Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1060

 

Ц.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогч М.П, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.П-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Т-д холбогдох 2103 00063 0167 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Ц-ийн Т, 1965 оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, И төвд тооцооны нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД: ... /;

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17:05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн ... дүгээр гудамжны ... тоот хашааны урд замд “Тоёота Камри” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчиж авто замын хөвөөгөөр түрдэг тэрэг түрж замын хөдөлгөөнд оролцож байсан явган зорчигч М.П-г  мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн загвар, улсыг дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих эрхийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг тус тус зөрчиж, хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газар: Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Ц-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т-аас нийт 2.006.510 төгрөг гаргуулан хохирогч Х овогт М.П /АА00000000/-д олгохоор, хохирогч М.П-ийн цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын бичлэг бүхий диск нэг ширхгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.П-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад аль нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хангасан, аль хэсгийг нь ямар шалтгааны улмаас хэрэгсэхгүй болгож байгаа талаар тодорхой, ойлгомжтой дурдаагүй байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэсэн байтал яллагдагч Ц.Т нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлэг, хүсэлт өгч байснаас харахад тэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөх идэвх санаачилга гаргаагүй зэргээс харахад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хохирогч М.П 63 настай бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс үүдэн одоо эхнэр А.О-ийн асаргаанд байна. М.П биеийн эрүүл мэндийн хувьд цаашид эмнэлгийн хяналтад байгаа ба хагалгаанд орох шаардлагатай талаар Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс мэдэгдсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.Т нь огт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. “Би автомашинаар дайраагүй.” гэж мэдүүлж байсан. Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслээр дайрсан нь нотлогдсон гэж үзсэний дагуу шүүгдэгч Ц.Т-г хэргээ хүлээ гэж хэлсэн. Шүүгдэгч Ц.Т-ийн эхнэрийнх нь дүү М нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа байдаг. Тэр хүн анх хэргийн газарт үзлэг хийсэн А-т дарамт үзүүлсэн. “Ц.Т наад хүнийг чинь дайраагүй. Чи юугаа шиншлээд байгаа юм бэ.”  гэж дарамталсан. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хохирлын төлбөрт 2.006.510 төгрөгийн гаргуулахаар шийдвэрлэсэн. Би эм, тарианы үнэ 1.536.560 төгрөг, унааны зардал 664.700 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Нийт 2.201.260 төгрөгийн хохиролтой байсан. Анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөр нь 2.006.510 төгрөг байгаа. Тэгэхээр, энэ хоёрын зөрүү нь 194.850 төгрөгийн зөрүү гарч байна. Яагаад ингэж зөрүү гарсанд гайхаж байна. Миний толгой байнга өвдөж байна. Нуруу далийсан, нүдний ухархайн дотор жижиг яс хугарсан гэж Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Ц.Т-аас эмчилгээний зардал төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч Ц.Т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр шийдвэрлэгдэж тогтоогдчихсон мөртлөө яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ. Ажлын цагаар архи ууж намайг дайрсан. Одоо ажлаа хийгээд явж байгаад нь гайхаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шийтгэх тогтоолд дурдсан 2.006.510 төгрөг төлөгдсөн. Гэхдээ би дандаа эмчилгээний зардлаа авсан. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Т нь хохирогчийг дайраагүй гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн. Шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 2.006.510 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэж, хохирол төлбөрийн баримтуудыг үндэслэлтэй дүгнэж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал нь тогтоогдвол шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөд ямар нэгэн татгалзах зүйлгүй байгаа. Шүүгдэгч Ц.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас хохирогч М.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Эмчилгээний болон өөрийн, эхнэрийнхээ ажилгүй байсан хугацааны цалин нийт 10.706.513 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөгийг шүүхийн шатанд нэхэмжилсэн байсан. Хавтас хэрэгт авагдсан эмчилгээний зардалд ажилгүй байсан хугацааны өөрийн болон эхнэрийн цалин зэрэг нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нь харгалзан үзээд шүүгдэгч Ц.Т-аас 2.006.510 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хэргийг шүүхэд шилжүүлсний дараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, энэ талаар бичгээр хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчид 800.000 төгрөгийг төлж барагдуулсан талаараа шүүгдэгч Ц.Т мэдүүлсэн. Шүүгдэгч Ц.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч М.П-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн ... дүгээр гудамжны ... тоот хашааны урд замд 00-00УУУ улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчиж авто замын хөвөөгөөр түрдэг тэрэг түрж замын хөдөлгөөнд оролцож байсан явган зорчигч М.П-г автомашинаар мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн загвар, улсыг дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих эрхийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг тус тус зөрчиж, хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч М.П-ийн: “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед би ертөнцийн зүгээр урд талын хаалгаар хашаанаасаа гараад зүүн тийш тэрэг түрээд уруудаж гараад ойролцоогоор 4-5 метр газар явж байтал зүүнээс баруун чиглэлд өргөн, хар өнгийн урд талын хамар нь никельтэй автомашин хурдтай ирж байгаа харагдсан. Би явж байсан зүгийнхээ эсрэг тал руу нь хараад уначихсан, замынхаа явган хүний шороон зам дээр хэвтэж байсан. Урд талын гудамжны эмэгтэй хүрч ирээд намайг суганаас өргөхөд сэрсэн. Би босох гээд зүүн хөлөө хөдөлгөх гэхэд шажигнаж дуугараад байхаар нь зүүн хөлийнхөө өмдийг өргөтөл шилбэний яс хугараад арьсаа цоолоод гарчихсан байсан. ...Гэмтлийн эмнэлэгт зүүн шилбэний яс хадуулах хагалгаанд орж, гурван хадаас тавиулсан. ...” /1хх 55/,

гэрч Э.А-ын: “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад АТ-2-оос “Хайлаастын 13 дугаар хороо, ... дүгээр гудамжинд автомашинд хүн мөргүүлчихлээ” гэсэн дуудлагын дагуу очиход явган зорчигч эрэгтэй, усны түрдэг тэрэгтэйгээ замын хойд талд уначихсан, зүүн талын хөл нь хугарчихсан байдалтай сууж байсан. Дуудлага өгсөн гээд нэг эмэгтэй хажууд нь зогсож байсан. Автомашинд мөргүүлсэн эрэгтэй болон дуудлага өгсөн эмэгтэй нараас юу болсон талаар асуухад явган зорчигч эрэгтэй нь “Суудлын, хар өнгийн, бөмбөгөр, никель нүүртэй автомашин мөргөчихөөд зугтаасан” гэж ярьж байсан. Дуудлага өгсөн эмэгтэй “Би автомашин явган зорчигчийг яг мөргөснийг хараагүй. Мөргөөд явсны дараа араас нь харахад бөмбөгөр хэлбэртэй, хар өнгийн суудлын автомашин байсан” гэж хэлсэн. “Ослын ойролцоох газрын хяналтын камертай газрыг шалга” гэхээр нь авто угаалгын газрын хяналтын камерыг шалгахад хоёр хар өнгийн автомашины бичлэг бичигдсэн байсан. ...Нэг нь хар өнгийн “Тоёота Камри” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашин бичигдсэн байсан. Төв аймгийн дугаартай хар өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашины жолоочтой уулзаж, ослын талаар асуухад “Намайг автомашинтай тэр хавиар явах үед тод шар куртиктэй эрэгтэй хүн газар сууж байсан. Би бодохдоо согтуу эрэгтэй хүн зам дээр сууж байна гэж бодоод хажуугаар нь өнгөрсөн” гэж ярьсан. Явган зорчигчоос хар өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашин мөргөсөн эсэхийг асуухад “Би “Тоёота Приус-20” загварын автомашиныг мэднэ. Манай дүү тийм машинтай. Намайг мөргөсөн автомашин “Тоёота Приус-20” загварын автомашин биш байсан гэж хэлсэн. Мөргүүлсэн явган зорчигч автомашины загварыг мэдэхгүй гэхээр нь тухайн хүний төрсөн дүүтэй нь утсаар яриад “Хар өнгийн “Тоёота Камри” загварын автомашины зургийг интернетээр харуулчих” гэхэд “Уг автомашины хэлбэр, өнгө нь мөн байна” гэхээр нь “Тоёота Камри” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашины мэдээллийг эрүүгийн төлөөлөгч, ахмад Гансүхэд хэлсэн. ...Би “Тоёота Камри” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашины жолоочтой өөрийнхөө утсаар 17 цаг өнгөрч байхад утсаар холбогдоод “Таны автомашин угаалгын газрын камерт бичигдсэн байна. Ирээд уулз” гэж хэлэхэд “Би хороололд явж байна. Одоо очлоо” гээд гар утсаа салгасан. 30-40 минутын дараа дахин залгахад “Би гэртээ Найрамдал зуслан дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. ...” /1хх 60-61/,

гэрч А.Г-ийн: “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр М.П ах тэргээ түрээд хашаанаас гарч байгааг нь би харсан. Би хашааны хаалган дээрээ зогсож байхад дүү Г дуудаад нь буцаж хашаа руугаа ороод нэг юм яриад буцаад 30 секунд ч болоогүй эргээд гараад иртэл М.П ах том хаалганы ойролцоо түрдэг тэрэгтэйгээ замын хажууд унасан байхаар нь ганцаараа гүйж очоод М.П ахаас юу болсон талаар асуухад “Хар өнгийн автомашин намайг мөргөчихөөд дээшээ өгсөөд явчихлаа” гэж хэлсэн. Би эхлээд 102-т дуудлага өгөөд дараа нь 103-т дуудлага өгсөн. М.П ахыг сугадаад босгох гэсэн чинь “Босож чадахгүй байна. Зүүн хөл хугарчихсан юм шиг байна” гэж байсан. ...” /1хх 63/

гэрч Д.Б-ын: “...Миний урд нэг “Приус” загварын машин явж байсан. Өөдөөс нар тусаж байсан учир сайн харагдаагүй. Арын машиныг би анзаараагүй. Нэг хар өнгийн асфальтан “Кроун” билүү “Камри” ч юм уу нэг бараан машин хурд сааруулагч өнгөрөөд нэг хашааны үүд шахаад зогсож байгаа харагдсан. ...” /1хх 68-69/,

гэрч С.Э-ын: “...Уулзвар дөнгөж эргээд ороход миний урдуур нэг эмэгтэй гүйж гарсан. Замын хажууд нэг өвгөн усны сав тэрэгтэй, сав нь тэрэгнээсээ унасан, тэрэг нь дээшээ харсан, өөрөө усны тэрэгнийхээ хажууд унасан байдалтай байсныг урдуур гүйж гарсан эмэгтэй босгохоор оролдож байсан. ...” /1хх 72-74/,

гэрч О.Ө-ын: “...Осол гарснаас хойш 3 хоногийн дараа М.П над руу залгаад “Намайг мөргөсөн машины жолооч нь 99хххххх дугаарын утастай хүн байна. “Тоёота Камри” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашинтай жолоочийн нэр нь Ц.Т гэж хүн байна. Гэр нь танай зуслангийн ойролцоо байдаг юм байна” гэхэд нь “Би танина” гэж хэлсэн. Би 2021 оны 4 дүгээр сарын дундуур Ц.Т-ийн 99хххххх дугаарын утас руу өөрийнхөө утсаар залгаад мэнд мэдээд “Та Хайлаастад авто осол гаргасан байна. Мөргүүлсэн хүн нь манай эгчийн нөхөр байгаа юм” гэхэд Ц.Т  “Тиймэрхүү зүйл болсон. Хаана байна. Хоёулаа уулзъя. Мөргүүлсэн хүнтэй уулзах гэхээр гэрийн хаяг, утасны дугаарыг нь олж чадахгүй, цагдаа нар мэдээллийг нь өгөхгүй байна. Чи надад гэрийнх нь хаягийг заагаад өгчих” гэсэн. ...Ц.Т миний машинд суугаад ярихдаа “Ахад нь дайрлага дайрчихлаа. Ийм асуудал болчихлоо. Хүмүүстэй нь уулзаж чадаагүй өдийг хүргэчихлээ. Муухай юм боллоо. ...Учраа олоод ах, эгч хоёртой чинь уулзчихмаар байна” гэхэд М.П ахын гэрийг зааж өгсөн. Ц.Т ах бид хоёр хамт М.П ахынд орсон. Гэрт нь ороход М.П ахын эхнэр Ц.Т-д уурлаад хэдэн үг хэлсэн. Ц.Т уучлалт гуйгаад “Та нартай холбоо барьж чадахгүй байж байгаад өнөөдөр ирж байна. Миний буруу. Та нарт санхүүгийн туслалцаа юу байна. Хохирлыг нь барагдуулъя” гэсэн. ...” /1хх 244/,

шүүгдэгч Ц.Т-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Миний анхаарал болгоомжгүй үйлдлээс М.П-ийн биед хүнд хохирол учирсанд харамсаж байна. ...Хүнийг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 86/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч М.П-ийн эрүүл мэндэд зүүн шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2220 дугаартай дүгнэлт /1хх 93-94/,

шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 3.5.б, 3.5.в, 3.5.г, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн хүлээсэн үүргүүдээ тус тус зөрчсөний улмаас осол гарч, бусдад хохирол учирсан болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /1хх 125-127/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-10, 217-222/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-20/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Т-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ц.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин өршөөл үзүүлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг буюу уг хуулийг мөрдөн байцаалт, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шат, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх зэрэг аль шатанд байгаагаас хамаарч хуулийг хэрэглэх журмыг зохицуулсан зохицуулалтыг баримталсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

Хохирогч М.П-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, хохирлын тооцоог үндэслэлтэй зөв хийгээгүй, хохирлын ямар баримтыг үндэслэж 2.006.510 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь ойлгомжгүй” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Ц.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүгдэгчээс 2.006.510 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогчийн нэхэмжлэлээс ямар баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа, аль баримт нь шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байгаа хэдий ч хохирогч М.П нь /баримттайгаар/ эмчилгээний зардал 2.698.071 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч Ц.Т нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад хохиролд 800.000 төгрөг, /2хх 76/, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дахин 2 сая 300 мянган төгрөгийг хохирогчид төлсөн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч М.П тайлбар гаргаж байх тул гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 ны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, хохирлын тооцоог үндэслэлтэй зөв хийгээгүй талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Гэтэл анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалт бүхий Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг баримталж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хайхрамжгүй байдал гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар...” гэсэн хэсгийг “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

3 дахь заалтын “...510 дугаар зүйлийн 510.1...” гэсэн хэсгийг “...505 дугаар зүйлийн 505.1...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч М.П-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ