Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Болор;

Улсын яллагч: Д.Ширэндэв;

Шүүгдэгч: Г.Гантулга, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөнтөн овогт Гэрбишийн Гантулгад холбогдох эрүүгийн 201701000073 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                  

Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар байрны 1-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УХ77041019 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бөнтөн овогт Гэрбишийн Гантулга.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Г.Гантулга нь 2016 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 685,3 грамм жинтэй ТНС буюу “Каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, мөн тухайн бодисоо өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар байрны 1-8 тоот байрны тагтан дээр болон өөрийн биедээ 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулга мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна  гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар байрны 8 тоотод үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 13-15/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис /эм бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, эд зүйл дээжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/, Монгол Улсын олон улсын гэрээ, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц /хх-ийн 50-51/, Каннабис Сатива Л-ийн тархац байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 54-61/, гэрч Ц.Цолмонсайхан /хх-ийн 33/, Ё.Батсайхан /хх-ийн 34/, Г.Лхагвамаа /хх-ийн 35-36/, М.Мөнхбат /хх-ийн 37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3379, 3378, 4829 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 39-47/, Г.Гантулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-71/, Г.Гантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, Г.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-97/, Г.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99/, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10б-1/882 тоот албан бичиг /хх-ийг 105-107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Гантулга нь 2016 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” гэх нэртэй газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 685,3 грамм жинтэй ТНС буюу “Каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, мөн тухайн бодисоо өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, 8 дугаар байрны 1-8 тоот байрны тагтан дээр болон өөрийн биедээ 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

гэрч Ц.Цолмонсайханы /хх-ийн 33/: “... Би 2017 оны 03 сарын 30-ны өдөр ахлах ахлагч С.Батсайханы хамт Чингэлтэй дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...15 цагийн орчим урт цагааны авто зогсоол дээр “согтуу хүн машины толь хугалсан гэх мэдээллийг иргэн Ө.Сүхбаатар өглөө” гэсний дагуу очиж шалгахад Гэрбишийн Гантулга гэгч нь иргэн Ө.Сүхбаатарын эзэмшлийн 47-17 УНӨ улсын дугаартай “Тоёото Эстима” маркийн тээврийн хэрэгслийн толийг хугалсан гэсэн тул жижүүрийн шуурхай албанд шалгуулахаар хүлээлгэн өгсөн. ... Г.Гантулгын биед үзлэг хийлгэхэд биедээ авч явсан хар өнгийн цүнхнээс 2 ширхэг дугуй болон дөрвөлжин хэлбэрийн төмөр савнууд байсан ба гуурс мэт зүйлс, гялгар уутанд хийгдсэн бор хүрэн өнгийн нунтаг зүйл “өвс” мэт зүйл, гурвалжин хэлбэрийн төмөр зүйл зэрэг эд зүйлс гарч ирэхэд уг эд зүйлсийг юу болох талаар асуухад тодорхой зүйл хэлээгүй ...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Батсайханы /хх-ийн 34/: “... Би 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эргүүлийн офицер Ц.Цолмонсайханы хамтаар Чингэлтэй дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед өдөр 15 цагийн орчим жижүүрийн албанаас “урт цагааны авто зогсоол дээр согтуу хүн машины толь хугалсан” гэх мэдээллийг хүлээн авч очиж шалгасан. ... дуудлагаар очих үед Гэрбишийн Гантулга гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ө.Сүхбаатарын эзэмшлийн 47-17 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг хугалсан байсныг жижүүрийн шуурхай албанд шалгуулахаар хүлээлгэн өгсөн. … Мөн гартаа хар өнгийн цүнхтэй явсан ба түүнийг шалгахад төмөр хайрцагтай “өвс” мэт зүйл илэрсэн гэж байсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Лхагвамаагийн /хх-ийн 35-36/: “... Гантулга цагдаа нартай хамт гэрт орж ирээд бид нарыг цаад өрөөндөө байж бай гээд манай тагтан дээр үзлэг хийгээд байсан. ... Цагдаа нь “танай тагтан дээрээс чинь “өвс” бололтой зүйл хураан авсан. Үүнийг шинжилгээнд өгнө” гэж хэлсэн. Би “Гантулгаас өөрөөс нь асууна биз дээ” гэж хэлсэн. ... Гантулга 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Дархан руу “тэнд байдаг нэг найзтайгаа уулзаж ажил төрөл хөөцөлдөнө” гээд ганцаараа явсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3379 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 39-40/: “... Шинжилгээнд ирүүлсэн “ALTOIDS” гэсэн хайрцагтай гялгар ууттай хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, гялгар ууттай бор шаргал өнгийн нунтаг зүйл, “MIXTURE MODERN” гэсэн дугуй хайрцагтай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. … Шинжилгээнд ирүүлсэн “ALTOIDS” гэсэн хайрцагтай гялгар ууттай хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, гялгар ууттай бор шаргал өнгийн нутаг зүйл, “MIXTURE MODERN” гэсэн дугуй хайрцагтай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно ...” гэснээр,

 

мөн хүрээлэнгийн шинжээчийн 3378 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 43/: “... 2017 оны 03 дугаар сарын 30-нд Гэрбиш овогтой Гантулга нь сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодис ургамал хэрэглэсэн байж болзошгүй гэх “шээс-1 ш/ч д/ч Билгүүн” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинолийн агууламж илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэснээр,

 

мөн хүрээлэнгийн шинжээчийн 4829 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 46/: “... Эрүүгийн 201701000073 тоот хэргийн эд мөрийн баримт дээж 11,4 гр х/ч М.Отгонбаатар гэж хаягласан цаасан ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна ...” гэснээр,

 

Г.Гантулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 70-71/: “... Би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймаг руу найзтайгаа ажил төрөл ярихаар замын унаагаар явсан. Тэгээд тэр өдрөө хөлсний машинаар буцсан. Хот руу явах замдаа “Урьхан” зоогийн газрын наад талд бие засах гээд зогсож байхдаа жалга дагуу урьд интернетээр харж байсан “Каннабис” гэх ургамал ургасан байхыг хараад навчийг нь түүж гялгар уутанд хийсэн. Тэгээд гэртээ ирээд эхнэртээ хэлэлгүй нуугаад тагтан дээрээ хуучин эд зүйлийн дунд тавьсан. Тэгээд мартсан байж байгаад 2017 оны 03 дугаар сарын дундуур миний толгойн өвчин ихээр өвдөөд байхаар нь тагтан дээр байсан “өвс” шиг зүйлээсээ гэрт байсан дугуй хэлбэрийн төмөр саванд хийгээд “өвс” чигээр нь тамхины цаасанд ороож татаж үзсэн. Тэгсэн хахаж цацаад болохгүй байхаар нь гурвалжин хэлбэрийн төмөр зүйл дотор авч хийж байгаад амсар дээр нь зоож усаар дамжуулж сорж үзтэл бас л хахаж цацаад байсан. ... өвснийхөө ёроол хэсэгт тунаж үлдсэн тоосонцор мэт болсон зүйлээс ялгаж авч байгаад халаагаад шахаж үзтэл хатуу биетэй бор өнгөтэй шавар шиг болсон. … Дугуй хайрцаганд бага зэргийн өвс хийгээд дөрвөлжин хайрцагт тугалган цаас жижиг гялгар уут 2 ширхэг зэргийг хийгээд нэг гялгар уутанд нь бор өнгийн шавар шиг зүйлээ хийсэн. Дугуй олон төмөр хайрцагтай зүйлүүдийг өөрийн авч явдаг хар өнгийн цүнхэндээ хийгээд мартсан байсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гадагш гарахдаа тэр чигт нь цүнхтэй зүйлээ аваад мартаад гарсан байсан. Би хууль бус үйлдэл хийсэндээ их харамсаж гэмшиж байна ...” гэх мэдүүлэг болон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар байрны 8 тоотод үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 13-15/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис /эм бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, эд зүйл дээжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/, Монгол Улсын олон улсын гэрээ, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц /хх-ийн 50-51/, Каннабис Сатива Л-ийн тархац байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 54-61/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай бөгөөд төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд гай зовлон учруулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Монгол Улсын олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон болно.

 

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар буюу Нэгдсэн үндэсний байгууллагын баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямарч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна уг бодисыг дахин гар аргаар боловсруулж, хувирган өөрчилж, бэлэн бүтээгдэхүүн болгох эсхүл түүхий эдийн хэлбэрээр бий болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн” гэж ойлгоно.

 

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй онцлогтой болно.

 

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүхээс Г.Гантулгад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 25 кг-ийн шуудай дотор хийгдсэн цагаан өнгийн шар лого бүхий гялгар ууттай цайвар ногоон өнгийн “өвс” мэт зүйл 656,8 грамм жинтэй, “ALTOIDS” гэсэн бичигтэй төмөр хайрцаг, уг хайрцаг дотор 6x5,5 см хэмжээтэй цагаан өнгийн хоосон гялгар уут 1 ширхэг, гялгар уутны ёроол хэсэгт 0,5 см орчим хэмжээтэй бор өнгийн шавар мэт зүйл, бор шаргал өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон 6x5,5 см хэмжээтэй гялгар уут 1 ширхэг, 7 см урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл 2 ширхэг, хуйлсан саарал өнгийн тугалган цаас 1 ширхэг, “ALTOIDS” гэсэн бичигтэй цагаан цаас 1 ширхэг, “MIXTURE MODERN” гэх дугуй хэлбэрийн төмөр хайрцагт хийгдсэн ногоон өнгийн ургамал мэт 17,0 гр жинтэй зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөнтөн овогт Гэрбишийн Гантулгыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гантулгыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Шүүгдэгч Г.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн 25 кг-ийн шуудай дотор хийгдсэн цагаан өнгийн шар лого бүхий гялгар ууттай цайвар ногоон өнгийн “өвс” мэт зүйл 656,8 грамм жинтэй, “ALTOIDS” гэсэн бичигтэй төмөр хайрцаг, уг хайрцаг дотор 6x5,5 см хэмжээтэй цагаан өнгийн хоосон гялгар уут 1 ширхэг, гялгар уутны ёроол хэсэгт 0,5 см орчим хэмжээтэй бор өнгийн шавар мэт зүйл, бор шаргал өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон 6x5,5 см хэмжээтэй гялгар уут 1 ширхэг, 7 см урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл 2 ширхэг, хуйлсан саарал өнгийн тугалган цаас 1 ширхэг, “ALTOIDS” гэсэн бичигтэй цагаан цаас 1 ширхэг, “MIXTURE MODERN” гэх дугуй хэлбэрийн төмөр хайрцагт хийгдсэн ногоон өнгийн ургамал мэт 17,0 гр жинтэй зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ