Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02810

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02810

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  тоотод оршин суух, Н.Мын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, Х.Мт холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов. 

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Х.Мт холбогдуулан 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Би Х.Мтай 2023 оны 10 сарын 23-ны өдөр  боомтод 1м.куб өрлөгийн ажлыг 80,000 төгрөгөөр, 1м.кв нь 30,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. 5,400,000 төгрөгийн ажил хийсэн бөгөөд ажлын хөлсийг ажил дуусахад төлөхөөр тохиролцсон боловч ажлын хөлс төлөөгүй. Тухайн үед ажил гүйцэтгэхэд усгүй байсан тул усаа намайг машинаараа зөөчих гэсэн. Миний машинаар ус зөөх зэрэг хийсэн ажлын хөлс 1,500,000 төгрөг өгсөн. Энэ нь тусдаа ажил учир хийсэн 5,400,000 төгрөгөөс хасагдахгүй. Хариуцагчийн кабель утас нь байгаа буцаагаад өгч болно гэжээ.

 

2.Хариуцагч Х.М нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.М нь 2023 оны 11 сард Сэлэнгэ аймаг, чөлөөт бүсэд 5 хүн ажиллуулсан нь үнэн. Ажилд шаардагдаж гар багаж, бээлий, хоол болон кабел утас бусад зүйлээр хангасан. Н.Мт 1,500,000 төгрөг урьдчилан өгсөн. Мөн удаа дараа ирэх очих бензиний мөнгө өгсөн. Миний кабел утас, ойр зуурын багаж энэ хүнд байгаа. Н.М нь ажлаа бүрэн дуусгаагүйг өөрөө мэдэж байгаа. Хийсэн ажлын хөлсийг бодож өгсөн нь үнэн. Өвөл цаг хүйтэрч байгаа тул ажил зогссон. 2024.04.25-нд үлдэгдэл цалинг өгнө. Одоо ажил эхлээгүй мөн ажлын гүйцэтгэл орж ирэх хойшлоод байгаа. Энэ байдлыг харгалзан үзэж уг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/ нотлох баримтаар авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Х.Мт холбогдуулан 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч Х.Мтай 2023 оны 10 сарын 23-ны өдөр  боомтод 1м.куб өрлөгийн ажлыг 80,000 төгрөгөөр, 1м.кв ажлыг 30,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Би 5,400,000 төгрөгийн ажил хийсэн бөгөөд ажлын хөлсийг ажил дуусахад төлөхөөр тохиролцсон байсан. гэвч ажлын хөлс төлөөгүй. Өрлөгийн ажил гүйцэтгэхэд усгүй байсан тул намайг машинаараа ус зөөчих, хөлсийг нь тусад нь өгнө гэсэн. Миний машинаар ус зөөсөн ажлын хөлс 1,500,000 төгрөг төлсөн. Харин өрлөгийн ажлын хөлс 5,400,000 төгрөг төлөөгүй учир нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Миний бие Х.М нь 2023 оны 11 сард Сэлэнгэ аймаг, чөлөөт бүсэд 5 хүн ажиллуулсан нь үнэн. Ажилд шаардагдах гар багаж, бээлий, хоол болон кабел утас бусад зүйлээр хангасан. Н.Мт 1,500,000 төгрөг урьдчилан өгсөн. Мөн удаа дараа ирэх очих бензиний мөнгө өгсөн. ...Н.М нь ажлаа бүрэн дуусгаагүйг өөрөө мэдэж байгаа. Хийсэн ажлын хөлсийг бодож өгсөн нь үнэн. Өвөл цаг хүйтэрсэн тул ажил зогссон. 2024.04.25-нд үлдэгдэл цалинг өгнө. Одоо ажил эхлээгүй мөн ажлын гүйцэтгэл орж ирэх хойшлоод байгаа гэжээ.

 

4.Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд 2023 оны 10 сарын 23-ны өдөр Сэлэнгийн боомтод 1м.куб өрлөгийн ажлыг 80,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.Дээрхээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй, амаар хийсэн хэлцэл хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчихгүй тул хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

8.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч шүүхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүйг зөвшөөрсөн тайлбар гаргасан. Мөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар, холбоотой нотлох баримт гаргаагүй байна.

 

9.Иймд хариуцагч Х.Маас 5,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мт олгохоор шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Маас 5,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас 101,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР