Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02859

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02859

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Г-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүү Г.Ү төрсөн. Энэ хүн 6 сар надтай хамт байсан. Эцэг нь баян айлын хүүхэдтэй суулгах байсан гэсэн. Тэр талаар өөрт нь хэлэхэд энэ хүн явсан байгаа. Эцэг эх болон гэр бүлийнхэн нь тэр байдлыг хүлээн зөвшөөрсөн. Хүүхэд ирж очоод байж байсан. Хүүхдээ 1 нас хүртэл ямар нэгэн тусламж үзүүлж байгаагүй. Сүүлд хамт байх гэж ирэхдээ хүүхдэд нэг л удаа боов авч ирж байсан. Цэцэрлэгийн мөнгө өгч байсан. Жижиг зардлууд өгч байсан. Одоо 8, 9 сард Солонгост сурахаар явж байгаа. Цэцэрлэгийн мөнгийг нь би тал хувиар нь өөрөө өгдөг байсан. гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүний ярьж байгаагаар баян айлын хүүхэдтэй сууж байгаа гээгүй. Өөр залуучуудтай мессеж бичсэн. Хүүхдийн тэтгэмж бол төлнө. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хүүхдийн эрүүл бойжиж байгаа тодорхойлолт /хх 3/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 4/, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 5/ шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Л.У нь хариуцагч Д.Г-д холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундаас 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүү Г.Ү төржээ.

 

5. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид хүү Г.Ү нь эхийн асрамжид байгаа талаар маргаагүй.

 

Иймд хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүү Г.Ү-т эцэг Д.Г-с тэтгэлэг гаргуулж олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр төрсөн Г.Ү-г эх Л.У-н асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Г.Ү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Д.Г-с гаргуулан хүүхдэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ