч Г.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба, хариуцагч ************** ******* ХХК-иас 399,727 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ыг хариуцагч ************** ******* ХХК-ийн Чанар, борлуулалтын Чанарын хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар хариуцагч ************** ******* ХХК-иас 48,355,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ************** ******* ХХК-нд үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч ************** ******* ХХК-иас 399,727 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА