Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02887

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02887

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  тоотод оршин суух, Н.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Д.Э-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Эын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А,

Хариуцагч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.Од холбогдуулан Д.Эын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: Үүнд: Хариуцагч Д овогтой О нь  Эын ихрийн нэг, төрсөн ах дүү хоёр.

Нэхэмжлэгч А би Д.Этай хууль ёсны гэр бүл. Хариуцагч Д овогтой О 2023 оны 11 дүгээр сарын 01 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тоот бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн  тоот орон сууцнаас нэхэмжлэгч Н.А намайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нөхөр Д.Э нь 1982 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д гийн 3 дах хүү, айлын ганц хүү болж төрсөн. Нэхэмжлэгч Н.А миний бие Д.Этай 2009 онд анх танилцаж, 2012 оны 01 дүгээр 22-ны өдөр том охин Э.Х, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү М нар төрсөн. Нөхөр Д.Э маань 2021 оны 03 дугаар сард Элэгний Цироз өвчнөөр оношлогдсон. 2023 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр элэгний цироз өвчнөөр нас барсан. Анх танилцсан хугацаанаас хойш Д.Э бидний хоёр хүүхэд маргаан бүхий орон сууцанд нөхрийн ээж өвлөгдөн амьдарч байсан. Нөхөр Э өвдсөн цагаас хойш тэдний гэр бүл бидний дунд байраа зарж Эыг эмчлэх талаар л ярьж байсан. Н.А би нөхөр Эын Элэгний донор болохоор мэс засалд бэлдэж хувийн бэлтгэлээ хангаж, Эрүүл мэндийн байгууллагаас Донор болоход заавал гэр бүл хууль ёсны байх ёстой гэсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлээ батлуулан №0017 дугаартай бүртгэл хийгдсэн. Д.Э бид хоёр 2012 оноос хойш амьдарч байсан. Д.Э нь хагалгааны цаг хугацааг хүлээж чадалгүй нас барсан. Сонгинохайрхан дүүргийн тоот орон сууцны  маргаан бүхий орон сууц нь Эын ээж Д.О нэр дээр бүртгэлтэй байсныг санаж байна. Тус орон сууцыг анх Э нь 2008 онд БНСУ руу явж 2009 онд ирэхдээ орон сууцны урьдчилгаа төлбөр мөнгөтэй ирсэн. Мөнгөн дээр нь ээж аав хоёр нь мөнгө нэмж тус орон сууцыг анх 2010 онд анх авч байсан түүхтэй. Нөхөр Э маань элэг солиулах хагалгаад орох шаардлагын хүрээнд тус орон сууцаа зарж ,эмчилгээний зардал хийхээр ярьж бэлдсэн. 2020 онд ээж Оюун нь нас барсан. Хадам ээж Д Оюуныг нас барсны дараа Д.Эт байрны өв ирэх байсан ч Э нь хэвтрийн өвчтэй , байн байн сэхээнд орж байсан. Эын 2 эгч, хамаатан садангууд бүгд тус орон сууцыг зарж хагалгааны зардал хийх шаардлагатайг мэдэж , нэр шилжүүлэхэд төвөг багатай байх зорилгоор нэг хүний нэр дээр гэж ойлгож дүү Д овогтой Од дангаар өвийн эрхийг шилжүүлсэн гэж ойлгосон. Гэтэл талийгаач Д.Эыг нас барсан өдрөөс эхлэн, оршуулгын сүүлийн өдрөөс эхлэн хоёр хүүхэд болон намайг тус орон сууцнаас Д.О нь хөөж, элдэв үгээр доромжлон үр хүүхдүүдийг минь заналхийлэн айлган сүрдүүлж удаа дараа гэрт ирж гэрийн түлхүүр шүүрэн авч, гэрийн цоож зэргийг эвдэж гэр бүлийн хамаарал бүхий бидэнд хүчирхийлэл үйлдсээр байсанд асар их гомдолтой байна. Нэхэмжлэгч би Д гийн Эын төрсөн хоёр хүүхдийг гаргаж өвчтэй нөхрийгөө үхэн үхтэл нь харж амьдарч байсан. Гэтэл дүү гэх ихрийн нэг Д гийн О нь ахыгаа өвдөөд хэвтэж байхад, эмнэлэгт байхад сахих хүн олдохгүй, албунимум 250,000 төгрөгийн уураг авч өгөх эгч дүү нар олдоогүй байсан, сэхээнд байхад сахих эгч олдоогүй. Нас барсан өдрөөс нь эхлэн төрсөн 2 хүүхэд, эхнэрийг нь амьдарч байсан нөхрийн хамаарал бидний орон сууцнаас хөөж гаргах гэж хичээж байгаа Эын төрсөн дүү Д. О гэдэг хүн үндсэн хууль болон хүүхдийн эрх, Гэр бүлийн тухай хуулийг ноцтой зөрчиж гэр бүлийн хамаарал бүхий миний хоёр хүүхэд надад сэтгэл санааны хүчирхийллийг удаа дараа үзүүлж байгаад гомдож байна. Гэр бүлийн тухай хуулийн дагуу эцэг эхээс өвлөгдөх өмч хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө байх атал, хариуцагч О худал ярьж миний нөхрийн байрыг хувийн байдлыг далимдуулан ашиглаж, өвийг өөртөө нээлгэж, төрсөн ахынхаа гэр бүлийг гудамжинд хөөж гаргаж байгаа зэрэг нь хүний ёсноос гажууд гэж ойлгож байна. Миний нөхөр Э хүний ганц хүү байсан. Ээж нь ганц хүүдээ орон сууцаа өгнө гэдгийг ах дүү нь бүгд мэдэж байсан. Донорын хагалгаанд ороход шаардлагатай мөнгийг олох хэрэгтэй байсныг бүгд мэднэ. Бид тус байрыг зарж л хагалгааны мөнгийг гаргахаар байсан. Гэтэл О дангаар өв залгамжлах эрхийг худал хэлж миний нөхрийг хуурч, өөрийн нэр дээр дангаар үүсгэж, гэр бүлийг минь гудамжинд гаргах гэж байгаад асар их гомдолтой байна. Нөхөр нас барсан биднийг гудамжны нохой шиг хөөж, одоо албадан чөлөөлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан байдаг. Иймд Д гийн Оийн нэр дээр өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн тоот орон сууцны Ү-2201023761 өв залгамжлалын гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 56.1.5, 56.1.7, 56.1.8.1, мөн Иргэний хуулийн 520.1-т заасныг үндэслэн миний нөхөр Эыг хуурч, өөрийнх нь өвчтэй зовлонтой байсныг ашиглаж хийсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч би гаргаж байна. Иймд Д.Эын өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №24 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 39.1, 42.1, 43.1, 42.8, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.О нэхэмжлэлд гаргасан тайлбар: Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээтэй холбогдуулан бодит байдлыг тодруулбал  эрхийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, нэг иргэн буюу миний ээж дангаар өмчилж байсан. Харамсалтай нь миний ээж 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Улмаар хууль ёсны өмчлөгч нас барсны дараа 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр өв нээгдэж, хууль ёсны өв залгамжлах эрхтэй, төрсөн хүүхдүүд болох Д гийн Ж, Д гийн Э нар нь өөрсдийн хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлж, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаснаар, төрсөн охин болох Д гийн О надад нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэж, түүнийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуулийн дагуу өөрийн нэр дээр авсан болно. Миний ихэр Д гийн Э нь 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Түүнийг нас барахаас 1 сар гаруйн өмнө буюу 2023 оны 02 сарын 27-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Нэхэмжлэгч Д.А нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна. Тус нэхэмжлэлийг гаргахаас өмнө миний бие Н.Аийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн зүйлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Миний ихэр айлын ганц хүү, 3 дахь хүүхэд болж төрсөн. Миний ихэр 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр таалал төгссөн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны хууль ёсны өмчлөгч нь бидний төрсөн эх Д.О байсан. Тэрээр 2020 онд таалал төгссөн. Миний ихэр 2002 болон 2010 онд 2 хүүхдийн эцэг болсон. Тэрээр тогтсон гэр бүлтэй болоогүй бөгөөд бидний эцэг, эхээс авахуулаад гэр бүлийн аль ч гишүүн 2022 оны сүүл хүртэл нэхэмжлэгч Н.Атэй уулзаж байгаагүй. 2 хүүхэд төрүүлсэн гэх атлаа хүүхдүүдээ ч уулзуулж байгаагүй, хамтран амьдарч ч байгаагүй. Мөн нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлдээ 2009 онд танилцаж, танилцсан хугацаанаас хойш хамтран амьдарсан гэх мөртлөө дараагийн өгүүлбэртээ 2012 оноос хойш хамт амьдарч байсан гэж дурдсан нь хоорондоо зөрчилтэй байгааг харж болно. Манай гэр бүлийнхэн 2022 оны сүүлээс 2023 оны эхэн үед эм тарианы зардлыг эгч дүү бид нар бүрэн дааж байсан ба хагалгааны зардлыг бид орон сууц борлуулж төлнө гэж ярилцаагүй. Энхэгэл миний бие цалингийн зээл авах талаар ярилцаж байсан. Бид эцэг, эхээс өвлөгдсөн хөрөнгийг доройтуулалгүйгээр улам сайжруулан, томруулах талаар ярилцдаг байсан. Миний ихэр элэгний цирроз өвчнөөр оношлогдсон цагаас хойш эмч нарын зөвлөсөн эм, тариа, хоолны дэглэмийг баримталж байсан боловч үе үе түргэн дуудаж, ойр ойрхон эмнэлэгт хэвтэж, сүүлийн саруудад эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэх болсон. Миний ихрийн өвчнийг элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээс өөр аргагүй, аль болох хурдан элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар сануулсан. Миний ихрийн биеийн байдал дордохоос өмнө 2022 онд нэхэмжлэгч Н.А өөрөө донор болох хүсэлтэй байгаа талаар гэр бүлийнхэн бидэнд хэлсэн. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч Н.А донорын шинжилгээг бүрдүүлж эхлэх байсан боловч шинжилгээнүүдийг өгөлгүй удаж, хойшлуулсаар байсан. Харин тэр хооронд манай зээ дүү О.Одчимэг нь донорын шинжилгээ өгсөн боловч элэг жижиг хэмжээтэй гэх шалтгааны улмаас донорын шаардлага хангаагүй. Тиймээс нэхэмжлэгч Н.Аийн цусны бүлэг таарч, элэгний вирусгүй байсан учир 2023 оны 1 сараас л шинжилгээ өгч эхэлсэн. Миний ихрийн биеийн байдал улам бүр муудаж, нэхэмжлэгч Н.Аийн өгсөн шинжилгээгээр донорын эхний шатны шаардлагыг хангаж байсан учир бид сандарч, тэвдсэндээ хорооны иргэний бүртгэгчээс учир шалтгаанаа тайлбарлан гуйж гэрлэлтийг бүртгүүлсэн. Харин хагалгааны тов огт гараагүй байсан. Миний ихрийн бие сайнгүй байсан учир хагалгаанд оруулах эсэхийг шийдэхийн тулд дээрдтэл нь хүлээх хэрэгтэй гэж эмч нар хэлсэн. Миний ихэр 2008 оны 9 сараас 11 сар хүртэл төрсөн эгч Жаргалцэцэг дээр солонгос улс руу 2 сарын хугацаанд яваад ирсэн. Орон сууцанд мөнгө нэмэрлэх ямар ч боломжгүй байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бол бидний эцэг, эх өөрсдийн хөдөлмөрлөж, хуримтлуулсан хөрөнгөөр худалдаж авсан, тэдний байр бөгөөд миний ихэр айлын ганц хүү учир тухайн байранд амьдардаг байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ авах үед ч хууль ёсны өвлөгчид нь өөрсдийн хүсэл зоригийг хангалттай, бүрэн дүүрэн, чөлөөтэй илэрхийлж, өвлөх эрхээс татгалзаж, надад өвлүүлсэн. 2021 оны 2 дугаар сард өв нээгдэж, өвлөх эрхээс татгалзах хүсэлтээ илэрхийлж байх үед миний ихэр элэгний цирроз өвчнөөр оношлогдоогүй байсан. Мөн тухайн үед үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах талаар ч яриагүй байсан. Иймд миний бие дангаар өвлөх эрхийн гэрчилгээг авсан нь хууль ёсны өвлөгчид хоорондоо ярьж, шийдвэрлээд, хүсэл зоригоо илэрхийлсний үр дүнд болсон зүйл юм. Эмчилгээний зардлыг манай гэр бүл бүрэн хариуцаж байсан. Гэр бүлийнхэн бид эмнэлэгт ээлжлэн сахидаг байсан бөгөөд нэхэмжлэгч Н.А зарим өдрүүдэд сахиж байсныг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч Н.А нь бидний гэр бүлийнхэнтэй хамт эрчимт эмчилгээний тасгийн гадна олон хоног байж, биеийн байдал нь сайжирмагц донор болох хүсэлтээ илэрхийлж байсан учир манай гэр бүлийнхэн түүнийг үнэлж эхэлсэн. Тиймдээ ч би ихрийнхээ амьдарч байсан байранд хоног хурааж дуусах хүртэл нь зулын голыг нь сольж, зулыг тасрахгүй өргөж байгаасай гэсэндээ нэхэмжлэгч Н.Аийг тус үл хөдлөх хөрөнгөд хэсэг хугацаанд байхыг нь зөвшөөрсөн. Мөн энэ хугацаанд өөрөө амьдарч байсан гэр рүүгээ буцахдаа бэлтгэнэ гэж хэлж, ярьж тохирсон зүйл ч бий. Гэтэл нэхэмжлэгч Н.А нь хаалганы голыг сольж өмчлөгч намайг өөрийн өмчлөлийн зүйлд нэвтрэх боломжийг хязгаарлаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаас харахад тус үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгохыг санаархаж эхэлсэн бололтой гэж таамаглахад хүргэж байна. 2021 оны 2 дугаар сард өв нээгдэж, өвлөх эрхээс татгалзах хүсэлтээ илэрхийлж байх үед миний ихэр элэгний цирроз өвчнөөр оношлогдоогүй байсан бөгөөд өвчтэй, зовлонтой гэх нөхцөл байдалд байгаагүй. Мөн хууль ёсны өвлөгчид нь өөрсдийн хүсэлтийг чөлөөтэй илэрхийлснийг тухайн тойргийн нотариатч гэрчлэн, Өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн байдаг. Нэхэмжлэгч Н.А нь өвлөх эрхийн гэрчилгээг хэзээ үйлдсэнийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан атлаа тухайн үед миний ихрийг элэгний цирроз өвчнөөр оношлогдсон байсан эсэхийг хэрхэн мэдэж, хэрхэн энэ үйл явдалтай холбож, хууран мэхэлж, хэвтрийн өвчтэй зовлонтой байсныг далимдуулан хийсэн гэж холбож байгаа нь ойлгомжгүй бөгөөд уялдаа холбоогүй байна. Иргэний хуулийн 56.4 дүгээр зүйлд "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно." гэж заасны дагуу хэлцэл хийсэн талууд нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тийнхүү шүүх хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд хэлцлийн тал бус этгээд нь тухайн хэлцлээс үүссэн үр дагавар (хохирол)-ыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Гэтэл Н.А нь энэ тохиолдолд өөрт хамааралгүй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан тул тийнхүү нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг "Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" болгож өөрчилсөн ч Иргэний хуулийн 59.4-т заасны дагуу тийнхүү үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Н.А нь бодит байдалд нийцэхгүй зүйлийг мэдсэн гэх тухайн хугацааг хэзээ болохыг тогтоох ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэлд дурдсан ихэнх үйл явдлыг нэхэмжлэгч Н.А нь зөвхөн өөрийн өнцгөөс бичсэн бөгөөд үнэн биш, бодит байдалд нийцэхгүй байгааг харж болохоор байна. Түүнчлэн нэхэмжлэгч Н.А нь энэхүү нэхэмжлэлийг гаргаснаараа миний нэр хүндэд халдахын зэрэгцээ бидний гэр бүлийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Н.Аийн иргэний үнэмлэх, Э.Хийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 6/, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Э.Дийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8/, Д.Эын нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9/, Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10/, Д.Оийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 11/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 12/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШЗ2023/19258 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2023/12680 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14,15/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШЗ2023/20431 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16,17/, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95/, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн хуулбар /хх-ийн 96/, өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийн хуулбар /хх-ийн 97,98/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 99/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-ийн 100/, хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 22/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23/, Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 169/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 9/1937 тоот албан бичиг /хх-ийн 51/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 9/1937 тоот албан бичгийн хавсралт /хх-ийн 52-58/, Ц.Оийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 63,64/, Д.Жаргалцэцэгийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 65,66/, О.Оийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 67,68/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 81-94/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 243 тоот албан бичиг /хх-ийн 101/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 243 тоот албан бичгийн хавсралт /хх-ийн 102-138/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 149-165/, Монголын нотариатчдын танхимын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 306 тоот албан бичиг /хх-ийн 176/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.О нэхэмжлэлийн үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүрэг,  тоот, 41.3м.кв талбайтай орон сууцыг миний нөхөр өвлөх эрхтэй байсан. Өөрөө хавдартай байсан учир уг байрыг зарж, мөнгөөр нь эмчилгээ хийлгэхээр тохирч эгч Д.О өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Удалгүй нөхөр маань нас барсан. Энэ хөрөнгөөс нөхөрт ногдох хөрөнгө байсан бөгөөд эмчилгээнд зарцуулах тул өөрөө өвлөхөөс татгалзахдаа эгч дүүстэйгээ тохиролцсон байсан. Иймд нөхөр Д.Эын өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, Д.Од олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Д.О нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Маргаж буй орон сууц нь манай ээжээс надад өвлөгдсөн хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй. ...Д.Эыг өвчтэй байхад энэ байрыг зарж, эмчилгээнд нь хэрэглэх талаар яриа байсан ч энэ нь одоо нэхэмжлэгчид ямар нэг хамааралгүй. ...Манай дүү өөрөө өв хүлээн авахаас татгалзаж, надад хуулийн дагуу өвлөгдсөн миний хууль ёсны дагуу өмчилж буй хөрөнгө гэж тайлбарласан байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэл, нас барсан гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар Д.Э, Н.А нар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин Э.Х, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Э.Д нар төрж, Д.Э 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь нотлогдож байна. /хх-ийн 7, 8, 9, 51-58/

 

4.2.Улсын эрхийн бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,  тоот, 41.3м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Оюун 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Д.Оюун нь 2020 оны 02 сарын 02-ны өдөр нас барсан учир тус үл хөдлөх эд хөрөнгийг охин Д.О нь өвлөх эрхийн гэрчилгээ авах, охин Д.Жаргалцэцэг, хүү Д.Э нар өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг нотариатчид гарсан байна. Өвлөх эрхийн талаар гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн тойргийн нотариатч 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 024 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг Д.Од олгож, улмаар Д.О үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүтгүүлжээ. /ХХ-ийн 95-98,131/

 

5.Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нөхөр Д.Эын 2020 оны 02 сарын 02-ны өдөр өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлж, өөр хэлцэл халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шаардсан байна.

 

5.1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх өвчлөх байх бөгөөд өвлөгч нь өвлүүлэгчийн өмийг өвлөх эрхтэй. Мөн иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хэлцийг дүр үзүүлж эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн бол тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

 

5.2.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхэд гэрч Д.Ж, Д.О, Ц.О нарын мэдүүлгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өвлөх хүсэлтийг Д.Э хүсэл зоригийнхоо дагуу гаргаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн уг эд хөрөнгийг Д.Эн эмчилгээнд зориулан худалдах талаар яригдаж байсан ч ийм хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

5.3.Д.Э нь өв хүлээн авахаас татгалзаж, Д.О өв хүлээн авч, түүний өмчлөлд шилжсэн бөгөөд Д.Э нас барсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т дахь хэсэгт зааснаар түүний урд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Өв хүлээн авахаас татгалзсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.

 

6.Иймд хариуцагч Д.Од холбогдох Д.Эын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлүү төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Од холбогдох Д.Эын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Аөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлүү төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР