Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 307

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогч У.Э-,

шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Э-т холбогдох эрүүгийн 1710003520094 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-нд арматурчин ажилтай, ам 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ын Э,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх “Кинг таур” хотхоны барилга дээр хамт ажиллаж байсан У.Э-тай маргалдан толгойн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч У.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би Ц.Э-ыг “хойд талын дам нуруугаа шалгачих” гэж хэлээд өөрөө доошоо бууж уртасгагч болон тасдагчаа аваад эргээд гарч ирэхэд Ц.Э- “пизда минь” гэхээр нь би “битгий давраад байгаарай” гэж хэлснээс болж бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би Ц.Э-тай маргалдчихаад утас, уртасгагчаа аваад цаашаа явж байтал миний толгойны араас нэг зүйлээр цохиход нь би газар унасан ба мөн дээрээс дэвссэн. Тэр үед манай ажлынхан Ц.Э- бид хоёрыг салгасан. Тэгээд инженертээ хэлээд Ц.Э- өөрийн биеэр намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Үүнд нь их баярладаг. Би Гавал тархи, нугасны гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Би дахин эмчлүүлэх шаардлагатай байсан боловч мөнгө төгрөгний боломжгүйгээс болж эмнэлэгт хэвтээгүй ба мэдрэлийн талаар нэг ч эмчилгээ хийлгээгүй. Гэмтлийн эмнэлгээс гараад гэртээ хувиараа олон удаа эмчилгээ хийлгэсэн. Би Ц.Э-аас эмчилгээний зардалд нийт 900.000 төгрөг хүлээж авсан. Миний толгой байнга өвдөж, хүнд юм өргөх боломжгүй болсон. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.

 

            Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ц.Э- мөрдөн байцаалтанд 2017.09.06-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08.00 цагт ажилдаа ирж ажилласан ба шөнийн 01.00 цагийн үед намайг ажлаа хийж байхад хамт ажилладаг У.Э- ирээд “Чи тэнд очоод дам нуруугаа хараадах, чиний хийсэн ажил юм шиг байна, буруу хийчихсэн байна, тасдаж янзлахад хэцүү байна” гэхээр нь У.Э-тай очиж шалгахад миний хийсэн дам нуруу биш, өөр хүний хийсэн ажил байсан. Би уурлаад “чи яах гэж худлаа хэлж байдаг юм бэ, пизда минь” гэхэд У.Э- уурлаад “хоёулаа гарч байгаад уулзнаа, чамайг алнаа, арчинаа, зодноо” гэх зэргээр хэрүүл маргаан хийж эхлэхээр нь би ч зүгээр байгаагүй хэрүүл хийж байхдаа У.Э-ын цамцнаас татаж гартаа байсан арматур бэхэлдэг дэгээ төмөрний ишээр нь толгойных нь ар хэсэг рүү 2-3 удаа цохих үед У.Э- газар унахаар нь чих рүү нь нэг удаа өшиглөөд, дээрээс нь цээж орчим нь нэг удаа дэвссэн. Гэтэл цаанаас манай ажлынхан ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед У.Э-ын толгойны ар хэсгээс цус гарч байхаар нь “чиний толгойны араас цус гарч байна” гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг рүү У.Э-ыг дагуулаад явсан. У.Э-ын ээж нь над руу залгаад “толгойг нь үзүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь 200.000 төгрөг ээжид нь бэлнээр өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

 

2. Хохирогч У.Э-  2017.08.11-ний өдөр мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 05 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны баруун талын “Эко констракшн” ХХК-ний барилга дээр арматурчинаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би хонож ажилласан юм. Тухайн орой 01 цагийн үед би арматурчин Ц.Э-т “дам нуруугаа очоод харчихаач” гэж хэлсэн чинь би “зангидаагүй, пизда минь” гээд хэл амаар доромжилсон ба бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж хэсэг хугацаанд бие биенийгээ хэл амаар доромжилсон. Би эргэж хараад тасдагчийнхаа хөрөөг аваад явж байтал гэнэт араас толгойны дагз хэсэг рүү ямар нэгэн хатуу зүйлээр Ц.Э- цохих шиг болоход би газар унасан. Тэр үед Ц.Э- толгой дээр ойролцоогоор 10 удаа дэвсэж өшиглөхөд манай ажлын Б эгч, Ж ах, Н эгч, Г нар Ц.Э- бид хоёрыг салгасан. Гэтэл Б, Н эгч нар “дагзнаас чинь цус гараад байна, ажлаасаа буугаад гэмтэл яв” гэхээр нь би Гэмтэл рүү Ц.Э-тай хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

3. Гэрч Д.Т- 2017.09.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 09.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн” ХХК-ийн барилга дээр ажиллаж байхад шөнийн 00.30 цагийн үед У.Э- ах, Н, бид гурав дам нурууны арматур бэхэлж байхад У.Э- ах “дам нуруу буруу боочихсон байна” гээд уурлаад “хэн боосон юм бэ” гэхэд нь “Н эгч боосон байх” гэхэд “Ц.Э- л боосон байлгүй” гэж уурлаж хэлээд явсан. Удалгүй У.Э- Ц.Э-тай хэрүүл маргаан хийгээд зогсож байгаа харагдсан. Ц.Э- ах У.Э-ыг газар унагаачихсан өшиглөөд байхаар нь манай ажлынхан очиж салгасан. У.Э-ын толгойны ар хэсгээс цус гараад толгой нь хагарчихсан байсан. Удаагүй Ц.Э- ах У.Э-ыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10256 дугаартай дүгнэлтэнд:

1. У.Э-ын биед дагзад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт, зүүн чих, эрүүнд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/,

 

5. Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-р хуудас/,

6. Шүүгдэгч Ц.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны барилга дээр хохирогчыы У.Э-тай маргалдан толгойн тус газар цохиж, түүний биед “...дагзад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт, зүүн чих, эрүүнд зулгарал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

1. Хохирогч У.Э-ын “...Тухайн орой 01 цагийн үед би арматурчин Ц.Э-т “дам нуруугаа очоод харчихаач” гэж хэлсэн чинь би “зангидаагүй, пизда минь” гээд хэл амаар доромжилсон ба бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж хэсэг хугацаанд бие биенийгээ хэл амаар доромжилсон. Би эргэж хараад тасдагчийнхаа хөрөөг аваад явж байтал гэнэт араас толгойны дагз хэсэг рүү ямар нэгэн хатуу зүйлээр Ц.Э- цохих шиг болоход би газар унасан. Тэр үед Ц.Э- толгой дээр ойролцоогоор 10 удаа дэвсэж өшиглөхөд манай ажлын Б эгч, Ж ах, Н эгч, Г нар Ц.Э- бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

2. Гэрч Д.Т-ийн ...“Эко констракшн” ХХК-ийн барилга дээр ажиллаж байхад шөнийн 00.30 цагийн үед У.Э- ах, Нямдаш, бид гурав дам нурууны арматур бэхэлж байхад У.Э- ах “дам нуруу буруу боочихсон байна” гээд уурлаад “хэн боосон юм бэ” гэхэд нь “Н эгч боосон байх” гэхэд “Ц.Э- л боосон байлгүй” гэж уурлаж хэлээд явсан. Удалгүй У.Э- Ц.Э-тай хэрүүл маргаан хийгээд зогсож байгаа харагдсан. Ц.Э- ах У.Э-ыг газар унагаачихсан өшиглөөд байхаар нь манай ажлынхан очиж салгасан. У.Э-ын толгойны ар хэсгээс цус гараад толгой нь хагарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10256 дугаартай дүгнэлтэнд:

1. У.Э-ын биед дагзад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт, зүүн чих, эрүүнд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх “Кинг таур” хотхоны барилга дээр хамт ажилладаг У.Э-тай маргалдан толгойн тус газар цохиж, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч У.Э-ын мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Д.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10256 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Э- үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Ц.Э-т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, хуульд заасан дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч У.Э- нь шүүгдэгч Ц.Э-аас эмчилгээний зардалд 2.030.000 төгрөг нэхэмжилснээс 933.102 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч У.Э- нь 900.000 төгрөг бэлнээр авсан ба үлдэгдэл 33.102 төгрөгийг шүүгдэгч Ц.Э-аас нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                  Харин хохирогч У.Э- нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

                        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл,  36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                  

                         ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Ц-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ц.Э-т оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч Ц.Э- нь хохирогч У.Э-д 900.000 төгрөг төлсөн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР