Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 207

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шүүгдэгч: Н.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранцэцэгийн Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201725020404 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 143Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УШ89050192 регистерийн дугаартай, Боржигон овогт Наранцэцэгийн Энхтүвшин.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Энхтүвшин нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3-143Б тоот хашааны ард талын үүдэнд хохирогч Н.Төрболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхтүвшин мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрболдтой уулзсан. Өмнөх өдөр нь архи авсан байсан. Төрбөлд, Саруул, Давгасамбуу, Саруулын найз гэсэн хүмүүс манайд байсан. Төрболд, Саруул бид гурав архи уусан. Тухайн үед Төрболдтой удаан уулзаагүй учир дуудсан. Гэрт Төрболд хувцасаа тайлаад манай хоёр найзруу томроод байсан. Төрболдтой маргалдаж байгаад эвлэрээд үүдээр гарч байхад эргэж хараад намайг мөргөж зодоон болсон. Миний эрүүнээс цус гараад цусаа хараад уур хүрээд зодсон. Хөлийг нь хугална гэж бодоогүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Төрболд /хх-ийн 16-19/, гэрч Б.Батболд /хх-ийн 24-27/, А.Саруулжаргал /хх-ийн 28-30/, О.Даваасамбуу /хх-ийн 31-33/, П.Минжин /хх-ийн 34-35/, Ж.Наранцэцэг /хх-ийн 36-37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2361 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 45-46/, Н.Энхтүвшингийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-62/, Н.Төрболдын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 66-75/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77/, Н.Энхтүвшингийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78/, Н.Энхтүвшингийн урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 86-107/, хохирогч Н.Төрболдын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 2.000.000 төгрөг авсан гэх хүсэлт /хх-ийн 118/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Энхтүвшин нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний оройн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 143Б тоотын гадна хохирогч Н.Төрболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Н.Төрболдын /хх-ийн 18/: “... Тухайн өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байтал Энхтүвшин утсаар залгаж намайг дуудсан. ...Энхтүвшин, Саруул хоёр намайг гэрт нь очсон хугацаанаас эхлээд л атаман байсан тухайгаа яриад байсан. Тэдний ууж байсан архи нь дуусаад намайг “таньдгаараа дэлгүүрээс архи аваад өгчих” гэж гуйгаад мөнгө өгсөн. Би архи авч ирээд бид дахиж архи уусан. Тэгээд би согтоод Энхтүвшинтэй маргалдсан. Яагаад маргалдсан бэ гэхлээр тэр хоёрын “атаман байсан” гэж ярьсан яриа нь надад таалагдаагүй юм. ... Тэгээд Төвшөө /Энхтүвшин/ намайг хашааны гадаа гаргаад зодож эхэлсэн. Намайг газар унагаагаад дээрээс өшиглөөд эхэлсэн. Би хөлөө хугалуулсанаа мэдээд “Төвшөө миний хөл хугарчихлаа шүү” гэхэд тоохгүй дахин миний хөл рүү дэвссэн. Тэгээд намайг хашааныхаа гадаа хаяад явчихсан... ” гэх мэдүүлэг,

гэрч Б.Батболдын /хх-ийн 25-26/: “... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн үед ажилдаа яваад орой 20 цагийн үед ажлаасаа гараад “Кибер” компьютерийн зах орсон. Тэндээсээ Давгасамбуу гэх найзыгаа дагуулаад найзуудаараа “PC” тоглох гэж байсан юм. Тэгээд Энхтүвшин мөнгөгүй байсан учир бид хоёр Энхтүвшинг авах гээд гэрт нь очсон. Бид хоёрыг яваад очтол Энхтүвшин, Төрболд, Энхтүвшингийн 2 найз, нийт дөрөвүүлээ архи уугаад дууссан байдалтай тарж байсан. Энхтүвшингийн 2 найз нь явах гээд хувцсаа өмсчихсөн байсан. ...Би Төрболдод “Чи одоо харьж амар, бид нар найзуудаараа явах гэж байна” гэж хэлээд би Төрболдын хувцасыг өмсүүлсэн. Тэгэхэд Төрболд Энхтүвшин рүү үг хаяад эхэлсэн. Их олон юм ярьсан. Ер нь бол Төрболд, Энхтүвшин 2 ам мурийсан. ...Тэр хоёр байшингаас гараад хашааны арын хаалгаар гараад явсан. …Тэгээд Дагвасамбуу бид хоёр Энхтүвшингийн хийчихсэн байсан цуйвангаас дөнгөж идээд сууж байтал Энхтүвшин цусаа гоожуулаад ороод ирсэн. Би “юу болов оо, яасан юм бэ” гэж асуутал Төрболд үүдээр гарч ирэнгүүтээ шууд цохьчихлоо, тэгэхээр нь би  зодчихлоо, Төрболд гадаа байгаа” гэж хэлсэн. Би Энхтүвшинд цаас авч өгчихөөд гараад хартал манай хашааны гадна Төрболд хөлөө барьчихсан хэвтэж байсан. Тэгээд би босгох гэсэн чинь “Боогий андаа манийг нь зодчихлоо” гэсэн. Би “хоёрын хооронд юманд яах гэж тэгдэг юм бэ” гэж хэлээд босгох гэсэн чинь босохгүй байсан. Би Төрболдыг баашлаж байна гэж бодоод буцаж орсон. Ороод Энхтүвшинг хартал эрүүнээс нь цус гараад тогтохгүй, эрүү нь язарчихсан байсан. Би гараад иртэл Төрболд утсаараа яриад байсан. Яриаг нь сонсоход энхэртэйгээ яриад байгаа бололтой “Намайг ирээд ав, би зодуулчихлаа, намайг бөөнөөрөө зодчихлоо” гэж яриад байсан. ... Эхнэр нь ч удалгүй хүрээд ирсэн. … Тэгээд эхнэрийгээ ирэхэд босоод ирсэн боловч алхаж чадахгүй байсан. Эхнэр нь юу болсон талаар асуусан. Би болсон асуудлыг хэлсэн. Эхнэр нь надад “Боогий хөгшөөн үүрчих” гэхээр нь би Төрболдыг мөрлөөд гэрт нь оруулж өгсөн” гэх мэдүүлэг,

гэрч О.Дагвасамбуугийн /хх-ийн 31-33/ “... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай найз Батболд манай ажил дээр ирээд “Энхтүвшинтэй очиж уулзья, РС тоглож сууя” гэж хэлээд намайг дагуулаад такси бариад Энхтүвшингийнд очсон. Бид нарыг очиход Энхтүвшингийн гэрт нь Төрболд, Энхтүвшингийн хамт ажилладаг гэх 2 залуу сууж байсан. Тэд нар архи уусан байдалтай сууж байсан. Төрболд өөрийн ухаан байхгүй, Энхтүвшингийн 2 найз руу дайрах гээд байсан. Тэгэхээр нь Энхтүвшин тэр 2 найзыгаа “янз бүрийн юм болчихно” гэж хэлээд явуулчихсан. Тэгээд байж байтал Төрболд, Энхтүвшин рүү асаад уурлаад л байсан. Энхтүвшин ганцаараа Төрболдыг гаргаж өгөхөөр гарсан. Батболд бид 2 гэр орныг нь жоохон янзалчих гээд сууж байтал гэнэтхэн Энхтүвшин гаднаас цус нөж болчихсон ороод ирсэн. Тэгэхээр нь болсон асуудлыг асуухад “Төрөө миний эрүү рүү хатгачих шиг боллоо, юугаар хатгачихав аа” гэсэн. Батболд “юу болчихов оо” гээд гарч очоод Төрболдыг гэрт нь эхнэртэй нь хамт оруулж өгсөн гэж байсан. Би Энхтүвшингийнхээс гараагүй ...” гэх мэдүүлэг,

гэрч П.Минжингийн /хх-ийн 34/: “... Тухайн өдөр намайг эмнэлэгээс ирэхэд миний нөхөр Н.Төрболд надад “Энхтүвшин дуудаад байна, гялс гэрт нь орчихоод ирье” гээд гарч явсан. Орой 20 цагийн үед Төрболд над руу утсаар залгаад “хайраа би гудамжинд байна, яг үхлээ, гараад ирээч” гэсэн. Би түүний ярьсан зүйлд итгээгүй. Төрболдыг залгаснаас хойш 30 орчим минутын дараа гадаа гарахад гудамжинд нэг хүн орилох чимээ сонсогдсон. Орилох чимээг сонсоход Төрболдын хоолой байсан. Би гүйгээд очиход Энхтүвшингийн хашааны хойд хаалганы гадна миний нөхөр Төрболд газар хэвтэж байсан. Очоод өргөөд босгох гэтэл зүүн хөл нь хугарчихсан байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад юм ярихгүй уйлаад байсан. Гэтэл хашааны дотроос Батболд гарч ирээд бид 2 арай гэж дамжлаад манай гэрт оруулсан. Би гэрт орсоныхоо дараа эмнэлэг болон цагдаа руу залгаж дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Энхтүвшингийн буруутай үйлдлын улмаас Н.Төрболдын биед “зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсаныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2361 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 44/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Н.Энхтүвшингийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Энхтүвшин нь хохирогч Н.Төрболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хохирогчийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.Энхтүвшинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн материаллаг хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Н.Төрболд нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 118/ гэсэн нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна. Харин хохирогч Н.Төрболд нь хойшид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Н.Энхтүвшинд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Энхтүвшинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхтүвшинг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхтүвшинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Н.Төрболд нь хойшид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхтүвшинд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Энхтүвшинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ