| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01236/И |
| Дугаар | 102/ШШ2024/02944 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/02944
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/02944 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б.Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Б д холбогдуулан 8,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ. Нэхэмжлэгч Б.Н нь тавилга захиалгын фэйсбүүк хуудсаар дамжуулан Х ХХК-ийн захирал буюу хариуцагч Б.Б той холбогдон өөрийн гэртээ тавилга хийхээр тохиролцож иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ-г амаар байгуулан 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч өөрийн Хаан банкны тоот данснаас хариуцагч Б.Б ын Хаан банкны тоот дансруу 8,050,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр захиалсан тавилгыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн захиалсан тавилгыг хийж гүйцэтгэж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээсээ татгалзаж хариуцагчид төлсөн 8,050,000 төгрөгөө буцаан шаардаж байна. Иймд "Ажил гүйцэтгэх гэрээ"-с захиалагч буюу нэхэмжлэгч нь татгалзаж байгаа тул гэрээний дагуу төлсөн 8,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Б.Б шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гараагүй.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-ийн 3/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4/, шилжүүлгийн баримт /хх-ийн 5/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6-8/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Б д холбогдуулан 8,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч Б.Б той гэртээ тавилга хийлгэхээр тохиролцож, 2023 оны 08 сарын 27-ны өдөр өөрийн тоот данснаас Б.Б ын тоот данс руу 8,050,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь захиалсан тавилгыг 2023 оны 09 сарын 07-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл хийж гүйцэтгэж өгөөгүй. Иймд тавилга хийлгэхээр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн 8,050,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь Б.Ны эзэмшлийн 5360400263 тоот дансны хуулга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 38 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Б той 2023 оны 08 сарын 27-ны өдөр гэрийн тавилга хийлгэхээр харилцан тохиролцож, Б.Н өөрийн тоот данснаас Б.Б ын тоот данс руу 8,050,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.Хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй тул хэлцлээр тохиролцсон 8,050,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэж үзэв.
7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь илт бол нөгөө тал гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.
8.Иймд хуулийн дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б оос 8,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б оос 8,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б оос 143,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР