Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С** Т****ХХК

Хариуцагч: Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Гуравдагч этгээд: Ха*****Ко****ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Б******** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, М****** их дэлгүүрийн автобусны буудлын чанх хойно К*** **** чонг гүг солонгос хоолны газар байрлаж буй Нийслэлийн өмчийн мэдлийн 198м2 талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулж Ха*****Ко****ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтаар Ха*****Ко****ХХК-ийг ялагчаар шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А********, Д.Нэ********, гуравдагч этгээд Ха*****Ко****ХХК-ийн захирал Д.П******, гэрч М.Лх*******, Т.Пү***********, Ки*** М**** Ж*, гэрч Ки*** М**** Ж*гийн орчуулагч З.Э*****нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С** Т****ХХК-ийн захирал Д.Ба********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С** Т****ХХК нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан нийслэлийн өмчийн барилгуудын илүүдэлтэй байр талбайг түрээслэгчийг сонгон шалгаруулах урилга-ын дагуу Б****** дүүргийн *** дүгээр хороо, 3 дугаар хороолол, М*****их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын чанх хойно К** б** ч** г**солонгос хоолны газар байрлаж буй 198 м.кв талбайг түрээслэх шалгаруулалтад оролцсон юм.

Ийнхүү сонгон шалгаруулалтад оролцохдоо манай компани урилгад заасны дагуу зохих шаардлага хангасан материалыг бэлтгэж хүргүүлсэн билээ.

Урилгад зааснаар сонгон шалгаруулалтын материалыг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10 цагаас өмнө хүлээн авч 10 цаг 30 минутанд нээх ёстой байсан боловч оролцогчдын өмнө материалыг нээгээгүй бөгөөд оролцогчид материалыг нээхийг шаардахад үнийн санал бол шалгаруулалтын нэг л үзүүлэлт, бид олон үзүүлэлтээр шалгаруулна гэж тайлбар тавьж байсан болно.

Ийнхүү сонгон шалгаруулалт ил тодоор бишээр явагдсан бөгөөд 20 гаруй хоногийн дараа ялагчийг тодруулсан байв.

Д.Ба********миний бие 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хувийн хэргээр Америкийн Нэгдсэн Улсруу яваад 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирж ийнхүү сонгон шалгаруулалтыг журмаа зөрчин хууль бусаар явуулж, манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болохыг мэдэж уг журмыг баталсан дээд шатны байгууллага, албан тушаалтан болох өмчийн эзэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн даргад гомдол гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөхгүйгээр 70 гаруй өдөр өнгөрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Б****** дүүргийн *** дүгээр хороо, 3 дугаар хороолол, М*****их дэлгүүрийн автобусны буудлын чанх хойно Ким баб чонг гүг солонгос хоолны газар байрлаж байгаа Нийслэлийн Өмчийн мэдлийн 198 м.кв талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулж Ха*****Ко****ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т*********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайг түрээслэгчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр НӨХГ-201*-0*-2*-0* тоот урилгын дагуу зарласан.

Дээрх уралдаант шалгаруулалтад материалаа ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн сонгон шалгаруулах, түрээсийн гэрээг байгуулан ажиллах ажлын хэсгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/7* дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг уралдаант шалгаруулалтын ажлыг зохион байгуулсан.

Тус шалгаруулалтад Кола кебаб гүүд цүүд ХХК, Ха*****Ко****ХХК, С** Т****ХХК, Агаржин ХХК-иуд тус байрны түрээслэгчийг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд эдгээрээс хамгийн сайн материал ирүүлсэн буюу шаардлага хангасан Ха*****Ко****ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулсан болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг баримтлан сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулж ялагчийг шалгаруулсан тул С** Т****ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ха*****Ко****ХХК-ийн Ерөнхий захирал Д.П****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Өмчийн харилцааны газартай 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/1983 тоот албан бичгээр тус шалгаруулалтад танай байгууллага түрээслэгчээр шалгарсан тул түрээсийн гэрээ байгуулна уу гэсэн албан бичиг ирсний дагуу Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан.

Улмаар уг байрыг түрээсэлж байсан С** Т****ХХК-ийн давхар түрээсэлж байсан Ким баб чонг гүг хоолны газрын байрыг суллаж өгөлгүй 3 сарын хугацаа өнгөрөөж манай байгууллага 2015 оны 7 сард засварын ажлыг Гэргэ Интекс дизайны студитэй гэрээ байгуулж засварын ажлыг хийж гүйцэтгэн 9 дүгээр сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Уг засвар болон тохижилтын ажилд 165 693 520 /нэг зуун жаран таван сая зургаан зуун ерэн гурван мянга таван зуун хорь/ төгрөг болсон бөгөөд уг зардлыг нөхөж ажиллахын тулд тогтвортой үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бидний зүгээс хууль бус сонгон шалгаруулалт явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэ******** түрүүн тайлбарлаж байсан Нийслэл өмчөө мэднэ гэж хэрэв Нийслэл өмчөө мэдэх юм бол сонгон шалгаруулалт хийхгүй байх нь яасан юм. н.Ба************ дуудаад танай компанид ийм үндэслэлээр түрээслэхгүй гэж хэлээгүй. Иргэн хүний эх орондоо чөлөөтэй сайхан амьдрах ёс зүй байна. Ямар учраас зөв зүгээр үйл ажиллагаагаа эрхэлж байхад нь хууль бус сонгон шалгаруулалт явуулав. Сонгон шалгаруулалтыг бүгдийн өмнө ил тод, нээлттэй задална гэж заасан байгаа. Тэгэхэд задлаагүй. Бидний зүгээс аль компани илүү үнийн дүн хэлсэн тухай ерөөсөө маргаагүй. Харин зүгээр үйл ажиллагаа явуулж байхад сонгон шалгаруулалт гэж хийгээд нэг ёсондоо булааж авч байна. Үнэлгээ өгсөн баримт устгагдсан тухай ярьж байна. Энэ нь өөрөө хар төрүүлж байна. Тийм учраас сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгөөч ээ, тэгээд дахин сонгон шалгаруулалтыг хууль ёсны дагуу хийлгүүлж өгөхийг бидний зүгээс хүсэж байна. Нийслэл өмчөө мэднэ гэж байгаа бол энэ олон хүнийг асуугаад шүүх хуралдаанд биш сонгон шалгаруулалтын материалыг задлахад ярих ёстой юм. С** Т****ХХК ийм асуудалтай учраас шалгарсангүй гэж хэлсэн бол хэн ч маргахгүй. Тэгэхгүйгээр өөрсдөө маргаантай зүйл хийчхээд гэрчээр Ки*** М**** Ж*г дуудаад хөөрхий хулхидуулсан хүн шиг суулгаж байгаа нь ёс зүйн хувьд онцгүй байна. Тиймд шүүх сонгон шалгаруулалтыг хууль бус явуулсныг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С** Т****ХХК Нийслэлийн өмчийг дамжуулан түрээслэхгүй гэсэн заалтыг зөрчиж 2 аж ахуйн нэгжид дамжуулан түрээсэлсэн байгаа. Уг асуудлаас болж сонгон шалгаруулалтын комисс С** Т****ХХК-ийг үнэлж дүгнэхдээ үнэлгээг бууруулсан байхыг үгүйсгэхгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийтийн эд хөрөнгийг түрээслэх журмын 3 дугаар заалтын 3.1-ийг зөрчсөн. 3.1-т дамжуулан түрээслэх, зөвшөөрөлгүйгээр засвар хийх, эд хөрөнгийн төлөвлөлт зориулалтыг дур мэдэн өөрчлөх гэсэн заалтыг С** Т****ХХК дамжуулан түрээсэлж зөрчсөн. Уг асуудлаас үүдэж бид шинээр сонгон шалгаруулалт зарласан. Түрээсийн гэрээг дуусгавар болгоход С** Т****ХХК-ийн зүгээс санал, гомдол ирүүлээгүй. Уг зөрчлөө хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсон байдаг.

Сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулсан. Журамд акт гаргах тухай байхгүй. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар тодорхой заасан байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад нийтэд зарлахыг мэдээлсэн. Оролцогчдод тавих шаардлагыг урилгад тодорхой нийтэлсэн. Комиссын эрх, үүрэгт ирүүлсэн компаниудыг бүгдийн үнэлж дүгнээд шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээ байгуулан ажиллахдаа аливаа хууль тогтоомж, журам, дүрмийг зөрчөөгүй. Хамгийн сайн үзүүлэлттэй компанийг сонгон шалгаруулсан учраас С** Т****ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгон шалгаруулалт явуулах болсон шалтгаан нь Нийслэлийн өмчийн байрууд зах зээлийн түрээслэх үнээс харьцангуй бага байдаг. Ашиглах боломж нээлттэй байдаг учраас түрээслэгчид давуу байдал олгохгүйгээр, олон аж ахуйн нэгжид нээлттэй зарладаг. Давуу байдал олгож, олон аж ахуйн нэгж түрээслэх хүсэлтээ байхад хэн нэгэнд давуу байдал олгож, олон нийтэд зарлахгүйгээр түрээслүүлээд байгаа тухай асуудал үүдээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 65 дугаар тогтоол гарсан. Нийслэлийн өмчийг анх н.Батчулуунд олгосон шиг олгож болохгүй гэдэг үүднээс ил тод зарлаж олон нийтээс нээлттэй сонгох үүднээс гарсан журам юм. С** Т****ХХК түрээсийн гэрээ болон журмыг зөрчсөн учраас түрээсийн гэрээ нь цуцлагдаж дараагийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалт хийгдсэн юм. Үнэлгээний болон үнийн саналын хувьд түрүүн тодорхой ярьсан. Тухайн үед гомдол гаргаагүй мөртлөө жилийн дараа гомдол гаргаад байгаа нь бидэнд хүндрэлтэй байна. Гаднын компанийн ирүүлсэн танилцуулгыг хадгалах байрнаас авахуулаад асуудал байдаг болохоор устгасан юм. С** Т****ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоосноор уг компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй юм. Нийслэл өөрийн өмчөө мэдэж үйл ажиллагаа явуулсан. Харин С** Т****ХХК 1.700.000 (нэг сая, долоон зуун мянга) төгрөг төлдөг байж дамжуулан түрээсэлж 9.000.000 (есөн сая) төгрөг авч байсан. Үүнийг зогсоосноор С** Т****ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байгаа... гэв.

Гуравдагч этгээд Ха*****Ко****ХХК-ийн Ерөнхий захирал Д.П****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарласан урилгын дагуу манай компани 2015 оны 2 дугаар сард сонгон шалгаруулалтад оролцсон. Манай компанид 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын ... ирж гэрээгээ хийнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Уг албан бичгийн дагуу манай компани гэрээгээ хийгээд тус объектыг 2015 оны 8 дугаар сард хүлээж авсан. Тэр болтол хуучин түрээслэгч тодорхой бус шалтгаанаар манайд хүлээлгэж өгөхгүй байсан.

Хоолны үйл ажиллагаа. Нэмж хэлэхэд дээрх 4 сарын хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс шүүхээр яваагүй байж, өнөөдөр манай компани хөрөнгө оруулалтаа хийгээд үйл ажиллагаа эхлүүлээд байхад нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна... гэв.

Гэрч М.Лх******* тайлбартаа: ...2009 онд манайх гэрээ хийж хувцасны дэлгүүр ажиллуулж байсан. 2012 онд н.Батчулуун гэдэг хүнтэй дахиж яриад Энэ газар манай газар та нар сунгаад дахиад үйл ажиллагаагаа явуулаарай гээд 2012 оноос 2015 он хүртэл манайх хоолны газар ажиллуулсан. Тэгээд 2015 оны 4 дүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газрынх болж таараад манайхыг шууд гар гээд гаргасан. Ха*****Ко****ХХК-ийн захирал гэж өндөр залуу ирээд манайх авсан байгаа гээд 4 дүгээр сарын хорьдоор хөөгөөд гаргасан... гэв.

Гэрч Т.Пү*********** тайлбартаа: ...Засвар үйлчилгээ хийсэн. н.Батчулуунаас түрээслэхэд зүгээр хонгил байсан. 2012 онд засвар хийж ВИП өрөөг тохижуулаад үйл ажиллагаа явуулахад бэлэн болгож 00-ийн бохир усны шугам гаргаж бэлэн болгож 100.000.000 (зуун сая) гаруй төгрөгийн засвар хийсэн... гэв.

Гэрч Ки*** М**** Ж* /орчуулагч З.Энхжин/ тайлбартаа: ...2009 оноос 2015 он хүртэл түрээсэлж байсан. Анх түрээслэхэд нэг сарын 5.500.000 (таван сая, таван зуун мянга) төгрөг байсан, сүүлдээ 6.000.000 (зургаан сая) төгрөг болсон. Объектын 1 давхрын 200 м.кв бүхий талбайг н.Батчулуун гэж хүнээс түрээсэлдэг байсан... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С** Т****ХХК нь Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтаар Ха*****Ко****ХХК-ийг ялагчаар шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох гэж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн в-д орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, г-д орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн тогтоох, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.е, 18.1.1.ж, 18.1.2.г, 18.1.2.ж, 18.1.2.з, 18.1.3.в, 18.1.3.г, 18.1.3.ж, 18.1.3.з, 18.1.3.к, 18.1.3.л, 18.1.3.н-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж тус тус хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан байна.

Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхэд үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 65 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам-ыг баталсан ба тус журмын 3.1-д шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагуудыг, 7.1-д ...хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулахаар заасан байна.

Хариуцагч нь ямар үндэслэлээр буюу аль шалгуур үзүүлэлт буюу аль тавигдах шаардлагыг Ха*****Ко****ХХК илүү хангасан учир тус компанийг шалгаруулсан талаарх үндэслэлээ тодорхой бөгөөд үндэслэл бүхий нотолж чадахгүй байна.

Тодруулбал сонгон шалгаруулалтад оролцсон нэр бүхий 4 компани тус бүрийн шалгаруулалтад ирүүлсэн материал байхгүй, устгасан, сонгон шалгаруулалтад оролцсон компаниудаас санхүүгийн чадавх болон бусад шалгуур үзүүлэлтээрээ Ха*****Ко****ХХК-ийг яагаад илүү шалгуур хангасан гэж үзсэн, 4 компани тус бүр хэдий хэмжээний үнийн санал гаргасан зэргийг нотлох баримтууд байхгүй, хариуцагч үүнийг нотлохгүй байна.

Сонгон шалгаруулалттай холбоотой баримтуудыг хадгалах шаардлагагүй гэж үзэж устгасан гэж хариуцагч тайлбарлаж байгаа үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.

Дээрхээс үзэхэд сонгон шалгаруулалтыг зохих хууль, журмын дагуу явагдсаныг хариуцагч нотлохгүй байна.

Архивын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Төрийн төв архивт байнга хадгалах баримтын агуулга, бүрэлдэхүүн, нэр төрлийн үлгэрчилсэн жагсаалт, тэдгээрээр архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг Үндэсний аpхивын газаp тогтооно гэж заасан байна.

Үндэсний Архивын газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт-ыг баталсан байна.

Мөн Архивын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-ээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ, ...23.1.7-д яам, агентлагт-15 жил, 23.1.8-д төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагад -10 жил, 23.1.9-д нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад-8 жил, ...гэх мэтээр хуульчилсан байна.

Хариуцагч нь сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын материалыг архивт хадгалах шаардлагагүй гэж үзэж устгасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Архивын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С** Т****ХХК нь урьд нь түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээслэгчийн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчиж байсан тул С** Т****ХХК-ийн шалгаруулаагүй буюу үнэлгээг бууруулсан байхыг үгүйсгэхгүй гэж тайлбарлаж буй боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 65 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам-д түрээслэгчийн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчиж байсан компанийг шалгаруулахгүй, сонгон шалгаруулалтад оролцуулахгүй гэсэн зохицуулалт байхгүй, мөн нэхэмжлэгч түрээслэгчийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр С** Т****ХХК-ийг шалгаруулаагүй гэсэн сонгон шалгаруулах комиссын албан ёсны шийдвэр байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн в, г, 20 дугаар зүйлийн 20.1, Архивын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтаар Ха*****Ко****ХХК-ийг нийслэлийн өмчийн 198 м2 талбайд ялагчаар шалгаруулсан сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     М.БАТЗОРИГ