Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 306

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ш-ын Ш.В-т холбогдох эрүүгийн 1710000000128 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Ш.В- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Ш-ын В,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ш.В- нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***** тоотод эхнэр Т.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.В- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.В-ийн өгсөн: 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би нэг өдөр ажлаад нэг өдөр нь амардаг. Амарсан үедээ хааяа архи уудаг. Эхнэр Т.Ө-тай гэр бүл болоод 13 жил амьдарч байна. 3-9 насны 2 хүүхэдтэй. Би эхнэр Т.Ө-т байнга агсам согтуу тавиад байдаггүй. Би дахин ийм асуудал гаргахгүй. Дахин архи уухгүй. Би эхнэртээ хайртай. Хохирогч Т.Ө-т эм, тариа авч өгсөн. Одоо би жолоочийн ажлаа хийж байгаа. Би 500.000-600.000 төгрөгийн цалинтай, хийснээрээ цалинждаг. Манай эхнэр 500.000-600.000 төгрөгийн цалинтай. Сарын 1.000.000 төгрөгийн орлоготой. Би 3 хүүхэдтэй, эхнэр 1 хүүхэдтэй хоёр талаасаа нийлж, гэр бүл болж дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Нийт 6 хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000128 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Т.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлээрээ гэртээ амарч байтал манай нөхөр Ш.В- 10:00 цагийн үед гэнэт “чи 6000 төгрөгөөр даашинз авлаа, ер нь 6000 төгрөгийн даашинз гэж юу байдаг юм, өө бас үсний боолт авсан байна” гээд хэрүүл өдөөд байхаар нь нэг ч үг хэлэхгүй хөнжлөө толгой дээрээ хучаад буруу хараад хэвтэж байтал хөнжил хуу татаад толгойтой үснээс татаад хэлхээтэй шүрээр намайг 4-5 удаа ороолгосон чинь тэр шүр нь тасарсан. Тэр хооронд нь гэрээс зугтаагаад гарсан чинь араас гүйж ирээд гэрт оруулаад ширмэн тавгаар “чи ингээд намайг шоронд хийгээрэй” гээд 4-5 удаа цохисон. Ер нь бол өвдөөд хэдэн удаа цохиж байгааг мэдээгүй. Тэгэхэд нь би “энэ гэрт ажил хийж байгаа нь би л байна, би ямар буруу зүйл хийсэн юм бэ” гээд уйлаад байсан чинь ашгүй нэг юм цаашаа холдсон. Тэгээд би өөрийнхөө бүх хувцсыг цүнхэнд хийгээд сална гэж хэлээд гэрээс гараад явсан.

Ер нь бол манай нөхөр хардсаар байгаад тэр нь өвчин болсон хүн. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 26-нд миний том охин нөхөртэйгөө манайд ирээд хоноод явсан чинь “чи яагаад хүргэндээ сайн хандаад байгаа юм” гэж хардаад хэрүүл өдөөд байсан. Тэгээд л ажил төрөл хийлгэхгүй харсан болгонтойгоо хардаад ажлаас гаргаад л бөөн юм болдог. Ш.В- намайг ажилд явсан хойгуур 8 настай хүүг орхиод, 2 настай бага хүүг тэврээд ойр орчмын архи уудаг хүмүүстэй нийлээд архи уугаад байдаг юм аа.

Намайг ажлаасаа хурдан ир гээд байдаг. Хурдан ирэхээр хурдан ирлээ, хэнээр хүргүүлээд ирж байгаа юм гээд, оройтохоор оройтлоо гэдэг, гар утас шалгаад хэцүү байдаг. ...Ш.В- нь архи уусан үедээ их агсам согтуу тавьдаг. Гэр бүл амьдралаа бодохгүй, хардаад зодоод байдаг. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах санал байхгүй, миний биед учирсан гэмтлүүдийг бүрэн зөв бичиж дүгнэлт гаргасан байна. Тухайн өдөр манай нөхөр намайг 6000 төгрөгөөр плаж авлаа, өөр хүмүүст гоё харагдах гэлээ гээд уурлаж надтай маргаан хийж зодсон. Би эмчилгээ хийлгээгүй, аясаар нь эдгээсэн. Эмчилгээний зардал гараагүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6х, 8х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11122 тоот дүгнэлт:

1. Т.Ө-ын биед дээд уруулын язарсан шарх, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/,

 

 3. Шүүгдэгч Ш.В-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ***** тоотод оршин суух өөрийн гэртээ өөрийн эхнэр Т.Ө-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшин ухаарч байна.

2017 оны 08 сарын 27-ны өглөө 10:00 цагийн үед манай эхнэр намайг “архи уулаа, согтуу ирлээ” гэх мэтээр хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ маргалдсан. Маргалдаж байхдаа би эхнэрээ хардаж гараараа нүүрэн хэсэгт нь цохиж, хүүхдийн шүрэн хүзүүний зүүлтээр нуруу хэсэгт нь ороолгосон. Тэгээд манай эхнэр намайг “гэрээс зайл” гээд хөөхөөр нь би уурандаа хувцасаа аваад, эхнэрээсээ салахаар явсан. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа эхнэртэйгээ эвлэрсэн.

Би тэр өдөр дунд зэргийн согтолттой байсан. Гэхдээ болсон асуудлын талаар санаж байна. Тухайн өдөр манай 9 настай хүү, 3 настай хүү болон манай эхнэр байсан. Гадны хүн байгаагүй. Би урд өмнө нь нэг удаа эхнэртэйгээ маргалдаж зодолдоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Манай эхнэр өөр хүнтэй эр, эмийн харьцаа үүсгээгүй, харин би эхнэртээ хайртай учраас харын сэтгэл төрөөд, тэгээд хардаад байдаг юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Хохирогч Т.Ө-ын биед би гэмтэл учруулсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би эхнэртэйгээ эвлэрсэн тул хэргийг маань хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ш.В-ийн гэм бурууд дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүгдэгч Ш.В- нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***** тоот дахь өөрийн гэртээ эхнэр Т.Ө-ыг “өөртөө платье худалдаж авлаа, хүнд гоё харагдах гэлээ” гэж хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “дээд уруулд язарсан шарх, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Т.Ө-ын мэдүүлэг, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 11122 тоот дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Ш.В- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй. /хэргийн 20-21х/

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Ш.В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ш.В-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт үзүүлж, шинжилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох хэдий ч хохирогч нь эмчилгээ үйлчилгээний зардалд хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн байна. /хэргийн 44х/  

 

Шүүгдэгч Ш.В- урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

 

Энэ хэрэгт Ш.В- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.Ө- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Ш-ын В-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.В-ийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.В- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ш.В- нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.Ө- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ш.В-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД