| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00113/И |
| Дугаар | 102/ШШ2024/02771 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/02771
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/02771 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Чийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 М сургуулийн байр, М сургууль НҮТББ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,063,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч М сургууль НҮТББ-д холбогдуулан 2,063,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие 2021 оны намрын элсэлтээрМ -ийн санхүү бизнесийн ангид элсэн орсон. Тухайн жилд биеийн байдлын улмаас жилийн чөлөө авч 2022 оны намраас дотуур байранд байрлан суралцах болсон ч дахин бие өвдөн ар гэрийн зөвшилцлөөр сургуулиас гарах шийдвэрт хүрсэн. Сургуулийн захиргаа дотуур байранд тус тус мэдэгдэн сургуулиас гарах болж бүтэн төлсөн төлбөр, байрны төлбөрийг ч бүтэн төлсний тал болох 1 семестрийн төлбөрийг буцаан авахаар болсон.М -ийн дансанд миний аав У.Дийн данснаас төлбөр төлөгдсөн тул буцаан авах 1,463,000 төгрөгийг У.Дийн дансанд авахаарМ -д мэдэгдсэн. Харин дотуур байрны төлбөрийг миний данснаас төлсөн тул миний өөрийн дансанд орохоор болсон. Иймд 2,063,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М сургууль НҮТББ-аас нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4/, У.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6,32/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч М сургууль НҮТББ-д холбогдуулан 2,063,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие Д.Ч нь 2022 оны намрын элсэлтээр М -ийн Санхүү бизнесийн ангид элсэн орсон. Сургалтын төлбөрт 2,926,000 төгрөг, дотуур байрны төлбөрт 1,200,000 төгрөг төлсөн. Гэвч тухайн жил миний биеийн байдлын улмаас жилийн чөлөө авсан. 2023 оны намар сургуулийн дотуур байранд байрлан суралцах болсон ч дахин би өвдөж сургуулиас гарах шийдвэрт хүрсэн. Сургуулийн захиргаанд хандахад төлбөрийн хагасыг буцааж олгоно гэсэн боловч олгохгүй байна. Байрны төлбөрийн 50 хувь 600,000 төгрөг, сургалтын төлбөрийн 50 хувь 1,463,000 төгрөг нийт 2,063,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь нэхэмжлэгч Д.Ч ийн тоот, нэхэмжлэгчийн эцэг У.Дийн тоот дансны хуулгаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургалтын төлбөрт 2,926,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дотуур байрны төлбөрт 1,200,000 төгрөг тус тус төлсөн болох нь нотлогдож байна.
4.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас сургалтын үйл ажиллагааны үйлчилгээ авч, хариу төлбөр төлөхөөр тохиролцсон гэснийг хариуцагч үгүйсгээгүй. Нэхэмжлэлийн үндэслэлийн тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
5.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч 2022 оны хичээлийн жилд М сургуулийн Санхүү, бизнесийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад суралцахаар хариуцагчтай харилцан тохиролцож сургалтын төлбөрт 2,926,000 төгрөг, дотуур байрны төлбөрт 1,200,000 төгрөг төлсөн гэснийг хариуцагч мөн үгүйсгэж хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
7.Нөгөө талаар нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотой Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ цуцлах, сургалтын болон дотуур байрны төлбөрөөс 50 хувь буюу нийт 2,063,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
8.Иймд хариуцагч М сургууль НҮТББ-аас 2,063,000 төгрөг төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч д олгохоор шийдвэрлэв.
9.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,958 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М сургууль НҮТББ-аас 2,063,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч М сургууль НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 47,958 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР