| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02927/И |
| Дугаар | 102/ШШ2024/02861 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/02861
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/02861 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ж.зийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөн дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.З, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э-тэй 2010 онд танилцаж, 2012 онд гэр бүл болж батлуулсан. 2012 онд том хүү Э.И, 2014 онд дунд хүү Э.Н, 2018 онд бага охин Э.Э нар төрсөн. Бид хоёр гэр бүл болсноос хойших хугацаанд .... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан болно. Гэр бүл болсноос буюу 2012-2018 он хүртэл хугацаанд ямар нэгэн асуудалгүй амьдарч байсан боловч сүүлийн 1 жилд буюу 2018 оны эхээр Б.Э-н гэр бүлдээ зарцуулах цаг багасаж, анхаарал халамж илт багассан. Энэ үед 2018 онд гурав дахь хүүхдээ тээж байгааг мэдэн дуулгахад тэрээр дургүйцэж, салъя гэж хэлсэн. Тэр үеэс хойш буюу 2024 он хүртэл бид тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдийг би өөрийн асрамжид авч амьдарч байгаа. 2022 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орсон бөгөөд уригдагч тал Б.Э нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэсэн тайлбарыг гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Тиймээс миний бие гэр бүл цуцлах, Э.И, дунд Э.Н, Э.Э нарыг өөрийн асран хамгаалалтад үлдээх, тэтгэмжийг тогтоолгох, гэр бүл болсноос хойших бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгүүдийг тогтоолгох, Ж.З болон Э.И, Э.Н, Э.Э нарын өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.З-той 2012 онд гэр бүл болж, 2012 оноос 2018 он хүртэл хамт амьдрахдаа 3 хүүхэдтэй болсон. 2018 оноос бидний зан харилцаа таарахаа байж үл ойлголцох болсон тэр цагаас эхэлж, Ж.З тусдаа аав, ээжийндээ хүүхдүүдтэй хамт амьдрах болсон. Энэ хугацаанд миний зүгээс 3 хүүхэдтэй анхаарал халамжийг үргэлж тавьж ирсэн. Хүссэн цагт нь уулзаж хамт байдаг. Хүүхдүүддээ хэрэглэгдэх хэрэгцээт санхүү мөнгийг цаг тухай бүрд нь өгдөг. Цаашдаа ч эцэг хүний үүргээ хүлээн бүх зүйл дээр нь анхаарах учраас Ж.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 5/, Хүүхдийн сургуулийн тодорхойлолт /хх 9-12/, Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6-8/, хүүхдүүдийн өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 15/, хариуцагчаас ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 27/, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 28/ тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Ж.З болон Б.Э нар 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2012 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр хүү Э.И, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Э.Н, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Э.Э нар төржээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд ханджээ.
5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
6. Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2012 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү Э.И, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Н, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй юм.
8. Хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай харшлахгүй юм.
9. Мөн хариуцагч нь .... үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч Ж.З, Э.И, Э.Н, Э.Э нарт шилжүүлэхээр тохиролцсон нь дээрх зохицуулалттай нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э, Ж.З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү Э.И, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Н, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг эх Ж.З-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү Э.И, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Н, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Б.Э-с гаргуулан хүүхдүүдэд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э... үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч Ж.З, Э.И, Э.Н, Э.Э нарт шилжүүлэхээр тохиролцсоныг баталгаажуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ